Сүүлийн үед асуудал их чухал болоод байна... Арай л биш. Нөхөд өө, асуудал нэ­лээд хурцдаж байгаа нь нууц биш ээ... Бас л нэг санаанд таарсан цоглог эхлэл болж өгөхгүй байна. Байдал ингэж даамжирна гэдгийг  миний  бие эртээс сануулсаар ирсэн... гэх гэтэл хэзээ юу санууллаа байз, бодоод бодоод санаанд юм орж ирдэггүй. Ер нь сүүлд хэрэг болно гэж үзээд ганц нэг юм сануулж байхад илүүдэх­гүй юм байна. Ирэх зун на­ранд цохиулавзай гэхчилэн­гээр.  Тэгээд хойтон зун түүн дээрээ нэлээн ажиллаж бол­но. Хараад байхад "гарын дорх материал, хоёрдогч түүхий эд ашиглаж" гэлээ гэдэг шиг хүмүүс өөрийнхөө хэлсэн үгэн дээр их ажилла­даг, их ч судалдаг болсон байна шүү. Өөрийнхөө амьд­рал уран бүтээлийг судлан олон сай­хан нээлт хийсэн эрдэмтэн ч байна.

Түүнчлэн арай гүн ухааны аястай "Сонгуулийн ерөнхий хороо, чи сонгогчийн зовлонд цадах болоогүй юу", " Сонгог­чийн санаа гишүүнд, гишүү­ний санаа ямаанд" гэхчилэн­гийн уран яруу хэллэг зохиож болно. Нарийн ярих юм бол хүмүүс гүн ухааныг илүү сонирхдог. Жирийн ухаантай харьцуулан бодоход хял­бар, харин бусад хүн цааш нь үргэлжлүүлэн бодоход ярвиг­тай, нэр хүндтэй байдгаас болоод олон хүн гүн ухааныг сонгодог.

Жирийн ухаанд тодорхой, ойлгомжтой байх зэрэг хүнд хүнд шалгуур тавигддагаас болоод ихэнх сэтгэгчид зайлсхийдэг гэж байгаа. Ухаандаа би гүн ухаа­ны сэдвээр хагас хуудас юм биччихээд байхад та миний юу ярих гээд байгааг мэдээ­гүй яваа биз дээ. Энийг л гүн ухаан гээд байгаа юм. Нарийн яривал юуны тухай ярих гэж файл нээснээ би өөрөө мар­таад байгааг бодоход гүн ухаан руу ихээхэн гүнзгий оржээ янз нь.  

Уул нь "парламентын ги­шүүд ба сонгогчдын хоорон­дын харилцааны  олон талт тулгамдсан асуудал: түүнийг шийдэх арга замууд. Өөрийн бодсон болон бодож мэдэх туршлага дээр хийсэн судал­гаа" сэдвээр л ярих гэсэн юм.  Зүгээр л энэ улстөрчид бид­нийг хачин сайн  судалчи­хаад байхад бид тэднийг ду­туу ойлгоод байна. Тэд бид­нээр сонгуулж чадаад байхад бид тэднээр хүссэнээ хийлгэж чадахгүй байна. Манайханд таагчиг дутаад байна аа. (Дашрамд сонирхуулахад дайсны талын хүн худлаа хэлэхийг "мэхлэх", харин манай талын хүн худлаа яри­хыг "таагчигтай байх" гэдэг билээ).

Эрхэм гишүүд үнэн хэ­рэг­тээ "ямаатай асуудалтай" байсан боловч сонгуулийн үеэр хаанаас нь ч харсан "хүү­хэнтэй л асуудалтай" юм шиг харагдаж чадсан байдаг.  Эндээс нь сурмаар байна. Гишүүд маань саяхан хүүх­дийн мөнгийг болиулж, ишгэнд өгөх түүхэн шийдвэр гарга­сан. Бид энийг эсэргүүцсэн чинь улам гөжүүдлээд ши­нээр гэр бүл бологсдод өгөх мөн­гийг зогсоож оронд нь хээл авсан ямаанд олгохоор зэхэж байгаа гэнэ ээ. Ингэ­хээр бид гишүүдийнхээ со­нирх­лыг дагуулж тонгорохгүй бол юм олж долоохгүй нь тодорхой боллоо. Ингээд дараахь сэдвийг гаргаж бай­на.

"...УИХ-ын гишүүдийн зөв мэргэн бодлого, МАХН-АН-ын  ах дүүгийн ган бат найрамд­лын үр шимээр Монголын ард түмний аж амьдрал өдрөөс өдөрт цэцэглэн  (намар дуусч  цэцэгтэй манатай болсон ч яадгийм) хөгжиж байна. Дээр үед "Два сьезда Одна-цель"  буюу  хоёр их хурал нэг зорилт гэсэн лоозон их байсан  юм.  Энэ нь нэг зорилгоор хоёр их хурал дараалан хийсэн гэсэн үг биш Зөвлөлтийн комму­нист на­мын их хурал, манай  МАХН-ын их хурал хоёр  ха­рахад хоёр хурал боловч угтаа нэг хурал юм гэж ба­харх­­сан санаа. Одоо манай хоёр гол нам энэ сайхан уламж­лалыг ах дүүгийн най­рам­далдаа ашиглах цаг бол­сон байна.

За цаашаа явъя. Монго­лын ард түмний удирдан чиг­лүүлэгч хүч болсон МАХН-АН-ын холч хараа,  жолоод­логоор манай орон даян дэл­хийн шударга инфляцийн  салшгүй хэсэг  болон хөгжиж байна. Манай гишүүд саяхан ямаандаа "Эх орны хишиг" хуваарилах болсон нь цаг үеэ олон сайхан ажил боллоо хэ­мээн манай хамт олон төдий­гүй дэлхийн шударга хүн ард үзэж байна. Энэ шийдвэр манай төрийн ямаа­лаг шин­жийг төгөлдөржүүлж, зөөлөн ноолууран бодлогын эхийг тавилаа. Энэ гайхам­шигт эхлэлийг төгөлдөршил болго­хын тулд олон ажил  хийх хэрэгтэй байна. Юуны өмнө ямааны аз жаргал, тав­лаг байд­­лыг хангахын тулд ямаач­­дын цалинг нэмэх шаард­­лага гарч байна... (одоо миний ухааныг ойлгож байгаа биз, цаадуулын чинь сэтгэлд ямаагаар дамжихгүй бол хү­рэх­­гүй ээ.). Цаашдаа  ямаач­дын сэтгэл санааг тогтвортой байлгаж, хамаг анхаарлыг нь ямаан дээр нь байлгахын тулд ямаачдын хүүхдүүдэд то­дорхой мөнгө хуваарилах шаардлага гарлаа. Хэрвээ ямаачин айлын хүүхэд бус­дад гадуурхагдвал ямаачны сэтгэл үймэрч тэр уураа ямаандаа гаргаж болох тал­тай. Бусад малчны хүүхдэд адилхан мөнгө хуваарилах­гүй бол тэдэнд атаархах, үзэн ядах сэтгэл төрөх магадлал­тайг энд хэлж байна. Түүнч­лэн төрийн албан хаагчид, бус­дад иргэдийн цалин ор­логыг адил нэмэгдүүлэхгүй бол "Энэ муу ямаачин бид­нээс их орлого олж байхдаа яадгийн" гээд хорлох, ямаанд хараал жатга хийлгэх, ямаа­ны хот руу чулуу шидэх зэрэг түгээмэл зөрчил гарахгүй гэх нигуургүй.(Ямаагаар нь дамж­­саар байгаад  та нар дээр хүрээд ирж байгаа биз.)

Бас шинээр гэр бүл бо­логс­дод мөнгө өгөхгүй бол тэд хоорондоо ямаанаас болж муудалцан "чамтай суу­санд орвол ямаатай.. дээр байж", "хүүхэд гаргахаар ишиг гаргахгүй" гэхчилэнгээр хэ­рэлдэж, уурандаа ямаагаа мотоциклиор хөөх, шилбүүр­дэх зэргээр зовоох аюул гарч мэд­нэ. Иймэрхүү юмнаас бо­лоод эцсийн эцэст ямаа л хохирдог гэжээнэ шөө. Тэ­хээр ямаагаа бодоод шинээр гэр бүл бологсдод мөнгө өг­сөн хэвээр л байсан нь дээр байх. Мөнгө ямар ямаа биш дээ.

Цаашдаа зөвхөн хөдөө­гийн иргэд ямаа халамжлан өсгөдөг явцуу байдлыг арил­гах  цаг нэгэнт болсон байна. Гэхдээ хотын агаарын бохир­дол нь ямаанд хортойг хар­галзан тоо толгойг хязгаарлах нь зүй. Иймд нэг айлд гурван ямаа халамжлуулбал зохис­той мэт. Хотын ямаа хот мая­гийн амьдралтай байх нь зүй тул ямаа тус бүр нэг нэг өрөө­тэй байх шаардлагатай. Гур­ван өрөө байранд гурван ямаа суулгаад тэрийгээ  нэг айлаар халамжлуулах нь нам зас­гийн бодлогод нийцсэн ший­дэл болох нь дамжиггүй.  (Та нарын орон сууцны асууд­лыг шийдэх гээд бай­гааг харж байгаа биз. Ямаа ха­ламжилна гэж байранд ороод ав. Дараа нь ямаагаа Баянхошуунд айлын пинд хийчихнэ биз.)

Хамгийн чухал юмаа ор­хих гэж байна. Одоо энийг заагаад хичээл дуусна шүү.

УИХ-ын гишүүд ба ямаа­ны харилцаа холбоог улам гүнзгийрүүлэх зорилгоор эр­хэм гишүүдийг өдөрт арваас доошгүй ямаатай биечлэн уулзуулах шаардлага байна. Төрийн ордонд ямааг харгал­зан зам зааж өгөх хүний хам­таар оруулж гишүүдтэй уул­зуулах журам гаргаж мөрдүү­лүүштэй.

Ингээд бол оо. Тэр ямаанд газарчлан орох хүн нь Та байх юм, ойсон уу? Харин бүх асууд­лаа ямаатай холбож та­вина гэдгээ мартав. Өндөр настнууд хөдөө орон нутгаа үзэх, рашаан усанд орох зар­дал гуйлаа гэхэд "Нутгийн хэ­дэн ямаагаа нэг харчихаад нүд анихсан гэхээс өөр хү­сэл алга", "Бага залуудаа Ху­жир­тын рашаан дээр нэг хөөр­хөн ямаа харсан юмсан. Да­­хиад учрах заяа байгаа ч юм шиг бодогдоод байх бол­лоо. Та ямар зовлонг нь мэ­дэх­­гүй биш дээ" гэхчилэнгээр л яриагаа эхэлнэ шүү дээ.

 Амжилт хүсье.