Элсэн цөлийн ганц бөхтэй тэмээ, ца­гаан нөмрөгт эрчүүд, хар гивлүү­рийн цаана хамаг эрх чөлөөгөө нуусан эмэгтэйчүүд. Арабын ертөнцийн тухай бидний төсөөлөл энэ. Амьдрал дээр нь очоод харахаар тэс өөр юм аа. Гаднынхан монголчуудыг мал дагасан нүүдэлчин удам, гэрт айраг сөгнөсөн хөдөөгийн борог амьдрал, хог түүсэн тэнэмэл хүүхдүүдээр тө­сөөлдөгтэй л адил өрөөсгөл талдаа. Баруун өмнөд Азийн хязгаарт, Энэт­хэгийн далайн захад Персийн буланд нутаг зассан Эмират, Кувейт, Бах­рейн, Оман, Саудын Араб, Катар ул­с бол Булангийн орнууд, бас ара­бын ертөнцийн гол төлөөлөл, гол төв. Хувь заяа нь тэднийг ингэж  буланд “шах­сан” ч, аллах тэнгэр нь баялгаа харамласангүй. Газрын гүнээс 80 жилийн турш олгойдон гарах нөөцтэй хар алтны ачаар арабууд элсэн цөлд хэдхэн жилийн дотор  орчин цагийн хөгжлийн загвар болсон хот сүндэр­лүүл­жээ. 160 давхар цамхагт барилга, Ерөнхийлөгчийн өрөө нь манайхаар хоёр шинэ “Ланд”-ын үнэ буюу хоно­гийн 70 мянган ам.дол­ларын төлбөр­тэй  долоон одтой зочид буудал, уран барилгын цогцолборыг илтгэх бүхэл бүтэн хот, картаар АТМ-аас алт худал­даж авдаг шинэ техно­логи, 50 тэрбум доллараар барьж Ги­нне­сийн номд орсон Эмиратын ордон-зочид буудал,  хам­гийн их мөнгөн ху­римт­лал­тай  Абу-Да­бигийн сан, Зас­гийн газар нь мөнгө зээлдэг Кувейтийн Ирээдүйн сан гээд дэл­хийд ганцхан хувь эдгээр онцлогууд бүгд Арабынх.

Сэтгүүлч миний хувьд тэнгэр баганадсан өндөр барилгууд, орчин цагийн технологийн дэвшлийг бус, хөгжлийн энэ их давалгаан дунд араб арабаараа үлдэж байгааг онцолмоор санагдлаа. Арабууд дэлхийн хөгжлөөр даяаршсан хэрнээ араб гэх үндэсний онцлог, түүх соёл, уламжлалаар дангааршин үлдэж байна.   

Бидний очсон Кувейт, Эмиратад төрийн хэл нь араб. Гаднынхантай тө­рийн хэргийг хэлэлцэхдээ англиар ярьж арабаар хөтөлнө. Арабууд англи хэлэндээ ч сайн. Бараг л албан ёсны хоёр дахь хэл нь. Тэгсэн атлаа албан байгууллагууд, үйлчилгээний газ­руудын хаяг бүгд арабаар. Томоохон дэлгүүрүүдэд дэлхийн брэндүүдийн хаягийг л англиар хадна. Араб хэл, аялгатайгаа адил үндэсний хувцсаа ч байнга өмсөнө. Элс л гэж бичээд байгаа болохоос манайх шиг шаргал, зөөлөн, торгомсог  элс тэнд байхгүй. Пургисан, бараг цементэрхүү нунтаг цагаан хөрсөө л элс гэх юм. Анх энэ “элс”-нээсээ л хамгаалах гэж хэрэг­лэж эхэлсэн болов уу гэмээр  эрчүү­дийн толгойн алчуур, нөмрөг, эмэгтэй­чүүдийн гивлүүр нь орчин цагт анхны зориулалтаа гээж улам л гоёлын шинжтэй үндэсний хувцас болжээ. Гаднынханд бол адилхан л нөмрөг гивлүүр харагдах ч, материа­лын чанар, хийц, чимэглэл нь тухайн хүний зэрэг зиндаа, хөрөнгө чинээг илтгэнэ. Баян, ажил хийдэггүй эрчүүд зундаа цав цагаан, өвөл саарал нөмрөг өмсө­нө. Хааны удмынхан, төрийн албан хааг­чид нөмрөгөө шараар эмжиж, зин­даархана. Манайд бол Төрийн ордонд, албан байгуул­лагуудад монгол дээлээ өмссөн хүн содон харагддаг. Харин тэнд европ хувцас өмссөн хүн бүр илүү содон харагдах юм билээ. Эмэгтэй­чүүдийн хувьд ихэнхдээ хар нөмрөг, нүүр­ний гивлүүрээ гээхгүй. Гээх нь битгий хэл, нүүрнийхээ унжуургыг хаана хаана авч болохыг нөхөр л мэддэг бололтой юм. Эрчүүд хуулиа­раа дөрөв хүртэл авгайтай байж болно. Харин тэднийгээ алагчилж, дотор нь их бага хатан, нялх амраг  гэж зэрэг зиндаа тогтоохгүй. Олон эхнэртэй байснаар, тэднийгээ ижил төвшинд халамжилснаар  хөрөнгө чинээтэй сайн эрчүүдээр бүхэл бүтэн нийгмээ авч явдаг байсан арабын энэ уламж­лал  өнөө цагт харин  алдагд­жээ. Учир нь, олон эхнэртэй байх нь хуулиар нээлттэй ч, тэднийг адил зиндаанд тэжээж, тэтгэж явах нь эдийн засгийн утгатай болж ирсэн учраас тэр гэнэ. Айлын эхнэр мөн биш гэлтгүй, бүсгүй­чүүдийг хөндлөнгөөс удаан харж бол­дог­гүй ёс жаягтай Кувейт улс эмэгтэй­чүүдийн улс төрийн эрхийг 2005 оноос л нээж  сонгууль өгөх эрхтэй болгожээ.

Араб, монгол хоёрт ялгаатай мөртлөө адил шинжүүд олон байна аа. Нүүдэлчин удамтай, эрчүүд нь мо­ринд дуртай, махсаг гээд л. Биднийг Кувейтийн хилийн захад орших адуу­ны зүчээ рүү явж байх замд жинхэнэ ориг хөрсөн дээрээ /дээр өгүүлсэн нунтаг цагаан/ майхан платкатай бараг хороолол таарав. Эль-Кувейт хотод очсоноосоо хойш явган хүн, ядуу амьдралтай нэгнийг хараагүй явсан бидний нөхөд ядуусын хороолол нь юм байна гэж таав. Ку­вейт, Эми­ратын ядуус голдуу гаднын цагаач иргэд. Хүн амынх нь арван хувь л ядуувтар амьдралтай. Ядуув­тар шүү, түүнээс ядуус биш гэсэн албаны мэдээлэл авсан бид арабуудын манай Ерөнхий сайдаас  “нууж” байсан ядуусыг нь олж харсан­даа, Улаанбаа­тартай  л адилхан ядуус­тайд нь монгол зангаараа бяцхан олзуурхлаа. Гэтэл өнөө майхнуудын дэргэд  дандаа “Ланд”, “Бенз” маркийн төмөр хүлэг сойсон нь бидний “нээ­сэн” ядуусын хороололтой нэг л зохи­цож өгсөнгүй. Тэгсэн хөтчийн тайл­бараар айлууд зусландаа гараад бай­гаа нь энэ  ажээ. Уг нь тэнд өвөл болж байгаа. Өвөлжөө гэмээр юм. Өвөл ч гэж хамгийн хүйтэн­дээ манай зуны 20 хэм шиг л юм билээ.  Гэхдээ л зундаа 45-50 хэм хүрдэг цаг агаарт зохицсон арабуудад засмал зам тавьж бүхэлд нь зүлэгжүүлсэн хотынх нь орчин өвөлдөө жиндүүлдэг юм байх. Тийм учраас л өвөлдөө хотоос зай­дуу  зусланд гарч, ориг хөрснийхөө ил­чээр дулаан өвөлждөг  бололтой юм. 

 Кувейтэд ажлын цаг өглөө есөд эхлээд 13-14 цаг гэж дуусна. Зуны халуунд бол өглөө бүр эрт эхлээд бараг нэг цаг ажиллаад л завсар­лачихдаг, зарим нь өдрийн ажлаа дуусгачихдаг гэсэн. Манайд ажлын цаг ингэж дуус­вал өдөр бүр “баасан ах”-ын төрсөн өдрийн тэмдэглэнэ дээ. Манайхны “баасан ах”-ын төрсөн өдрөөр арабууд шашны мөргөл зан үйлээ гүйцэтгэж амардаг байна. Кувейт, Эмиратад шинэ долоо хоно­гийн ажил  манайхаар бүтэн сайнд эхэлж, пүрэв гаригт дуусна. Ажлын таван өдөр, цөөхөн цагтай ч арабууд архи дарс хэрэглэж, элдэв шоу цэн­гээн хийхгүй. Томоохон зочид буудалд гаднынханд зориулсан пиво баар ажиллаж, архийг их хэмжээ­ний ус, лимоноор зөөлрүүлж, бараг спирт биш болгож зарна.  Эль-Кувей­тэд ч, Абу-Дабид ч гудамжаар алхах явган хүн ховор. Литр бензин манай­хаар 300 төгрөг, тэндээ цэвэр уснаас ч хямд­хан учир хүн бүр машинтай. Голдуу япон машинууд унах юм. Манайтай адил зөв гарын дүрэмтэй, хуультай учраас наран зүгийн төмөр хүлгүү­дийн жолооны хүрдийг зөв талдаа байрлал­тайгаар захиалж   замын хөдөлгөөнд оролцуул­даг нь  бас л арабын гэх онцлогийг илтгэнэ.

Үдээс хойш ажилгүй, үдэш архи­гүй, санхүүгийн проблемгүй,  бүсгүй­чүүдийнх нь эрх чөлөө хязгаартай гээд  уйтгартай ч юм шиг амьдралын хэв маяг, хатуу дэг жаяг, хэл соёл л тэднийг даваршлын давалгаан дунд арабаар нь үлдээж байгаа бололтой. Түүнээс бус, хуучны уран барилгын цогцолбор болсон цөөн хэдэн сүмийг эс тооцвол Эль-Кувейт, Абу-Даби-гийн барилгууд бүгд европ стандартынх. Хар бор ажилчид нь гаднын цагаачид. Худалдан авагчид нь ч гаднынхан. Ялангуяа Эмиратын томоохон зочид буудал, дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн 70 гаруй хувь нь оросууд байх юм билээ.

Кувейт, Эмиратад айлчилсан Ерөн­хий сайд С.Батболдын багийнхан эдгээр улсаас хөгжлийн туршлага су­дал­на л гээд байсан. Тэрийгээ судал­сан л байх. Харин сэтгүүлчийн хувьд анзаарсан, санаа авмаар хөгжлийн туршлагуудаас нь өгүүлье. Арабууд анх газрын тос олж байхдаа өнөөд­рийн монголчуудын төвшинд иргэн­шээгүй, соёлжоогүй, ерөнхийдөө л далайгаас сувд түүгч нүүдэлчид голдуу байжээ.  Харин баялгаа ашиг­лаж эхэлсний дараа суурьшиж, хөг­жил бүтээх хар ажилчдыг гаднаас авч зөрүүлээд унаган иргэдээ төрийн бодлогоор гадаадад олноор сургасан байна. Тэр үедээ манайх шиг хямд хөлстэй ажилчид биш голдуу мэр­гэжилтэй ажилчид авч байсан гэж Элчингийн ажилтан тайлбарласан. Кувейт гэхэд гурван сая орчим хүн амтай. Үүний 1.2 сая нь гадаадын иргэд. Эмиратад ч гадаадын ажил­лагсад нь уугуул үн­дэст­нээс нь хавьгүй олон. Гэхдээ арабын ертөн­цөд улсын иргэн, баял­гийн эзэн бол ямагт нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ. Энэ эрэмбээ л зөв тогтож, хуульчилж чадвал гадаадын ажиллах хүчнээс айлтгүй, харин ч тэднээр хөгжлийг бүтээлгэж, үр дүнг нь уугуул иргэд хүртэх боломжтой гэж арабууд манай Ерөнхий сайдад зөвлөж байна лээ.

Тухайлбал, Кувейтэд орлогынхоо 94 хувийг олдог газрын тосны сал­барын компаниудын  50-иас дээш хувийг кувейтүүд эзэмших хуультай. Германд дотоодын хөрөнгө оруу­лагчдаа гаднынхнаас хамгаалах агент­лаг байдаг бол арабууд үүнийг бараг хуульчилжээ. Эмиратад гэхэд ямар ч бизнес хамгийн багадаа 51 хувь нь тус улсын иргэний, үндэстний  мэдэлд байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байна. Манайд ч ийм хууль, хувь эзэмшлийн босго, хэрэгтэй юм шиг санагдсан. Ма­най улс “Эр­дэнэт”-ийн зэсээс орлогынхоо ихэн­хийг олдог. Гучин жил зэсэн төсөвтэй явснаа сүүлийн үед нүүрсэн болж ерөнхийдөө л зөвхөн уул уурхайгаар хэтэрхий туйлширч яваа. Гэтэл биднээс илүү туршлагатай, баялгаа хөгжил болгох тал дээр биднээс хол явчихсан  арабууд   байга­лийн баялаг бол нөхөн сэргээгдэхгүй учраас олон тулгуурт эдийн засгийн эрэлд аль хэдийнэ гарчээ. Эмират эдийн засгийнхаа 80-аас илүү хувийг нефтээс олдог байснаа одоо 50 гаруй ху­вийг нь аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний сал­бараас олох болжээ.  Одоо булангийн бусад улс ор­нууд­даа цөмийн эрчим хүч нийлүүлэх бизнест эрчим­тэй орж буй. Ерөнхий сай­дын айлчлалын  үеэр ч энэ тухай ярьж манайхаас уран сонирхож буйгаа ара­бууд хэлж байсан. 

Манай улс байгалийн баялгаас орж ирсэн орло­гынхоо тодорхой хувийг Хүний хөгжлийн санд төвлө­рүүлж эхэлсэн. Одоогоор хүүхдийн мөнгө, хүн бүрийн 21 мянган төгрөг олгож бай­гаа энэ сангаа Аляскийн сангийн монгол хувилбар гэдэг. Харин ийм санг үндсэн утгаар яаж ажиллуулдаг жинхэнэ хувилбар Арабад л байна. Кувейтэд Ирээдүйн сан, Эмиратад Абу-Дабий­гийн сан гэж бий. Зорилго, эх үүсвэр нь манай Хүний хөгж­лийн сантай яг адилхан. Ма­найхан иргэдийнхээ нэрийн данс­ны хуримтлалыг хөгш­дийн тэтгэвэрт тараачихдаг, Хүний хөгжлийн сангийн мөнгийг сонгуулийн амлал­тыг биелүү­лэхэд зориул­чихдаг бол арабууд ийм сангуудаасаа мөнгө гаргах маш хатуу хуультай. 1976 онд байгуулсан Абу-Даби-гийн сангийн мөнгийг ард түм­ний амьдрал, дэд бүтцийн бүтээн байг­уулалтад л зарцуулдаг.  Кувей­түүд  Ирээдүйн сангийнхаа мөнгөөр сургуу­лийнхаа сургалтыг төлж, эмнэлгээр үнэгүй үйлчлүүлж, амьдрах байраа худалдаж авах, эсвэл зээлийн урьд­чил­гаагаа төлдөг. Мөн гадаадын өндөр боловсролтой мэргэжилтнийг Кувейтэд ажиллуулахад цалинг нь энэ сангаас өгч болдог гэнэ. Үүнээс өөр зориулалтаар мөнгө гаргах ямар ч боломжгүй. Иракийн түрэмгийллийн дараа Эль-Кувейт хотын сэргээн босголтод зориулж Ирээдүйн сангаас мөнгө гаргахад  парламент нь бүтэн гурван өдөр хэлэлцэж байжээ.

Ийм хатуу хуультай, бас бидний сурал­цах юм ихтэй гивлүүрийн цаа­дахь ертөнц  Монголыг маань үнэхээр их сонирхож байна. Асар их эрэлттэй зах зээлээ хангах мах, ураныг Мон­голоос авахын тулд  цаасаар биш, амаар удахгүй уулзахын баяртай буландаа үлдлээ. 

 Арабууд “Зоос жингэнэхэд бүгд сонсдог. Хэтэвч нимгэн нь түрүү­лээд авч байвал сайн худалдаачин. Хэтэвч зузаантай нь түрүүлж авсан бол тэр бүр сайн худалдаачин” гэж ярьдаг байна.  Монгол маань бодит амьдрал дээр хэтэвч нимгэнтэй ч юм шиг, газ­рын доорхи баялаг, цаасан дээрх тоо­гоо харвал хэтэвч зузаантай нь ч юм­шиг. Ер нь аль нь ч байсан жингэнэсэн зоосыг сонсч чаддаг худалдаачин байх л хэрэгтэй. Булангаас зоос жингэнэж байна.