Түүний өөрийнх нь болон шинжлэх ухааны ертөнц орвонгоороо эргэж буйг Даудна ойлгосон юм. COVID-д ямар хариу арга хэмжээ авахаа мэдэхгүй төр засаг самгардаж байх зуур профессор, докторантууд хуруу шил, чимхлүүрээ шүүрэн авч довтолгооноо эхлүүллээ. 2020 оны гуравдугаар сарын 13-нд Даудна Бэрклийн их сургуулийн хамт ажиллагсад, Бэй Ареа хавийн эрдэмтэдтэй хийх уулзалтыг оройлов. 

Арав гаруй эрдэмтэн Дауднагийн лаборатори байдаг Бэрклийн их сургуулийн эзгүйрсэн хотхоны шил толь болсон байранд иржээ. Хурлын зааланд сандлуудыг хоёр метр зайтай тавьсан байв. Тэд цугларч, дүрс бичлэгийн системээ залгаад ойр хавийн бусад их сургуулийн судлаачидтай Zoom-ээр холбогдов. Тавиад эрдэмтэн судлаач байлаа. Ийнхүү бүх хүмүүсээ цуглуулж, холбогдсоны дараа Даудна өндийн, тайван царайныхаа цаана далдалсан эрч хүчтэй байдлаараа “Эрдэмтэд бид барагтай бол ингэдэггүй боловч, одоо бидний мөрөн дээр бүх ажил ирж байна” гэв.

Даудна арван төсөл дээр тогтов. Баг бүрд ахлагч санал болгосон бөгөөд багт ороогүй судлаачдыг өөрсдөө зохион байгуулалтад орохыг зөвлөлөө. Судлаачид ижил чиг үүрэгтэй өөр нэгэнтэйгээ хамтрах ба тэгснээр нэг нь өвчин тусан жагсаалаас гарвал нөгөөх нь ажлыг цааш үргэлжлүүлэхээр тогтов. Энэ удаагийн уулзалт судлаачдын биечлэн уулзаж буй сүүлийн уулзалт бөгөөд үүнээс цааших уулзалтуудаа цахимаар явуулахаар болжээ. 

“Бүгд одоо шууд ажилдаа орох хэрэгтэй. Цаг алдаж болохгүй” хэмээн Даудна зааварчлав. 

“Санаа зоволтгүй. Хэн ч одоо хаашаа ч аялж чадахгүй болсон” хэмээн хуралд оролцогч нэгэн тайвшрууллаа. 

Хуралд оролцогчид гэхдээ өөр нэг, илүү алсын үр дагавартай асуудлыг хөндсөнгүй. Тэр нь: КРИСПР ашиглан эрдэмтэд хүний генд засвар хийж болох ба тэгэх юм бол бидний үр удам, хойч үе маань вирусний халдвар авахаа больж ч болно. Тийм гений сайжруулалт хүн төрөлхтнийг бүрмөсөн, эргэлт буцалтгүй ч өөрчилж болзошгүй. 

Хурлын дараа энэ талаар түүнээс асуухад Даудна “Наадах чинь шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын сэдэв байна” хэмээн үл тоомсорлонгуй дуугарсан юм. Тийм ээ, ийм бодол Зоримог шинэ ертөнц юм уу, Гаттака кинотой бага зэрэг төстэй л дөө. Гэлээ ч, аливаа сайн шинжлэх ухааны зохиолын адил, зарим элемент нь амьдралд бодитой бий болоод байгаа. Саяхан даа, Дауднагийн ген-засварлалын тухай бага хуралд сууж байсан нэгэн Хятад эрдэмтэн 2018 оны арваннэгдүгээр сард КРИСПР ашиглан ургийн генд өөрчлөлт хийн ДОХ өвчин тусгадаг HIV вирусийг хүлээн авдаг рецептор үүсгэдэг генийг устгачихсан. Ингэснээр дэлхийн анхны “ген нь инженерчлэгдсэн” ихэр охид төрсөн юм. 

Уг явдал ил болсны дараа хүмүүс цочирдон шуугьцгаасан. Энэ гараг дээр амьдрал бий болсноос гурван тэрбум жилийн дараа анх удаагаа нэг төрөл зүйл нь (тэр нь бид) өөрсдийн гений ирээдүйг гартаа оруулсан нь энэ байлаа. Бид шинэ эриний босго давж байх шиг: Зоримог шинэ ертөнц шиг; аль эсвэл Адам, Ева хоёр алим хазаж буй мэт, эсвэл Промэтэй бурхдын галыг хулгайлдаг шиг. 

Өөрсдийнхөө генийг өөрчлөх ийм шинэ чадвартай болж байгаа маань хачирхалтай асуултууд тавигдахад хүргэв. Үхлийн вирус тусдаггүй болгож өөрсдийнхөө генийг өөрчлөх үү яах вэ? Өвчин тусахаа боливол гоё биз дээ. Тийм ээ? Генээ өөрчлөх замаар Хантингтоны өвчин, хадууран-эст цусны өвчин, уушгины фиброз зэрэг аймшигт өвчнийг бүрмөсөн устгачих уу? Тэгвэл бас гоё доо. Хараагүй, дүлий байдлыг яах вэ? Бас намхныг. Сэтгэл гутралыг? Ммм... Харин ээ? Одоогоос хорь, гучин жилийн дараа, одоогийн технологи маань арай сайжирсны дараа эцэг эхчүүд төрөх хүүхэд нь хэр булчинлаг, ухаалаг, IQ-тай байхыг сонгодог болж болох нь ээ? Бас нүдний өнгийг нь сонгох уу? Арьсны өнгө? Өндрийг?

Хөөх! Энэ маргаантай сэдэв рүү халтиран орохын өмнө амьсгаа аваадахъя. Генээ ингэж өөрчилдөг болбол нийгэм, хүмүүсийн олон талт, өөр байдал хэрхэн өөрчлөгдөх бол? Хүмүүс ямар ур чадвар, онцлогтой төрөх нь санамсаргүй зүйл биш болбол хүмүүсийн өрөвч, энэрэнгүй сэтгэл буурах уу? Генетикийн их дэлгүүрүүд ажиллан, онцлог, ур чадварууд мөнгөөр үнэлэгддэг болбол тэгш бус байдал бүр л нэмэгдэх байх даа? Магадгүй тэгш бус байдал бүр генд шингэх юм биш биз? Ийм үр дагавартай болохоор энэ талын шийдвэрүүдийг хувь хүмүүс гаргах нь зүйтэй юу, эсвэл нийгэм үүнд шийдэл өгөх үү? Мөн эдгээрийг зохицуулах ямар нэг хууль дүрэм бид зохиох хэрэгтэй болох байх даа. 

“Бид” гэдгээр би “бид” бүхнийг, намайг ч, таныг ч оролцуулан бүгдийг нь хэлж байна. Генээ хэзээ яаж өөрчилж болох, болохгүй маань XXI зууны хамгийн үр дагавартай асуудал болох вий. Тийм ч учраас энэ бүхнийг ер нь яаж хийдэг вэ гэдгийг бид бүгдээрээ мэдэх хэрэгтэй гэж би санасан юм. Түүний хамтаар, вирусний тахлын давлагаа ахин дахин ирж байгаа тул биологи, амьдрал судлалын шинжлэх ухааныг ойлгох хэрэгцээ ч бидэнд байна. Юмс хэрхэн ажилладгийг ойлгох цаанаа л нэг бахдалтай шүү. Ялангуяа өөрсдийнхөө учир шалтгааныг мэдэх бүр ч гайхалтай. Энэ бахдам нууцыг тайлан Даудна баясан хөөрсний адил бүгдээрээ бас баясацгаая. Энэ ном энэ л тухай юм.