Хамгийн сайн дэмжлэг бол хориг хаалт юм гэдэг ээ. Өнөөгийн бидний хөөрөлхөх дуртай алдарт хөх толбо, Чингисийн удам хэмээх дүвчигнэл, наадмаасаа хэтийдсэн наргиан,  Цагаан сарын доргио энэ бүгдийн гол хөөрөгдөгч нь чухамхүү хаалт, хоригийн үр билээ.
 Социалист дэглэмийн жилүүдэд үндэсний гэх бүхий л бахархлыг үгүйсгэж, өвөг дээсийнх нь баатарлаг түүхийг хориглож ирсэн. Монголчууд 1921 оны ардын хувьсгалаас өмнө хоньтойгоо цуг бэлчиж байсан. Чингис хаан бол өөдгүй новш төдийгүй, монголчуудыг мөхөөсөн хүн гэж сурталчилж, үүндээ итгэхийг албадах төдийгүй тулгаж байлаа. Гэтэл төрт ёсны 2000 жил, эзэнт гүрний 800 жилийн түүхтэй, тэр нь хүний түүхийн шастирт арилшгүй мөрөө үлдээсэн тийм аугаа үндэстний үр ач нар өвөг дээдэс, туулсан замналаараа бахархахгүй яаж оршин тогтнох юм бэ?
Өдөр бүр нь омог бахархал нь цээжинд нь буцалж, уур утааг нь хамраараа гаргахгүй хэмээн дарсаар далан жилийг үджээ. Дотор нь ус буцалж байгаа савыг бин битүүлэх ямар байдаг билээ. Монгол хүний үндэсний бахархал яг л даралтын тогоонд буцалж байгаа ус шиг болж байсан хэрэг. Ингээд одоогоос хорин жилийн өмнө энэ таг нээгдсэн юм. Жирийн саванд буцалж байсан усны тагийг авахад ердөө л уур савсана биз. Харин даралттай тогооны тагийг авахад дэлбэрэлт үүснэ. Манайхан сайн мэднэ дээ, хорхог буудахаараа яадаг билээ. Тэрнээс ч нэт юм болсон. Ингээд олон жилийн даралт доор битүү буцалсан үндэсний бахархал хэвийн биш байдлаар дэлбэрэн гарчээ.
Хэрээс хэтэрсэн энэ дэлбэрэлт монгол хүний түүхийг супер болгож юун бичнээс үүсэх тэнгэрээс тасарсан элемэнт болгож хувирав. Атом цөмийн нууц, цөмийн өрнөх гинжин урвал өдөөх аргыг монголчууд мэдэж байсан төдийгүй, их хаан маань квант механикийн үндсийг ан хийх зуураа ярьж байсан байж мэдэхээр болов. Нэгэнт тэнгэрээс гаралтай учраас монгол хүний бие махбод, эрүүл мэнд бусад үндэстнийхээс хамаагүй сайн гэдэгт хүртэл үнэмших болов. Санах хүн байгаа л байх, “Монгол хүнд ДОХ тусдаггүй юм гэнэ. Айраг, тарваганы мах хоёртой л холбоотой юм байх” гэсэн яриа явдаг байсныг.
Наадам, найр ч тэр. Наадмыг хэдийгээр хориглож байгаагүй ч гэсэн хаалт хорионд байсан үндэсний хувцас, зан заншлаа сэргээх том талбар болов. Боломжтой болгон морьчин болоод засаг төрд зүтгэснээсээ илүү морь сойсноороо алдаршиж, гуч дөчин градусын халуунд савхи, үйтэн хуаран дээл өмсөөд бүтэж үхэн алдан хайлж яваа нь мөнөөх л дарамтанд хураагдсан үндэсний бахархлын нэгэн дэлбэрэлт байлаа.
Хориг хаалттай байсан уламжлалт Цагаан сар мөн л нэгэн дэлбэрэлт болов. Ихэс дээдэс ууц тавьж, эгэл нэг нь хавсай боовоо өрөн шинэлдэг байжээ, эрт үед. Дэлбэрэлтийн үеэр айл болгон ууц тавьж, ул боов өрөн Богдынхоо зиндаанд золгох болов. Бэлэг сэлт ч “Есөн цагаан” гэдгийн хэмжээнд дөхөж, нэрэлхүү мөртөө тамир суугаагүй жирийн олон нэрвэгдэж эхэлжээ. Гэхдээ Цагаан сараа хэр хэмжээнийхээ дээд цэг дээр тэмдэглэсэндээ бүгдээрээ бөөн кайф байлаа.
Зарим хэсэг нь энэхүү хэр хэмжээнээсээ хэтэрсэн үзэгдлийг шоолж, элэглэсэн, хөрсөн дээрээ эргэж буухыг ятгасан нь нэг бус. Бас ер нь шүүмжилж, муулж байвал л сүрхий хүн болдог гэж итгэдэг нөгөө нь “очиж очиж оймс бэлэглээд байхдаа яадаг юм бэ”, “Даан ч дээ,  Эрээний юм бие биедээ өглөө, ингэж ч амьд явах гэж” гэхчлэнгээр шогшрон хангинасан нь бишгүй.
Уламжлалт цаг тоолол, Цагаан сарын талаарх маргаан ч харьцангуй намжиж эхлэв. Монголчуудыг Нангиадын тоололтой болгох, эсвэл уламжлалт тооллыг нь устгаж хаях санаа бол хэнд ч байгаагүй байх аа. Харин улам, улам үндэсний, улам эртний болгох л гэсэн санаа байсан болов уу? Хүннүгийн үеийн, Чингисийн үеийн тоолол гэхчлэнгийн үгс их л сонсогдож байсандаг. Учир мэдэх боловсролтой хэсэг нь энэ үзэгдэлд хамрагддаггүй байснаас биш  “Неандарьталийн үеийн  цагаан сар, Шинэ чулуун зэвсгийн шинийн нэгэн” гэхчлэнгийн нээлтүүд цуврах л байсан хэрэг.
Энэ жил шинийн нэгэн нь хоёр юм байна. Муу нь юу байна. Цаг тоолол болгонд алдаа бий. Хүчирхэг үндэстнүүдийн соёлын имперээр дамжин нийтийн он тоолол болсон Григориан хуанли ч тэр. Тийм л төгс юм бол яахлаараа сарууд нь тэгш бус 28, 29,30 эсвэл 31 хоногтой байгаа юм бэ? Үнэхээр л сүрхий юм бол дөрвөн жил тутамд нэг удаа илүү хоногтой жил гаргаад байхдаа яадаг юм бэ?
  Цаг хугацааг хэмжиж заншсан бидний нэгж ба нар сар, одны хөдөлгөөний давтамж хоёр зөрөөд байдаг. Энгүүнээр хэлэхэд фиит, метр хоёрыг, эсвэл литр галлон хоёрыг юм уу тохируулах гээд нэмж хасаад явж байгаатай адил зүйл. Сарны нэг хоног буюу тэнхлэгээ бүтэн эргэх хугацаа нь манай гаригийн хронометрээр 29,5 хоног. Тэр мэтийг тааруулах гээд нэмж хасдаг. Нэмж хасахдаа дураараа хийдэггүй тогтоосон программыг ашигладаг учраас  зориуд маргаан багатай өдрүүд дээр нэмэх, хасах  гэхчлэнгээр хэл амнаас зайлуулах боломж бас гардаггүй юм билээ.
Бидний албан ёсны цаг тооллын шинэ жил нэгдүгээр сарын 1-нд эхэлдэг. Манайхан ёолк хэмээх энэ баяраа ямар ч хэл амгүй, хэрүүл шуугиангүй тэмдэглээд болоод ирсэн.  Хоёрдугаар сар нь хэд хоногтой байгаад хэзээ ч ач холбогдол үзүүлж маргаж явсангүй. Зүгээр тэмдэглээд байгаагийн учир нь ямар ч хориг, хаалтанд ороогүй, өөрийн зөнгөөр явж ирсэнд байгаа. Хэрвээ нийтийн он тооллын шинэ жилийг тэмдэглэхийг хориглож байсан болжгэм өнөөдөр ёолк хийх гэж алж хаяж байгаа. Айл болгон өвлийн өвгөн захиалах, заавал  ч үгүй амьд гацуур авчирч гэртээ зоох, хүний тоогоор шампаанск буудуулах, за тэгээд дээр нь өчнөөн юм шинээр нэмчихсэн тууж яваа.
Дарамт, хоригийн хаалт онгойсоос хойш хорин он өнгөрсний дараах өндөрлөгөөс эргэн харахад дэлбэрэлтийн уур харьцангуй намжиж эхэлж байна. Нэгэнт хураагдсан даралт шингэрэхийн хэрээр хэвийн байдал эргэн ирлээ. Цагаан сар, наадам жирийн сайхан баяр хөөр, бэлгэдэл болон хөрсөн дээрээ бууж эхэлж байх шиг байна.
Баяр гэдэг бол хүмүүс массаараа хийдэг ховс, нийтийг хамарсан баяр хөөрийн бясалгал. Шинийн нэгний өглөө бүх хүн баярлаж явахыг хараад дотор цэлмэдэг, наадмын тоосон дунд ороод явчихад сэтгэл хөөрдөг, уралдаж яваа морь харахад самсаа шархирдаг.  Шинийн нэгний өглөө уурласан хүн таардаггүй, дандаа хөөрч догдолсон, ирээдүйдээ итгэсэн ах дүүстэй учирна. Сайхан даа.
Шинийн нэгний өглөө “Сайн гэж заагдсан” чиглэлд  мөрөө гаргаад, гарч буй жилийн туршид ажил үйлс бүтэлтэй сайхан явна даа гэж бодох гоё шүү дээ. Бие биедээ оймс бэлэглэхэд муухай юм юу билээ. Ямарч байсан хүн болгоныг нэг нэг оймс хувиасаа гаргаж улсад тушаахыг үүрэг болгосон биш. Бэлгэнд авсан оймс багтаж шингэхгүй илүүдээд байвал ядууст, эсвэл зуданд нэрвэгдсэн аймагт, хөдөөнийхэн голно гэвэл үгүйдээ Суданы дүрвэгчдэд илгээж болно ш дээ.