"Донгос!" гэж нас тогтсон намбагар авгай Думаа байдгаараа биеэ чангалж, хэлээ булталзуулж байгаад долооовор хуруугаараа бичээд сэнд товч даран дотроо хохохо гэж инээв. Түүний охин Цээмаа Германаас дахин дахин мийсэж бичээд амар заяа үзүүлэхгүй удаж байгаа юм санж. Думаа гуай амандаа дуу аялангаа утасныхаа нүүрийг ха! гэж байгаад арчиж байтал дон хийтэл дугаран цочоож гэнэ. Тэрээр хамрынхаа нүхэнд нүдтэй аятай эрүүгээ нэлээн урагшлуулж, гараа тээр хол сунган байж, "ээж л дээ, та яасан аймрий, түгүүл би юу ч идкү байсаар байгаад урж үхлээ за!" гэж үсэглэн уншаад улам маасайн инээгээд "күэ энэ нээрээ хүүхдүүд, нэрээ сайхан цаасан дээр бичиж байгаад идэх хэрэгтэй шд. За энэ удаа ч би өөрөө мэдьеээ!" гэж бодсоор дэлгүүр лүү тарганд гарлаа.

-Эгчийн дөө хамаагүй ээ, маасаг л тавихын, шинэ хуучин нь хамаагүй гэсээр нэг тараг авч байтал дахин нэг миссэж ирдийн. За энэ бас хэн бэ гэж үглэн утсаа нээтэл ахиад л охиноос нь байна. Гадаадын тэр арван хэдэн оронтой дугаарыг Думаа авгай цээжээр мэдэхгүй ч дүрсээр нь бол танина. Гүэ ер нь монголчууд бүгдээрээ японоор А байхгүй ч гэсэн хэдэн сумочынхоо ханзыг бол баараггүй уншдагтай л адилхан юм даа. "Та өөрөө мэдий л гэж зөрүүдлээд байнуу ээ ээж, плийз л дээ" гэсэн удаах миссэжийг уншаад өөрийн эрхгүй инээд хүрсэн Думаа авгайг харин лангууны ард зогсож байгаа залуу өөрийг нь шоолоод байна гэж бодон муухай харав. Түүнийг таргаа аваад гарсны дараа худалдагч эр нэгийг бодоод арынхаа өрөө рүү орж ааль өглөө л орноосоо босоход нь гозойгоод тогтцон байсан оройныхоо үсийг түй түй гэж самнасаар арай гэж дараад, "заа..аа тэгээд одоо ч хаагаад унтах цаг болчлоо доо" гэж бувтнажээ.

Думааг толиныхоо өмнө суун найрах арга чинь буруудаааад байна гэж аяланхан нүүрэндээ тараг түрхэж байтал утас нь дахин нэг донхийлээ. Тэрээр дуу аялсан чигтээ өрөөсөн гараа арчаад утсаа нээв. "Ээжээ би маргааш ярий, та сайн бодоорой". Думаа авгай, хм! гэж намжирдаад гараа даавуунд арчин миссэж бичиж эхлэв. Баруун гарын долоовор хурууг тун ч ончтой дарж байна. Тэрээр "хичээл дээрээ бгаа биз дэ, багшдаа загнуулваа хонгор минь!" гэж бичээд баясан мишээж, сэнд товч дарьюу гэж байтал зүүн нүд рүү нь урсаж орсон тараг ихэд хорсгон тухы нь алдуулж ууры нь хүргэсэнд "битгий надад юм заагаад бай, хичээлээ хий!" гэж үргэлжлүүлж товшоод send дарлаа.

Нар мэт охин Цээмаа өвлийнхөө амралтаар гэртээ ирж найз залуугийнхаа эцэг эхийг ээжтэйгээ танилцуулжээ. Думаа гуай гэнэт л худуудтай болчиж гэнэ дээ. Охин ч буцаж, тэр 2 ч myphone-оороо чалчдагаа чалчдаг цаг ахин ирэв. Харин саявтарханы нэг ярианаар ээж нь, "цагаан сар ч боллоо, тэгээд одоо орж гаралцана, худуудад ямар бэлэг өгөх вэ" гээд аманцарласан биш охин нь санаагүй юмаа санаад тансаглаад болохыг болив.

-Гочоогийн аавд нь гоё цаг маг ч юм уу өгөөд, ээжид нь дээлийн торго морго..
-Гүэ чи чинь юу донгосоод байнаа. Дөнгөж танилцчаад тийм үнэтэй сайтай бэлэг сэлт яаж болхым энэ чинь. Ямар амьдардгаа бод л доо чи.
-Ээжжээ! Танд би мөнгий нь явуулна ш дээ.
-Гүэ гүй, ер нь гарын бэлэг жаахан юм өгөөд л гаргана. Тэр нь ч зүгээр, хүн даруу байх тусам сайхан...
Гэх мэтийн яриа болоод дуусжээ. Тэгнэ ч гэж байхгүйм байхаа гэж Думаа авгай бодов. Энэ үед Гочоо бас л ээжтэйгээ хүндхэн яриа өрнүүлж байлаа.
-Та 2 тэднийд очихдоо гайгүй юм аваад оччоорой.
-Юу?
-Гоё, чанартай гутал энтэр..
-Юу! Юу яаж болхын, хүн гайхна шдээ энэ чинь. Думаа гуай хариу бэлэг өх гэж санаа зовчно зүгээр...

Энэ үед мань хос залуус гудмаар хөтлөлцөн алхаж бие бие рүү гээ харан инээмсэглэх бүрийд нь толгойнуудад нь нэгэн ижил зовлонт бодлууд зурсxийхийн хажуугаар гэрийнхэнтэйгээ бичсэн миссэжнүүдээ арилгах гэж хэрэндээ л сандралдаж байлаа. Билгүүн нь санамсаргүй утсы нь аваад хартал гай болоод Думаагийн ээж, "хмм, тэр Гочоогийн чинь аав ээж ямар хаан хатан хоёруу ай?" гээд бичцэн байвал яана. Эсвэл Гочоогийн утсан дээр, ээжийнх нь, "чадахгуй ээ, бид ямар тэр авгайд өртэй биш!" гэсэн миссэж ирцэн байгаад найз охин нь харчихвал юу болох вэ.
                                                              x x x
Найз охин Цээмаа үнэхээр л баргар амьдралыг туулжээ. Тэр хар багаасаа ижтэйгээ цуг нарантуул зах дээр улавч зардаг байсан юм. Зуны өмхий хар халуун, өвлийн тэс хүйтэнд хэзээ ч хамаагүй, бороо цас шуурга шороо ер нь юу ч болжээсэн тоохгүй хичээлэээ тарж ирээ л мааскаа зүүж аваад ээж ба бусад авгай нарын хамт, "улавчээээннн..., шиврийн тсээннн... гэсээр оройн наран жаргаадаг байлаа. 

Бараагаа ирклаамдан тасралтгүй хашгирсаар байгаад овоо дуулчдаг байсан хоолой нь бүдгэрч баларсан нь үнэн. Гэхдээ тэр амьдралын тэмцэл, тэвчээр гэдгийг эндээс сурсан. Түүний ээж ховорхон бодолтой эмэгтэй ганц охиноо сургуулиас нь гаргаагүй. Тэр охин ч өөрөө сийрэгхэн толгойтой, уралдаант шалгалтаас барууны их сургуульд солилцоогоор явах аз хожсон.

Тэр үед Цээмаа охин нэг хөл тэнгэрт нөгөө хөл газарт сунан баярлаж байсан ч явах хоног ойртох тусам дотор нь базлаж байлаа. Очоод яаж сурна даа гэж санаа зовсонгүй, ажил хийж олж өгөх учиртай аавын хамаатны өрөнд ч зүрх нь халирсангүй харин хөлдүү цээмэнтэн дээр зогсож улавчаа зарсаар үлдэх баадагнаж пөөдийсөн муу ижийгээ бодохоор өр нь зурагдаж байжээ. Хагацах цаг хоног хоногоор ойртож хоёр эмэгтэйн сэтгэл улам улмаар дэнсэлж байлаа. Тэгсээр тэр өдөр ирж Чингисxаан онгоцны буудалыг зорив. Олон хүн бужигнасан газар ирээд гааль руу орох болоход насаараа хажууд нь зүүгдэж, нэг өдөр ч хол байж үзээгүй ижийгээ эрхгүй тэвэрч авсан гэдэг.

-Ижээ, би таныхаа дэргэд л байя л даа. Хоюулаа улавчаа зараад л амьдраад байж чадна ш дээ гэж мэгшин уйлхад нар салхинд онгож гандсан царайн дээрээ амьдралын хатуу хүтүүгээс үлдэж хоцорсон олон үрчгэртэй ухаант монгол эх, "-Иж нь алзахгүй ээ, подхийгээд л амьдарна. Харин миний охин чи над шиг болж болохгүй. Яв охин минь яв!.... гү чи яваач! Хөөеээ, чамд чих байнуу?" гэсээр байгаад духан дээр нь нэгэнтээ үнсэнгүүтээ үүд рүү хөөн оруулжээ. Охин нь нулимсаа дуслуулан дуслуулан гар далласаар далд орсны дараа өдөржин цайгүй суусан юм шиг гол нь хоосорч ядарсан эх сая нэг энгэрээ нортол уйлсан түүх бол 4 жилийн тэртээхээ. Гэхдээ юу гэж энгэрээ норгохов дээ, хүн байна даа юм хумаар арчийшд. Ер нь бол норуул норох байсийн. 

Одоо бол Цээмаа охин сэхсээн сэхсэн. Сэргэлэнийг ч хэлхүү. Ээждээ мөнгө явуулсаар байгаад нэг өрөө байртай болоод, бас бусыг ч хадгалаад амжсан ай. Өдөржин онгож гандаж зогсдог байсан ээж нь ч одоо нүүрэндээ маасаг тавилаад л суудаг болж. Тэхдээ арай ч тоогүй олон миссэжүүдийг тив алгасан явуулаад суухдаа тулсан тэнтгэр авгай болоогүй ээ. Тэд myphone-ны бэлэг, үнэгүй 50 миссэж эрхээр тансаглаад байгаа нь энэ хаха гэж.
                                                               x x x
Яг яах гээ ч гүй гээ мэдсэн улсууд л утас цохиж ярина уу гэхээс юм хум гуйх дээрээ тулуул улсууд чинь одоо мийсэж бичдэг болсон цаг. Бодох хугацаа өгч байшд энэ чинь. Хуучин цагт монголчууд толгой дохиж балмагддаг байсан бол одоо үгүй үгүй гэж балмагддаг болсон цаг. Харин мийсэж бичвэл өр зөөлөн монголчууд хариу бичих хоорондоо за өгчий дөө гэж бодох тун ч магадтай дагаа.
Одоо ч муусайн мийсэжүүд тив алгасан нисэлдэх болж. Заавал дандаа онлайн байжээдэг хүмүүс ч гэж хаа байхав. Харин утас бол кармаанд.

Зүсэн бүрийн харилцаа үүснээ: "За Батаа, нөгөө хүн чинь оройны нислэгээр гарах гэж бн, нутгийн идээ дайлгачаач!" гэх, эсвэл "Аав нь гадаад яаман дээр бнаа, хэдэн хуудас бичиг болох билээ хө?" гэдэг ч юм уу эсвэл бүр "Миний хайр, яг хаана байгаам бэ?" "аа хайр нь Гомбоогийн төрсөн өдөр дээр бн" "яг хэн хэн байгаан, хэдэн охин байна?!" гэх мэтээр амьдрал мийсэжээр үргэлжлэнэ. Өглөө сэрэхэд шөнийн ирсэн хайрын халуун үгтэй мийсэж байжаах хэчнээн сайхан. Шалгалт өгөө л истрээсдэж гараа л утсаа асаатал андынх нь дулаахан үгтэй мийсэж гараад ирвэл ямар сайхан. Тасарчаа л босоод иртэл ижийнх нь хушуу дэвссэн мийсэж угтвал ёстой сайхан.

Аа Думаа Цээмаа Гочоо эднүүс тэгээд эхий нь эцээж тугалы нь тураалгүй зохицуулах бизээ. Залуу хүүхдүүд яах вэ дээ нэрэлхүү, дээр нь хадмууддаа оноо, ханилах гэж байгаа хүндээ нүүр алдахгүй гэж тэхээс яахав. Харин амьдрал бол жирийн. Жирийн агаад өрнүүн.