Битүүний барилдаа­ны сонинг долоон сарын наадам хүртэл бөх со­нирхогчид ярьдаг байв. Амьдрал баялаг одоо цагт өөр дуулиан, үзүүш­тэй явдлуудад дарагдан сар шинэтэйгээ хамт дорхноо хуу­чирсан сэдэв болж байна. Ойрын өд­рүүдэд сонирхогчид Япо­ны сумо бөхийн эргэн тойрон дахь дуу­лианд чих тавин анхаарлаа хан­дуулжээ. Тэнд бөх­чүүд нэгэндээ бууж өгч байсан нь баримтаар илэрч, үзэгчдийн урам хугарлаа. Хэдэн нөхөд шударгаар тэмцэлдэж байсан бусдыгаа хөлдөө чирээд зогсохгүй Япон үндэсний бөхийн орло­гын амыг хаахад хүргэсэн байна. Уламжлалт хав­рын наадам нь бараг анх удаагаа болохгүй өнжиж байгаа юм уу даа. Болох байлаа ч үзэгчид бөхийн барил­даан биш найруул­сан жүжиг үзэх­гүй  гэжээ.

Худлаа ярих, шударга бус явдал хийх тухай сэ­дэл хэзээ ч ой тойнд нь ордоггүй энэ зожиг ард түмэн сумочдын даваа наймаалцдаг байсан ту­хайг мэдээд гайхаад ба­рахгүй байна. Одоо тэ­гээд энэ орчлонд үнэн юм гэж алга уу гээд түрүүчээ­сээ амиа хорлож ч мэдэх хачин үндэстэн.

Цагийг эзэлсэн хоёр монгол "аварга"-ын өнгөн дээр япон сумо ийн дам­пуурсан нь тэднээс дутах­гүй бид их эвгүй байдалд орж байна. Долгорсүрэн, Мөнхбат хоё­рын энэ хоёр дэнхэр хүү ингэж байж нэг юм дуулгах вий дээ гэж бид өмнө нь би­чиж байсан даа. Японы сонин хэвлэлийнхэн Мон­го­­лоор нэг ороод ир­чихсэн сурвалж­лага хий­гээд гүйлдэж явна. Тэд манай орны хөгжил цэцэг­лэлтийн тухай мэдээ авах гэж ирээгүй. Монгол үн­дэс­ний бөхийн зэрэг дэв ахих яг одоогийн ханш хэд хүрээд байгаа тухай хүртэлх нарийвчил­сан мэдээллийн араас яваа гээд бод доо. Сумочин болж хэдэн төг­рөг олдог байсан хөг ч өнгөрөв бололтой.

Даваа наймаалцаж бууж өгөх нь хэм­жигдэ­хүүнээр илэрхийлэх бо­ломжгүй бүх спортын тө­рөлд байдаг л үзэгдэл. Муу бүхний уурхай манай үндэсний бөхөд байгаад, тэр нь Японд халдвар­лаад байгаа ч юм биш. Манай аваргуу­дын хувьд бусдаас ялгаат­ай нь гэ­вэл найрааг болхи, улаан цагаан хийгээд дөжир­чихсөндөө гол учир бий. Тэр жил нэгэн нар­гиантай наадам үзэж билээ. ...су­манд улсын заан ирж барилдаад үзүүр түрүү­ний залуутай наадмын тал­бай дээр чанга чанга дууга­ралцан ам өчгөө авалцдаг. Заан наа­дам­чид руу хандан "За та нар сонссон биз. Энэ залуу чинь дараа нь надад ийм ийм юм өгөхөөр боллоо шүү. Хүмүүсийн нүдэн дээр одоо гар барьчихъя" гээд ойчиж байгаа юм. Энийг сумаараа цө­мөө­рөө хараад сонсоод сууж л байлаа шүү дээ. Тэгэх­лээр энэ тухай хэтрүүлж бичсэн байж магад­гүй хэмээн нягтлах гэж явдал удаад дэмийг дашрамд бас сануулъя.

Найрааны дүр зураг нэг ийм. Одоо тэгвэл яадаг болсон бэ? Үндэсний бөх санаанд оромгүй­гээр түргэн шинэчлэгдсэн. Аливаа юм хөрөнгө оруулалт дэмжлэг байвал дорхноо хөл дээрээ бос­чихдог жишгийн дагуу сүүлийн хэдхэн жилийн дотор залуу бөх­чүүд хүчээ авчихлаа. Үндэсний бөхийн эргэн тойрон маш их мөнгө эргэлддэг. Тавын давааны най­рааны бэнчингээс гараатай хөрөн­гө оруулалт хүрээгээ тэлсээр бай­на. Залуу бөхчүүдийг жилийн турш хоол унд, амин дэмийг нь даах, барилдахаас өөр ажлаас чөлөө­лөх, маш өндөр бооцоотой тэмцээн зохиох, хандив цуглуулах, шаард­лагатай гэж үзвэл түргэн хугацаанд хүч нэмэгдүүлэх тариа хэрэглэх, хүнд өвчтөнд уулгадаг амьтан, ургамлын гаралтай ховор эм тан­гаар бордох зэрэг бүх л арга чарга боломжийг дайчилж байна. Энэ бүгдийг спонсорлогчид нь гайгүй барилдчихмаар нөхдөд гар татдаг­гүй. Улстөрчид, бизнесме­нүүд өөрсдийгөө бөхөөр реклам­дах, бөхтэй байх нь хэрэглэгчдээ татах нэг арга гэдгийг олж харжээ.

Сайн бөхтэй болохыг хүсээд, мөнгө нь байвал барилдах хорхой­той залуус Монгол орны жалга болгонд бий. Ер нь үндэсний бө­хөөр барилдаж хэн нэгнийг  өвдөг­лүүлэх нь онол практикийн хувьд  бүтэшгүй зүйл биш гэдэг нь улам ойлгомжтой болж байна. Хоёр жилийн өмнө хөдөө өтгөн дээр тэвгэ тоглож байсан нусгайг бон­дойтол нь өөд татаад зааланд гаргаадахсан чинь ногооны адуу алдуурсан мэт дийл­дэхгүй байх жишээтэй.

Үзэгчид анхандаа шинэ үзэгд­лийг мэдэхгүй чухам шуугилддаг байв. Улсын цолгүй бөх цагаан сараар улсын цолтой бөхийг хаяж шөвгийн дөрөвт үлдээд л. Шинэ бөх төрлөө, шинэ үе гарч ирлээ ч гэх шиг. За энэ нөхөр ч наадмаар заан уу, арслан уу...гэцгээгээд л. Гэтэл байдаггүй. Дахиад цагаан сараар улсын цолгүй бөх түрүүллээ. Ирэх зуны наадам бол ойлгомжтой. Яагаад гэвэл уламжлал ч тэр, бөхийн биоритм ч тэр, нэгдүгээр  сард хүчтэй байсан бөх долоон сард яг тийм давталт таардаг. Тэгэхээр Санжаадамбын Улсын арслан цолны найрыг одооноос бэлдэцгээе гэх шахуу юм ярьцгааж байв. Гэтэл байдаггүй. Дахиад цагаан сараар улсын цолгүй бөх түрүүллээ. Энэ удаад Санжаа биш Мөнгөө. Өөр цаана нь Чука, Жагаа гээд өчнөөн олон улсын цолгүй бөх түрүүлэх хувилбарууд байгааг олж харцгаав.

Үзэгчид одооноос л "Хөөш энэ чинь нээрэн юу болоод байна аа" гэлцэн нэгэн рүүгээ гайхсан байр­тай харцгаах болов.

Одоо үндэсний бөхөд найраа гарахын хувьд гарна. Гэхдээ тэр нь тийм чухал юм биш. Найраанд зарцуулдаг тэр олон арван сая төгрөгийн талын талыг л жилийн турш идэж уугаад бэлтгэлээр нүд­чихэд монгол үндэсний бөхөд хэнтэй ч барилдах хэмжээний  болчихож байгаа юм. Цаад зааж байгаа багш нар нь хэр зэрэг боловсролтой хүмүүс байдаг юм. Түүнээс бус одооны хүүхдүүд мэр­гэж­лийн болтлоо тийм цаг наргүй бэлтгэл хийдэг болсон байна. Ачааллын хувьд олимп, дэлхийн аварга бэлдэх хэмжээнд ойртсон бололтой.

Бөхчүүд цөмөөрөө ийм канонд­сон юм шиг жигдхэн болоод ирэх­лээр үзэгчид цаашдаа ямраар хүлээж авахыг таашгүй. Ямар ч л байсан энэ наадамд тэр түрүүлнэ, эсвэл үзүүрлэнэ гэж бооцоо тавих явдал бүрмөсөн алга боллоо. Дэлхий даяар жигд хөгжсөн хөл­бөм­бөгт ч гэсэн нэлээн нарийв­чилсан багцааг мэргэжлийн бус хүн гаргаж болоод байхад манай үн­дэс­ний бөхөд ноднингийн аварга энэ жил нэгийн даваанд ойчиж толгой эргүүлнэ. Ийм байх нь сайн уу, муу юу бүү мэд. Таагүй явдлууд энэ зэрэгтэй байгаад тогтвол сайн л байна. Одоо ч юм их нарийн болчихсон цаг үе. Бөхийн зүтгэл­тэн­гүүд ёс уламжлал, цол зэргээс хальж сэтгэхгүй налайж  байх зуур ашигтай аюултай нь мэдэгдэхгүй маш олон технологиуд нэвтэрчих­сэн. Япончууд ч мөн ялгаагүй уламжлалтайгаа хэт зууралдаж орчин үеийн технологи, заль мэ­хэнд хууртагдан баларч байгаа нь энэ. Эндээс санаа авах юм үндэс­ний бөхөд их бий.         

Саяын цагаан сарын бөхийн түрүү бай нэг сая төгрөг байсан. Хувьдаа банктай, компанитай бол­чихсон бөхчүүд ийм мөнгөний төлөө барилдах уу? Барилдахын тулд бэлдэнэ. Бэлдэхийн тулд хөрөнгө зав гаргана. Тэр нь нөгөө нэг сая төгрөгөөс нь даваад явчих­на. Ямар цол нэмэгдэх биш. Тэгэ­хээр том цолтой бөхчүүдийг сайн барилдуулах хөшүүрэг алга. Цол нь уламжлалт барилдаануудыг өн­жөөх, эсвэл доогуур даваанд унаад эхэлмэгц чансаа буурсаар  зодог тайлуулах биш. Тэдний хувьд цагаан сарын бөх нь хамгийн хямдхан заалны барилдаан юм. Энэний оронд "Мобиком" үүссэний ойн баярт зодоглох нь хамаагүй унацтай. Түүнээс гадна залуу барнууд хөгшин арслангуудыг хайр найргүй барьж идээд байх юм чинь тэд Бөхийн өргөө рүү зүглэ­хээс хулхи нь  бууж, гөл шаадаг. Ер нь нэг улсын цол авлаа л бол тэгсгээд сүргээсээ хажиглагдах хандлагатай болчихсон. Харцага, начин, заан болохоосоо өмнө их сайн бөх шиг харагддаг байсан олон бөх сураг алдарсан. Цол дагаж бяр нэмэгдэхгүй байна аа гэдэг чинь  нөгөө өтгөн дээр тэвгэ тоглож байсан "Хэнчбиш" эргээд хэвэндээ очиж байгаа нь тэр. Тэр уг нь бөх биш байсан байхгүй юу.

Бөхийн ертөнцөд орж ирсэн түрүүчийн хүүхдүүдийн нэрийг нь тогтоож амжаагүй байхад  дараа­гийнх нь ирээд буцаад харих тал руугаа явах жишээгээр үндэсний бөхийн  хурдыг гүйцэж харж амжи­хааргүй. Ялангуяа орон нутагт аймгийн наадам утгаа алдсан. Арслан цол авах гэж байгаа нь энэ гээд оочерлочихсон байгаа юм чинь. Цолоо авчихсан юм бол холдооч дээ, унаач дээ хэмээн тал талаас нь хашгирч лааз шид­лээд... Хаашаа ч болсон юм бэ дээ. Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн тоо эрс олширсноос шалтгаалан заал танхимын барилдаан бөхчүү­дээр хахах боллоо. Үүнийгээ үндэс­ний бөхийн холбоо мөн их бахар­хаж ярих юм. Саяхан зааланд 512 бөх барилдуулж гайхуулав. Бөхийн өргөөний умгар тойрог дотор чухам юу болоод байгааг олж харах боломж тавын даваа хүртэл огт гарахгүй. Хүмүүс наадам үзэх гэж билет авсан болохоос ямар нэгэн шалгалт конкурсыг хянах гэж очоо­гүй байлтай. Спортын аль ч төр­лийн уралдаан тэмцээн  хэн хэнтэй учирч яаж хэрхэн тэмцэлдсэнийг нэг бүрчлэн харж, бичлэгийг нь удааш­руулан үзэж дараа нь ана­лиз хийх наад захын шаардла­гуудыг үзэгч­дийн өмнө хүлээдэг биз дээ. Бөх, бокс. Спорт тоглоом зэрэг хүнтэй харьцдаг спортын төрлүү­дийн нэг номерын гарын авлага бол бичлэ­гийг нь унших явдал байдаг. Их спортынхны ярианд "Тэрний бичлэ­гийг нь судалж бай­гаад ийм хариу хувилбар бодож оллоо" гэхийг байнга л сонсоц­гоодог. Тэгэхэд Мөнхбаатар арс­лан даваа болгон­доо тосгуулж хавирах, Доржсамбуу гар таллаж ард гараад унагах мэхийг цээжил­тэл нь хийгээд бай­хад бусад нь мэдрэхгүй, хариу байхгүй ойчоод өгдөг. Саяын тү­рүүл­дэг Мөнгөн­баатарын сугадаж хөмрөх бол өөрөө солгой өрж барилддаг хүнд бол яг тохирсон мэх. Баруун золгох гэж очоод л их хурд гаргаж цо­чоолгүйгээр өөрийн­хөө талаар хөмрөөд тонгойчихдог. Гаднаас харахад үлдсэн хөл дээ­рээ дэгэн­цээд байх болохоос үнэн хэрэгтээ өрсөлдөгчийнхөө мөрийг бүр на­рийвчилбал тохойг нь үений эсрэг өччихсөн байдаг. Зарим тохиол­долд цаадах нь тэсэлгүй "ёоё" гээд өөрөө ойчоод өгөх ч бий. Энэ мэхийг хариулах ганцхан ху­вил­бар байдаг... Энэ мэтчилэнгээр бөхийн барилдааны урлагийн гоо сайхныг үзэж таашаал авах бо­ломж бөөнд­дөг бөхийн өргөөнд л лав байхгүй. Мөн энэ олон тамир­чин тэмцээний дараа хөлснөөсөө салах халуун ус шүршүүргүй нь дэндүү бүдүүлэг заваан. Зайлуул үстэй дээл хөдөр­чихсөн толгой­ноос нь уур савсаад сууж байгааг харахаар өмнөөс нь нуруу цамц­тайгаа наалдах шиг болно.

Томоохон барилдаан бүрд өмнө нь бүсчилсэн, хэсгийн авар­гын наадмууд зохиож финалд шигшмэл бөхчүүл үлддэг нийтлэг жишиг нь үндэсний онцлогийг эвдээд шалихгүй баймаар. Үндэс­ний бөхийн шинэчлэл хийгээд хоцрогдлуудыг хэн нэгэнд най­даад зөнд нь орхиж, хайхрахгүй хаяж болохгүй сэдэв юм. Яагаад гэвэл Монгол үндэсний бөх нь манай ард түмний ёс заншил, бэлгэ тэмдгийн илэрхийлэл ба зарим тохиолдолд шашныг ч ор­лож чадахуйц хэмжээ­гээр үндэс­ний сэтгэхүйд нөлөөлдөг билээ. Бөх ба бөхчүүд нэг л сонин бол­чихлоо. Юуны цондон бэ гэх хүн ч олон байдаг.