Их бичгийн хүн Д.Пүрэвдорж агсны "Тусгаар тогтнол" хэмээх омог төгөлдөр найраглалыг мон­голчууд унших дуртай. Эрх чөлөө, тусгаар тогтнолдоо хайртай бол­гон, түүний үнэ цэнийг мэдэрдэг бүхэн "Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлах..."-ыг боломж бүр дээр мөрөөддөг билээ.

Дэлхийн хамгийн хүйтэн бүс нутагт амьдардаг монгол үндэст­нээс  экологийн цэв цэвэрхэн нэгэн хувцсыг хүн төрөлхтөнд илгээдэг. Тэр нь ноолууран өмд, цамц бөл­гөө. Норвеги, Финланд зэрэг туйлд ойрхон орнууд цааны арьсан дулаан гутлаараа алдартай. Түүн шиг зөвхөн Монголоос өөр бүс нутагт байдаггүй, орлуулж болдог­гүй өвөрмөц үс ноолуур бүхий материалаар хийгдсэн хувцас хунар гадаадад эрэлт ихтэй ба­раанд хамаарагддаг.

Энэ чиглэлийн наймаачид "Мон­голын ориг ноолууран цамц" гэж бараагаа сурталддаг. Эрхэмсэг хатагтай нар Монгол гэж ямар орон байдгийг мэдэхгүй ч "Монгол ноо­луур"-аа таниад авдаг болтлоо брэнд болсон манай цор ганц бүтээгдэхүүн юмсан. Ёстой дэл­хийн соёлын өвд хөөмийнөөс илүү­тэй энийг бүртгүүлж байгууштай.

Улс орнууд манайхаас илүү хөгжлөө гээд ямаанаас илүү сайн материал (ноолуур) гаргах бо­ломж­­гүй. Гэтэл энэ давуу талаа ашиглаж, хадгалж чадахгүй бай­саар өнөөдрийг хүрсэн нь хачир­хал­­тай. Хамаг учир эрх баригчдад бий. Хилээр ноолуур биш ноолуу­ран хувцас гаргадаг болчих юм бол энэ чиглэлийн дэлхийн зах зээлийг бараг дангаараа атгачих боломж­той гэлцдэг. Нэг ч атугай юмаараа босс байж яагаад болдоггүй юм.

Ноолуур тойрсон мунгинуу бод­лого шийдвэр болгоны ар талд нэг жижигхэн эрх ашиг нуугдсан нь удалгүй илэрдэг ба түүнээс улбаа­тай хошин домгууд зохиогддог. Хамгийн наргиантай домог гэвэл эрхэм түшээд хүний хүүхдээс ха­рам­лаж ямааны хүүхдэд мөнгөн тэтгэмж өгч байлаа шүү дээ.

Манай үндэсний үйлдвэрүүд хөл дээрээ босч чадахгүй сөхрөөд хямд түүхий эд авах гэж байтал тэрнийг нь гадаадын өрсөлдөгч нар нь мөнгөөр зодоод авчихдаг. Тэгэхээр нь гадаадад түүхий эд гаргах явдалд татвар нэмээдэхсэн чинь хулгайгаар хил давах явдал замаа алдсан. Аль өндөр үнэ хэлсэнд нь бараагаа нийлүүлэх зах зээлийн жамыг малчид шаардан­гуут Засгийн газар хилээ нээчихэж байгаа юм. Тэгэнгүүт хятадууд орж ирээд үндэсний үйлдвэрийг будаа болгож хаяад хамаг ноолуурыг нь хамдаг. Эцсийн үр дүн нь гэвэл тухайн үед л улс төрийн нэг нам сонгуульд жаахан ахиухан санал авсан ч юм уу, үгүй ч юм уу. Жаахан мөнгөний бараа хараад манай хөдөөнийхөн хуугаар ямаачин болцгоож удалгүй хээр талд 20-30 сая түүнээс ч олон ямаа бэлчих болж Монгол орны эмзэг байгаль орчинд мэдэгдэхүйц нөлөө үзүүл­сэн. Гэтэл бурхны гэсгээл дараал­сан хөлдүүс зуд хоёр нөгөө хэдэн годронг нь аль ч үгүй хиаруулах боллоо. Атга ноолуурын цаана байгаа өр төлөөс гарз гай нь манай үндэсний аюулгүй байдалд ч за­нал­хийлэх хэмжээний том асууд­лыг үүсгэсэн. Одоо ямааны тоо толгой зохист хэмжээндээ ойртон  13 сая руу орж ирээд байна. Түүнээс ч цөөн байх ёстой. Харин ноолуурын үнэ килограмм нь 50000-аас доош унахгүй байх. Тэглээ гээд ашгийн хойноос илүү шунаж энэ амьтныг олшруулж яавч болохгүй юм билээ. Нэг толгойгоос дунджаар 250 орчим грамм ноо­луур самнадаг гэхээр энэ жил 3000 гаран тонн түүхий эд бэлтгэгдэнэ. Энийгээ харин малчид үс газарт унагаахгүй хурааж авах нь тодор­хой.

Саяхны мэдээгээр Хэнтий, Бул­ган, Ховд, Увс зэрэг аймгуудад хятадууд хэдийнэ малчны хотонд яваад оччихсон урьдчилгаа мөнгө бэлнээр тараагаад эхэлжээ. Тэгэ­хээр ихэнх ноолуур урагшаа гарч цаашаа зах зээл дээр хувцас болохдоо өөр орны нэр дээр цол­луулах нь тодорхой боллоо. Мон­го­лын ганц брэнд дахиад л хүний нохойн хоол.

Уг нь бид өөрсдөө эндээ ноос ноолуураа угааж, утас даавуу болгох үйлдвэр нь байгаа. Бүр янзын гоё цамц малгай хийх орчин үеийн үйлдвэртэй. Эцсийн бүтээг­дэхүүн үйлдвэрлэе гэж амтай бол­гон цэцэрхээд байхаар нь тийм үйлдвэртэй болчихсон. Тэгсэн харин ачир дээрээ төр засаг худлаа чалчиж байж. Гайхаад баршгүй сонин зах зээлийн өрсөлдөөн манай ноолууран дээр явагддаг. Коммунист Хятад, капиталист Мон­гол хоёр ноолууран дээр үнэ хаял­цаад коммунист нь дандаа ялж илүү ашигтай ажиллачихсан байдаг. Зах зээл дөнгөж нэвтэрч байсан ерээд онд нэгдлийн малыг яаж ч тордоод байхад хорогддог харин амины мал өсөөд байсан олон жишээг бид мэднэ дээ. Уг нь тэрэн шиг л баймаар юм. Засгаасаа даалгавар авч баахан мөнгө авсан хятад доншуурууд олж авсан ноолуураа архи хүүхэн хоёроос эргүүлж тавьж туугаад дампуурчихмаар л санагд­даг. Тэгдэггүй юм байна. Дэргэдэх орон маань коммунист хэвээрээг харгалзан үзэж ноолуур зэрэг онцгой объект дээр тэдэн шиг төрийн дэм хэрэг болоод байна. Төр засаг ноолуурчдаас "Миний хүүхдүүд ээ? Дэлхийн зах зээл дээр гарахын тулд яалгамаар байна. Нэрэлхэлгүй шууд хэлээрэй" гээд сууж байх ёстой байхгүй юу.

Байгаль дэлхийгээ хөнөөхөө алдан байж олдог энэ жаахан валю­таа дутуу ашиглаад байна. 500 грамм ноолуураар  ямар үнэ­тэй цамц хийж болох вэ? Цамц хийхийн тулд арван мянгаас доош­гүй хүн өндөр цалин авч ажиллах болно. Дэлхийн сая сая баячуул Монголоороо гоёно. Гоё Монгол цамц өмссөн нэр хүндтэй хүмүүс манай орныг муугаар төсөөлж бодохгүй. Цааш ухаад байвал зөвхөн ашиг л харагдаад байх юм. Малчин үндэсний үйлдвэрт ноолуу­раа өгөөд оронд нь утас аваад  жижиг цех нээн хувцас хийж ма­лын­хаа буянг мэдэрч болж байна. Тийм үйлдвэрлэл бидний сайн мэдэх Өмнөд Солонгост пиг дүүрэн байдаг ба манайхан тийм газарт очиж зарагддаг ш тээ. Хэдүүлээ нийлээд тэр ноос ноолуурыг нь хөдөө голын эрэг дээр угааж бо­ловс­руулаад өгвөл илүү ашиг унахаас гадна ноолуур самнах хариуцлага нь хүртэл боловс­ронгуй болоод явчихна. Жаахан хөдөлмөрчихвөл маш их ашигтай бизнес болохоор алхайж хэвтэх дуртай малчдыг хүмүүжүүлэх өөр нэгэн сайн тал бий.

Бүх л юмс үзэгдэл гадны хүчин зүйлээс хамааралтай. Шатахуун, эрчим хүч, төмөр ган, техник, эм тан гээд л. Тусгаар тогтнол чамайг ядахнаа ямааныхаа арьсан дээ­рээс ч болохноо тунхаглан зарлаж үзэх юмсан. Гоё байдаг болов уу?