Эрүүл мэндийн яам­наас энэ жилийг нийтээ­рээ биеийн тамирын дас­гал хийж хэвших жил бол­гон зарлаад байна. Биеийн тамирын гимнас­тик хийх нь тамирчин бо­ло­хоос шал өөр зорилго­той бараг их спортынхоо эсрэг үйл ажиллагаа гэдэг.

Дээр үед яг арван нэ­гэн цаг 45 минутад ра­диогоор хөгжим яван гим­настик заадаг байсан даа. Тэр гимнастик нь шинжлэх ухааны үндэс­лэлтэй, их зөв дасгалууд байсан бөгөөд цаг заваа гаргаад хийгээд байх юм бол тухайн өд­рийн­хөө хуян шар усыг тараахаас эхлээд хэрэггүй ч юм биш байсан.

Гэхдээ хүмүүсийг сайн дураа­раа ч бай, албадангаар ч тэр "Жагс, бос, суу...нэг хоёр..." гэж команд­лан дасгал хө­дөл­гөөнд дасгах гэж янз бүрээр оролдоод амжилт олоо­гүй юм. Радиогоор явдаг гимнастик олон жил үргэлжилсэн боловч тэр­нийг дагаад хөл гараа хөдөлгөж байсан хүнийг би л лав хараагүй. Харин манайхаас өөр Хятад зэ­рэг оронд өглөөгүүр маш олон хүн ушу хийдэг ба өдөржин унадаг дугуй­гаар ажлаа амжуулаад бүр хэвш­чихсэн.

Нийтээрээ дасгал хө­дөлгөөн хийж эрүүлжих зорилгод дөхөж очсон нь спортоор хичээллүүлэх оролдлого л байлаа. "ХБХБ тэм­дэгтнээс олим­пийн аварга төрнө", "Бүх нийтээрээ цаначин болц­гооё" гэх мэт спортсмен болох уриалгууд чухам үүнээс үүдэлтэй. Энэ нь бүгдийг тамирчин болгож медаль зүүж өгөх гэсэн биш бөгөөд тами­раар дамжуулж эрүүл бие бял­дар­тай болгох гэж л тэгсэн юм. Хүмүү­сийн хар амиа хичээсэн дон, амбиц дээр нь тулгуурлан уралдаж ноцол­дохыг нь дөгөөгөөд өгөхөөр бүг­дээрээ биш ч олон хүн заал хавиар эргэлдэмхий болоод бай­сан. Нэг хэсэг теннис тоглодоггүй хүн бараг үгүй болж шат дамжлага, дов до­шиндоо нэгнийхээ дээр гарахын тулд гэрийн бараа харахгүй "бэлт­гэлд" явдаг байлаа. Ингэж нийтийг нийтийн биеийн тамир руу уруу татаж зорилгоо биелүүлдэг бай­­­лаа. Зарим нь бүр дүрдээ итгээд шалихгүй хэвтэж аль нэг спортод сэтгэл зүрхээ зориулан тэнэгтдэг байсан нь мон­гол хүн ерөнхийдөө их бие сайтайнх л даа.

Манайханд зүгээр биеийн тами­рын дасгал заагаад өгөхөд мөрөө­рөө гимнастик хийгээд зогс­доггүй. Жирийн ажил­чин залуу зааланд орж ирээд самбо жүдо бөхийн дүрмийг асууж асууж байс­наа тэм­цээ­ний шүүгч дээр очоод нэрээ бичүүлчихнэ. Бок­сын сек­цэнд орогсод бус­дыг дээрэлхэх гэж л элс­дэг. Тэмцээн дээр барах­гүй бол гудманд алдар гавьяаны тал­бар нь бэлэн байх жишээтэй. Тэ­гээд хэдхэн жилийн дараа нэг дурсамжаа мянга давтан ярьдаг, хугархай хамар, чихтэй нөхдүүд бий болд­гийг биеийн тамир, спорт гээд байгаа юм. Бусдаас бие бял­дрын хувьд илүү гарсан нь гэвэл арай удаан согтдогоо л гай­хуул­­на. Орос Монгол хоёрт багадаа спор­тоор хичээллэсэн ихэнх хүн дараа нь архичин бол­чих­дог. Уг нь анх­наасаа тамирчин болох гэж далд­ганалгүй дасгал хөдөл­гөөн хий­гээд л биеэ эрүүл­жүүлэх ёстой бай­сан байхгүй юу.

Даанч манай­хан тэгж тэвчдэг­гүй. 500 бөх барил­дахад нэг нь түрүүлж, бусад нь хэн ч биш "жертив" болдгийг мэдсээр байж алдар нэрийн төлөө хайран сай­хан биеэ гаргуунд нь хаядаг. Хүнийг байтугай өөрийгөө үл хайр­лах ёрын хүмүүжил суулгадаг спорт дээр тулгуурласан биеийн тамир нь нийгэмд чухам ямар ач холбог­долтойг, ямар үр дүн авчирдгийг судалж үзмээр байгаа юм.

Орчин цагийн монголчууд су­мын төвд, сумаас аймаг, нийслэлд шилжин ирж ихэнх нь суурин, хамтын амьдралаар амьдрах бол­лоо. Ажил гэр, үзэл бодол гээд янз бүрийн хамт олонд харьяалагдаж, улам нийгэмшиж, ганцаараа амьд­ралын бүх ачааг үүрч явахаа боль­сон. Ганцаараа биш олуулаа нийлж амжилтад хүрэх тийм сур­галт, загварыг нийгэм шаарддаг. Түүнийг багаараа тоглодог спор­тын төрлүүдээс хангадаггүй юм гэхэд харж болохоор байгаа юм. Сагс тоглож байгаад  эмэгтэй жаалд бөмбөг өгчихөөр хэнд ч дамжуу­лахгүй тас тэврээд суучихдаг. Эндээс бидний унаган араншин яг харагддаг. Мань эр ганцаараа  л бүх асуудлыг шийдчих гээд байна шүү дээ. Мянган он дамжсан нүү­дэлчин генд бусадтай хамтрах тухай санамж огт байдаггүй нь эндээс хүртэл харагддаг. Бид иймэрхүү хачин аашнаасаа сала­хын тулд тоглож сурахаас эхлэх болох нь.

Спорт тоглоом гэгддэг хөл, гар бөмбөгнүүд манайд бусад спорттой хамт орж ирж чамгүй хөгжсөн. Хүмүүсийг ч хамт олонч болгоход зохих үүргээ гүйцэтгэсэн. Сүүлийн хэдэн жил зогсонги байснаа да­хиад сэргэх маягтай болж байна. Гэхдээ зах зээлийн өнөө үед уг спорт нь байгаа мөртлөө манайхан буюу манай хамт олон гээч юм байхгүй болчихсон. Үзэгчгүй ба­лиа­шиггүй том том тэмцээн бо­лоод л байна. Монголчлогдсон спорт тоглоомуудын одоогийн онцлог гэвэл бусдаас тасарсан хэдхэн мэргэжлийн тамирчин нэг­нийгээ баясган зааланд хөлсөө гаргах бөгөөд тэдний ертөнцийг сонирх­дог фен, балиашиггүй. Ху­вийн хэвшлийнхэн тоглож суух завгүй бол улсын байгууллага нь тогтвор суурьшилгүй. Арван жил ч нэг дор ажиллаж амьдраагүй аж­лын газар, дүүрэг хорооныхон хэнийгээ дэм­жих гэж сагсны тэм­цээн үзэх вэ дээ. Нийтийн биеийн тамир энд ирээд зогсож байна. Цаашид төрд ажил­лагсад сонгууль болгоны дараа бүрэлдэхүүнээрээ гудамд хөөгдө­хөө больж, хувийн хэвшлийнхэн ажилчдаа харж үзэх хэмжээний татвараас чөлөөлөгд­дөг болоод ирвэл томоохон суурин газарт дорхоноо өөрийн гэсэн хамтлагууд үүснэ. Хороо дүүрэг хийсвэр бай­хаа больж дотогшоо үндэслэн суурьшина. Хамтач амьд­ралын, сайхан аж төрөхийн эхний түүчээ нь манай хорооны хөлбөмбөгийн баг байх болно. Чухам бид тэрний­гээ харж шоолж, бая­саж, санаа тавьж суудаг ажилтай болно. Ямар бөх барилдах гэж байгаа биш заримдаа өөрөө дотор нь ороод гүйсэн ч болно. Хамт­лагуудын шигшээд багтахгүй ч маньд тохир­сон эхний шат дамж­лага байж л таараа. Ийм замаар нийтийн биеийн тамирыг хөгжүүлж далимд нь жалга сэтгэлгээтэй ард түмнээ "хамтралжуулах" төрийн сайн бод­лого яваа болов уу гэж тааж байна.

Гэтэл өнөөдөр биеийн тамир спортыг  төр өөрийгөө сурталчлах хэрэгсэл болгон,  тэнд ажил хийдэг 100 гаран мянган хүнд л хамаатай хэрэг болгон өмчлөөд авчихсан.

Гаднаас нь харахад спортын үйлсэд багагүй мөнгө зарлагадаж байгаа мэт  боловч тэрийг нь зөвхөн  төрийн торгон цэргүүд л хувааж иддэг эрхтэй. Дэргэдээ шигшээ баг байгуулчихсан мэрэгжлийн тамир­чинтай, тэрнийгээ цалинжуулдаг, хувцасладаг, байр авч өгдөг, өндөр цол хэргэм олгодог цэргийн, цаг­даагийн, шүүхийн, хорих ангиудын, улсын мэдлийн уул уурхайн бүхэл бүтэн спорт клубүүд бий болчих­лоо. Бүр тагнуулчдын яруу алдрыг  сурталчлах зориулалттай спортын лүнжгэр том байгууллага хүртэл бий болж мөнгөө барж ядаж байна. Тамирчид нь ийм олон байгаа юм чинь цаана нь тагнуулчид нь бүр их байх гэж бодохоос аймаар. Одоо сайн барилдаж байгаа үндэс­ний бөхчүүдийн ихэнхийг  цагдаа­гийн үндсэн ажилтан гэж дахин дахин зарлах юм. Тэгэхэд жирийн иргэдтэй тулж ажиллах аймаг, дүүргийн спорт хороо гээд нэг ядарсан байгууллага тэмцээнд өгөх баярын бичигний ч зардалгүй цагаа бүртгүүлж өдөр өнгөрөөдөг. Албан ёсны бөгөөд мэргэжлийн биеийн тамирын ганц байгууллага нь тэр дүүрэг хороон дээрээ байж, цэрэг цагдаад олдоод байгаа төс­вийг нь хурааж төвлөрүүлбэл сая нийтийн биеийн тамир хөгжиж, бид ч гимнастик хийх боломжоор хан­гагдана.

Эрдэнэтийн уурхайд спортын заал танхим бол маш хэрэгтэй. Гэхдээ тэнд зөвхөн хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа уурхайч­дад л зориулагдах ёстой.  Эрдэнэ­тийн уурхайн үндсэн ажил нь зэс олборлох болохоос олимп дэлхийн аварга төрүүлэх тухай биш байл­тай. Хөөрхий халуунд халж хүйтэнд хөрч яваа замын цагдаа нарын чөлөө завандаа дасгал сургууль хийх байрыг нь булааж, төсвийг хуу хамаад хэдэн бөхчүүдэд өгчихөж байгаа юм. Тэрнээс биш эргүүлийн цагдаа ноцолдсоор байгаад улсын заан начин болсон тохиолдол байдаггүй. Шоронгийн хуяг гэдэг аюултай ажлыг насаараа хийгээд таван ханатай гэр ч авч чадахгүй байхад "Сүлд" билүү нэртэй спорт хороонд данстай бацаан тэнгэрээс бууж ирээд арай гэж хуваари­лагдаж ирдэг ганц нэг орон суу­цаар нь шагнуулаад зогсохгүй "сарааз моёор" болцгоох нь дэндүү гомд­моор.  Ер нь улсын байгууллагууд хувийн пүүс компани шиг өөрс­дийгөө бөх тэхээр сурталчилдаг нь ямар учиртай юм бол. Түүгээр нь ажлыг нь дүгнэдэг юм уу?

Батлан хамгаалах яам энхийг сахиулагч цэргээрээ Монголдоо төдийгүй дэлхийд гайхагдаж бай­хад хажуугаар нь бас нэг тамирчин гаднаас чирч ирж тэжээх ямар шаардлага байна. Гадаадын нэ­лээд орны спортын байгууллага нь цэрэг цагдаагийн яамны харьяанд явдаг тал бий. Шаардлагатай үед ашиглах зориулалт байдаг л байх. Монголын хувьд спортын байгуул­лага нь иргэний зориулалттай байх олон нөхцөл учир бийг дээр цухас тайлбарлалаа. Эдгээр цэрэгжсэн байгууллагууд нийгмийн баялаг үйлдвэрлэж өөрсдөө мөнгө босго­дог юм шиг бидний татварын мөн­гийг өөр зориулалтад ашиглахыг яагаад зөвшөөрөөд байна. Цагдааг цагдаагаа хий гэж бид татвар төлсөн болохоос ажлаа хаяад барилдаж тогло гээгүй. Тэгэхээр энэ нь аягүй буруу тогтолцоо юм.   Энэ тогтолцооноос болоод биеийн тамирын мэргэжлийн байгуулла­гууд дампуурч, түүний үйлчлэх ёстой гудамж хорооныхон нь  хү­ний халаас ухах, муушиг тогло­хоос өөр "занимаалдах" юм алга. Тэгэ­хэд Бразилийн ядуу хот тосгон хүртэл бүгд хөлбөмбөгийн секц хичээллүүлж борчуулыг буруу зурш­­­лаас аврах төсөвтэй. Хөлбөм­бөгийн тэр жижиг багууд олонлог болон нэгдсээр энэ том орон зөвхөн хөлбөмбөгнөөсөө хамаарч  нягт цул болон найрамдацгаадаг. Эсэн бусын юм холилдсон энэ том гүрэн ердөө  хөлбөмбөгийн багаа­саа болоод биднээс илүү эх орон­доо хайртай болсныг мэдэхэд илүү­дэхгүй.  Нийтийн биеийн тами­рын нийгмийн ач холбогдол нь энд л байгаа юм. Түүнээс энэ ажлын хүрээнд тохиолдлын шоу тэмцээн хийж тууз хайчлан сонгуулийн сурталчилгаа хийгээд өнгөрөх юм бол явдлын гарз. Ерөнхий сайд ба С.Ламбаа сайдын дэргэд энэ бүг­дийг яг үнэнээр нь хэлж зөвлөөд өгдөг хүн  байдаг болоосой.   

Гуравдугаар сарын дун­дуур Филиппин улсын хөлбөм­бөгчид манайд ирж тоглож бид алдсан даагаа нэхэх гэж байна. Энэ тог­лолт нь нийтийн биеийн тамир ба хамт олноороо нааддаг спортын Монгол дахь хамгийн том үйл яв­дал болох гэж байна. Бидэн­дээ дэлхийн аварга. Бид дэлхийн авар­гын тэмцээнийг сонирхоод энийг голж болохгүй. Хамгийн сайхан наадам сумын наадам болохоос улсын наадам биш. Муу ч байг өөрийнхөө багийг очиж дэмжиж урам өгцгөөнө биз ээ. Дараа нь энд тэндгүй хөлбөмбөг тоглоцгооё. Дулаан цаг ирж байна. Цөмөөрөө найзууд болцгооё. Дүү­рэг дүүр­гээрээ баг гарган тэрнийгээ балиа­шиглан нэн аз жаргалтай санаа амар байх нь санааных л юм даа.