Монголын хүн амын талаас илүү нь Улаан­баа­тараас гадна аж төрж байгаа. Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржийн тэнд бай­­гаа иргэддээ хүрч амьд­­рал ахуйтай нь та­нилцах, бо­дит мэдээлэл­тэй болох зэрэг олон талт ээлжит томилолт нь үнд­сэндээ өндөрлөж байна. Одоо Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ ба го­вийн ганц нэг газраар л орох үлдсэн болов уу.

Манайхан хөдөө орон нутаг, хөдөөний хүмүү­сийн амьдрал гэж ярьж, бичдэг. Одоо энэ нэр томъёо тийм ч оновчтой биш болсон санаг­дана. Алба амины бүх байгуул­ла­га хотод төв­тэй, хотоос хамааралтай, хөдөөний­хөн хотоор пиг дүүрсэн, ааруул ээзгий хотын лан­гуун дээр элбэг харин чихэр жимс энд биш тэнд олдоцтой гэх зэргээр хот хөдөө хоёр сүүтэй цай шиг сүлэлд­жээ.

Бидний ихэнх нь хуу­чин сэтгэ­хүйгээрээ ямар нэгэн хөдөө олж харах гэсэн ганцхан "нүд"-тэй. Гэтэл бодит амьдрал дээр зарим суурин газраас хот илүү харагдаад зогсох­гүй хотын утаа үнэртдэг бол­сон байвал яахав.

Төрийн тэргүүн  энэ удаа Бул­ган, Хөвсгөл хоёрт ажиллалаа. Бусад аймгуу­дад очсон, уулз­сан, юу ярьсан, хаагуур орох тухай хөтөл­бөрүүд мэдээж энэ хоёр аймагт өөрчлөг­дөөгүй.  Ерөнхий­лөгч иргэ­дэд дуулгах гол санаагаа очсон газар бүртээ өмнөхтэйгээ адил­хан хэлж ярьж байв. Ха­рин уулзалтад оролцож байгаа иргэдийн асуух асуулт нь цаанаас бэл­дээд өгчих­сөн мэт аймаг бүрт давтаг­дах нь дэндүү даяарчлалтай. Гэхдээ ард­­чилалтай. Одоо хотод дүүргүүдээр орж гарахад мөн л хэн нэгэн босч ирээд "Дөрвөн хүүхэд өсгөсөн эцэг одон авч болох уу?" гэж асуух ба хүмүүс нирхийтэл инээнэ гэдэгт мөрийц­сөн ч бэлэн байна. Хүмүүс нэг л юман дээр нам үзэл бодол гэл­гүйгээр ам нийлж санал төвлөрч байсан нь анхаарал татаж байв. Тэр нь "сүүтэй" Ерөн­хийлөгч бол­сон тухай. Урьд өмнө архи уух дэмийг хүн болгон л ярьдаг байсан даа. Гэтэл Ц.Элбэгдорж Ерөн­хийлөгч яг эгзгийг нь тааруулж байгаад хундаганд архи биш ста­канд сүү хийгээд өргөн барь­сан нь нийт ард түмний сэтгэхүйд маш хүчтэй нөлөөл­жээ. Өнгөрдөг ёолкноор ёстой уусан архийг нь  толгой­ноос шууд гартал нь нэгийг бо­дуулж чадаж шүү.

"Азийн чоно" гэдэг архинд хүмүүс олноороо хордон үхэж байгаагаар шинэ оны баяр эхэлдэг байлаа шүү дээ. Энхбаяр, Баярын үед.

Одоо тэгвэл "сүүтэй" даргаа дуу­райх­гүй бол болохгүй нь. Архи­далт биш архигүйтэл улам хавт­гайрч аймгийн дарга, сумын дарга, бүр багийн дарга хундгаа нууж, хуланд сүү хийгээд босч ирдэг болсон байна. Авгай хүүхдүүд ямар их баярлаа вэ. Цуг­лаанд ирэгсдийг ажиглаж байхад санаа дагаад ч тэр үү, хүмүүс нийтээрээ  нэг л тийм эрүүл саруул зүйл ярьдаг болчих­сон ч байх шиг.          

Ерөнхийлөгч энэ удаагийн то­ми­лол­тоороо Булганд Шүүхийн байгуул­лага, мэргэжил олгох сур­гууль [ТМС], иргэдийн хуримт­лалын бүлэг гэх сайн дурын бай­гууллага, Хутаг-Өндөр сумаар саатаж, иргэдтэй уулзалт хийлээ.

Тэрээр шүүгч нарт захихдаа "Хохирсон иргэдийн хохирлыг бараг­дуулахад шударга хан­даа­рай" хэмээн онцолж байв. Шүү­хийнхэн ч нээлттэй болох гэж чармайн вэб сайттай болсон нь тэдний хувьд хэрээс хэтэрсэн том алхам бололтой. Хүмүүс хэрэгт дур­лан нөгөө сайт руу нь орж сая ямар хэргийг яаж шийтгэж вэ гэж мянга мянгаараа сонирхон үзжээ. Одоо ямар ч байсан шүүх буруу шүүсэн гэх гомдол арай татарч оронд нь хууль нь буруу байна гэдгийг мэдэрдэг болсон байна. Энэ дашрамд сонирхуулахад цаа­заар авах нь зөв буруу гэх мэт­гэлцээн очсон газар бүрт л өрнөнө. Мэдээллээр шуугидаг улаан цайм хийсэн жигшүүрт аллагыг сонс­сон олон хүн тийм яргачинг яагаад өршөөх гээд байна гэж бодох нь аргагүй юм л даа. Тэдгээр яргачны хувьд амархан үхүүлэлгүй тарч­лаахад буюу бүх насаар нь хори­ход их зардал орохгүй. Тэр гяндан гэдэгт нь арван хэдэн жилээс илүү тэсдэг ч үгүй юм гэсэн. Яагаад цаазыг халах гээд буйн цаад санаа нь бол өөр янз бүрийн нууцлаг аллагуудын цаад эздийг олох зорилготой аж. Ялангуяа мэдлэг боловсрол дорой татлаа түлхээгүй нэгэн анх малын хулгайгаар дотор орж суугаад дарамтанд орон хүн алсан хэрэг үүрээд цаазлуулсан тохиолдол шоронгийн ертөнцөд түгээмэл гэнэ шүү. Нэгэнт үхсэн хүн гомдол нэхэх­гүй. Тэр хэрэг тэгээд л хаагдана. Тэгэхээр жинхэнэ хүний алуурчин, хилс хэрэгтэн ялгаагүй бүгдийг тэр айхтар саванд амьдаар нь хадгалаад байж байтал аажуу уужуудаа юм өөрөөр эргэж магад­гүй. Шүүгч ч алдаа гаргаж, эсхүл авлига авсан нь бариг­дах ч юм билүү. Хэн нэгнийг хөнөөх болтлоо балмад алхам хийсний учир юу байж вэ? гэх мэтээр төр өөрөө иргэнээ уулгамчлан буудахгүй байгаа бодлого нь их нарийн учиртай аж.

Хуримтлалын бүлэг гээд хөгш­чүүл голдуу хүмүүс гудамжаараа нийлэн сууцгаадаг, найзалдаг "моод" дэлгэрс­нийг Ерөнхийлөгч их олзуурхаж байна. Бүр өөрөө гүйж очин тэр хуримтлалын бүлгээр нь орж гарах юм. Айлууд гудмаараа нийлэн мөнгөний хамгийн бага нэгжээр хуримтлал үүсгэн хам­гийн өчүүхэн нийтээрээ шийдвэл зохих асуудлыг шийдэж "тоглоцгоодог". Ганц зуун төгрөг цуглуулж байгаад олон жил овоорсон хогноосоо салчихаар хэн бүхэнд урам орж "нэгдлийн давуу талыг ойлгоно". Энэ мэтээр улам өргөжөөд зарим газар бүр гудмандаа хар зам хүр­тэл тавьчихсан юм билээ. Нийгмийн талаасаа гэхэд нэгнийхээ  ажилд явсан хойгуур нь гэрийг нь хүүхдийг нь алсаас харуулдан гэмт хэрэг хулгай зэлгийнээс сэргийлчихэж байгаа юм. Иргэд өөрсдийн дун­даас үүссэн ийм сайн дурын засаг­лал төрөөс илүү бодитой, үр өгөөж­тэй байгааг анзаарчээ.

Мөн захиргаан дээр "Иргэний танхим" байгуулагдаж байна. Ма­най дунд насныхан сайн санаж байгаа байх. Хуучин цагт тав дахь өдөр болгон "лекцтэй" гэдэг бай­сансан. Социализ­мийн лекцийн цаг бол уйтгартай л даа. Тэрэн л хүү л маягийн арга хэмжээ юм. Зах зээлд лекцийг орчуулбал "Иргэний танхим" гэж болно. Дарга цэрэггүй, эсвэл дарга наргүй ч хамаа­гүй цуглаж байгаад юу ч хамаагүй ярьж эхэлцгээнэ. Яваандаа хамаатай надад хамгийн хамаатай асуудлыг ярьдаг болно. Төсвийн багц ху­ваагд­саар яваад манай суманд манай энэ хавьд нэг байшин барих хөрөнгийн мэдэл хүрээд ирчихэж. Засаг дарга тэр хөрөнгийг одоо хэнээр яаж хийлгэх гэж байна. Асуудлыг ярьсаар байгаад шийдэж болно. Тэмцэл хийж цуглаан зо­хион байгуулж болно. Ер нь яаж ч болно. Гол нь зөв үр дүнд хүрэх, дараа нь хэрэлдсэн ч хэлэх үгтэй болцгоох нь чухал байдаг. Дарга ч гэсэн сүүлд нь "Би та нарыг дуудаж энэ тухай хэлээ биз дээ" гээд л олны хилэнг нам дарах сайн тал­тай. Иргэний танхимаар ихэнх асуудлаа оруулаад ариутгаад авч хэвшсэн эрх баригч бол сон­гуу­лиас, АТГ-аас, жагсаал цуглаанаас айгаад байх явдалгүй. Иргэн өөрөө орон нутагтаа идэвхтэй оролцоод хэвшвэл төр ч шударга болж үл ойлголцлууд тайлагдана. Иргэний танхим долоо хоног тутам лекцин­дээ суудаг байсан шиг хэвшчих юм бол янз бүрийн жагсаал цуглаан хийдэг, эсвэл байгаль хамгаалах гэх зэрэг олон нийтийн хөдөлгөөн байгуулж бизнес хийдэг үнэн худал нь мэдэг­дэхгүй гаруу­дыг дагаж үймрэ­хээ больчих юм билээ.    

Булганыханд ерөнхий нэг онц­лог байна. Тэр нь Хөвсгөлд очиход сая санагдсан юм. Хөвсгөлийн дархад, хотгойдууд, Булганы төв халхууд хоёрын хооронд зан чана­рын ялгаа харагдаад байх юм. Булган хавиар нутаглагсад нэг л тийм тайван амгалан, "Уг нь энэ аймгийн дарга Оюунбат их идэж уусан нөхөр дөө. За яршиг цаа­шаа", "Заримдаа ч хэцүүхэн л байх юм. Гэхдээ сайхан байна аа сайхан байна. Үгүй ээ Ерөнхийлөгчөө манай дуучин Очирбат гуайг та нэг гавьяат руу...Өө бас Банзрагч эмч гээд нэг ная гарсан хөгшин яваад л байх юм зайлуул.." гэх яриа их зонхилж байв. Яг тэгж сайхан ярьдаг санадаг шигээ амны бэлгээр сайн явж, анхдагчид төрдөг байх. Лав тэр яригдаад байгаа хүмүүс нь энгэ­рээ цоолж магадгүй шинжтэй болчих­лоо. Харин нэг зуйрган маягийн хэллэг гарчихсан байна лээ. Ерөн­хийлөгчийг "Эцэг болсон тандаа" гэх буюу "Эцэг­тээ хэлж сая нэг санаа амарлаа" ч гэх шиг. Нөгөө "Үндэсний их удирдагч" гэж байгаад эвдээд авчихдаг шиг юм болох вий дээ. Нэг мэдсэн мань мэтийг "Эцэг ээ" гэж бичиж байхгүй бол уурлаад байдаг болчихвол яана аа.

Ерөнхийлөгчийн баг дараа нь Хөвсгөл аймагт орж ирлээ. Хэдий­вээр өвөл дуусаагүй ч үзэсгэлэн төгөлдөр нутаг нь цаанаа нэг анзаарагдана. Хөвсгөл аймгийн танилцуулга байна. Түүн дээр манай нутгийн дөчин хувь нь ой мод, дөрвөн хувь нь цэв цэвэрхэн тунгалаг далай, 400 гол, 3000 нуур, гурван сая малтай... гэжээ. Ийм ус гол хөвч хангай болсон дагшин газар Монголд байтугай гадаадад ч ховор доо. Тэгээд хөрсөн дор нь алт зэс фосфорит өөр юу ч юм эрдэнэс баялаг нуль гэж байгаа. Ямар их хувь заяа­гаар эзэн нь болж төрвөө гэж чухам энд л дуулах ёстой байх.

Ерөнхийлөгч нөгөө ордог газ­руу­даараа ороод дээр нь нэмээд нэг хүүхдийн цэцэрлэгт очсон. Тэгээд соёлын ордонд "хөдөл­мөрчидтэй" хийх уулзалтаа эхлүүл­лээ. Хүмүүс пиг дүүрэн. Энэ пиг дүүрэн хөдөлмөрчид гэдэг бас харьцангуй ойлголт болоод байна. Саяхан ерээд оны үед "көлөөв"-т хүн бараг ирэхээ больчихсон бай­сан юм. Кино гарахаар арваад хүн, сонгуулийн сурталчилгаанд тал нь дүүрдэг, соёлын төвийнхөн сүүл­дээ сандлаа цөөлөөд хаалгаа барьчихдаг байлаа. Одоо хүмүүс сумын төв рүүгээ ороод ирчихсэн, аймаг руугаа ороод ирчихсэн, зав ихтэй, ажил багатай болоод ирэх­лээр хаа нэг цуглардаг байр сав нь хаанаа ч хүрэхээ байчихаж. Тэгээд бид ерэн онтой жишээд лаг олон хүн цугларч гээд байгаа болохоос социализмын үетэй харьцуулбал цаана нь ирж суух ёстой олон нөхдийг нэмж авчрах шаард­лага­тай байгаа юм.

Хэнтийд болсон уулзалт их халуун ширүүн болсон гэсэн. Хөвс­гөлчүүд ч Ерөнхийлөгчийг үгээ хэлж дуусангуут цуварч оочирлож байгаад ёстой авч өглөө. "Таны хажууд сууж байгаа наад аймгийн хоёр дарга чинь ардчил­лынхныг үзэл бодлоор нь хавчиж ажлаас нь хөөлөө. Цэрэнжав дарга өөртөө архины үйлдвэртэй. Архи­далтын эсрэг тэмцлээ наад нөхрөөсөө эхлүүлээч" "Намайг сургуулийн захир­лаас халсан. Шүүхийн шийд­вэр гарч эргээд ажилдаа орсон. Энэ мэтээр арван удаагийн шүү­хийн шийдвэр миний талд гарч гурван удаа ажилдаа эргээд орсон. Тэгэхэд одоо бас л халчихлаа. Энэ арай дэндэж байгаа юм биш үү" "Иргэний танхим байгууллаа гэхээр нь яваад очтол чамаас Ардчил­сан нам харагдаад байна. Чи зайл гээд намайг оруулахгүй байна" гэж барин тавин баримт нотолгоотой дэлгэж орхив. Яасан ч өөдгүй шаарнууд яаж яваад аймгийг гар­таа авчихдаг юм. Ганц Хөвсгөлд ч биш, олон аймаг суманд удирд­лагууд нь гээд турж үхэх гэж байгаа амьтан шиг төсөв төсөл хоёр луу шумбчихсан, сэртийсэн сэрвийсэн болгоныг өөртөө өөрийн хамаа­тандаа хамдаг нөхдүүд байна аа. Өөр шударга аргаар олон хүн хөлжиж чадаж байна. Тэгж чадах­гүй хэсэг нь ингэдэг юм болов уу. Нэг ч мөнгө идэхгүй харин ч өөрөө олсон хэдийгээ олон түмэндээ цацах чадалтай, орон нутаг удир­дахыг зөвхөн нэр төрийн хэрэг гэж үзэх гэгээлэг хүмүүс гадуур зөндөө бий болчихсон цаг шүү дээ. Аль ч намд тийм хүмүүс тааралддаг.

Хурц дайчин шүүмжлэлүүд цааш хөвөрсөөр хажуудах нэг­нийгээ хайр найргүй авч өгөх юм. Хатгалд гэхэд л нэг нөхөр тэр олон телевиз сонины өмнө цуг амьдарч байгаа нэгнийгээ далан булчир­хайг нь тоочиж эрүү үүсгэхээр булайг нь дэлгэж орхив. Дараа нь Ерөнхийлөгч болоод төвийн­хөн буцаад явчихлаар тэр хонхортоо яаж учраа ололцдог бол. Адаглаад цагаан сараар хоорондоо золго­дог баймаар. Судлаад үзэхлээр бараг садан төрлүүд мөртлөө гад­ны хүн харж хөөрөөд нэгнийгээ ольж орхих юм. Тиймэрхүү шүүмж­лэлүүд хэмжээ дооз нь хэтрэхээр Булганыхны тактик зөв ч юм уу гэж эргэцүүлэхэд хүргэсэн юм.

Хөвсгөл ардчиллын өлгий ну­таг, цогт тэмцэгч Чингүнжавын үр сад хэмээн очсон хүн болгон хөөр­гөсөөр байгаад бүр хүнийг нь байлгасан ч байж мэднэ. Одоо тэгээд юм л болбол тэмцэл хийж асуудал шийдэх гэсэн баахан уухилсан улс. Гүндалайгаа хүртэл олигтой  улс төржихгүй тэмцэх­гүй чи яах гээд байгаа юм гэж шордоод л. Нөгөөх нь "Жаахан хүлээ л дээ. Удахгүй сонгууль дөхөхөөр уйдах­гүй улс төржүүлэмз" гэх юм. Дундад зууны феодалууд л ингэж мөнхийн дайсан хайж өөртөө цуглуулж алалдаж явсан байх. Одоо тэр жагсаал цуглаан хэрүүлээ өөрчилж үнэхээр орон нутгийнхаа төлөө санаа зовж байгаа юм бол "Иргэний танхим" гэдгээ байгуулаад л үзэж тарвал таарна.

Ерөнхийлөгчийн хамт УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир, Ө.Энх­түв­шин, Л.Гүндалай, Т.Ба­дам­жунай сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, зөвлөх Л.Эрхэмбаяр, замын дарга Б.Энхтөр нар болон бусад албаны нөхөд "Өд­рийн сонин", МҮОНТ, МҮОНР, "Үндэс­ний Шуудан", ТВ-5 зэрэг хэвлэл мэдээл­лийн сэтгүүлч сурвалжлагч нар дагал­дан явлаа.