Монголчуудын оюун санааны амьдралд нэгэн цоо шинэ хуудас удахгүй нээгдэх гэж байна. Энэ бол монгол хэлээр хэвлэгдэн гарах “Британника” нэвтэрхий толь юм.  НЭПКО хэвлэлийн газрын ажилтан, Британника нэвтэрхий толийн монгол хэвлэлийн ерөнхий эрхлэгч Г.Цогттой  дээрх сэдвээр ярилцлаа. Манай шинэ үеийн залуу сэхээтний нэг Гомбосүрэнгийн Цогт бээр техникийн ухаанаар дээд боловсрол эзэмшээд гадаад харилцаа, хууль эрх зүйн шинэтгэлийн салбарт ажилласан байна. Улмаар орчин цагийн дэлхийн жишиг толь бичиг бүтээх ажилд зүтгэж ирсэн түүний нэрийг “Оксфордын англи –монгол” болон “Коллинзийн англи- монгол” толиудын автор дотроос харж болно.

-Британника нэвтэрхий толь монголоор гарна гэдгийг түүнийг эх хэлээрээ орчуулаад хэвлэнэ гэдгээс арай өргөн агуулгаар ойлгож болох уу?  

-Энэ бол дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том, хамгийн алдартай нэвтэрхий толь монгол хэлээр хэвлэгдэн гарах төдий зүйл биш. Хамгийн гол нь Монгол улсын түүх, соёл, байгалийн гайхамшиг, нийгэм- улс төрийн амьдралд хамаарах 4000 гаруй нэр томьёог Британникад шинээр нэмж оруулах юм. Британникагийн үндсэн нэрийн цэсээс 25000 орчим нь орно. Ниитдээ 29000 орчим нэр томьёо багтсан нэвтэрхий толь болох юм аа. Ингэхээр нэг талаасаа алдарт Британникагийн орчуулга, нөгөө талаасаа монголын Британника  юм.

-Манайд янз бүрийн нэвтэрхий толь бишгүй гарч байгаа. Энэ бүгдийн дундуур Британникаг заавал орчуулах , баяжуулах хэрэг юу байв аа. Ингэхэд монгол үндэсний нэвтэрхий толийн цоо шинэ нэр брэнд бодож олсон бол илүү нэр төртэй, ашигтай байх биш үү?

-Ардчилсан ертөнцөд хэн ч хүссэн зүйлээ, тэрний дотор янз бүрийн толь хийх эрхтэй. Харин хүлээн зөвшөөрөгдсөн толь, нэвтэрхий толь бүтээх амаргүй. Хэр хэмжээгээрээ сайн хийх,  боломжоороо сайхан хэвлэх хоёр багадана.Хүлээн зөвшөөрөгдөхөд цаг хугацаа, мэнэжмэнтээс эхлээд олон хүчин зүйл нөлөөлнө. Дээр нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн аваргуудтай ана мана үзэж байр сууриа олохоос эхлээд. Үлгэрлэвээс монгол хүн бүр найран дээр ая барьж чадна, харин тайзан дээр цөөхөн нь дуулж чадна гэдэг шиг. Айл болгон гэртээ хярам, үзэмний компоотоос эхлээд ундаа бэлтгэдэг боловч хүн бүрийн таалдаг кока ба пепси колаг зөвхөн тэр компанийн салбарууд л хийдэг шиг. Ард түмэнд брэнд хэрэгтэй байдаг. Энэ нь найрын дуу сонсох гэж театрт очдоггүйтэй адил. Энэ нь хүмүүс дэлгүүрээс захын айлд чанасан хярам, дарсан компоот  бус пепси, кока авдагтай агаар нэг зүйл. Ингээд манай “НЭПКО паблишинг” хэвлэлийн газар монголчууддаа дэлхийн жишигт нийцсэн, брэнд болсон нэвтэрхий толь бүтээн барих хамгийн зөв зам бол Британникагийн эрхийг авч монгол хувилбараар гаргах явдал гэж үзсэн.

Британника монголоор хэвлэгдэн гарснаар нэг талаас манай нэвтэрхий толийн салбарт дэлхийн стандарт орж ирж байгаа, нөгөө талаасаа монголын толь бичиг дэлхийн стандартад хүрч байгаа юм аа.

-Британника гэхээр л Их Британи гэдэг нэр санаанд буугаад байна.

-Үнэхээр энэ толийг анх Шотландад гурван зууны тэртээ бүтээжээ. Харин зохиогчийн эрхийг америкчууд худалдан авснаас хойш Чикагод төвлөрч байна. Тэд Британника нэвтэрхий толиос гадна Комптоны нэвтэрхий толийн эрхийг бас эзэмшдэг.   Хомерийн Илиада, В.Шекспирийн эх зохиолоос эхлээд А.Эйнштэйн, И.Ньютоны бичмэлүүд хүртэлхи хүн төрөлхтний шилдэг туурвилуудыг багтаасан “Аугаа туурвилууд” хэмээх 60 ботиос эхлээд “Миний анхны Британника”, хүүхдийн, залуусын, оюутны гэх Британникууд, урлаг соёлын болоод шинжлэх ухааны нэвтэрхий толь гээд олон арван гайхамшигт номыг эндээс гаргадаг. Эдгээр бүх толиудыг бид бас монголдоо түгээж байгааг дашрамд дуулгая.

 

-Тэгвэл өөрийн нэр брэндийг ашиглуулж байгаагийн хувьд Британника толийн хэвлэлийн газар нэлээд чанд хяналт тавьж байгаа байх даа. Наад зах нь найз нөхдийнхөө нэрийг оруулаад байж таарахгүй дээ лав.

-Мэдээж Британникатай хамтран ажиллах, эрхийг авах гэдэг бол итгэл хүлээсэн, хариуцлагатай, бас нэр төртэй үйл хэрэг. Толийг монголоор хэвлэх эрхийг авахад 50000 доллар төлдөг, дээр нь хэвлэгдэн гарч байгаа хувь тутмаас хураамж өгөх ёстой. Энэ бол дэлхийн зах дээл дээр байдаг хэвийн харилцаа. Түүнчлэн шинээр орж байгаа бүх нэр томьёо ба түүний агуулгыг тэд хянаж зөвшөөрнө. Бид эндээс оруулж байгаа нэрт томьёогоо “ийм үндэслэлээр тольд орж байгаа” гэдгийг хангалттай үндэслэлтэй, үнэмшилтэй тайлбарлах үүрэгтэй. Ингэж байж л дэлхийд тэргүүлэх нэвтэрхий толийн стандартыг хамгаална шүү дээ.

-Толь одоо ямар шатандаа явж байна.

-Англиас орчуулах ажил үндсэндээ дуусаад хэл найруулгыг цэгцлэх ажилдаа орсон. Харин монгол нэр томьёоны цэсийг сүүлчийн байдлаар цэгцлэн тогтох ажил ид явж байна. Мэдээж хэрэг хамгийн түрүүн орж таарах түүхэн хүмүүс Чингис хаанаас эхлээд бичигдчихсэн байгаа. Оны сүүлээр бэлэн болж дуусна.

-Толинд ямар хүмүүс оролцож байгаа вэ?

-Британника толийг бүтээхэд оролцоно, тэнд нэрээ байлгана гэдэг бол үнэхээр завшаан, нэр төрийн хэрэг. Манай нэрд гарсан орчуулагч, сэтгүүлч, зохиолчдоос гадна шинжлэх ухааны салбарын олон арван зүтгэлтэн оролцож байгаа. Британникагийн  Монгол нэвтэрхий толийн хэвлэн нийтлэгчийн буланд тун олон зохиогчийн нэр бичигдэх болно. Таны асуултын цаана “хэн нэгэн хүн өөрийн хүслээрээ энд оролцож болох уу” гэсэн давхар асуулт байх шиг байна. Би “болно” гэж хэлэхийн тулд л энэ ярилцлагыг өгч байгаа юм.

–Чухам олон түмний туслалцаа та бүхэнд хэрэг болоод байгаа юм байна гэж ойлголоо. Тэхээр мөнгө...

-Тусламж гэхээр мөнгө гээд ойлгочих ч болуу гэж бодсон юмаа. Мөнгө бишээ. Ард түмний оролцоо хэрэгтэй байна. Юуны өмнө дэлхийн брэнд “Британника нэвтэрхий толь” монголчуудын өмнө нээгдэж байгаа юм. Энэ толинд нэвтрэн орох, монгол хэвлэлээр нь дамжин улмаар англи хэвлэлээр нь дамжин өөрийн эх орны үүх түүх, соёл уламжлал, бахархлыг ертөнцөд таниулах их боломж нээгдэж байгаа хэрэг. Ийм учраас л  Британника хэвлэгдэн гарснаар монголчуудын оюун амьдралд шинэ хуудас нээгдэнэ гэж яриад байгаа. Энэ хуудас аль болохоор төгс сайн байх ёстой. Хэдийгээр энд манай шилдэг сэхээтнүүд, эрдэмтэд ажиллаж байгаа боловч  ард олны санааг яаж гүйцэх билээ. Иймээс манайхан Британникад зайлшгүй орно гэж боддог түүхт хүмүүс, газар ус, соёлын өвийн талаарх мэдээлэл, үндэслэлээ бидэнд ирүүлмээр байна. Британника нэгэнт бүтээгдэн гарснаас хойш олон арван жилээр түүнээс давсан толь гарах магадлал туйлын бага учир нэгэнт хийсэн дээрээ чанартай, аль болох өргөн хүрээг хамарсан, чухал зүйлсаа мартаагүй, орхиогүй байхыг бид чухалчилж байна. Нэмж хэлэхэд, манай ард түмэн энэ толийг аймаг байгууллагын ойгоор гардаг таниулга толь зэрэг зүйлстэй хавьтахын аргагүй ондоо төдийгүй, урьд өмнө монгол хэлээр гарсан нэвтэрхий толиудаас зарчмын хувьд өөр гэдгийг бодолцох ёстой.  

 Британникаар дамжуулан бид Монголын тухай шинэ, зөв, маргашгүй ойлголт баримтыг дэлхий ертөнцөд өгөх боломж нээгдэж байгааг дээр хэлсэн. Хуучин энэ толинд  Чингис хаан ба түүний удмын хаад гарцаагүй орсон байдаг. Их гүрнээс хойшхи үеийн Монголоос хэн энэ тольд орж вэ гэдэг бас сонин байх байх. Галдан бошогт, Алтан хан, эрдэмтэн Мянгат, эдийн засгийн шинэтгэгч То ван, Богд хаан Жавзандамба хутагт гээд л болж байна. Дэлгэрэнгүй 32 боть дээр нь Сүхбаатарын тухай цөөн мөр бий. ХХ зууны Монголын төрийг хамгийн олон жил удирдсан Ю.Цэдэнбалын нэр байдаггүй гээд боддоо.

-Таны ярианаас харахад “Британника”-гаас илүү толь бүтээх боломжгүй гэх шахуу өнгө цухалзаад байна.

 - Британника бол Британника. Энэ бол зуунаас зуун дамжин нэвтэрхий толийн ертөнцөд хаанчилсан , хүлээн зөвшөөрөгдсөн брэнд. Дашрамд хэлдэхэд дурын хүн мөнгө ба авъяасаа хүссэн зүйлдээ зарцуулж, хэвлэн нийтлэх эрхээ эдлэх нь  ардчилсан нийгэмд байдаг л зүйл шүү дээ.  Харин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэндийг ард түмэндээ барих  нь огт өөр үйл хэрэг юмаа.

-Та олон нийтийг өөртөө хандахыг уриалсан учраас тодорхой хаяг утас өгвөл дээр байх. Сонины газар луу хандасны дараа таны хаягийг өгснөөс энэ нь дээр биз дээ.

- Шуудангийн хаяг, утасаа өгье ээ. Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Голомт хотхон, С блок, 12 тоот, буюу Улаанбаатар 211213, Төв шуудан, шуудангийн хайрцаг 2327, Нэпко ХХК, утасны дугаар 310706.