\Судалгааны тойм\

Хамтарсан Засгийн газарт орсноор Ардчилсан намын нэр хүнд унасан, сөрөг хүчнийхээ байр суурин дээр бат зогсч чадсан бол ээлж нь ирэх байсан юм гэсэн ойлголт нийгэмд газар авсан байв. Онолчид,  ажиглагчид ч гэсэн ийм гэж ийн тааварлаж байв. Ардчилсан намынхан ч гэсэн айж байсан юм. Ардчилсан намынхан хаалттай гурван ч судалгаа хийлгэжээ. Уг судалгааны үр дүнг нэгтгэжээ. Товчхон дүгнэвэл намын рейтингээр Ардчилсан нам, Ардын намаас 1,6 хувиар илүү явна. Энэ хоёр нам дунджаар 27-32 хувьтай явна. Өмнөх сонгуулиудад нэг жил дутуу байхад хийсэн судалгааны дүнтэй харьцуулахад мөн л нэг иймэрхүү байдаг байсан. Бараг адилхан гэсэн үг юм. Өөрөөр тайлбарлавал хоёр намын систем рүү баттай явж байна гэж болох. Хачирхалтай гарсан нэг үзүүлэлт бол нэр дэвшигчдийн нам төлөөлөх нэр хүнд  унажээ. Одоогийн байдлаар намын нэр хүндийнхээ тавин хувьд хүрэх нэр хүндтэй хувь хүн хоёр намд цөөхөн байна. Нам төлөөлөх нэр хүндээрээ Ардын намынхан нь олон байна. Ардын намын томчуудын нэр хүнд илүүтэй. Хоёр намын нэр хүнд харьцангуй өндөр байхад топ 20 дотор хоёр намаас найман хүн багтаж, бусад 12 нь одоогоор гудамжинд улс төр хийж яваа хэвлэл, мэдээллийн баатрууд орж ирсэн байна. Эрхэм гишүүдийн нэр хүнд унаж гарсан мөртлөө одоогийн тойрог дээрээ нэр дэвшүүлэхээр ийм дөрвөн хүн илгээвэл хэнийг нь дэмжих бол гэсэн асуултад мөн л хуучин гишүүд голлон гарч ирж ажиглагчдын толгойг эргүүлж байна. Парламентын нэр хүнд 2О хувьтай байгаа бол Засгийн газрын нэр хүнд парламентын нэр хүндээс илүү, Ерөнхий сайдын нэр хүндээс салбарын сайдуудын нэр хүнд өндөр гарчээ. Сонгуульд оролцох хүчин зүйлсээр  эрэмблэбэл  улс төрийн намууд нэр дэвшигчдээсээ илүү нэр хүндтэй, салбарын сайдууд  Ерөнхий сайдаасаа илүү, Засгийн газрын тэргүүн, УИХ-ын даргаас хамаагүй илүү  гарч  ямар нэгэн дүн тавьж болохгүй байна.

Судалгаанд Засгийн газрын танхимын сайдуудыг тусад нь оруулжээ. Ардын намын Засгийн газарт урилгаар ажиллаж байгаа сайдуудын нэр хүнд өндөр байна. Өөрийн зүгээс нэмж тодруулбал  Ардын намын Засгийн газрын үндсэн сайдуудаас урилгаар ажиллаж байгаа Ардчилсан намын сайдуудад судалгаанд оролцогчид илүү дүн тавьжээ. Урилгын сайдууд дотроо Сангийн сайд нэр хүндээрээ тэргүүлж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд удаалжээ. Үндсэн сайдуудыг Гадаад харилцааны сайд тэргүүлж , Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд удаалсан байна. Ардын намын Засгийн газар уул уурхайд хийсэн дэвшлээ урдаа барьж сонгуульд орох гэж байгаа мөртлөө уул уурхайн бодлого барьж байгаа салбарынхаа сайдын нэр хүндийг удаа дараа шороотой хольсон нь Ардчилсан намд оноо Ардын намд алдаа болжээ. Судлаачдын баг бас МАХН, МАН хоёр  намын алийг нь дугуйлахыг танджээ. МАХН-ыг дугуйлсан нь нэг хувь хүрэхгүй байна. Харин МАХН-ын удирдагч Н.Энхбаяр өөрөө топ 20 улс төрчдөд багтсан байна. Бас МАН хагарах байтугай цуураагүй хэвээрээ байна гэж үзэж болох юм. Ардчилсан нам Засгийн газарт уригдан орж ажилласнаар нэр хүнд нь буураагүй, харин ч хожоотой наймаа хийгдсэн гэж үздэг талынхан дийлсэн гэдгээр бүхэлд нь тайлбарлаж болно. Монгол төрийг дөрвөн жилд нэг удаа шинэчилж бүрдүүлдэг сонгуулийн тогтолцоог маш товчоор өгүүлбэл 76 мажоритар, нэг пропорцианаль хэлбэрээр сонгууль явуулж бүрдүүлдэг. УИХ нь хүнээ голлож, газар нутгаа 76 хувааж мажоритар системээр, Ерөнхийлөгчийн сонгууль болохоор улсаа бүхэлд нь нэг тойрогт тооцож,  парламентад суудалтай намууд нэр дэвшүүлж пропорциональ хувилбараар сонгогдоно. Гурван ч судалгааны нэгдсэн дүнгээр УИХ-ын нэр хүнд бүхэлдээ унаж гарсан бол Ерөнхийлөгчийн нэр хүнд өнгөрсөн жилийнхээс 2,6 хувиар өсч гарсан байна.

Одоогоор  тэргүүлж яваа Ардчилсан намын нэр хүнд дээр Ардчилсан Ерөнхийлөгчийг “төрүүлсэн” нам-ын хувьд сонгуулийн үед Ерөнхийлөгчийн нэр хүнд автоматаар нэмэгддэг. Ингэж  тогтсон хувирдаггүй  жишиг бий. Тэгвэл бүүр ч итгэлтэй тэргүүлж яваагаа Ардчилсан намынхан мэдэрч байна. Сонгуулийн хугацаа яг нэг жил үлдлээ. Бүтэн гурван жилд бий болгосон жишиг барагтай бол нэг их эвдэрдэггүй нь хуучин судалгаануудаас харагддаг. МАН анх Засгийн газраа байгуулаад Ардчилсан намынхныг сайд болно уу гэж урихад Засгийн газар орсон нь хожно ороогүй нь дээр гэж бараг хоёр хуваагдаж байсан юм. Ард түмэн хэрүүл тэмцэл сонгуулиас уйдсан нь үнэн байна. Ардчилсан нам энэ үзүүлэлтээ нэг жил хадгалах хэрэгтэй бол Ардын намын хувьд байдал хүнд. Стандарт бус том алдаагаа амжиж засъя гэвэл урилгаар ажиллаж байгаа Ардчилсан намын сайдуудыг баярлалаа, баяртай гэж үдээд оронд нь өөрийнхөө хүнийг тавьж дангаараа Засгийн газар байгуулаад нэг жил үнэхээр сайн ажиллавал байдал өөрөөр эргэх ганцхан мэх үлдсэн. Харин Ардчилсан нам хөөгдсөн ч, туугдсан ч чихээ бөглөөд гүрийвэл ялалт тун ойрхон гэж нэлээд хөрөнгө хүч гарган хийлгэсэн хаалттай судалгаануудын дүн харуулж байна бусуу.