Зохимжит хоол, органик хоол хүнсний тухай сүүлийн үед ихээр ярих болсон. Дэлхий нийтийн чиг хандлага ийм болж, манайд ч энэ тухай ойлголт багагүй газар авч байгаа билээ. Тиймээс бид "Органик булан" ажиллуулж энэ тухай ойлголтыг уншигч та бүхэндээ хүргэж байхаар боллоо. Зохимжит хоол хүнсээр дагнасан хүмүүст анхан шатны мэдээлэл мэт санагдах ч энэ тухай ойлголтгүй яваа олон хүмүүст анхлан хүргэх үүднээс эхнээс нь цувралаар хүргэж байгааг маань хүлээн авна уу.

Одоогоос хоёр, гурван жилийн өмнө байх, Э.Бат-Үүл гишүүний Сэлэнгийн тариаланчдаа дэмжин "Скай" их дэлгүүрийн үүдэнд нээдэг монгол ногооны зах дээр явж байгаад ихээр нь овоолчихсон эрдэнэшиш харж билээ. Жилийн турш тордож ургуулсан хүнсний ногоогоо борлуулж хэдэн цаас олдог ногоочноос тэрхүү эрдэнэ­шишийг хэрхэн боловсруулж идэж болох талаар тодруулахад "Мэдэхгүй ээ. Энэ гонзгой шар юмыг манай тэндхийнхэн тариад байхаар нь дуурайгаад булчихсан чинь зөндөө их ургасан. Уг нь хөөрхий, ургаж яддаггүй юм билээ л дээ. Гэхдээ юунд хэрэглэдэг, яаж болгохыг нь мэдэхгүй юм. Овоол­чихоод л сууж байна" гэж байсан билээ. Ер нь монголчууд бидний хүнсэнд хэрэглэдэг ногоо­ны хүрээ тун бачимхан. Төмс лууван, манжин байцаа, сонгино сармис, нарийн ногоо гэх юм бол өргөст хэмх, улаан лооль гээд л таг болчихдог байлаа. Улирлын чанартай халиар, жууцайг бас хоолондоо хэрэглэдэг байсныг нэмж таарна. Харин сүүлийн үед монголчуудын хүнсний ногооны тоо төрөл овоо нэмэгдэх боллоо. Ногоонд ч нарийн ногоо тарихдаа туршлагажив. Хятад, солонгос хоолны газар иддэг ногоонуудаа гэрийнхээ гал тогоонд оруулж ирж байгаа нь сайн хэрэг. Монголчууд шиг мах, гурилыг боогоод л шарж нэг, жигнэж нэг бас чанаж нэг хоолны орцоо нэмэг­дүүлдэг үндэстний хувьд ногоо амин чухал шаардлагатай билээ. Энэ нь эрүүл зөв аж төрж, урт удаан наслахад цэцэгт ус хэрэгтэйн адил тустай. Эрдэнэшишийг юунд хэрэглэхээ  мэдэхгүй тарьдаг байснаа бодвол манай хүнсчид нарийн ногоог төрөл төрлөөр нь тарьдаг болжээ. Саладны навч, бууцай, юуцай, гоньд, яншуй гээд Монголын хөр­сөнд ургасан нарийн ногоонуудын сезон ид ирлээ.

Зайлуул, улирлын чанартай учраас зуны хэдэн сардаа л бид монгол нарийн ногоогоо иднэ. Тэгээд бусад гурван улиралд нь Хятадаас оруулж ирснийг авч болно.

Зун цагт мах идэлгүй, сүү цагаа идэж дотроо цайлгадаг байсан уламжлал ард хоцорч, зун, намар, өвөл, хаваргүй мах иддэг болсноор өвчлөл ихэслээ гэж захын хүн л ярих болсон. Тэгвэл бид зуны цагтаа улирлын чанар­тай ногоо нь ургаж байгаа энэ үед ногоо идэж, ходоод гэдсээ цэвэр­лэн амрааж байвал ямар вэ.

Түүхий ногоо, түүхий хүнсэнд дурлах явдал дэлхийд нэг том үзэгдэл болоод удлаа. Ямаа мэт түүхий ногоонд юунд нь сүжрэх вэ гэж таны дургүй хүрч байна уу. Ямаа мэт ногоонд дурласнаар өвчин эмгэгээ орхиж, эрч хүчтэй эрүүл саруул амьдрах олон болом­жууд байдаг нь батлагдсан учраас эл байдал дэлхийд хөдөлгөөн болтлоо хөгжжээ.

Түүхий ногоонд амьд чанар нь хадгалагдсаар байдаг учир хүний биед боловсрогдож, хүний биеэс ялгаран гарахдаа гайхалтай түр­гэн. Түүнээс гадна аливаа ногоон ургамалд байх шим тэжээлийн ашиг тус нь хэлүүлэлтгүй тодорхой. Хар үгээр хэлбэл түүхий хэвээрээ байгаа хүнс 100 градусын шалзмал тос, усанд чанаж болгосон буюу үхмэл хүнсний дэргэд амьд учраас хүний биед хамаагүй тустай.

Ер нь хэт халааж, шарж боловс­руулсан бүтээгдэхүүний халгаатайг шинжлэх ухаан нотлоод эхэлсэн хойно олныг нуршаад юу хийхэв.

Түүхий хүнстнүүдийн бүлэг давхарга нэгэнт бий болчихсон нь дээрх шинжлэх ухааны нээлтүү­дээс эхтэй. Түүхий хүнстнүүд цель­сийн 40 градусаас дээш темпе­ратурт боловсруулсан хүнс иддэг­гүй. Түүхий хүнстэн нь түүхий ногооны бас түүхий ногоо-түүхий махан хүнстнүүд байдаг юм билээ.

Түүхий хүнсийг эмчилгээний асар үр дүнтэй гэдгийг 1800-гаад оны сүүлчээр Швейцарийн эрдэм­тэн Максимлиан Бирчер-Беннер олж тогтоосон гэдэг. Өглөөний цайны шидэт хоол түүхий овьёосны эцэг тэрбээр шар өвчин туссаныгаа түүхий хоол идсээр эдгээж байсан ажээ. Улмаар 1897 оны арваннэгдүгээр сард Цюрих хотод "Гайхамшигт хүч" сувиллын газрыг нээсэн бөгөөд түүхий хүнсээр төрөл бүрийн өвчнийг эдгээдэг эл сувиллын газар одоо ч ажилласаар байдаг гэнэ лээ.

Түүхий хүнс хэрэглээд эхлэхээр учиргүй нус цэр ялгарч, уушгинаас шингэн салст  ихээр ялгарч эхэлдэг гэж зохист хоол­лолтын номуудад өгүүлсэн байх юм. Энэ нь бидний махбод гадаад орчин хүнс тэжээлээсээ ихээр бохирдож, холбогч эдүүд нь салсаар дүүрсэн байдагтай холбоотой гэнэ. Харин ургамлын гаралтай хүнс бие орга­низмыг цэвэршүүлж эхэлснээр нөгөөх салс ялгарч байгаа нь тэр ажээ. Түүхий хүнс хэрэглэхэд энэ цэвэрлэгээ эхэлдэг бөгөөд болсон хоол идээд эхэлбэл зогсдог байна. Манайд гэхэд түүхий хоолтнуудын бүлэг хэдийнэ бий болсон гэх бөгөөд саяхны манай сонинд ногоон хоолтон нэгэн өвгөний ярилцлага хэвлэгдсэн нь хүмүү­сийн анхаарлыг ихэд татсан юмдаг. Бас миний мэдэх хэд хэдэн хүн хорь гаруй хоногоор түүхий хүнс хэрэглэж, эрүүл мэнддээ мөнгөөр үнэлэхийн аргагүй хөрөнгө оруулалт хийж байсан билээ.

Өнгөрсөн зуунаас дэлхий нийтэд тархсан анагаах ухааны гайхамшигт ололт болсон түүхий хүнсний талаар зарим хүмүүст хэзээний мэдэх зүйл байж болох талтай ч ямаа биш дээ гэдэг нийтлэг олонхийн хувьд мэдээлэл болгож энэ бүхнийг нуршлаа. Түүнээс хүн бүрийг түүхий хүнстэн бол гэж ятгаж байгаа хэрэг биш юм. Нэгэнт түүхий хүнс­ний ач холбогдол асар их нь тодор­хой уч­раас ядаж ногоо цагаа болов­сордог зун цагтаа түүхий хүнсийг түлхүү хэрэг­лээч гэсэндээ учирлаж бай­на. Бас хоолоо түүхийгээр эхэлж болсноор төгсгөж байх нь зөв хооллож, эрүүл энх амьдрахын эхний түлхүүр юм шүү.

Монголд урга­сан нарийн ногоо­нууд гарч, түүхийн хүнс­ний улирал ирлээ гэж уриалс­ны хувьд хоёр төр­лийн зуушны жорыг танил­цуулъя. Магадгүй өглөө хөнгө­хөн хооллож, өдөр түүхий ногооны саладаар хоолоо эхэлж, болгож боловсруулсан хоолоор төгсгөх их зорилгод тань таалагдаж болох юм.

Шинэ ногооны зууш

Энэ зуушны дал орчим хувийг нь саладны шинэхэн навчаар бүрдүүлээрэй. Дэлхийд хамгийн түгээмэл зуушинд хэрэглэдэг навч гэгддэг. Нөгөө гахайн мах боож иддэг ногоон навч шүү дээ. Солонгосчууд сонжу байцаа гэх. Түүнийгээ жижиг жижиг таслаад, хоёроос гурван ширхэг улаан лоолийг тус бүрийг нь 8-10 жижиг хэсэг болгон зүснэ. Бас бөөрөнхий сонгино хөшиглөж, ногоон сонги­ноор хачирлаж болно. Манайхан өргөст хэмх, улаан лоолийн зууш их хийж иддэг. Энэ хоёр ногоо ашиг тустай ч хамтдаа тохиолдолд нэгнийхээ ашигт чанарыг үгүйс­гэдэг гэх тул улаан лооль хийсэн тохиолдолд өргөст хэмхээ үлдээ­гээрэй. Шинэ ногооны саладад амтат чинжүүг улаан, шараар нь урт уртаар нь зүсч, хүрэн байцаа­наас хэсгийг савхан хэлбэртэй зүсч хийхэд байгалийн тансаг өнгөний хосолмол болдог. Ингээд л дээрээс нь ургамлын тос хийж, шар буур­цагны цуугаар амтлахад гайхал­тай ашигтай шинэхэн ногооны салад бэлэн болно. Наймдугаар сард жимс гараад ирвэл нэрсээр амт­лаад үзээрэй. Үнэн янзтай. Гэхдээ амтлагч соусын хувьд бол төрөл, төрлөөрөө байх учраас алийг сонгох нь чухам таны таалал мэдэх хэрэг шүү дээ. Саладны байцааны талаар сонин хачин болгоход эртний Египет, Грекийн үеэс л хүнсний гол хэрэглээ байсан гэж бичжээ. Бас шинэ тивд Христофер Колумбийг аваачсан гэдэг юм байна. Хэд хэдэн төрөл нь түгээмэл хэрэглэгддэг.

Бас л хятадууд дэлхийд хам­гийн ихээр тариалдаг. НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгуул­лагын гаргасан судалгаагаар 2007 онд гэхэд өмнөд хөрш маань 23.55 тн-ыг тариалж, дэлхийн нийт хэрэг­цээний 51 хувийг хангаж байсан бол АНУ 22, Испани таван хувийг нь тариалдаг ажээ.

Бууцайны зууш

Ногоон навчит ургамлаас хам­гийн, хамгийн гэх тодотголыг зүүсэн ургамал нь бууцай. Нөгөө хүүхэл­дэйн кинон дээр далайчин эр Поапай хаа нэгтээгээс гаргаж ирж идэн­гүүтээ дийлдэшгүй их хүчтэй болдог spinach шүү дээ.

Төмөр бас кальцийн маш өндөр агууламжтай энэ навчит ургамал Зүүн өмнөд Азид ихээр ургадаг. Бас биеэс хорт бодис зайлуулах антиоксидант чанар өндөр. Энэ нь түүхийгээр идэх бас уураар болгож, богино хугацаанд буцалсан усанд дүрээд авахад ч байж байдаг гэдэг юм билээ. Мөн бүх төрлийн витамин, фоль, зэс, фосфор, цайр түүнчлэн омега 3-аар баялаг гэж тайлбар толи­нуудад өгүүлсэн байх юм. Ерөөсөө л ногоон алт юм аа. Буцалсан усанд дүрээд авсан 180 грамм бууцайнд 6.43 мг төмөр байдаг гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн депар­таментаас гаргасан статистикт дурдсан байдаг аж. Гэтэл 170 гр хамбургерт 4.42 мг байх жишээтэй. За ийм нэг ашигтай ногоон навчийг сайхан угааж цэвэр­лэчихээд идэхэд хялбар хэм­жээтэй тасална. Бас алимыг арилгаж цэвэрлээд, нимгэн хавтгай зүснэ. Ингээд л тос, шар буурцагны цуугаар амтлахад тэр чигтээ витамины комплекс таны өмнө бэлэн болно доо. Үүн дээр хушга, цангис жимс нэмж амталж болох юм. Гарын дор хамгийн ойр байх бүтээг­дэхүүнээр хийж байгаа нь энэ шүү дээ. Бууцайны саладын орц, жор гэж үй түмээрээ. Солонгос хоолны газарт хар ногоон ургам­лын хачир байдаг нь мөн л бууцай. Үүнийг хийхдээ буцалж байгаа усанд бууцайгаа дүрээд 3-6 сек буцалгаад авдаг. Удаавал шимт чанар, ногоон өнгө нь алдагдана. Тэгээд тос, гүнжидийн үр хийж, сармис нунтаглаж цацаад цуугаар амтал­сан нь тэр шүү дээ.

Бууцайны үнэ одоо захууд дээр нэг кг нь 2000-2500 орчим төгрөг байгаа. Нэг кг-т багсайгаад уут дүүрэн ирдэг нь урамтай байдгийг зориуд хэлмээр санагдаж байна шүү. АНУ-д бууцайны хэрэглээ их байдаг бөгөөд 2004-2006 онд оргил үнэдээ хүрсэн гэдэг юм би­лээ. АНУ бол бууцайны үйлдвэр­лэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Гэхдээ энэ нь нийт бууцайны нийлүүлэлтийн гурван хувийг л хангадаг. Харин нэгдүгээрт 85 хувиар урд хөрш маань ордог байна.