Миний гэх ёстой л доо мэдэж л байна. Гэхдээ надын гэчүүл наадам-ынхаа на-тай хоршоод илүү уянгатай, наалдацтай харагдах болуу гээд тэгчлээ.

Надын мэдэх анхны наадам гэх юм бол байхгүй. Хүүхэд аав ээжийгээ анх харсан өдөр гэж байдаггүйтэй адилхан юм уу даа. Анхнаасаа л наадам болдог л байсан. Баянаа аварга, Мөнгөн арслан эднүүс барилдаа л аав маав, аавын найзууд майзууд үзээ л айраг майраг уугаа л зурагт руу гаа орчих гээд суужээдэг байсан. Тэгснээс зүгээр анхны стжоонд үзсэн наадам гэвэл арай тоймтой юм даа.

Надын анхны стжоонд үзсэн наадам

Ээжтэйгээ явсын тэхэд. Нас нэг долоо молоотой байлуу даа. Аймар догдлоо л миг 21 гэдэг цамцаа өмсөө л өглөө гарсан сан. Даанч нээх сүртэй санагдаагүй юм. Стжоон нь нээх царай муутай бор модон стжоон (би уг нь хажуу талынх нь өндөр улаан тоосгон юмыг стжоон байна гэж боддог байсийн). Тэгээ л тэр хүмүүс нь хүний сууцан сандалын ар дээр гишгэж харайж яваа л. Би охин байгаад палаажныхаа хормойг хойшоо тавиад сууцан байсан бол яахын. Тэгээ л аймар халуун нар шарна. Стжоон дотор нь баахан цагаан эрээн хувцастай хүүхдүүд гарч гүйгээ л, гимнастик хийгээд байгаамуу даа сайн мэдэгдэхгүй, би өөрөө юу ч мэдэхгүй л байлаа л даа. Долоотой л хүүхэд ш дээ би. Ярих ч хүн байхгүй, ээж болохоор миний ард нэг таньдаг авгайтайгаа чалчаад, намайг тоохгүй байсийн.
Тэгээд би яахав дээ, ийш тийшээ хараа л уйдаж үхэх гээд суужээсэн, гэнэт тэнд нэг сагстай юм дамжилцан 2 эгч гоё юм зараад явжээдийн. Ундаа мундаа. Тийшээ гүйгээ л оччихлоо.

Хаах иста юу юу байваа. Жижхэн савтай улаан өнгийн ундаанууд, зефир, шиклаад, өнгөт үрэл мүрэл  гялалзаа л. Тэгээ л нэг ундаа, болж өгвөл бас нэг шиклаад авчих санаатай буцаа л ээж рүү гүйдийн. Тэгсэн чинь ээж юу вэ босоод зогсцон, аймар уурлаж энтэр:
-Хаашаа алга болчдийм бэ чи, өчнөөн хайлаа.
-Гүэ би...
-Хүн чамайг аваа явчуул яахын ай!
-Гүэ тэнчээ....
-Шуудай үүрсэн хужаа хаа сайгүй явдаг гэж хэлээ биз дээ чамд!
-Юу тэнд, гоё....
-Битий дэмийрээд бай чи, энд суу, ахиад босч явуул дэмий шүү!
-За :(

Багцаагаар нэг ахиад цаг орчим сууснуу яасан, ээжийг явы, харий гэж шаналгаж эхлээд. Ээж, ингээд юм үзүүлдгүүш дээ, заза гээ л хөтлөөд явдын. Тэгээ л гараад явжээсэн чинь гоё үнэр үнэртээд болдгүй. Цагаан малгайтай эгч хуушуур зарж байна. Хүмүүс оочирлоцон. Авсан тав таван хуушуураа бор цаасан дээр тавиа л идээ л. Тэгсэн нөгөө талаас арай өөр шарсан махны үнэр гардын. Харсан чинь шорлог зарж байлаа.
-Ээж хараа, шорлог!
-Пүүх аймар оочиртой байшдээ.
-Ээ, ээж шорлог идий л даа.
-Чи тэгээд заавал идкээд байгаамуу?
-Яааааа....!
Тэгээ л оочирлоо л байсан оочирлоо л байсан, тэнгэр муухайраа л, бороо орох гээ л, шуурга тавиад эхэлдийн. Пээ тэрүүгээр чинь нэл цаас, хог нисээ л шороо хуйларч аманд зажлагдаа л. Миний сайртаад хагарцан уруул улам муухай хуурайшаад байгаам шиг санагдаа л байна. Удалгүй бороо орж, бороо орохтой зэрэгцээд бид 2 ч шорлогоо аваад нэг нөмөрт баахан хүмүүстэй шахалдаж зогсов. Бараг бүх хүмүүс л бувар бувар гэжийнэ. Пээ тэр миний шорлогны үнэрийгээ. Үүнэн гоё, шууд арааны шүлс асгараа л. Тэгээ л сайхан шаргалтаж шарагдсан махнаасаа хазлаа даа.

Үмм..! гээ л хазах гэсэн чинь харин хазагдадгүй гэжийшд. Ярзайгаа л зулгаагаад байдаг тасарч өгдгүй. Нэг зулгаахдаа өрөөсөн нүдээрээ эргэн тойрноо харсан чинь ээж бас зулгаацан зогсжээснаа болиод:
-Энэ ямар балиар хатуу хог вэ! Энэ одоо юуны махаар хийдэг байнаа. За чи сайн зажилж залгий шүү, наад гэдэс чинь өвдийшүү! гэж билээ.
Тэгээд мэдкүэ, ноцолдсоор байж арай зөөлөн газруудых нь махыг идсэн болоод хаялуу даа. Тэр шорлогны амт таг мартагдсаныг бодвол ер нь яасан ч байж магад.

Надын сумын наадмууд.

Амьдралдаа 3 удаа сумын наадам үзсийн. 12, 15, 16 наснууддаа. Эхнийх нь Хөвсгөл аймгийн Цагаан-үүр сумын наадам. Сумынхаа цэнгэлдхэд бөхчүүд барилдаад. Тэгсэн чинь хойд хашаанд байдаг нэгдлийн дарга нь өөрөө зодог шуудаг өмсцөн барилдаж байхыг хараад үхтлээ гайхаж билээ. Өчигдөрхөн зүгээр хүн байжээснаа жинхэн бөх болцон байхаар чинь хүн гайхдийн байна лээ. Наадмын өмнө би нэгдлийн дарга Лонжид гуайг усанд яваад ирэхий нь 2-3 удаа харсaн. Одоо бодоход наадмын бэлтгэл хийж байсан байж. Тэхээс усанд бол бацаануудыг л явуулдаг хорвоо шд. Тэр зун өдөр болгон, заримдаа өдөрт 2 удаа мөрдөөгөөр 20 литр ус ацрах гэж чацга алдах шахсан сан. Ажилсаг буриадуудад усны хэрэгцээ нэн их.

Дараа нь тэр өдөртөө ч билүү, маргааш нь ч билүү морь уралддаг газар луу яваад. Тэнд урд гудамны Амбуулай гэдэг хүүхдийг морио унаад түрүүлж ирэхийг хараад жигтэйхэн баясаж билээ. Өөр дурсамж даанч алга даа, жоохон ч байж. Харин наадмаас ирэх бас буцах нь л үнэн гоё байлаа даа. Замаар дүүрэн бөөн өнгө өнгийн дээлтэй морьтой хүмүүс багшраа л. Тэр морьдийнх нь ганганыг. Хараад хараад ханашгүй. Цэнхэр, ягаан, ногоон торгон, даалимбан, хоргой дээлнүүд, алт мөнгөн хазаар амгай, том том ташуурнууд. Арваад морьтон зэрэгцээд л явдаг юм билээ. Зуу байтугай мянгуулаа зэрэгцээд явсан ч тулах боржуур гэж байх биш дээ Монгол  нутагт. Наадамчид наадмынхаа талбайд очxын тулд нэг том, нэг жижиг гол гатална. Том модон гүүр байхын зэрэгцээ бас бярвааз гэдэг юман дээр машинууд гарч зогсоод голын нөгөө эрэгт буучихна. Жоохон цаахнуур нь морьтнууд хөлөө өргөж морьныхоо хондлойд наагаа л гутлаа норгохгүй гарчна. Тийм олон өнгө өнгийн хүмүүс, бүгдээрээ баяр баясгалантай хөлхөлдхийг харах чинь янзын сайхан юм билээ.

Удаах 2 наадам нь жил дараалан болсон ба нэг ижил сумынх болхоор хоорондоо адилхан.  Өвөрхангайн Зүүн-баян улаан суманд. Тэнд харин үеэл ахынхаа морь уяж байгааг, хүүхдүүд оригоороо гийнгоолхыг харж бахдаж билээ. Тийм морь унадаг, гийнгоолдог хүүхэд байхым сан гэж атаархаа л. Дараа нь хүнгүй газар очоод дуурайж гийнгоолох гэцэн ч явжаах шиг. Ямар ч морьгүй хэрнээ, шал солгой хоолойгоор гий-ийннн-гоо-оо гэж орилжоосэн цагаан шаапагтай хотын хүүхдийг харсан хүн байвал тэр чинь би байсий шүү.

Хөдөө явах гэж байгаа хүүхэддээ айл аар саар мөнгө өгнө. Ааваас ээжээс ахаас эгчээс гээ л бүгдэнгээс нь мөнгө авна. Тэр жил эгч маань бас надад уут дүүрэн бохь өгөөд, сэргэлэн юм бол зараад мөнгий нь аваарай гэсэн юм. Тэр нь нэг тамхи шиг бохь. Тэрийгээ бариа л наадмын талбай руу явлаа. Нагац ах тэхэд миний шоортыг ширүүн шүүмжилсэн.
-Наадах чинь одоо юу ен! Палааж юмуу хаашаа ен? Алий даа... пөөх майхных митраал шиг юм байхчүү. Яасан муухай өнгөтэй юм! Чи зүгээр өмд өмсчиж болдгүүмүү?!
Өөрсдөө болхоор солонгын өнгө шиг янз янзын дээлнүүд өмсөж алчуур зангидаад үсэндээ том том хавчаар шиг юмнууд хатгана. Эрчүүд нь шилээп тавьж хамгийн агсан морио унана.

Миний бохь ширхэг нь 5 цаас. Яаж зарах уу гэж санаа ихээр зовоод, зарахаа байдаг ч юмуу гээд  байжээтэл удсан ч гүй бохь заржаагаамуу гээд хүүхдүүд хүрээд ирэв. Эфээмээр зарлацийм шиг дорхноо хүн болгон мэдчихдэг юм байна лээ. Тэгээд хөгтэй тэднүүс чинь. Нэг бор охин духаараа хараа л, гараа ардаа нуугаад хүрээд ирнэ.
-Яасан?
-..... (Бор охин дуугай л байгаад байна)
-Бохь авхымуу?
-Тийн.
-5 төгрөг.
-..... (тэхээр дуугай ардаасаа мөнгөө гаргаад өгнө)
10 төгрөг байхын бол, аа хоёрыг юмуу тээ гээ л 2-г өгөнгүүт, гү нэгийг гэж арай ядан дугарна. Тэгэнгүүт 2-ыг авчxаа гээ л өөр тийшээ харчxад хөөрхий яваад өгдөг байж билээ. Гэх мэтчилэн хэдэн ч төгрөг сарвайсан, тэрэнд нь тааруулаа л шахаад байлаа. Хаа очиж эцэг эхчүүдээс нэг ч гомдол ирээгүй. Харин хүүхдүүдийн хуушуурны мөнгий нь л нэлээн багасгацан болуу даа одоо бодоход. Тэгээд нэг мэдсэн бохьнуудаа дуусцан, кармаа дүүрэн мөнгөтэй болцон суужээсэн шд. Эргээ л харангуут ард чинь морьтой банди нөгөө бохийг тамхи шиг зууцан, тэгснээ намайг хараад ичингүүтээ амнаасаа авч энэ тэр.
За тэр баньд нар уу! Нэрэлхүү юм шиг хэрнээ, аавын цээж гэдэг чинь яг байдийн байна лээ. Миний үеэл эгч сумынхаа сургуулийн багш. Эгч хажууд суужаангуут надаас дүү бацаануд чинь морьтойгоо хүрч ирээ л, -Багш, баяр сайхан уу! гэх нь үүнэн гайхалтай. Том хүнтэй, тэр тусмаа багштайгаа тийм онгироо мэндэлж болдиймуу ер нь. Нүүрэмгий гэж. Багшийнхаа хажууд тамхи татна. Яриа мариа нь юу вэ, зүгээр л хэдэн өвөө. Өврөөсөө тамхи гаргаж сугсраа л, таны бие данги уу даа тэгээд? ч гэжаах шиг.

Тэднүүс 10 алхам газар байсан ч морио хамаг хүчээрээ гуядаа л давхина. Морь нь давхина гэж бодоод 2 ч алхаагүй байхад нь амы нь ангайтал жолоогоо татчна. Зовдог байхоо наадмаар тэр морьнууд. Харин авгай хүүхнүүд орилолдоо л зугтаадын байна лээ. Тэхээр нөгөө баньд нар нь улам давхиад байгаа харагдсан. Охид хүүхнүүдийн хажуугаар гарахдаа зориуд малгайгаа унагаад тэрийгээ морин дээрээсээ шүүрч аваад л. Энэ чинь баавар.

Тэдний морь унах стийл нь гэвэл эмээлийнхээ бөгс байх газар нь нэг гуяараа суугаад харин бөгс нь болхоор эмээлээсээ гараад явцан байдалтай.
Одоо бодож байна. Ер нь болж л өгвөл сумын наадамд л очиж байя гэж. Тэр чинь л жинхэнэ наадам юм байна лээ шүү.

Надын хожмын наадмууд.

Сүүлдээ яахав дээ тэгээд, гэртээ зурагтынхаа өмнө хөлөө жийж суугаа л наадамладаг болсон. Батэрдэнэ аваргын 3 дахь түрүү хавьцаанаас хойшхи бөхийг бол ер нь амплаагадаар мэднэ. Таван залуу заан дээр удалгүй Ганбат нэмэгдэж зургаа болоод аймар л байлаа. Тэднүүс чинь дээрээ 2 том амьтантай (2 Эрдэнэ), хажуугаар нь бас бөөн лаг лаг начингууд, тэгээ л хоорондоо гал манартал барилддаг байсийн. Одоо ч адилхан, сайхан сайхан залуус тачигнатал барилдаж байна. Урьд нь ийм байсан, хойшдоо ч тийм байна даа ер нь, дэлхий хэзээ сөнөнө тэхэд л дуусах нуу яах нуу.

За тэгээ л Гүрбазар. Баян ходоодны хүүхдий чинь хушуугаараа ороож авангаа алдаа л яриад байна. Хэдэн оныхоор билээ дээ, Эрдэнэчулууны шарга гэдэг азарга түрүүлж явснаа хадуураад, харсаар байтал мааангар хол тойрч ирснээ арай гэж замдаа ороод, тэхдээ л тэгээд түрүүлчиж билээ. Айхтар хурдан амьтан юм санж.

Сур сайн мэдэхгүй ээ. Одоо enigma-гийн return to innocence-г сонсохоор манай сурын харвааныхан нүдэнд харагддаг нь миний тэр талын мэдлэг нойл заацныг харуулж байгаа байх. Мэдэхгүй юмаа мэдэхгүй хүний ёсоор мэдэхгүй л гэнэ. Мэддэг болноо удахгүй гэхдээ.

Наадмын бүүх юм сайхан. Тэгж яриул хуушуурын цаас хийсэх нь ч сайхан. Тэхдээ наадмын нээлт л хамгийн сайхан нь. Тэр гэхийн тэмдэггүй тэнэгэр сайхан жаргал цээжинд огшоод байдаг юм. Дэлхий дэлэгнэж, дэнж хотолзно  гэдэг зүгээр ч нэг үг биш, Монгол наадмаар дэлхий үргэлж тийм л байдаг. Наадмын 2 дахь өдөр ёс юм шиг бороо орно.

Зун зургаан сар гаруут л монголчууд наадмаа хүсэн хүлээж, хоног тоолоод эхэлдэг. Наадмын урьд шөнө бөхчүүд, уяачид, харваачид түрүү үзүүр, торгон жолоо зүүдлэнхэн нум шигээ чивчирч хонодог бол би гэдэг хүн басxүү зэрэгцэж догдлоод зурагтынхаа удирдлагыг тас атгаад нойргүй шахуу хононо.
 
Заа ингээд та нартаа тэгш ойнуудын мэндийг дэвшүүлэе. Таавар мэргэн байг ээ! Өдрөөс өдөрт улс орон маань хөгжин дэвжиж буй энэхэн хувьтай цагийн аясаар миний Монгол наадам ч жилээс жилд улам өргөн дэлгэр болох буй заа. Бүх монголчууд минь санаа тэнэгэр сайхан наадаарай, хурай...!