Арван найм естэйдөө л ажил хийж их мөнгө олохоор гуулин улсыг зорьсон Бадраа наадамлахаар нутагтаа иржээ. Одоо гуч гарсан, амьдрал үзсэн ширүүн толгой. Таван жилийн өмнө 800 жилийн ойгоор Монголдоо ирж наадамласан, энэ жил бас түүхт ойтой тул зорин зорин ирсэн нь энэ. Амьдралынхаа талыг шахуу харь оронд өнгөрөөсөн тул зун намрын бөгчим үеэр л Улаанбаатарын цаг агаарыг таашаах аж. Энэ жилийн зун их оройтсоныг хэлэх үү долоон сар гарсан хойно ч нэлээд жиндүүлсэн тухайгаа хэллээ. Бадраа Дундговийн унаган хүүхэд. Нутгийнхаа наадмыг хэсч, алдартай айргаар нь биеэ бордож аваад найман сард их ажилдаа буцаж очих төлөвлөгөөтэй. “Олон жил ажиллаа, овоо юм хураагаа биз. Одоо Монголдоо амьдрах болоогүй юу?” гэж асуухад минь маш товчхоноор “Энд аймар байнаа” гэж хариулж билээ. Цаг агаар, замын бөглөө, хүмүүсийн араншин гээд бүх л юм нь аймар байгаа бололтой. “Таван жилийн өмнөхийг бодоход хотын төв хэсгээрээ өөрчлөгдөөд бусад нь хэвээрэй л байх шив дээ” гэж харуусна. Мөн төрсөн сум нь бүр мөсөн эзгүйрсэнийг хараад сэтгэл нь бүүр ч тавгүйтсэнээ нуусангүй. Саяны тооллогоор Дундговьд 38 мянга гаруйхан хүн үлдсэнийг ч хаа нэгтээгээс мэдээд авч. Хүүхэд насны дурсамж, төрсөн нутгийн салхи, сумын хуучин барилгуудаа хараад өөрийн эрхгүй нулимс дуслуулан сэтгэл нь гэгэлздэг гэнэ билээ. Бадраа таван жилийн өмнө овоо юмтай ирэхдээ эгчдээ солонгос хоолны газар нээж өгөөд буцжээ. Ахлах тогооч нь Монгол эмэгтэйтэй гэрлэсэн солонгос хүн гэж байгаа. Сонирхолтой нь тэр солонгос бас л Бадраа шиг эх орондоо буцах ямар ч хүсэлгүй, бүр Монгол нэр хүртэл авсан гэнэ. Бадраа харин тэнд юу хийдэг тухайгаа “нэг их онц юм биш” гээд тодорхой хэлээгүй. Ямартай ч тэндэх ажил нь нэлээд бүтэлтэй, өөрөө ч их амташсан болох нь илт.

Харь оронд хөдөлмөрлөнө гэдэг хүссэн хүсээгүй ажлын дөр суулгадаг тавилан хойно. Монголдоо залхуу хойргоороо дуудуулсан олон ч хүн харьд очоод ажлын төлөө төрсөн мэт гялтгануулна. Үнэндээ Монгол хүн залхуу биш бололтой, харин ч бусад үндэстнүүдийн олж хараагүйг ажиглаж түргэн сэтгэдэг гэнэ лээ. Ерөөсөө их голомтгой л улсууд юм. Эндээ бол цалинг нь голсондоо олигтой ажил хийхгүй, хийсэн ч халтуурдана. Харин тэнд “арван улавч хавтгайлвал тэдэн зуун доллар өгнө” гэсэн маш тодорхой үнэлгээ байх тул ажлыг уураар биш урмаар хийдэг биз. Гол нь мөнгө гэдэг баялаг өнөөх голомтгой зангийнх нь хязгаарыг давж хар ажилд урамтайгаар зүтгүүлнэ. Зүгээр ч нэг мөнгө олчихоогүй мөнгө олох аргыг сураад ирж буй залуус байхад, ойр зуур байр машиныхаа мөнгийг аргацаасан улс ч бий. Сайн муу Монгол шиг сайн муу солонгос ч байдаг биз. Зарим солонгос эзэд нь Монгол ажилчдаа доромжилж дарамталдаг байхад зарим нь өөрсдийн хийж бүтээдгийг зааж зөвлөсөн түүх бий. Солонгост оймсны үйлдвэрт ажилладаг байсан нэг залуу Монголдоо ирээд оймсны үйлдвэр байгуулсан тухай саяхан дуулсан, солонгос эзэн нь үйлдвэрлэлийнх нь тухай нэлээд юм зааж өгсөн аж. Солонгосчуудыг муулах юм дэндүү их, сурах юм бүүр ч их.