“Case study” байдлаар нэг жишээг сонирхоё. Хүүхдийнхээ хэрэглэсэн живхийг хөдөө хээр аваачиж булдаг /зарим нь булах ч үгүй хаяна/, тэгсэн мөртлөө эх орноо, эх нутгаа хайрлах тухай пост уянгалуулдаг хүмүүс олон бий. Хэрэглэсэн живхийг нь байгальд хаядаг болон хогний саванд хаядаг хүүхдүүдийг хооронд нь харьцуулсан социологийн судалгаа одоохондоо лав алга. Эсвэл нялх хүүхдийн баас, шээсэнд хүүхдийг аюулаас хамгаалдаг ямар нэгэн энерги холбоотой явах бөгөөд, түүнийг нь бусад хогтой холилдуулбал хүүхдийн ямар нэг аурад сөргөөр нөлөөлдөг тухай шинжлэх ухааны судалгаа алга. Магадгүй ээж сэтгэл санаагаа засахын тулд тийм үйлдэл хийсэн байж болно. Хүний сэтгэл хүчтэй эд. Гарцаагүй мэдэгдэж буй ганц үнэн бий нь манайд өмнө нь ийм дом байгаагүй. Монголчууд хүүхдийн живх хэрэглэж дадаад 20 орчим жил өнгөрч байна шүү дээ. Тэрхүү ээж хүүхэддээ маш их хайртай, элдэв муу юм тохиолдохоос үнэхээр айж байна. Хайр нь бүр хэтрээд, хэтрэх гэхээсээ хэлбийгээд баастай живхэнд нь хүртэл ямар нэг сүнс, сүлд шингэсэн гэж итгэж байна. Шашны мунхрал эндээс л эхэлдэг. “Харанхуй бол гэрлийн эзгүйрлээс өөр юу ч биш” хэмээн Агнистын гэгээд хэлжээ. Эрдэм мэдлэгтэй, хийх ажилтай хүнд хүүхдийн живхийг хаана хаях тухай элдвийн юм ургуулан бодох зав ч байхгүй, шаардлага ч байхгүй...

Оросуудаас нэг сонирхолтой санал асуулга явуулжээ: 
-    Оросын хамгийн сайн удирдагч хэн бэ? гэхэд 40 орчим хувь нь Сталин гэсэн байна.
-    Тэгвэл та Сталины дэглэмд амьдрахыг хүсэх үү? гэхэд 96 хувь нь үгүй гэжээ.
-    Америкчуудад дуртай юу? гэхэд мөн л 40 орчим хувь нь дургүй гэжээ.
-    Тэгвэл та Америкт амьдрахыг хүсэх үү? гэхэд 70 орчим хувь нь тийм гэж хариулжээ.

Ер нь ард түмэн бусдыг л чанга гарын дор амьдруулаад, өөрөө бол чөлөөтэй ардчилсан нийгэмд амьдрахыг хүсдэг ажээ. Дурын таксины жолоочоос асуугаарай, бүх юмыг л муулсан шүүмжилсэн, бүхнийг нураагаад хаяхыг хүснэ. Монголчууд нэг сайн хашрах цаг болсон гэж ирээд л аархана, яг өөрийгөө бол хашраахыг хүсэхгүй л болов уу. Хөдөө живх хаячихаад фээсбүүкээр улсаа хайрладаг шиг л. 

Хэзээнээс монголчууд бид нэг ийм хачин, орк эмо болчихов гэж. Хэдэн найзтай сургалтын вэб сайт хийгээд, хүүхдүүд дээр туршаад яваа юм. 10 настай хүүхэд гайхалтай хурдтай гүйцэтгэж байна. Гэтэл ЭЕШ өгөх гэж буй 12 –р ангийн нэг залуу овоо будилав. 18 –ыг 6 –д хувааж чадаад байна, харин 78 –ыг 6 –д хувааж огт чадахгүй, хамгийн гол нь хувааж чадахгүй гэдгээ асар сайн нууж, жүжиглэж, өөрийнхөө лаг стилийг өөрчлөхгүй ярьж чадаж байна.  Бодлоо л доо, заавал бүгд мат үзэх албагүй гэж. Тэгээд математик үзэн яддаг, маркетингийн нэг найзаараа нөгөө тестүүдийг бөглүүллээ. 78 –ыг 6 –д гялс хувааж байна. “Анхаа бас арай ч дээ маниараа ийм тест бөглүүлээд байхдаа яахав дээ..” гээд уурлах маягтай байна. Математикт дургүй ч гэхдээ арай 78 –ыг 6 –д хуваахтайгаа ш дээ хө гэнэ. Хүн заавал математикч болох албагүй ч эрхбиш 78 – ыг 6 –д хуваагаад 13 гаргачихдаг хэмжээнд толгой нь ажилладаг байх хэрэгтэй биздээ. 

18 – 20 той хүүхдүүд, хүрдээ мэдэхгүй мөртлөө нэг их хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл, бүр цаашлаад эх орны тухай гоё гоё пост бичиж байна. Баруун тархины хэт хөгжил гэдэг дээ. Ийм байсаар атал хоцрогдлоос ядаж нэг алхам гарах тухай биш, харин ч эрдэм мэдлэг хэрэггүй, сэтгэл зүрх аархал омогшил байхад хангалттай гэх мэтээр түгээж байна. Өвөрмонгол залуу хятадтай муудалцаад морьтойгоо машины өөдөөс давхиж ороод өнгөрч буй харамсалтай, сэтгэл цочоомоор зураглал саяхан сошиалд явав. Халаглаж уярах гэхээсээ морь ташуур хоёроор улсаа авардаг цаг өнгөрсөн гэдгийг л бүгдээрээ сайн ойлгох хэрэгтэй санагдаж билээ. Нийтээрээ эрдэм мэдлэгээр тэртээ хоцрогдож, нийтээрээ нэг тийм орк эмо болсон учир тэднийг тархидаж уяраах поп –ууд нь дундрахгүй юм. Хүнд бэлэн загас биш загас барих аргыг нь зааж өг гэж сургааль бий. Орчин үед бол эрдэм зааж өгөх биш, эрдэмд суралцах аргыг нь заах хэрэгтэй болж. Харин манайд загас барих аргад суралцах нь байтугай загас нь ч алга. Загасны тухай маш сайхан найраглал, загасанд маш их хайртай тухайгаа илэрхийлдэг эмо поп –ууд л олон байна.

Жэнко, Ганбаа хоёр бол хувь хүн талаасаа супер одууд юм. Ер нь АН –ын онцлог нь супер одуудын хүчээр явдаг, супер одууд нь хоорондоо хэрэлдээд эхлэхээр төрөө үймүүлж, эдийн засгаа унагадаг. Үнэндээ Жэнко, Сайхансамбуу хоёрт нэг их зөрөө байхгүй, супер од болсон нь л Жэнко юм. Сайхансамбуу ч олимпын аварга төрүүлсэн хүн. Хэн нь супер од байх нь хэндээ хамаатай ч билээ, гол нь нэгнээ супер од болгох гээд нийтээрээ эрдэм номгүй байх явдалд уриалж болохгүй биздээ. Хайртай хайртай гэчихээд л хардаад зодоод байдаг нөхөр шиг улсаа хайрлаж болохгүй биздээ. Яг одоо бидэнд супер од хэрэггүй, хямралаас гаргах хатуу прагматик арга зарчим, сайн багийн ажиллагаа л хэрэгтэй.