Жил болгоны өдийд дөр­вөн улиралтай Монгол нутаг даяар өвөлжилтийн бэлтгэлд санаа тавьдаг уламжлалтай. Хүмүүс төдийгүй огтоно зу­рам, мал сүрэг хүйтэн улирал айсуйг зөнгөөрөө мэдэрцгээ­дэг. Ер нь өвөлд бэлдэнэ гэдэг нь хүнд биш амьтан ургамалд л хамгийн их хамаатай асуу­дал юм. Мөн амьтны амьд­ралаар амьдардаг зарим үндэстэн, түүний доторх нийг­­мийн арчаагүй салбарт энэ асуудал хурцаар тавигд­даг гэж болно. Түүнээс бус анх удаа өвөлтэй учрах гэж байгаа юм шиг нийгмийг бү­хэлд нь түгшээх ямар шаард­лага байна вэ?

Олон жилийн туршлагаас харж байхад намаржингаа өвөлжилтийн бэлтгэл гэж ярьж ярьчихаад дүн өвөл болох үеэр байгууллагууд уурын зуухаа тэс хөлдөөх, айлууд гаднаа ганц ч түлээгүй байх зэрэг наад захын ажлаа огт бэлдээгүй байж л байдаг. Тэглээ гээд "бакрийшиг" ч болохноо шатаагаад юу ч болоогүй юм шиг идэр есийг дажгүй давчих юм. Малчдын хувьд бол тэр олон хонь ямаа­­гаа долоо хоног тэжээх хэмжээний өвс хадлан ба­заах боломж ч байхгүй. Өн­гөрсөн хавар үстэй дээлээ гаргаад хаячихаагүй, өнөө зун эсгий туургануудаа үерт урсгаагүй бол өөрөөр өвөлд өөрийгөө бэлдээд байх гойд юусан билээ. Бүхэлдээ бай­галь цаг уураас хамааралтай мал аж ахуйн салбарт ажил­лагсад жилийн жилд л өвлийн бэлтгэл хийлгүй намаржин айрагдаж, наадамдсаар өвөл­тэй золгодог ш дээ. Га­зар тариалангийн хувьд бол бүр хачирхмаар үйл явдал өдийд болдог. Тэд айсуй өвөлд биш харин эсрэгээр ирэх зун яах бэлтгэлээ өнөөд­рөөс бэлддэг. Хойтон тариа хэрхэн ургах хувь заяа энэ зун хэр зэрэг уринш хийснээс шалтгаална. Тариаланчид биднээс арай алсыг харж чадаж байна гэсэн үг.

Нийт хүн ам нь төвлөрсөн, хот сууринд амьдардаг бол­сон орчин цагийн монгол­чуудын хувьд зуны дэлгэр сайхан цагийг хэрхэн үр ашиг­тай, бас зугаатай өнгө­рөөх нь магадгүй өвлөөс ч илүү ач холбогдолтой байж магадгүй. Ихэнх суурин газ­рууд дулаан ирмэгц хөл хө­дөлгөөнд орж нураахыг нь нурааж, босгохыг нь босгож эргэн тойрон ундуй сундуй орчныг бүхэл зуны турш бий болгож байна. Улаанбаатарт л гэхэд дулааны шугам сүл­жээ, зам засвар, хот тохижилт гээд  мөнхийн нүжигнэсэн дуу чимээ. Яасан ч дуусдаггүй тамын хуурай ажлууд байдаг юм. Наадахаа болиоч, өвөл нь утаа, зун нь түгжрэл гээд хэдийд нь хэвийн амьдрах болж байна гэмээр. Хэрэв тэгж ундууцвал "Өвөлд бэлдэж байна" гэсэн ганц үгээр ам таглана.

Одоо өвөлд биш зунд бэлддэг цаг үе болоогүй юу? Хүмүүсийн хөдөлмөрийн бү­тээмж, сэтгэж бодох чадвар, ажлын хариуцлага энэ тэр  хүйтний улиралд илүү сайн байдаг. Зуны халуунд бүгд алмайран, ажил хийх, ном унших зэрэг нь нэн залхуутай. Ажил ч урагшаа явж өгдөггүй. Бороо орно, нар шарна, найр болно, хүүхдээ асарна, суви­лалд явна, дарга нар эзгүй асуудал шийдэгдэхгүй. Энэ нь бидний арчаагүйнх биш цаанаасаа биологийн хүчин зүйлс нөлөөлөөд байгаа хэ­рэг. Бие организм дотроосоо амраачээ, сэтгэл санаагаа тайван байлгаачээ гэсэн до­хиог өгөөд байна. Үүнийг үл анхааран сэтээ сэвээгүй зүт­гэж явсаар нэг л мэдэхэд биегүй болчихдог. Монгол­чуудын богино наслаад бай­гаагийн нэг шалтгаан энэ байж ч магадгүй. Ядахнаа тэр сайхан улирлын амт шим­тийг амсаж амжилгүй байсаар хүзүүний ороолт, ноосон мал­­гайгаа өмсөх цагт тулна гэдэг харамсалтай юм.  

Өвөл байшин барьдаг, зам тавьдаг, нүх ухдаг, тэр бүү хэл тариа ногоо цэцэг тарьдаг шинэ дэвшилтэт тех­но­логиуд мөн ч олон бий дээ. Эдийн засгийн эцсийн өртөг нь зун хийснээс хямдхан тусдаг технологи ч бий, ме­нежмент ч бий. "Өвөлд сай­хангүй, зунд муухайгүй" гэдэг. Дотор гадаа хийх хамаг аж­лаа сэрүү орохоор бужиг­нуулж өгөөд  зунд өөрсдийгөө бэлддэг болмоор санагдана.

Хойтон зун хүмүүсийг ам­раах, сувилах, аялуулах, наа­дах баярлах, гадаадын жуулч­дыг татах ажлууд чухал бөгөөд сонирхолтой юм. Энэ бүгдийг одоо товлож өвөл­жин­гөө засч тохижуулан дэл­гэр улирал эхлэхэд хаалгаа нээх жишээтэй. Хувь хүн, ал­бан байгууллагууд ирэх зун хэрхэн ажил амралтаа зохи­цуулах, ямар арга хэмжээ авбал зүгээр гэдгийг дүгнэн ярьцгааж, өвөл ажил цугла­рахаар шийдвэр гаргаж, хө­рөнгө оруулж, бүтээн бай­гуулалт хийдэг жишиг тог­тоомоор. Өвлийн турш зуныг ярьцгааж "Ёлкны маргааш зун", "Хавар ирлээ шүү хүүх­нүүдээ" гэхчилэн сэтгэл сэр­гээсэн уриалга өрнүүлцгээдэг бол мөн сайхнаа.

Малчдыг өвөлд хэрхэн бэлдэх тухай биш зун хаагуур зусуулах, бэлчээрийн талх­лалтаас хэрхэн сэргийлэх, байгаль орчны доройтлоос нутаг газрыг хамгаалах асуу­дал илүү чухлаар тавигдах хандлагатай болжээ. Нийс­лэл хот маань зургаагаас есөн сарын хооронд л хам­гийн гоё үзэсгэлэнтэй болдог. Тэр бо­ги­­нохон үед нь амар тайван байлгаж өгөөч. Энэ үеэр хо­тын төвд аливаа зас­варын ажил хийхийг хориг­лож, ний­тийн тээврээс бусад машин явахыг болиулж, уна­даг ду­гуйгаар зорчдог, дуу чимээ­ний аниргүй байдлыг бий болгох зэрэг бухимдал­гүй сар өдрүүд хөвөрвөл ир­гэ­дээ том харж үзэж байгаа хэрэг. Энд манай орны хүн амын гол цөм нь амьдарч байгаа учраас эрүүл мэндийн асуудал нэг­дүгээрт байх ёстой.

Дулаарал, байгаль цаг уурын эрчимтэй өөрчлөлт зэрэг биднээс шалтгаалах, үл шалтгаалах олон нөхцөл байдал бий болоод байна. Цаашид өвөл болох, өвөл­жилт, зуд гэсэн проблемууд улам нимгэрэх хандлагатай. Энэ тийм чухал биш болох нь. Хүрээлэн буй орчны өөрч­лөлтийг хүмүүс дасан зохи­цох маягаар л даван туулахыг эрдэмтэд зөвлөж байна. Яваандаа өвлийг биш зуныг, зуны нарны хорт туяаг хэрхэн даван туулах асуудал яриг­дах цаг тийм хол биш. Бай­галь нийгмийн байдлыг тү­рүүлж олж хардаг, илүү холыг сэтгэдэг  эрдэмтэд, сэтгүүлч­дийн хэлээд байгаа үгийг бусад салбарынхан байнга анхаарч байгууштай.