Танил найруулагч руугаа утас цохив. Шал өөр хүн утсыг нь аваад, “яг зураг авалттай байна, дараа залга” гэсэн өгүүлбэрээ хэлж ч амжилгүй тасалж байна. Бас нэг рүү нь залгавал эвлүүлэг хийгээд завгүй, нөгөө нэг нь дуу оруулаад боломжгүй гэх. Ихэнх нь холбоо харилцаа авах бололцоогүй байдалтай. Монголын киноныхны энэ зуны дүр зураг нэг иймэрхүү. Естой л “балай авсан” зун өнгөрөхөд үзэгчид монгол киногоор бялуурах “театр элээм” намар болох дог оо.

Ингэж хэлэхийн учир нь баттай мэдээллээр зөвхөн Тэнгис кино театрт л гэхэд ирэх сараас он дуусталх хугацаанд нийт 43 кино “оочер захиалан” мэдүүлгээ өгсөн байх юм. Дан монголын, дэлгэцийн бүтээлүүдийн тоог ярьж буй хэрэг шүү дээ. Мэдээж, эдгээр кинонууд урлал, үйлдвэрлэл, продюсингийн янз бүрийн шатанд явааг хэлэх хэрэгтэй. Заримынх нь ажил огт эхлээгүй байхыг ч үгүйсгэх аргагүй. Киноны “boom” болох төлөвөө урьдаас мэдчихсэн хашир продюсерүүд дарааллаа урьдчилаад захиалж байхаа ч ядахгүй ээ. Одоогоор тодорхой байгаа, үйлдвэрлэл нь эхэлсэн, дууссан, дундаа байгаа бүтээлүүдийг мөшгихөд лавтай 30 шахаж байгаагаас үзвэл дээрх тоо тун багцаатай аж.

Хоёр жилийн өмнөөс сураг нь дуулдах болсон “Аравт”-аа дуусгаад Д.Золбаяр найруулагч дараагийн киноныхоо ажил руу орчихож. Өвөр Монголын “Нүүдэл соёл” компаниий найруулагч У.Шагдарсүрэнтэй хамтран дэглэсэн Чингисийн арван цэргийн адал явдал, баатарлалын түүх хүлээлт ихтэй байгаа. Гавьяат жүжигчин “Хасар” Б.Жаргалсайхан, “Өвөрмонголын Чингис” гэгддэг, жүжигчин Б.Баасанжав зэрэг мундагуудыг тоглуулсан киногоо тэр техник, технологийн дээгүүр түвшинд хийсэн дуулдана лээ. Мань хүний гүйцэтгэлийг бусад найруулагч нар ч тун тоож, толгой дохидог. Тэгэхээр “Аравт” үзэгчдийн урмыг хугалахгүй л болов уу.  Харин “том” Золоогийн дараагийн ажил нь “Учиртай гурван толгой” гэнэ. Их зохиолчийн энэ мөхөшгүй бүтээл хоёр дахиа кино болох гэж байгаа нь энэ.

Дараагийн онцлох кино бол Германд уран бүтээлээ хийдэг найруулагч Д.Бямбасүрэнгийн “Чингисийн эр хоёр загал” юм. Уул нь энэ кино бүр ноднин хийгдээд, бараг л дэлхийг тойрч амжсан хэрнээ монгол үзэгчдийн хүртээл болоогүй. Найруулагч киноныхоо Монгол дахь нээлтийг ирэх сард төлөвлөсөн байна.

Түүхэн фонтой кинонууд цөөнгүй хийгдэж байгаагаас Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн, найруулагч Б.Цогтбаярын хийж байгаа “Богд хаан”, МАН-ын захиалгаар яруу найрагч Ж.Мөнхбатын зохиож, продюсерлэж байгаа “Долоон бурхан харвадаггүй”, “театрын” гэгддэг найруулагч Н.Болдын хийж байгаа “Тусгаар тогтнолын төлөө – Чойбалсан” зэргийг нэрлэж болно. Монголын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулагдсан “Богд хаан”-ы зохиолыг Төрийн шагналт Дарамын Батбаяр бичиж, “Тэнгэрийн ивээл” киногоороо танил болсон найруулагч Д.Батбаяр дэглэж байгаа бол Ардын хувьсгалын анхны долоогийн түүхийг өгүүлэх “Долоон бурхан харвадаггүй”-г "Logic film" студийнхэн гүйцэтгэж байгаа юм билээ.

Өнгөрч улирсан цаг хором бүхэн түүх болдог гэвэл “90 саяын” Гансүхийн намтар цадиг ч түүх юм. “Адам буюу хүчилтөрөгч”, “Диваажингаас амьдралд хүрэх зам” кинонуудаараа нэгэнт үзэгчдийн танил болсон найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээж байгаа “Бодлын хулгайч”-ийг тэгэхээр түүхэн кино гэж нэрлэж ч болно. “DOZ”-ын Дооёо (Ш.Доржсүрэн)-гийн Өвөрмонголын дуучин жаалыг урьж оролцуулан дүрсэлж буй “Хөх толбот хүмүүс”, найруулагч Д.Ганбатын Шведэд амьдардаг монголчуудын тухай “Цэлмэг тэнгэр”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Чингис хааны дүрийг бүтээсэн, дуучин А.Энхтайваны “Тэнгэрийн хүү” кинонуудад одоо, эртийн түүхийг үзүүлсэн объектууд бишгүй бий. Нэмж хэлэхэд “Бодлын хулгайч” киноны оператороор ажилласан н.Ангараг үүнийгээ дуусгаад шинэ кино руу орсон гэнэ лээ. Яг ямар кинон дээр ажиллаж байгааг нь олж мэдэж чадсангүй. Улсын нууц гэдэг шиг уран бүтээлийн нууц гэж бас бий шүү дээ.

Наадмын дараахан болсон Цагдаагийн байгууллагын ойн баярын үеэр Дарханы киночид “Зам” бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон бол ирэх намар цагдаагийн тухай хоёр ч кино гарах нь. “БНМАУ-ын төлөө зүтгэе”, “Үнсэлт” кинонуудаараа үзэгчдэд танигдсан Г.Бадамрагчаа “Цагдаагийн тангараг”-ийнхаа хоёрдугаарыг хийж байгаа бол “Уулын Төмөр”-өөр найруулагчийн зангаргаа таниулсан жүжигчин О.Бат-Өлзий нэр бүхий цагдаагийн хурандаагийн амьдралаас сэдэвлэсэн “Хоёр сарны солбицол” киногоо театрт өгөхөд бэлэн болсон байна. Драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнийн гол дүрийг нь бүтээсэн энэ кинонд хүний мөн чанар, нийгмийн хэв шинжийг түлхүү тусгасан бол Г.Бадамрагчаагийн кино өмнөхийнхөө үргэлжлэл болохоор цагдаагийн ажилтны ур чадвар, шийдвэр, тэсвэр тэвчээр хийгээд шударга чанарыг илэрхийлсэн болов уу гэж таамаглахаас аргагүй.

“Үхэж үл болно. Чингис хаан” киногоо хэлтэй, амтайхан дуусгасан Л.Эрдэнэбулган гавъяат шоронгийн амьдралын тухай “Хүнчин” киноныхоо нээлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхны ойн өдрөөр хийсэн бол яг энэ үеэр залуу жүжигчин Г.Анхбаяр “Франц үнсэлт” хэмээх трэйлэр цацав. Хэтийдсэн промошныхоо дэргэд хийсэн ажил нь жульдсан “Луйврын хот”-оор нь үзэгчид Г.Анхбаярыг андахгүй. Жүжигчин гэснээс, жүжигчдийн найруулгын ажлууд энэ намрын “кино парад”-ад бие даасан эгнээ болохоор болжээ. “Шинэ үе" продакшны захирал Бооёо (Н.Ариунболд)-гийн “Хайрыг харамла”, жүжигчин Б.Болдбаатарын “Найзууд” зэрэг жүжигчдийн туурвилууд “парад ахалж” байгаатай зэрэгцээд жүжигчин Ц.Төмөрхуяг, Н.Чинзориг нар ч тус тусын туурвилаа сойж яваа гэнэлээ. Энэ “төрлийн” буюу жүжигчдийн бүтээлийн тоонд саяхан нээлтээ хийсэн “ТВ коктэйль” хамтлагийн “Мөнгөний гахай”-г оруулалгүй болохгүй. Учир нь киногоо тус хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр найруулсан юм.
1980-аад онд бүтээгдсэн, Төрийн шагналт Б.Балжинням гуайн “Би чамд хайртай” киноны үргэлжлэлийг “Hero entertainment” хоёр жилийн өмнө хийж, үзэгчдээс магтаал, муушаалаа хангалттай сонссон. Үүний нэг адил өмнө хийгдээд, үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн киноны үргэлжлэл буюу ремикс туурвил энэ намар дахиад нэгээр нэмэгдэх нь. Энэ бол UBS телевизийн найруулагч Д.Отгонзаяагийн хийж байгаа “Мартагдашгүй намар”-ын үргэлжлэл. Оюутнууд намрын ургац хураалтын ажилд оролцдог байсан дээхнэ үеийн түүх өнөөдөр чухам хэрхэн үргэлжилж, цааш өрнөхийг уншигч та надаас биш, театраас “асуугаарай”.

Дүрслэлийн хэмжээст гурав дахь буюу өргөний хэмжээс нэмэгдсэн нь өнөөдөртөө кино урлагийн хамгийн сүүлчийн ололт. Энэ ололтоос манайхан ч хоцрохыг хүссэнгүй. 3D буюу гурван хэмжээстэй форматаар хоёр ч кино хийгдэж байгаагийн нэгийг залуу найруулагч, зохиолч А.Миеэгомбо бүтээж байна. Уран бүтээлийнхээ хажуугаар хурим найр гээд завгүй яваа тэрээр кинондоо хараахан нэр өгч амжаагүй гэнэ лээ. Гэхдээ л зураг авалт нь дуусаад, нэгэнт монтажиндаа орчихсон гэж гол дүрийг нь бүтээсэн жүжигчин Д.Түвшинтөр буюу Төтө хэвлэлд өгсөн ярицлагадаа хэлсэн байна лээ. Нөгөө нэг “гурав ди” нь “Помогите нам-3”. Үүнийг дуучин Т.Баясгалан продюсерлэж, жүжигчин Б.Навчаа найруулж байна. Өмнө нь вагонтойгоо гацаж, онгоцтойгоо сүйрсан азгүйчүүд энэ удаа усан онгоцноос “Бидэнд туслаач” гэж хашхирах нь ээ.

Кинонд зохиол чухал үүрэгтэй. Үүнийг хамгийнг сайн мэдэрдэг найруулагч бол “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”-ын автор, найруулагч З.Батболд. Тийм ч учраас тэрээр суут А.П.Чеховын өгүүллэгээс сэдэвлэн кино хийж буй. Нэр нь “Түшмэлийн үхэл”. Харин “Зөрлөг” кинонд сүүний наймаачны дүр бүтээж олонд танигдсан жүжигчин, найруулагч С.Баттулга “X түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүүг гол дүрээрээ авсан “Худалч залуу” киноныхоо зохиолыг өөрөө бичжээ. Түүний зохиол сюжет сайтай, киноныхны “драм” гэж нэрлэдэг зөрчилдөөнт өрнөл арвинтай болдгоороо онцлог. Цөөн үгээр хэлбэл, сайн зохиолтой залуу.

Энэ мэтчилэн, “хашир хандгай” Ж.Биндэр, Д.Ханьсаг, “Можух” Н.Эрдэнэбат нар, “Go” болон “Хувьсал” студиуд ч тус тусын туурвилдаа орсон сонстлоо. Дурдсан туурвилчдаас дутахгүй, уран бүтээлийн ажилд гарч тун магадгүй хүмүүст би “Орхидос”-ын хоёр цувралаа толилуулсан, “гитлер” гэгддэг Б.Ганболд, Драмын театрын найруулагч “Пара” буюу Н.Наранбаатар, МҮОНТ-ийн Ц.Байгалмаа нарыг нэрлэмээр байна. Өгүүллийнхээ чимэг болгон нэмж хэлэхэд, МҮОНТВ, SBN, MN25, TV5 телевизүүдийн “Өдөр өдрийн нар”, “Онцгой тушаал”, “Гэр”, “Ханилснаас илүү амраг”, “Би хайртай” зэрэг олон ангитууд энэ намрын “кино сезон”-ыг улам гоё болгоно.