Сэтгэлээ шүүдрийн ус мэт цэвэр байлгахыг хичээ. Сэтгэлээ цэвэр байлгавал бузар буртаг дунд ч ариунаар орших заяа тавилан сүүдэр эзнээ дагах адил чамайг дагана. Хорон муу санаа, хорсол зүхэл, атаа жөтөө, шунал тачаал зэрэг адгийн бузрыг сэтгэлээсээ арчин хаяж, ариусган цэвэрлэ. Сэтгэл бузартсан хүн зовлонгийн хөлгүй далай, зүдүүрийн элсэн цөлд хаягдсантай адил хөөрхийлөлтэй нэгэн болж, үйлийн үрээ гаслан цөхрөн эдлэнэ. “Ер нь сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдүүр дагадгийг үлгэрлэвэл ерөөс шар үхрийн араас үхэр тэрэг үргэлж дагахтай адил”.

Магтаал, муушаал хоёрыг адилхан хүлээж ав. Магтаал сонсвол хөөрч сагсуурах, өөлж хэлсэн ганц хоёр үгэнд өрвөлзөн уурлахын аль аль нь тун тааруухан зан. Тэнгэрт тултал магтлаа ч тэсвэртэй сонсож дотроо баярла, газар доогуур ортол мууллаа ч хүлээцтэй сонсож, хүлцэн тэвч. Магтаал сонсоод маадайн зогсох биш, үнэн магтаж байна уу, хөөргөн дэвэргэж байна уу гэдгийг тунгааж цэгнэн хүлээж авч сурвал хүнээ алдахгүй хүн чигээрээ байхад чинь тустай. Буруу бодолтой хүмүүсийн өнгөн дээрээ зөгийн бал мэт амттай уярам зөөлөн үг, үнэн хэрэгтээ өргөс халгайгаар ороолгох мэт ширүүн хатуу үгний өөд урууг ялгаж салгаж сурвал амьдралын их далайг алдаа багатай туулахад итгэлт нөхөр мэт цаг ямагт бат түшиг болно. Хүнийг эвдье гэвэл өөд уруугүй магтаад бай гэх үг бий. Магтаалд бялууран согтох нь архинд шунан согтохоос илүү хорлолтой. Архины хороос дөлж холдоход тийм ч хэцүү биш, магтаалын хороос зайлахад бэрх. Хоосон магтаалын шидэт цалманд оосорлогдсон хүн магтуулахгүйгээр байж сууж чадахаа больж, урьдын зөв төрхөө гээж, удаж төдөлгүй биеэ тоон эвдэрч, буруу зам руу хальтирна. Аливаа юм таарч тохирсон хэмжээтэй байдгийн адил магтаал ч хэмжээ хязгаартай, хамгийн гол нь үнэн бодитой байвал зохистой. Магтуулах сайн үйлс бүтээсэн бол хүмүүс чамайг магтан мандуулна. Харин сайшаал магтаалын сайхан үгсийг сагаж хөөрөлгүй, тайван амгалан, энгийн хэвийн сонсож сураарай. Өөрийг нь шүүмжилсэн үгсийг сонсоход хэнд ч таатай мэдрэмж төрдөггүй. Тэр тусмаа үнэнээс хол буюу ор үндэсгүй шүүмж дотор харлуулж, дургүй хүргэнэ. Муу хэлүүлж муухайгаараа дуудуулах нь ортой оргүй шүүмжлэл сонсохоос долоон дор. Хэн нэгнийг муу хэлэхийн уг үндэс, угсаа язгуур нь ямар боловч сайхан сэтгэл, энэрэл хайраас үүдэлтэй биш, муутгаж дордуулах хорон санааны угшилтай хорт муу зүйл. Муу хэлүүлэх шалтаг шалтгаан аль болох гаргахгүй байхыг хичээ. Бусдыг муулах дон шүглэсэн хүмүүс өндгөн дотроос ч яс олох мэт өөлж муучлах үгээ яаж ийгээд олох болохоор тэдний хэлсэн ярьсанд цочирдон сандарч, сэтгэлээ чилээхгүй байхыг бод. Хийгээгүй зүйл, хэлээгүй үгсийн төлөө буруутган муулж, гүжирдэн гүтгэхэд чихээ таглан, амаа хамхин суух аваас номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг номхчилон улам бүр дээрэлхэх вий. “Хорон хэл ам буунаас ч аймшигтай байдаг юм”. Цусгүй алах гүтгэлэгт таарсан хариуг тохирсон тунгаар өгч, өөрийн нэр төрөө өндгөө дарсан шувуу мэт хамгаалах чадвартай байцгаа. Сэтгэлдээ хорсол занал өвөрлөн хадгалж, шүдээ зуун зүхэж, дуусч дундаршгүй өс санах нь сайн юманд хүргэхгүй, өөрийгөө тамлан зовоохоос өөр юу ч авчрахгүй. Чамайг муулсан үгсийг дам дамаа сонсвол эгдүүцэхээсээ урьд эрэгцүүлэн сайн бодоорой. Магадгүй чамд зайлуулах муу зуршил, засах муухай зан байгаа ч юм билүү? Сайн санаж ил хэлсэн шүүмж үгсийг сайтар тунгаан хүлээж ав. Дотор харанхуйлтал доош хийн чамайг мууллаа ч дээш цойлж, тэнгэрийн одод мэт гялалз. Муу үг модон улаатай ч түүнийг унжийж урвайлгүй, магтаалын нэгэн адил тайван амгалан, энгийн хэвийн сонсож сураарай. Уул толгод салхи шуурганд эс ганхахын нэгэн адил ухаантай хүн сайлах хийгээд муулахад эс автагддагийг сайтар санаж явбал чамд хэрэгтэй.

Цуу үг цулбуургүй гэдэг. Сайн, муу цуу үгийг үл тоомсорло. Хэн хэлсэн нь үл танигдах, хэзээ хэлсэн нь үл мэдэгдэх цуу үгээр үг хийж, бодлоо түйвээж, сэтгэлээ хямруулах хэрэггүй. Салхиар тархах цуу үгсэнд санаа зовж, сэтгэл гутрах бүр ч хэрэггүй. Дамын үг дамжигтай, дамжсан үг сэжигтэй байдаг тул ам дамжсан цуу яриаг чихэр мэт амттай байсан ч, цөс мэт гашуун байсан ч ялгаагүй сэтгэлдээ тогтоон бүү хадгал, нэг чихээр оруулаад нөгөөгөөр гаргаж сурцгаа.

Цэцэн, тэнэг хэнийг ч болов ялгалгүй, баян ядуу, дээдэс дордос хэнтэй ч болов алагчлалгүй харьц. Нэрт яруу найрагч нутгийн чинээлэг залуутай салхилж явжээ. Тэдэнтэй нэгэн шударга гүндүүгүй байрын эр зөрж өнгөрөхөд яруу найрагч хүндэтгэн мэндэлж, эелдгээр ярилцав. Тэгтэл хамт явсан омголон залуу нь биднээс зиндаа доогуур энэ хүнд бөхөлзөн тонголзох ямар хэрэгтэй юм бэ гэж зэмлэв. Үүнийг сонссон найрагч чанга дуугаар “чи ер нь ямар балай тэнэг гэгч вэ? Би ноорхой гадуур хувцас, цоорхой малгайд яриа өдөөгүй. Мэдээж маажгий гуталд ам нээгээгүй. Би түүн дотор байгаа эрхэм хүнтэй ярилцсан юм. Тэгээд зогсохгүй тэр эр чи бид хоёр байтугай хэнээс ч илүү жин дарах үнэ цэнэтэй хүн байхыг хэн мэдэх юм бэ?” гэж зандрав. Ил харагдах зүс царай, эгэлдэргэлж өмссөн хувцсаар нь бусдыг алагчлан үзэх нь боловсрол хүмүүжилтэй, боловсон зөв хүний зан араншин яавч биш. Орчлонгийн хүмүүс гаднах төрхөөрөө ондоо өөр байдгийн адил зан ааш нь ч ондоо өөр. Хүмүүсийн муу муухай зан араншингийн дотроос зусар бялдууч зан адгийнх нь. Бялдуучид өөрөөсөө дээших баян чинээлэг болон ихэс дээдсийн өлмийд нь сөгдөж, гутлыг нь долоохоос холгүй тал засан саймширах мөртлөө ядарч зүдэрсэн ядуу доодсыг өчүүхэн өт хорхой мэт үзэх арчаагүй алаг үзэлтэй. Бялдууч нар дарга даамлынхаа хэлж ярьж байгаа буруу зүйл, хийж үйлдэж буй бусармаг үйлдэл бүгдийг бурхны таалал мэт зөв, дарга даамлынхаа эсрэг хэн нэгний хэлж байгаа үнэн үг, хийж байгаа зөв үйлдэл бүхнийг буг чөтгөрийн хорлол мэт буруу гэж үзнэ. Өргөмж нэр төр, өчүүхэн эрх ашгийн төлөө төрсөн ахыгаа ч худалдахад бэлэн, хүн бүхний дургүйг хүргэсэн хөгийн зусарч амьтдаас холын хол явбал чамд өлзийтэй. “Бялангачдаас зугатах хэрэгтэй. Тэд бол зүсээ хувилгасан хулгайчид юм”. Бялдуучлан зулгуйдах тал засагчийг хөндлөнгөөс харахад огиудас хүрэм, ой гутам муухай. Дээрэлхүү зан бялдуучаас дээрдэх юмгүй. Доодсыг дээрэлхэх дээрэнгүй зан дорой ухамсар, буурай боловсролын ил үзэгдэх буртаг. Дээрэлхүү хүнийг хөндлөнгөөс харахад дургүй хүрэм, зэвүү төрөм муухай.

Хүндэтгэх, эс хүндэтгэх алинд нь ч сэтгэл хоёрдохгүй бай. Алдар хүндтэй хүмүүсээ дээдлэн хүндэтгэх нь хаа газрын ариун ёс. Хүндэтгэл эдэлж, хайр татах сайн үйлс бүтээсэн бол хүссэн хүсээгүй чамайг хүрээлэн хүндлэнэ. Хүндэтгэл хүлээнэ гэдэг бахархам сайн үйлс, нэр төрийн хэрэг. Хүндэтгэл хүртэж болно, харин хүндэтгэлийг дааж хадгалах амаргүй. Хаврын цас шиг хайлан алга болох хүндэтгэл байхад хад чулуу мэт бөх бат хадгалагдах хүндлэл бий. Хүндэтгүүлэх учир шалтгаан үгүй болвол хүндэтгэл алга урвуулах төдийд салхинд хийсэх мэт үгүй болно. Хүндэтгүүлэх учир шалтгаанаа хадгалж яваа хүн хайр хүндэтгэлийн нэр төртэй эзэн байсаар байна. Хүндэтгэл хүлээж түүнийгээ хадгалж явна гэдэг хэцүү боловч агуу зүйл. Хүмүүс өөрийг чинь хүндэлж байх үед онгирч хөөрөх хэрэггүй, хүндлэхээ болихын цагт гуниж гутрах бүр ч хэрэггүй. Хүндэтгэлээ ч, эс хүндэтгэлээ ч түүнийг дагаж цагийн дүүжин мэт савлахгүй тайван тогтуун байвал санаа амар, сэтгэл түвшин.

Бусдын гэм алдааг доог тохуу битгий болго. Бусдын гэм алдааг доог тохуу хийгсдийг сайн хүн гэх аргагүй. Сайн хүн хазайсныг түших, хальтирсныг тосох, алдсаныг уучлах өгөөмөр нинжин сэтгэлтэй байдаг юм. Алдаанаас ангид хүн үгүй. Алдаагаа ухаарах нь дахин алдахгүйн урьдач нөхцөл, ухаалаг үйлдэл. Алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй муйхарлагч дараагийн том алдаандаа эрчимтэй бэлдэж байгаа мунхаг. Бусдын зовлон дээр өөрийн жаргалыг цогцлоож болохгүйн адил бусдын гэм алдааг доог тохуу болгон элэглэж, сэтгэл дотроо баясан цэнгэвэл нүгэл болно. Алдааг ил хэлж, гэмийг засч байгаа хүн итгэлт сайн нөхөр, алдааг нууж ар худрагаар нь ам хэлээ билүүдэж яваа хүн дайсагнах дайсан биш юмаа гэхэд нөхөрлөх нөхөр яасан ч биш.

Сэтгэлдээ хир халдааж, тортог суулгахгүй, бодь сэтгэлтэй, бодол санаа зөв явбал бузар буртаг дунд ч ариунаар оршино.