Яаж ч үгүйсгээд мэдлэг боловсрол, улстөрийн туршлага, ёс суртахууны хувьд Монголын улстөрд байх ёстой хүмүүсийн л тоонд багтах гурван залуу сайдын нэр Оюутолгойн гэрээтэй байнга холбогддог. Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар Оюутолгойн гэрээг хийсэн учраас тэр байх. Ерөнхий сайдын үүрэг, Засгийн газрын зөвшөөрлөөр гэрээг гардаж, дараа нь гарын үсэг зурсан хэдий ч, Оюутолгойн гэрээний гай, гавьяаны аль алинд энэ гурван сайдын нэр хүссэн хүсээгүй холбогдоно. Эдгээр холбоосын дунд бодитой нь бий, улс төрийн зорилготой нь бас бий. Энэ бүхэнд хийсэн гэрээнийхээ агуулгаас бултаж, бусад руу бухаж, бас “бидний зөв” гэж тэс зөрүүдэлсэн үйлдэл гурван сайдын хэнээс нь ч гараагүй. Буулт хийх үедээ хийж, байр сууриа хамгаалах газраа хамгаалж, сайдаас огцрох эсэхээ хүртэл парламентаар шийдүүлээд л явж ирсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд ардчиллыг энхтайвнаар авчирсан шигээ монгол төрийн ажил ч ардчиллын зарчмаар, яриа хэлэлцээний замаар явдаг.  Оюутолгой өөрөө дэлхийн хэмжээний том орд, төсөл нь Монголын эдийн засгийн гол хөшүүрэг болсон учраас түүнийг зогсоох замаар Засгийн газрыг унагах, улстөрийн өшөө авах улстөржилт хааяа явдаг л юм. Тэр бүхнийг бас л хөндлөнгийн оролцоогүйгээр, Монгол дотроо, монголчууд өөрсдөө шийддэг.

 Гэтэл “Оюутолгой” компанийн тэргүүн дэд захирал А.Мөнхбатын уржигдар хийсэн мэдэгдэл олон хүний эгдүүг хүргэлээ. Тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Засгийн газар Оюутолгойн орд дахь Монголын талын эзэмшлийг 50 хувьд хүргэх шийдвэр гаргавал хөрөнгө оруулагчид олон улсын арбитрт хандах магадлалтай” гэж мэдэгджээ. Энэ монгол эрхэм хашиж байгаа албан тушаалынхаа хувьд компаниа төлөөлөх эрхтэйг ойлгоно. Ийм сүртэй мэдэгдлийг хөрөнгө оруулагчидтайгаа зөвшилцөхгүйгээр хийхгүйг ч мэдэж байна. Оюутолгой бол улс төрийн савалгаагаар зогсох ёсгүй төсөл гэдэгтэй монголчууд нийтээрээ санал нэгдэнэ. Харин тэргүүн дэд захирлын  хийсэн мэдэгдлийг нь юу гэж ойлгох вэ. Арбитраар айлгаж байгаа нь УИХ, Засгийн газарт үзүүлж буй шантааж гэж ойлгох уу. Монголын төрийн дотоод хэрэгт оролцох гэсэн оролдлого уу. Эсвэл урьдчилан сануулан зөвлөж байгаа  сайхан сэтгэл үү. Аль нь ч байсан тэдний мэдэгдэл түргэдлээ, илүүдлээ. 

УИХ-ын нэр бүхий 21 гишүүн Оюутолгойн гэрээг засахыг Засгийн газраас шаардсан. Тэднийхээр баялгийн эзэн-монголчууд 34-хөн хувь эзэмших нь шударга ёсонд нийцэхгүй. Үүнийг УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу 50 хувьд хүргэх. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг гэрээнд 30 жилээр тогтоосон нь хэтэрхий урт. Үүнийг 2-4 жил гэж тогтоох шаардлагыг Ерөнхий сайдад гардуулсан. Энгийн ухамсрын төвшинд харахад тэдний шаардлага шударга ёсонд үнэхээр нийцнэ. Эдийн засгийн утгаар нь нарийн харвал ямар байдгийг сайн мэдэхгүй. Энийг шаардлага тавьсан 21 гишүүн, шаардлага хүлээн авсан Засгийн газар харилцан ойлголцож шийднэ. Заавал хөндлөнгийн шантаажинд өртөхгүйгээр, дотроо сэлэм эргүүлэхгүйгээр, эхлүүлсэн төслөө зогсоохгүйгээр  шийдэх чадвар, туршлага аль аль талд нь бий. Харин энд “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагчдын хөндлөнгийн нөлөө, арбитраар айлгасан шантааж илүү юм биш үү. Оюутолгойн хөрөнгө оруулагчид дэлхийн хэмжээний том компани мөн боловч, бүрэн эрхт тусгаар тогтносон улсын төрийн дотоод хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролддог хэмжээгүй дархан эрхтэй нэгэн биш билээ. Том компанийн бизнесийн соёл нь хаачив аа. Хөрөнгө оруулагчдынх нь нэг захирал тэнд “Монголын “улстөрчид бүү шуналт” гэж мэдэгдсэн, өөрсдийнх нь тайлбараар сэтгүүлчийн алдаа  гэх дуулиан замхарч амжаагүй байхад УИХ-ын намрын чуулган дөнгөж эхэлсэн эхний өдөр энд нэг захирал нь арбитраар айлгаж байгаагаас лав бизнесийн соёл, дэлхийн хэмжээний компанийн зангараг харагдсангүй. Гишүүд шаадлага тавилаа гээд Оюутолгойн гэрээний үйлчлэл зогсч, Өмнөговьд ажил гацчихаагүй. Хэрвээ монголчууд хөрөнгө оруулагчдыг солих болж, гэрээнд засвар оруулсан шийдвэр Засгийн газраас эцсийн байдлаар гарчихсан бол өөр хэрэг. Тэдний яарч сандарч байгааг ойлгож болно. Арбитрт хандсан ч буруутгахгүй. Харин асуудал дөнгөж эхэлж байхад хийсэн тэргүүн дэд захирлын мэдэгдэл нь “айсан хүнд аргал хүртэл хөдөлнө” гэдэгтэй адил санагдаж байна.

Оюутолгойн гэрээн дээр Монголын төр засаг бодлогоо нэгдмэл болгох ёстой юу гэвэл ёстой. УИХ нь болохоор Монголын талын эзэмшил 50-иас доошгүй хувь байхыг тогтоолоор зааж өгсөн. Гэтэл УИХ-аас томилогдсон Засгийн газар нь монголчуудын эзэмшил 34 хувь байхаар гэрээ байгуулчихсан. Хуулиараа харвал Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ болохыг Үндсэн хуульд заасан. Нэгдмэл удирдлагатай нэгдсэн улсын парламент, Засгийн газар хоёр нь ийм том орд дээр хоёр өөр тоотой удаан явж болохгүй. Хэрвээ Оюутолгойн гэрээг жишиг гэж үзвэл цаашид Тавантолгой болон бусад орд дээр ч гэсэн парламент, Засгийн газар хоёр тус тусдаа бие даасан тоглолт хийх болж байна уу. Болохгүй учраас, бодлогоо нэг болгохын тулд гишүүд шаардлага тавьж Засгийн газар хөрөнгө оруулагчдыг хэлэлцээрт урьсан. Асуудал дөнгөж эхэлж байна. Төрийн түшээд нь энд төрийн ажлаа хэлэлцэж, компанийнхан нь тэнд орд дээр ажлаа хийж явах ёстой. Хөрөнгө оруулагчид хувь хэмжээнд санаа тавихаасаа өмнө орд дээр ажиллах монгол ажилчдын тоо, тэдний амьдрах орчинд сэтгэл дутаж байгаагаа засвал компанийн эерэг PR-т л нэмэртэй. Гэрээгээр хүлээсэн, нийт ажилчидтай нь харьцуулбал тэнд ажиллаж байгаа цөөхөн монголчуудын ажиллах, амьдрах орчныг ядаж л зэргэлдээ орших “Энержи ресурс”-ын Ухаахудаг уурхайн төвшинд хүргэчихээд  монголчуудад, Монголын төрд асуудал тавибал арай чих зөөлөн хүлээж авна. Гэтэл тиймгүйг улсын Ерөнхийлөгч саяхан “Оюутолгойд ажилладаг монголчуудыг хугацаат цэргийн алба хааж байгаа юм шиг амьдруулдгийг болиулах, шаардах хэрэгтэй” гэж хэлснээс бэлээхэн харж болох юм. Оюутолгойн монгол ажилчдын ажиллах орчны талаархи үнэлэмж хамгийн дээд төвшиндөө буюу төрийн тэргүүний хэмжээнд л иймэрхүү байгааг хөрөнгө оруулагчид юу гэж хүлээж авч байгаа бол оо.  Өөрөөр хэлбэл, баялгийг нь хамтран ашиглах гэж  байгаа монголчуудад, монгол ажилчдад ингэж сэтгэлгүй, гар татан хандаж байгаа нь байгуулсан гэрээгээ үнэгүйдүүлэх, улстөрчдөд улс төрийн шалтгаан болгох далимыг далимыг хөрөнгө оруулагчид өөрсдөө бий болгож байна.