Хаягдсан ирээдүй буюу Хонгорын эмгэнэлт түүх

Одоогоос дөрвөн жил гаруйн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор хэмээх бэсрэгхэн суманд төрөлхийн гажигтай нярай, мал, амьтны согогтой үр төл гарч, хүмүүс олноороо сэжигтэйгээр өвчилж эхэлснээр химийн аюулт хордлогын тухай түгшүүрт мэдээ Монголчууд биднийг нөмөрсөн. Хонгор сумын Засаг даргаар ажиллаж байсан нэгэн хэнэггүй эр ашиг хайж Монголд ирсэн гадны иргэдтэй нийлж мөнгөн ус, цианид натри хэмээх онц хортой химийн бодисуудаар алт угааж нутгийн хөрс, ундны ус, агаарыг хордуулснаар “Хонгорчуудын” гэх эмгэнэлт түүх эхэлсэн юм.

Хонгорт хордлого гамшиг нүүрэлснээс хойш олон хүүхэд өнчирч, олон эхнэр, нөхөр бэлэвсэрч, олон хүн цэл залуухнаараа хайртай хүмүүсийнхээ элгийг эмтэлсээр нөгөө ертөнц рүү цаг бусаар одсон байдаг. Гэнэтийн огцом цус харвалт, санаандгүй хурдацтай тархах хорт хавдраар хэдэн арван хүн өвчилж, алтан амиа алджээ. Хордлого гарахаас өмнө 3000 гаруй хүнтэй байсан Хонгор суманд өнөөдөр 1000 гаруйхан иргэд чадал муутайдаа амьдралын гашуун үнэний өмнө өвдөг сөгдөж, хордлогын голомтод бөртийтлөө үлджээ.

Тэдний дунд өнөөдөр 20 гаруй хүн хорт хавдраар шаналж байна. Монголын маргаашийг тээж явсан 60 гаруй ээж алаг үрсээ хорвоод мэндлэхээс нь өмнө төрүүлж чадалгүй алджээ. Бас 10 шахам, этгээд гаж төрөлт бүртгэгдэж. Энэ бол цөөн хүнтэй бэсрэгхэн суманд байж боломгүй, тэр дундаа эрүүл унаган байгалиа шүтэж амьдарч ирсэн Монголчууд бидний дунд урьд өмнө тохиолдож байгаагүй аймшиг, эмгэнэл, харуусал.

Хонгорчуудын дунд толгой нь өвддөггүй эрүүл хүн гэж бараг үгүй гэдэг. Хүнд халдварладаггүй гэх улаан нилий туурсан хордлогыг нь Монголын эмч нар “хамуу” гэж оношилдог. Доромжлол түүгээр зогссонгүй Хонгорын таван хүн тутмын нэг нь бэлгийн замын өвчтэй гэж даапаалсан байдаг. Сумын дарга, удирдлагууд нь хүртэл Хонгортоо амьдардаггүй, аймгийн төвөөсөө ажилдаа ирж очдог Хонгорынхныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “хордоогүй ээ” хэмээн тогтоосон гэж хээв нэг хэлэх албан тушаалтнуудын арчаагүй төрх хордсон иргэдийн амьдрах хүслэнг хором хормоор боймлож байна.

Монголын төр, монголчууд бид өнөөдөр ингэтлээ хүн чанараа гээчихсэн юм гэж үү?
Хонгор суманд ээж аавтайгаа элэг бүтэн амьдарч байгаад, ид  цэцэглэж явсан, ирээдүйгээ сайн сайхнаар мөрөөдөж байсан, даанч хорт хавдар тусаад бидний дунд эзгүйрэн амь насаа алдсан 22-хон настай Монгол бүсгүйн өмнөөс,

Хорт хавдраар өвөөгөө алдаад одоо өөрөө мөнөөх л муу ёрын өвчинд нэрвэгдэн шаналж байгаа дөрөвхөн настай балчир Монгол охины өмнөөс,

Гуравхан жилийн дотор гэр бүлийнхээ хайртай дотны хүмүүсээ жил дараалан алдаад шаналж цөхрөн хагацал гэгчийн үйл тамыг эдэлж буй Монгол ээжийн өмнөөс,

Цэл залуухан эрүүл чийрэг тамирчин яваад химийн хордлогод өртөж, өнөө маргаашаа хүлээн шанаагаа түлэгдтэл нулимсаа урсган байгаа хижээл насны Монгол эрийн өмнөөс,

Гомдож цөхөрсөн ч гэлээ Монгол хүний жудаг нэхэн, нүүлгээд өгөх байлгүй дээ, эмчлээд өгөх байлгүй дээ гэх итгэлээ гээж чадахгүй яваа Монгол Улсын иргэд Хонгорчуудын өмнөөс,

Асуухгүй байж үнэхээр чадахгүй байна!
“Хонгорчууд хордсон уу гэвэл хордсоон, юу үнэн гэвэл тэр үнэн” гэж төрийн нэрийн өмнөөс тэр үеийн Ерөнхий сайд нь хүртэл хүлцэл өчин уучлал гуйгаад байхад яагаад өнөөг хүртэл Монголын эмч нар Хонгорчуудын хордсоныг зөвшөөрөхгүй, шүүх гомдлыг нь хэрэгсэхгүй, албан тушаалтнууд зовлонг нь нимгэлэлцэхийг хүсэхгүй байгаа юм бэ?

 Бидний нэгэн адил эрхтэй Монгол Улсын иргэд Хонгор сумынхан яагаад энэ төрийн “нүдэнд торсон хог”, “шүдэнд орсон мах” шиг гадуурхагдана вэ? Бидэнд айдасгүй амьдрах итгэл үнэмшил байна уу? Бидний эргэн тойронд Хонгорын түүх давтагдахгүй, Монголын төр хордсон, хохирсон бусад иргэдээ ч Хонгорчуудыг хаяж байгаа шигээ үл тоомсорлон орхихгүй гэх баталгаа байна уу?


Баталгаагүй ирээдүй буюу хаа сайгүй Хонгор

Харамсалтай нь дээрх гашуун бөгөөд эмгэнэлт түүх Хонгор сумынхны гамшиг  төдий зүйл биш ээ. Монгол Улсын 21 аймаг, 330 сум сууринд энэ бүх аюул гамшиг нүүрлэхгүй гэх баталгаа алга байна.

Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Архангай, Орхон, Улаанбаатар… гээд химийн хорт бодис илрээгүй, агаар хөрс нь бохирдоогүй газар нутаг гэж Монголд бараг үлдсэнгүй. Чухамдаа бид гаднаасаа дайсанд автаж бус дотроосоо хоронд идэгдэж мөхөх аюулыг зөгнөх бус уу?

Монголын хаана ч амьдарч байгаа хэнд ч гэсэн Хонгорчуудын гашуун түүхийг маргаашаараа туулахгүй, гачлант зовлонг нь өөрийн биеэр амсахгүй гэх баталгаа алга. Зөвхөн Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд гэхэд долоо хоног тутам төрөлхийн гажигтай, зүрх шимшрэм царай төрхтэй хүүхдүүд “мэндэлж”, цаашлаад ураг гэдсэндээ амьгүй болох, хугацаанаасаа өмнө зулбах явдал өдөр бүр нэмэгдэж байгааг эмч нар халаглан ярьж байна.

Монголын төрд энэ тухай нэгдсэн тодорхой тоо байгаа эсэх нь эргэлзээтэй, байсан ч албан тушаалтнууд энэ үнэнийг ард түмэндээ хэлэхээс цааргалсаар байна. 

Нийслэлийн нэг иргэн жилдээ 317 кг шахам хортой бодисоор амьсгалдаг гэсэг тооцоо байдаг. Туул голын орчмоос, мөн алтны үндсэн ордтой газруудын эргэн тойронд ч хаа сайгүй “хүнцэл” хэмээх хаан хор ус, хөрснөөс илрэх болж.

Бид амьдралын эх булаг болсон хоол хүнсээрээ дамжуулан ямар хэмжээний “хор” идэж ууж байгааг тогтоох бололцоо байхгүй гэж хэлж болно. Монгол төмс хүнсний ногооны үйлдвэрлэл өсч, дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ хангаж эхэлсэн нь сайн хэрэг боловч үүний цаана ямар химийн бордоо, хортон шавьж устгагч хэрэглэсэн, чухамхүү хоол биш хор хэрэглэж байгааг таамаглах аргагүй. Монголд 57 төрлийн химийн бордоог гурван яамны сайдын хамтарсан тушаалаар баталсны дагуу газар тариаланд хэрэглэж байгаа гэх боловч тэдгээрийн бараг 90 хувийнх нь тун хэмжээ эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх хэмжээнд байгаа эсэхийг тогтоох лаборатори Монгол Улсын хэмжээнд ганц ч байхгүй байна.

Гэтэл газар тариалан эрхэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь мэргэжлийн бус, химийн бордооны хэрэглээний талаар ямар ч сургалтад хамрагдаж байгаагүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.

Бидний өдөр тутам ууж хэрэглэдэг хуванцар савтай ундаа халуунд халж, хүйтэнд хөрөхөд л савнаас нь олон төрлийн хортой бодис дотор нь савласан хүнсний бүтээгдэхүүнд шингэх аюултай. Үүнээс сэргийлэхийн тулд хуванцар саванд орсон химийн бодисын найрлага стандартын хатуу шаардлагад нийцсэн байх ёстой. Гэтэл манайд ундаа үйлдвэрлэж, савлаж байгаа үйлдвэрүүдэд тэр найрлагыг хянаж тогтоох лабораторитай үйлдвэр байхгүй.

Цаашилбал, хил гаалиар нэвтрүүлж байгаа тэсрэх бодисын эргэлт, хяналтгүй хэрэглээ, зам тээврийн осол гэмтэл, гэмт хэргийн харгис хэрцгий догшрол гээд нэг бүрчлэн өгүүлбэл бидний хэнд маань ч эрүүл, аюулгүй амьдрах, хийж бүтээхийн баяр баясгаланг эдэлж урт насална гэх баталгаа тун эргэлзээтэй байна.

Гэхдээ энэ бүх гашуун үнэн, бараан баримтуудыг хүмүүсийг айлгахын тулд тоочсонгүй. Харин бид амьдралын өдөр тутмын бодит үнэнээс зугтах бус нүүр тулж, ирээдүйгээ баталгаатай, илүү гэрэл гэгээтэй болгохын төлөө бүгдээрээ хамтдаа санаа тавих, шийдвэртэй алхам хийх цаг болжээ гэдгийг хүмүүст сануулахыг хүссэн юм.

Амьдрал, хүн байгаль хоёрын харилцан шүтэлцээн дээр тогтдог. Монголд болж байгаа экологийн сүйрлийн талаар бид хүний аюулгүй байдалд заналхийлж байгаагаас дутуугүй ноцтой баримтуудыг өгүүлж болно. Цөөн тоо дурдахад сүүлийн жилүүдэд Монголын 2621 том жижиг гол, горхи, нуур тойром ширгэж,  газар нугийн 88 хувь нь дундаас дээш эрчимтэй цөлжилтөд өртөж, 200 гаруй нэр төрлийн амьтан, ургамал устаж үгүй болох аюулын ирмэгт ирээд байна. Газар хөдлөлт, байгаль цаг уурын гамшгийн давтамж нэмэгдсээр байна. Ийм байтал бид байгаль эхээ аврах бүү хэл ашиг хайж сэндийчиж хаясан газар шороогоо ч тэгшлэхгүй орхисоор байна. Цаашид энэ хэвээр үргэлжилсээр байвал бидний үе үеэрээ хайрлан шүтэж ирсэн унаган байгаль, сайхан Монгол орон маань улаан шороо эргэсэн дайны талбар мэт болохгүй гэх баталгаа алгаа.

Эзэнгүй ирээдүй буюу төөрөлдсөн төр   

Монгол Улсад ийнхүү хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл баталгаагүй болсоор байхад Монголын төр чухам юу хийж байна вэ?  Иргэд нь илүү харж, билүү долоох гэсэндээ биш ердөө л идэх хоол, өмсөх хувцасны төлөө, эгэл бор амьдралаа залгуулахын төлөө эрүүл мэндээ золиослож, үр удмаараа мөхөх эрсдэл хийн амь зууж байхад энэ бүх хүмүүсийн өмнө үүрэг хүлээсэн төр, хамгаалах ёстой засаг нь хаана, юу хийж явна вэ? Монгол хэрвээ Ардчилсан орон л юм бол өнөөх ард түмний төрүүлсэн, ард түмний төлөөх, ард түмний засаг хаана байна?

Амьдрал огтын бэрхшээлгүй байна гэж үгүй. Хамгийн гол нь зовлон учрахад шийдэх гарц нь харагдаж байгаа бол хүн сэтгэл тайван байж, итгэлтэй амьдардаг. Тиймээс л бидэнд айдасгүй амьдрах итгэл хэрэгтэй. Гэтэл өнөөдөр бидэнд гэгээлэг маргаашийн төлөө хэн нэгэнд, тэр дундаа төр засагт итгэж  найдах шалтгаан байна уу?

Уул уурхайн өсөлт дагасан хүн, байгалийн хэт эмзэгшил, аймшигт халуурал  байдлыг улам бүр хүндрүүлсээр байхад төрөөс энэ бүхнийг шийдэх дорвитой арга хэмжээ авахгүй, авч чадахгүй байсаар байна. Хүнсний аюулгүй байдлын лаборатори байгуулах, химийн хортой, аюултай бодисыг хадгалах, устгах байгууламж барих гээд аюулгүй байдалтай холбоотой олон асуудал улсын төсөв батлагдахад Сангийн яам болон УИХ-ын дэмжлэг авалгүй үлдсээр хэдэн жилийн нүүр үзжээ.

Шуудхан хэлэхэд Монголын төр засаг, улс төрчид сүүлийн хэдэн жилд стратегийн гэж нэрлэгдэх хэдэн ордууддаа төр хэдэн хувийг эзэмших, үлдсэн хэсгийг гадаадын хэдэн оронд хэрхэн хувааж эзэмшүүлэх, төрийн мэдлийн хэдэн компаниудаа гадны менежментэд хэрхэн шилжүүлэх, уул уурхайгаа барьцаалж ирээдүйгээсээ зээлж авсан мөнгөө хэрхэн тараах тухай л хэдэн биетэйгээ маргасаар алтан цагийг үрлээ. Ард түмний боломжоос хугасаллаа.

Монгол хүн эх орондоо баялаг бүтээхэд эзний ёсоор оролцож байж бүтээсэн баялгийнхаа жинхэнэ эзэн нь болно. Тэр цагт Монголын эдийн засаг монголчуудын гарт, бидний ирээдүйн талд байна.

Гэтэл аль томхон бизнесийн салбар бүрийг төрд, эсвэл гадныханд өгөх, өөрийн иргэдээ уурхайн хөлсний ажилчин, эсвэл уул уурхай дагасан жижиг бизнес эрхлэгчид, бас хишиг горьдож алгаа тосогчид төдийгөөр төсөөлөх өнөөгийн Засгийн газрын бодлогыг юу гэж дүгнэлтэй билээ?! Монголын эдийн засаг Монголын төрөөр дамжин Монголчуудын олонхийн мэдлээс улам гарсаар байна биш үү?

    Уул уурхай давамгайлсан эдийн засгийн нэг тулгууртай өрөөл доголон бүтэц манай эдийн засгийг бүхэлд нь нэг орны зах зээлээс хараат болгоход хөтөлж байна. Таван толгойн ордыг ашиглах асуудлаар Засгийн газраас орж ирж байгаа эхний саналууд бид энэ хараат байдалдаа хэрхэн хүлэгдэх болсныг гэрчилнэ. Эдийн засгийн энэ эмзэгшсэн байдлыг бууруулах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, хүний хөгжлийг дэмжих зорилгоор бусад салбарыг хөгжүүлэх тухай асуудал их сайндаа л ярианы түвшнээс хэтрэхгүй, цаашлаад үүнд чиглэсэн үр дүнтэй алхам ч өнөөг хүртэл хийгдэхгүй байна. Эдийн засгийн аюулгүй байдал санаа зовохгүй байхын аргагүйд цаг иржээ...!

Үнэн хэрэгтээ төр эдийн засагт хэт хутгалдаж байгаа нь үндсэн үүргээ умартах, үндэсний аюулгүй байдалд төр өөрөө сөрөг нөлөө үзүүлэхэд хүрсний нэгэн том шалтгаан. Нобелийн шагналт нэрт эдийн засагч Жеймс Бучанан эдийн засаг дахь төрийн оролцоотой холбоотой гурван нөхцлийг байнга санаж байхыг уриалсан байдаг. Нэгд, төр эдийн засагт зөвхөн зах зээлийн гажуудлыг засах зорилгоор оролцох. Хоёрт, шийдвэр гаргагчид эдийн засгийн үйл ажиллагаанд оролцохдоо хувийн сонирхлоо хойш тавих. Гуравт, төрийн оролцоо нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг орвонгоор нь өөрчилж чаддаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх. Манайд өнөөдөр төр бараг л үүний эсрэгээр ажиллаж байна гэж хэлж болохоор байна.

Айдасгүй ирээдүй хийгээд ард түмний төлөө төрийг
хэрхэн буй болгох вэ?

Үндэсний аюулгүй байдал, хүний аюулгүй амьдралд заналхийлсэн дээрхийн адил жишээ баримтууд олныг өгүүлж болно. Монголын ирээдүйг айдаст автуулж байгаа эдгээр асуудлуудын уг үндэс нь юунд байна вэ? Аюулгүй байдлыг сахиулах нь хэний үүрэг вэ? Төрийн үү? Иргэний юу?

Ардчилсан нийгэмд иргэдийн саналаар байгуулагдаж, иргэдийн мөнгөөр санхүүждэг төрийн юугаар ч орлуулах ёсгүй анхдагч үүрэг нь иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй амьдрах  эрхийг баталгаажуулах явдал.

Гэтэл өнөөдөр Монголын төрд байгаа өөрсдийгөө ард түмэнд үйлчлэх бус, тэднийг удирдах үүрэгтэй гэж боддог олон дарга дээрх үүргээ огтоос ойлгоогүй яваа гэдгийг өмнө өгүүлсэн эмгэнэлт түүхүүд баталж байна. Тэдний олонх нь харин өнөөдөр ч төрийг ангийн тэмцлийн нүдээр хүчирхийллийн хэрэгсэл хэмээн хардаг, нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилах үүргийг төр хүлээдэг гэж үздэг, хувь хүний эрх, эрх чөлөө, үнэ цэнийг үгүйсгэдэг, шударга өрсөлдөөн, шударгаар олж авсан хувийн өмчийг үзэн яддаг социалист сэтгэлгээгээ хүчтэй хадгалсан хэвээр байна.

Өнгөрсөн нийгмийн сэтгэлгээний энэхүү амь бөхтэй үргэлжлэл өнөөдрийн Монголын хувь тавиланг хүнд буулган дороо ялзартал дарсаар, хор уршгаа хорт хавдар мэт шигэн үлдээсээр байгааг өнөөгийн Засгийн газраас гарч байгаа үг, үйлдлүүдээс бид харсаар байна.

 Уг нь үндэсний эрх ашгийг хамгаалах, иргэний эрүүл, амьд явах эрхийг баталгаажуулах гээд энд өгүүлсэн олон асуудал манай Үндсэн хуульд тодорхой бий. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьж УИХ-аар батлуулсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үндэсний аюулгүй байдлыг хангах, түүний дотор хүний аюулгүй байдлыг хангах бодлого, арга зам өргөн хүрээтэй тусгагдсан. Харамсалтай нь хууль хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй манай Засгийн газар энэ бүх бодлогын гадуур санаатай, санамсаргүй тойрсоор. Гол нь энэ бүхнийг ажил хэрэг болгох итгэл үнэмшил, улс төрийн хүсэл зориг Засгийн газарт байхгүй байна гэж хилэхэд хилсдэхгүй.

Тэгсэн атлаа Ерөнхийлөгчийн санаачилж, үр дүнд хүргэхийг хичээж байгаа Архидалттай тэмцэх, Агаарын бохирдол, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах гээд хүний аюулгүй амьдралын төлөө олон ажлыг Гүйцэтгэх засаглалын ажилд нь хутгалдлаа хэмээн шүүмжилсээр. Ардчилсан Ерөнхийлөгчийн санаачилсан ажил асуудлыг шийдвэрлэж ард түмний дэмжлэг авчих вий хэмээн бухимдагсад хэрэгжүүлэхгүй саад тээг хийхийг байдгаараа хичээсээр байна. Энэ бол гашуун боловч бидний амьдралын өнөөдрийн үнэн.

Тиймээс айдасгүй ирээдүйн төлөө бидний хийх эхний бөгөөд хамгийн чухал алхам бол ард иргэдийхээ амьд явах эрх, айдасгүй, гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээх сэтгэлтэй, үүнийг өөрийн үүргээ гэж мэдэрдэг төртэй болох явдал. Үүнд харин Монгол Улсын иргэн нэг бүрийн хүсэл зориг хэрэгтэй.

 Айдасгүй ирээдүйг цогцлоох, айдсын харанхуй амь бөхтэй оршин байгаа булан тохой бүрийг шударга ёсны гэрэл гэгээ нэгжин гийгүүлэх цаг нь болсоон. Нар тусдаггүй газар харанхуй байдаг. Нар тусдаггүй газар чийг хурж хортон шавьж үрждэг. Хортон шавьжнаас өвчин тахал үүсдэг. Өвчин тахал бидний амьдралд заналхийлдэг. Монгол Улсын иргэн бүрийн айдасгүй ирээдүйн төлөөх санал, санаачилга бүхэн илүү гэрэл гэгээтэй, айдас түгшүүргүй Монгол Улсыг авчрахад өөрийн хувь нэмрээ оруулах болно.    

Бид ирээдүйдээ, үр хүүхдүүддээ айдасгүй маргаашийг өвлүүлмээр байна. Бид ирээдүйдээ өвчин зовлонд нэрвэгдсэн харанхуй маргаашийг өгмөөргүй байна. Бид ирээдүйдээ авилгад идэгдсэн бурангуй төрийг өвлүүлмээргүй байна. Бид ирээдүйдээ бусдын гар харсан гачлант гундуу Монголыг үлдээмээргүй байна.

Харин бид хүн ард нь эрүүл чийрэг, хүсэл тэмүүлээр баялаг, маргаашаа улам гэгээлгээр цогцлоох сэтгэлийн тэнхээ, эрдэм боловсролтой, баян чинээлэг, бие даасан, хөгжингүй Монголыг өвлүүлэн өгөхийг хүсч байна.

Нэгэн цагт хүчирхэг оюун санаагаар дэлхий дахины дэг журмыг тогтоож байсан Монгол түмэн өрнүүн заяатай, гэгээлэг маргааштай байх ёстой. Хүн бүрийн айдасгүй ирээдүйн төлөөх тэмүүлэл Хөх Монголын маргаашийг гэрэлтүүлэх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
Мигэддоржийн Батчимэг
2011.12.06

(Нэг Ардчилал клубээс зохион байгуулсан “Миний нэг санал – Монголын ирээдүй” залуучуудын чуулга уулзалтад хэлсэн үг)