Байгаль эхийн уран бүтээл дотор гоё амьтан зөндөө бий. Эрвээхэй, тогосноос өгсүүлээд бугын эхнэр согоо ч дажгүй. Харин сайхан амьтан гэвэл "Мий"-гийн төрлийн хэдэн том араатанг заа­даг. "Мий" овогт нэрийн дор  69 төрлийн махчин ба хөхтөн хоо­рон­доо садан төрөл болцгоодог. Гэ­рийн ногоон муужгай, хээрийн мануулаас эхлээд дээшилсээр арслан, барс гэхчилэн эрэм­бэлэг­дэнэ. Эдний нэг болох Монголын цоохор ирвэс бол бүс нутагтаа араатны хаан, үнэхээр язгууртан шинжийн амьтан. ДНБ нь ядмагхан хүнээс өндөр өртөгтэй. 350 мянган ам.долларын үнэтэй тансаг эрээн цоохор "шуб" эгэлдэргэлж, нэг бүр нь 85 мянган долларын аргаль, янгираар үдийн зоогоо хийнэ. Газрын дээр тэнгэрийн дор Алтай Хангайн ян сарьдгуудаар нутаг­лана. Хийморь лундааны хувьд чоно бол дэргэд нь зүгээр л нэг золбин гөлөг гэсэн үг.

Хүн хүртэл сайхан төрсөнд нь, тэнгэрлэг хувь заяанд нь атаархаж хөнөөсөөр байгаад одоо бараг дуусч байгаа амьтан. Ер нь ирвэ­сийг алах бол амархан. Түүний инстинктэд өөр рүү нь хэн нэгэн довтолно гэсэн ойлголт огт бай­даггүй. Тийм болохоор калибрь  барьсан хүүхэд ч ярвай­гаад хэвтэж байхад нь тулгаад буудчихад ядаж цөхөх юмгүй. Ирвэс элгэн хадан дээр эрээн цоохор сүүлээрээ биеэ хучин өдөр­жин унтаж орой хэрд эвшээсээр сэрнэ. Тэгээд зугуухан суниаж, угаалга, долоолго хийн нямбай гэгч нь үсээ самнан  дисконд явах гэж байгаа охин шиг гоёж гоодон арай л толины өмнө эргэлдэхгүй.  Оройн зоог барих цаг болжээ. Түүнийг таван амтай, нэг мунатай амьтан гэдэг. Өөрөөр хэлбэл бүрэн зэвсэг­тэй. Ямар ч амьтанд байхгүй хүчир­хэг дөрвөн сарвуу, аймшигт араа соёо болсон ам, биеийн уртын гуравны хоёрыг эзлэх бахим урт сүүл. Хөдөлдөг бүх эрхтэн нь алж шудах, цөм цохиход зориулагдсан. 15 метр хол буюу ойролцоогоор хоёр гудамжны хооронд ганц гиш­гэх­гүйгээр агаарт хий үсрэн хашаа даваад явчих тийм чадамжтай. Үсрэх явцдаа сүүлээрээ биеэ за­лан далавчит пуужин шиг чигээ өөрчлөж чадна. Шөнө нүд нь өдөр мэт харна. Ямар ч үнэр танар, чимээ авиа байхгүй болохоор ихэнх амьтан ирвэсийг хажуудаа ирснийг мэддэггүй. Бид амьдрахын тулд яаж үйл тамаа эдэлдэг билээ. Бурхан амьтны үрийг хэрхэн алаг үзсэн жишээг ирвэс дээрээс харж болно. Энэ муу нойрмог хаанд хоолоо олж идэх явдал үнэхээр асуудал байхгүй. Түүний нүдэнд өртсөн эхний амьтан л шууд нөгөө ертөнцөд тониллоо гэсэн үг. Их зант ирвэс барьсан амьтныхаа гүрээг нь ханаж цусыг нь халуунаар нь оочиж тансаглана. Үхрийн чинээ бүдүүн тэх унагаад аяга цус уусан болоод бусдыг нь тэр чигт нь хаяна. Чоно шиг ховдоглож ястай үстэй нь залгина гэж байхгүй. Аргагүй л араатны хааны зангарагтай. Ирвэс ажлаа хийнгээ хоолоо идчихлээ. Одоо яахав. Өөр хийх ажил байхгүй тул нүүр гараа сайтар угаагаад шүдээ чигчийлнэ. Хоолоо олж идэх дасгал сургууль, өглөөний гимнастик энэ тэр хийж байхыг нь нэг ч хараагүй юм байна. Унтаад л байна.Бид хааяа зурагт үзээд алхайгаад хэвтэж байдаг шиг л жаргалтайн дэлгэр нэг насаараа амьдарна. Тэд хоорондоо болохоор бү­лэр­хэж газар нутгаа хувааж зай зайгаа авцгаадаг. Саахалт айл гэгчээр энэ уулнаас тэр ам хүртэл "ногоон нүдтийнхэн"-ий нутаг гэх жишээтэй. Өөр бүлийнхэн тэнэж яваад бусдын нутаг руу ороод явчихвал шээснийх нь үнэр хан­гинаад дохио өгнө. "Аа энэ чинь эзэнтэй хэвээрээ юм байна" гээд буцна. Намар хэдэн сайхан янги­рын тэх унагаж аваад сорж бам­байтлаа таргалан өвөлжингөө хүйтэн хадан дээр цагираглан хэвтэж хагас ичилтийн байдалд ордог гэсэн шүү. Өвлийн хүйтэнд бараг ан хийхгүй хонгилд өөхөө хайлтал хэвтээд цагаан сарын дараахан "ичигсид хөдлөх" кален­дарь харж байгаад гараад ирнэ. Шинийн арван тавны тэргэл сартай шөнө үүлэн борооны ажлаа хийн  түүнээс гурван сарын дараа 2-12 хүртэл зулзага төрнө. Энэ үеэр харцуул илт сэргэн хөдөлгөөн орж том том ан барин хүүхнүүддээ авчирч өгдөг. Нөгөөдүүл нь хөл хүнд болсондоо ялархан ан ав хийхээ больж, сав сааль хөдөлчих нь ч гэдэг юм уу, ирсэн эр болгонд "чиний хүүхдийг тээж яваа" хэмээн хулхидаж ашиг орлого сайтай амьдарна. Ирвэснүүд арслан шиг өөр хүний хүүхэд байвал тасдаад хаячихгүй болохоор эх санаа зовохгүй үрээ өсгөдөг. Эцэг эхээс өрх тусгаарласан залуу ирвэснүүд бие дааж амьдрахын тулд шинэ нутаг хайх хэрэг гарна. Жил ирэх тусам бэлчээр доройтож, мал олширч, ган зуд нүүрлэснээс Монголын уудам нутаг хэдэн ирвэсэнд байтугай малчдад  хүрэлцэхээ болиод байгаа. Тал хээрээс мал малчид хэц өөд ша­хагдахын хэрээр уулнаас янгираа барсан ирвэснүүд бууж ирэв. Ну­таггүй залуу ирвэс айлын хотонд байгаа мал муулах боллоо. Малчид ирвэс зөндөө болчихож гэцгээв. Өөрсдөө ирвэсийн нутагт ирчихээд энэ амьтныг ад үзэцгээв. Ирвэс олширсон түүх ингэж эхэлсэн юм. Монгол нутагт багцаагаар 2000 хүрэхтэй үгүйтэй энэ амьтныг хул­гайгаар жил бүр 200 орчмыг агна­даг гэсэн тоо бий. Үнэндээ малыг бол байшинд хийж цоожилдоггүй юм бол хотон дотроос нь дуртай шөнөө өөрийн мэт хэрэглэдэг гэсэн. Айж ичнэ санаа зовно гэж байхгүй. Нэг амташсан бол "хаана ч цуг гэж мэдээрэй" болно. Чоныг бодвол нэг сайн тал нь хоморголон хүйс тэмтрэхгүй, сардаа хоёроос илүүгүй гөрөөлөхгүй. Малчны ха­жуугаар өөрөө бас нэг босс бол­чихсон гэдэгтэй гүн бат итгэл­тэйгээр айлын хоттой ямаанд ариг гамтай хандана. Гэхдээ байнга хэрэглэхээр хэцүү биз дээ. Мон­голын, дэлхийн улаан номонд орсон дархан цаазтай энэ амьтны тухай цаасан дээр бичсэн хууль бол аймаар. Бараг хүн амины хэрэгтэй дүйж очих ял төлөвлөсөн байгаа. Дээрээс нь олон улсын зэрлэг ан амьтныг хэрхэн  худалдаалах тухай конвенц "CITES" гэдэг алдартай байгууллага бий. Энэ конвенцид дэлхийн 175 орон нэгдээд байгаа бөгөөд үндсэндээ дэлхий даяараа нэгдсэн системд холбогдчихсон. Манайх эдний нэлээд идэвхтэй гишүүн нь. Нэг хэсэг "САЙТЕС"-ыг байгалийн улаан панатууд эзэгнэж ховор зэвэр бүхий л амьтан ур­гам­лыг тас хамгаалж, ангийн наймаа үс, эм бэлдмэлүүд хаашаа ч бор­логдох нүхгүй болгосон юм. Энэ хатуу журам 1995 он хүртэл үргэл­жилсэн бөгөөд одоо илүү уян хатан болоод байгаа. Хэт цагдан хорьсны балаг гэвэл мэргэжлийн анчид анд явахаа больж оронд нь хулгайчууд, нийгмийн эмзэг давхаргынхан эзгүйчлэн байгаль дэлхийг хөнөөж өгсөн байгаа юм. Асар үнэтэй ховор ургамал амьтанг таваг хоолноос ч өгч байсан жишээ байдаг. Одоо яадаг болсон гэхээр амьтанг хамгаалах хамгийн зөв арга бол зохистой ашиглах, тэгэ­хийн тулд тооллогоо л зөв хийчих гэх болжээ. Өнөө жил гэхэд л "CITES"-ээс Танзани улсад 10 арслан, 400 заан, Этиопод 500 ирвэс агнах зөвшөө­рөл өглөө. Энэ нь мэдээлэл сайн уншаагүй бай­галь хамгаалагчдад бол цочирд­моор шийдвэр. Арс­ланг агна гэж CITES өөрөө анх удаа зөв­шөөр­­лөө. Харин тэн­дээс олсон мөнгөнд нь задаргаа хийж өгдөг юм байна. Ан амьтан гэдэг бол эргэн нө­хөгдөх байгалийн баялаг боловч хэрэглэхгүй бол хэнд ч хэрэггүй нохойн хоол болдог муу талтай. Манай цоохор ирвэсийг яхийтал хамгаалаад байхад арван жил л амьдарна. Дараа нь хамгаалсан хамгаалаагүй  жамаараа өөд болж, аль нэг жалганд сэг болоод хэвтэж байна. Тэгэхээр хөгшин хөвөөгөөс нь ганц нэгийг нухаж олсон мөн­гөөр нь бусдыг нь хамгаалах, мөн дашрамдаа хөөрхөн ашиг унагах  олон талт ач холбогдлыг дэлхий нийтээрээ ярьцгаах боллоо. Тэр хамгийн зөв гарц байх. Энэ өөрч­лөлтөд манайх ач холбогдол өгөх­гүй байна. Эрх баригчид шонхор зэрэг шувуунаас болж нуруугаа авчихсан. Учир мэдэхгүй хэвлэ­лийнхнээр бамбай хийн улаан байгаль хамгаалагчид элдэв тэм­цэл хийн нэр алдар олж авцгаадаг. У.Барсболд сайдын нэр хүнд навс унасны шалтгаан бол шонхрын зөвшөөрөл нь шонхрын бизнес болж хувирсантай холбоотой. Тэр үед бараг хүн болгон шонхор шувуу хамгаалагч болон орилол­дон гүйлдсэн. Шонхроос олсон ашиг  энэ шувууг өсгөхөд зарцуу­лагдсан уу гэдэг дээр л асуудал яригдах байсан аж. Одоо тэгвэл нэг ирвэс хамгийн багаар бодоход 30 сая төгрөгөөр агнагдана. Түүнээс орон нутаг, холбогдох яам, нутгийн иргэн, ирвэс өсгөх сан зэрэг бай­гууллагууд зохих хувиа хүртэнэ. Бүгдийнх нь эдийн засгийн со­нирхол байгаа юм чинь 12 зулзага гаргадаг болтол өсгөхийг хичээж таарна. Малчин айл жилийн эцэст "Ирвэс сан"-гаас ирвэсэнд бариул­сан малынхаа үнийг төлүүлчихнэ. Харин ч өдөр бүр ирж зоог бариа­сай гэж хүснэ. Ирвэс үнэхээр барь­сан эсэхийг мэдэх хялбархан аргач­лал байдаг гэж ирвэс судлаач Г.Амарсанаа хэлж байна. Айлуу­дад хямдхан гэрэл зургийн аппа­рат, хэмжээс бүхий шугам хоёр тараагаад өгдөг. Тэрэн дээр нь үндэслээд л хэдэн настай ямар ирвэс юу зооглосныг нь тогтоогоод акт тавьдаг. Харин ирвэс тоолох нь нэлээн төвөгтэй ажил. Америк судлаач Под Макарт гэгч нөхөр 1996 онд залуу ирвэс барьж хүзүүвч зүүсэн нь хожим багалзуурыг нь шахаад алчихсан гэдэг. Мөн худлаа тоо гаргасан нь хожим нотлогдсон. Хүн бүрийн аман яриаг адил тэнцүү үнэмшсэн. Нутаг нутагт ирвэсийг онцгой мэддэг ганц нэг л анчин байдаг. Бусад нь дэгс туудаг. Тэднийг олж очдоггүй. Монгол шиг ийм намхан уулстай нутагт ирвэс байгаа нь судлахад их дөхөмтэй ч агнуулах эрсдэлтэй. Тийм учраас онцгой анхаардаг юм. Энэ амьтныг өөр улс орон өсгөж олшруулаад уул уурхайгаас дутахгүй их ашиг олж байна. Ан амьтан нь нөхөгдөх баялаг болохоор мөнхийн ашгийг хүртэх боломжтой. Хамгийн гол нь байгалийн зохилдлогоог нь эвдэн бусниулахгүй тоо толгойг нь хэвийн бариад байхад л болчихож байгаа юм. Ховор амьтныг хамгаалах эц­сийн арга бол том эрх ашгийн сонирхол тэнд бий болгох л юм. Маш баян анчид дэлхийгээр тэнэж агнах юм олдохгүй байна. Киргизид тэжээвэр ирвэсийг хавхан дээрээс нь буудаж уйдаагаа гаргаж байна. Ирвэс бүхий орчин бий болгоход зардал гарна. Иддэг янгирыг нь хамгаалах, нутаг дэвсгэрийг нь малчдаас чөлөөлөх гээд. Харин тэр алдангийг ирвэсний бүл сүр­гийн нэг "өвгөн"-ийг гадаадын анчнаар нудруулахад л олоод авахаар барахгүй цаана нь зөндөө унац гарах юм билээ. Ирвэстэйгээ хамт ирвэсээрээ амьдарчих бо­ломж байсаар атал бирдлээд бай­гаа ч юм шиг шийрэгнэсээр байтал энэ ховор амьтан устаж сөнөлөө. Манай орны хийморь сэргэмээр мөн ч сайхан амьтан шүү. Ирвэс хаан байхгүй бол их Алтайн нуруу ч овоолсон чулуутай ялгаа юун.