Ардчилсан нийгэм нь хүнийг эрх чөлөөтэй амьдрах нөхцлийг бий болгож өгдөг. Гэхдээ хүн эрх чөлөөтэй амьдарна гэдэг нь хаана ч, хэзээ ч, юу хүссэнээ хийж болно гэсэн үг биш юм. Хүний эрх чөлөө нь бусдын ажиллаж, амьдрах эрхээр хязгаарлагддаг. Иймд хүмүүс нийгэмд яаж эрх чөлөөтэй амьдрахыг нь хуулиар зохицуулж өгдөг байна.

     Бид өнөөдөр хариуцлагын тогтолцооны тухай, Монголд хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгаа талаар их ярьдаг. Тэгэхээр хариуцлагын тогтолцоо гэж юуг хэлээд байна вэ. Товчхоноор хэлбэл хэн нэг нь хууль зөрчөөд, иргэд, нийгэмд хохирол учируулсан байхад тэр этгээдэд ямар нэг арга хэмжээ авдаггүй, зүгээр л яваад байж болдог ийм байдлыг хариуцлагын тогтолцоогүй байна гэж хэлдэг.

“Хуульд хориглоогүй бол зөвшөөрсөн гэсэн үг” гэдэг хэллэг байдаг. Энэ нь хүний хийж болох болон болохгүй үйлдлүүдийг хуульд заавал зааж өгдөг ба хуульд тусгагдаагүй аливаа үйлдлийг бол хэн нэгэн үйлдэж болно гэсэн логик юм. Эдгээр заалтыг хуульд хир зэрэг ойлгомжтой, бүрэн тусгаж өгснөөр тухайн хуулийн чанар нь тодорхойлогдоно.

    Гэхдээ иргэдийн хийж болох, болохгүй үйлдлийг зөвхөн хуульд зааж өгснөөр бүх зүйл сайн сайхан болчихдоггүй байна. Учир нь уг хуульд түүний хэрэгжих механизмыг бий болгох шаардлагатай байдаг ба энэ нь хуулийг заавал биелүүлүүлэхийн тулд түүнийг зөрчсөн этгээдүүдэд ногдуулах хариуцлагыг тусгаж өгснөөр хэрэгждэг.

Хууль хэрэгжихгүй байгаа талаар дээр дооргүй их ярьдаг ба үүний шалтгаан нь муу сурталчилснаас болж байгаа мэтээр хууль гаргагчид маань ярьдаг. Үнэн чанартаа хууль маань хэрэгжих нөхцөлгүй, чанар муутай, амьдралаас тасархай гардагаас гадна түүнийг зөрчвөл уг этгээд ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй буюу уг хуулийг зөрчөөд хариуцлагыг нь хүлээгээд явахад хууль зөрчигч этгээд хохирохгүй харин ч ашигтай байхаар хийгдсэнээс болдог байна.
Манайд хариуцлагагүй байдал дээрээсээ эхтэй, төрийн өндөр албан тушаалтнууд, шийдвэр гаргагч эрх мэдэлтнүүдээс голлон энэ хариуцлагагүй үйлдлүүд гардаг тул энэ нь улсын хөгжил, ард иргэдийн амьдралд үзүүлэх нөлөөллөөр их байдаг юм.

Учир нь төрийн улс төрийн албан тушаалтны хувьд хариуцлагагүй ажилласан нөхцөлд тэдэнд авах арга хэмжээг холбогдох хуулиудад нь огт зааж өгөөгүй байдаг.

Үүнээс үүдэн аливаа маргаантай асуудалд зохицуулалт дутагдан, дэмий маргалдан цаг заваа үрэх асуудал дамаангүй УИХ-д гарах болжээ. Жишээлбэл 2007 онд Засгийн газар төсөв хэтрүүлсэн тул түүнийг огцруулах талаар УИХ-н гишүүд хоёр, гурван сар маргалдсан. Уг нь Засгийн газрын тухай хуульд “Засгийн газар төсвөө хэтрүүлэн зарцуулсан нөхцөлд огцорно” гээд заачихсан бол УИХ-н гишүүд маргалдан хэдэн сарыг барах шаардлагагүйгээр барахгүй Засгийн газар ч төсвөө хэтрүүлэхгүй ажиллах байсан. Ер нь Засгийн газрын тухай хуульд ямар нөхцөлд Засгийн газар огцрох тухай зааж өгсөн байдаг боловч тэднийг төсвөө хэтрүүлсэн нөхцөлд огцорно гэж заагаагүй мөртлөө УИХ-н гишүүд Засгийн газрыг төсвөө хэтрүүлсэн үндэслэлээр огцрох шаардлага тавих нь эрх зүйн хувьд хуулийн хүрээнээс давсан, буруу үйлдэл болж байгаа юм. Энэ бүхэн нь хуульд түүнийг зөрчсөн нөхцөлд ногдуулах хариуцлагыг тусгаж өгөөгүйгээс болсон. Өнгөрсөн жил Зоригт сайдыг огцруулах асуудал тавиад тэр нь бүтээгүй нь мөн үүнтэй холбоотой юм.

Ийм маягаар олон замбараагүй байдал үүсч байна. Жишээлэхэд УИХ-н гишүүд хуралдаа хоцорч ирэх буюу түүнийг тасалсан нөхцөлд арга хэмжээ авах тухай хуулийн заалт байдаггүй тул тэд хуралд чөлөөтэй хэлбэрээр оролцож, УИХ-н болон Байнгын хорооны дарга нарт ирц бүрдүүлэх гэж бөөн хүндрэл байдаг.

УИХ-н гишүүд амласан амлалтаа биелүүлээгүй болон биелүүлэх боломжгүй нь тодорхой болсон нөхцөлд тэдгээрийг эргүүлэн татах талаар ямар нэг хариуцлагын арга хэмжээ байдаггүй тул тэд сонгуулийн хугацаанд юу ч хамаагүй амлаж чаддаг гэх мэт олон жишээ дурдаж болно.

Хүн хийсэн буруу үйлдлийхээ хойноос ямар нэг хариуцлага хүлээх систем байхгүй бол хэн ч, яаж ч дураараа аашилж болох нөхцөл нь бий болдог.

Энэ нь зөвхөн дээд шатандаа ч байгаа юм биш төрийн албаны бүх шатанд байна. Гэхдээ голдуу дарга нарт, эрх мэдэлтэй хүмүүст голлон хамаарагддаг.

Аймаг, сумдын Засаг дарга нар хууль зөрчин гар аргаар алт олборлогчидод газар олгох юм уу мөнгөн усны тээрэм ашиглах зөвшөөрөл олгочихсон байхад  тэдэнд ямар ч арга хэмжээ авдаггүй. Учир нь тэр талаар хуулийн тодорхой заалт байдаггүй.

Төрийн жинхэнэ албан тушаал болон үйлчилгээний албан тушаалтанд хариуцлагын зарим заалтууд байдаг боловч тэдгээр заалтыг зөрчсөн этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авах субъектыг тодорхой заагаагүй ба хариуцлага алдсан этгээдэд арга хэмжээ аваагүй удирдлагад нь ямар арга хэмжээ авахыг бас зааж өгөөгүй байдаг.

 Аль нэг төрийн байгууллагад санхүүгйн шалгалт ороход бараг шалгалт бүрээр төсвийн мөнгө идсэн зөрчил гардаг ба түүнд нь төлүүлэх акт тавиад л орхино. Дарга ажлаа хуучнаараа хийсээр гарсан төлбөрийг дарахын тулд мөнгийг улам нарийн аргаар, хуучин баригдсан алдаагаа давтахгүйгээр идэж актаар тавигдсан төлбөрөө барагдуулна. Уг нь тэр дарга хамгийн түрүүнд ажлаасаа халагдах ёстой баймаар, гэтэл улсын байцаагчид ийм арга хэмжээ авах эрх, хуулийн заалт байдаггүй. Хуулиар түүнийг томилсон этгээд нь арга хэмжээ авах ёстой байдаг боловч  томилгоо нь танил талаар хийсэн байдаг тул тэд арга хэмжээ авдаггүй.

Хадгаламж зээлийн хоршоод хууль зөрчөөд сурталчилгаа явуулаад хүмүүсийг мунхруулаад мөнгийг нь аваад байхад төрөөс чив чимээгүй л байсан. Өөрөөр хэлбэл Монголын нэг хэсэг иргэн нь нөгөө хэсгийгээ залилан мөнгийг нь дээрэмдэж байхад төр боломжоор нь хангаад л дуугүй байж байсан. Уг нь төр үүнд хяналт тавих үүрэгтэй байдаг. Үүнд төрийн зүгээс хэн нэг нь хариуцлага хүлээсэн эсэх нь бүү мэд. Шүүгч нар авилга аваад асуудлыг нэг талд нь шийдээд байна гэх, авилга авч, өгч байгааг нь хэн ч харж чадахгүй. Харин гарсан шийдвэр нь ил тод байдаг. Гэтэл тэд энэ үйлдлийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй.

Хүн хийсэн буруу үйлдлийхээ хойноос ямар нэг хариуцлага хүлээх систем байхгүй бол хэн ч, яаж ч дураараа аашилж болох ба ямар нэг боловсролгүй хүн ч сайд болно гээд зоригтой гүйж болохоор байна. Учир нь тэр сайд болоод юу ч хийхгүй зөвхөн дээрээс ирсэн бичгийг доош нь цохоод, доороос ирсэн тайланг тээш нь илтгээд байхад түүнд хэн нэг нь ямар нэг арга хэмжээ авахгүй бас ажлаас нь халахгүй.
Төрийн улс төрийн албан тушаалтан нь хариуцлагагүй үйлдлээ хуулиар хамгаалуулчихсан тул чөлөөтэй, төрийн захиргааны, тусгай, үйлчилгээний албан тушаалтнууд нь улс төрийн албан тушаалтнуудын ивээлээр томилогдож, тэдний хамгаалалтад байдаг тул бас аливаа буруу үйлдлийхээ төлөө харуцлага хүлээдэггүй, дураараа дургиж болдог. Ингэж монголд хариуцлагын тогтолцоо үгүй болсон.

      Алтжингийн худалдааны төв шатаж олон иргэд хохироход улсын комисст хүлээлгэн өгөөгүй барилгыг ашиглуулаад байсан Мэргэжлийн хяналтын байгууллага хариуцлага хүлээсэн билүү, шинэ баригдсан орон сууцны чанар муу байна гэх түүнийг хүлээн авсан улсын комисс хариуцлага хүлээдэг билүү, олон арван сая төгрөгөөр сургууль цэцэрлэгийн засвар хийлээ гэх жил хүрэлгүйгээр дээврээс нь ус гоожоод, будаг шавар нь халцраад унахад хэн нэг хүн хариуцлага хүлээдэг билүү, жил бүрийн хавраас мод тарьж, зам засдаг боловч жилийн дараа урьд хийсэн ажил нь ул мөргүй болж, бүгдийг дахин хийгээд үргүй зардал гаргаад байхад хэн ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй хийлгэсэн хүмүүс нь дахин тэр ажлаа үргэлжлүүлсээр, урьд нь чанаргүй хийсэн хүмүүсээрээ дахин хийлгээд явж байгааг юу гэж үзэх, 2007 онд онгоцны ослоор олон хүн амиа алдчихаад, хоёр ч онгоц сүйрч төрд олон тэрбум төгрөгний хохирол бий болчихоод байхад хариуцлага хүлээх, төлбөрийг барагдуулах  хүн гарсан уу үгүй юу гэх мэт олон асуудлыг ярьж болох байна.

    Энэ бүхэн нь Монголд хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагатайг харуулаад байгаа ба үүнийг хуулийн зохицуулалтаар бий болгодог бөгөөд хууль санаачлагч эрхмүүдийн үндсэн үүрэг нь юм. Гэтэл энэ тогтолцоо өнөөг хүртэл бий болоогүй байгаа ба хариуцлагын тогтолцоо бий болохгүй байгаа шалтгаан нь энэ талаар төрийн түшээд маань мэдэхгүй байгаадаа ч байгаа юм биш зөвхөн ийм тогтолцоо бий болгохыг хүсдэггүйд оршиж байна. 

    Энэ бүхнийг хуульчлах шаардлага гарч байна. Төрийн үйлчилгээний албан тушаалтны хувьд Хөдөлмөрийн тухай хуульд зөвхөн дотоод журам зөрчсөн нөхцөлд хариуцлага тооцохоор заасан байдаг.  Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хариуцлагын талаар төрийн албаны тухай хуульд зааж өгсөн байдаг боловч тэнд зарим зохицуулалтыг дутуу оруулсан, заримыг нь хэт ерөнхий оруулсан байдаг. Төрийн улс төрийн албан тушаалтны хувьд хариуцлагагүй үйлдийнхээ төлөө ямар нэг арга хэмжээ авах заалт огт байдаггүйгээс бүх юм болж байна.