Лавтайяа 2220 жилийн турш монголчууд цагаан са­раар баярлаж шинэлсээр ирсэн бололтой юм билээ. Энэ олон мянган жилийн тур­шид ёс жаяг, уламжлал нь тө­дийлөн өөрчлөгдөөгүй тэгсэн атлаа огт уйдаж залхаагүй ирсэн үндэсний ганц баяр юм. Одоо ч цагаан сар ба бусад баяр гэж тодорхойлж болно. Урьдын хүмүүс гэрээ зараад цагаан сар хийж байсан ба­римт бий.

Монгол үндэстний хувьд тийм чухал арга хэмжээ юм уу гэдэг нь тусдаа асуудал байх. Ямар ч байсан нүүдэлчдийн амьдралын хэсэг цагийг эз­лэх болтлоо гүн суусан үйл явдал ёс жаяг бол мөн. Өөрөөр хэл­бэл, ихэнх мон­голчууд бүтэн жи­лийнхээ ажил, амьд­рал, төсөв зард­лаа тоймлохдоо цагаан са­рыг ямар нэгэн хэмжээгээр тусгасаар ирсэн. Аль нам­раар идэш ууш төхөөрөхдөө "За нөгөө битүүлэгний ууц тавих хонь юусан билээ", "Сар шинээс өмнө амжаад...", "Зол­гох үеэрээ л гэмээ цай­руулахаас...", "Одоо сар хуу­чирлаа..." гэх мэт олон сэдэв дээр цагаан сар яригддаг. Харин цагаан сарыг элдвээр зүхэж байсан баримт 1921 онд анх тэмдэглэгджээ. Тэр жил Хүрээний хятадууд "Ца­гаан сарыг нь улаан цусанд будна" гээд хүрз жоотуугаар зэвсэглэсэн гэдэг. Дараа нь зөвлөлт оросууд, коммунист дэглэм, эцэст нь зах зээлийн нийгэм дэх гутранги үзэлт­нүүд биднийг диван галавын хоц­рогдсон ёс заншлаас нь аврах гэж янз бүрээр оролд­соор ирсэн байдаг.

 "Цагаан сар гэж байхгүй, малчдын сайн өдөр юм", "Айл хэсэж хиншүүтэй боов цуг­луулж ханиад дэлгэрүүллээ", "Ийм их зардал гаргаж тэм­дэглээд байхдаа яадаг юм", "Ууцыг халъя, Эрээний хог цуглуулахаа боль", "Өндөр настанд мөнгө барьж золгох ёс огт байгаагүй" гэхчилэн цаг үеийн онцлогоосоо хамааран муулах өө шалтгаа олоод авна. Гэвч тэгснийх нь зор­гоор цагаан сараасаа татгал­заж байсан тохиолдол нэг ч гараагүй. 1950 онд маршал Чойбалсан нас барахад нам засгаас ууц битүүлгээ хураа гэсэн ч цаагуураа болдог баяр болоод л өнгөрсөн. Бүр адар­маатай нь цагаан сараар явагддаг олон мянган жил тогтож заншсан уламжлалуу­дын нэгийг нь ч болиулж ча­даагүй. Адаглаад битүүлэг­ний ууц гэхэд шинжлэх ухаан, эрүүл ахуй талаасаа "хугацаа дууссан хүнс" гэдгийг цөмөө­рөө л мэдэж байгаа. Эмч, хүнсний технологич нь хүртэл сар хуучирсан хойно далба­гар өөх гаднаас оруулж ирээд цайндаа хөшиглөөд сууж байвал яахав.

Орчин үеийн цагаан сар улам төгөлдөр болж агуулга нь баяжсаар байна. Зөвхөн Монголоор тогтохгүй дорно дахин, Ази тив даяараа ца­гаан сарлаж, хил гаалиа хааж байгаад албан газрууд өч­нөөн хоногоор ажлаа зог­соон, улс үндэстэн, ястан болгон өөр өөрийн дээл хув­цас өмсгөл, ууж хантааз тэр­гүүтнээ өмсөн, онцлогоо үзүүлж баяр хөөр болцгооно. Манайхан хүнд өгөх бэлгээ цуглуулахаар Сингапур, Ма­лайз, Герман явцгааж байна. Сайхан том ууц олдвол мөнгө нь чухал биш гэнэ. Шинийн нэгний өглөө өмсөх монгол дээл, гутал малгай, тамхилах хөөрөг гаансаа хүн бүр дор бүрнээ базаажээ. Бичдэг ярь­даг болгон шахуу "болиочээ" гэх тусам сар шинийн баярт улам их бэлддэгийн учир юу байна. Ядаж шинийн нэгэн­дээ баярын бүх арга хэмжээ­гээ багтаачихаж яагаад бол­дог­гүй юм.

 Үнэндээ цагаан сарын үеэрх бүх л эхлэл, өрнөл, төгсгөлүүд цогцоороо үнэхээр гоё байдаг байхгүй юу. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Сэт­гэлдээ байнга ажил, ашиг хонжоо, амьдралын төлөө санаа зовно гэж юу байхав. Заримдаа сүх далайтал үхэр амар гэгчээр бүх стрессээ­сээ салж баярын байдалтай хэсэг налайж яагаад болохгүй гэж. Монгол хүн монголтойгоо таарсан баяраа хийсээр ч ирсэн. Өөр үндэстнүүд ч өөр­сөндөө зөв, бидний нүдээр бол бүр балай баяр хаа сай­гүй л хийцгээдэг биз дээ.

Охид хөвгүүд гадаад хэл сонирхож, компьютерээр тог­лож, солонгос кинонд орж, хип хоп, хөлбөмбөг хөөцөл­дөж өдрийг өнгөрөөдөг. Сайн, муу амьдралын эдгээр шинэ хэв шинжүүд Монгол гэдэг үндэстний уламжлан үлдэх­тэй огт хамаагүй. Тэд эх ор­ноосоо төдийгүй эцэг эхээ­сээ улам хөндийрч ах дүү төрөл саднаа гэхээ больчи­хож. Гэр бүл зохиохгүй, үр хүүхэд тө­рүүлэхгүй байх са­наатай. Хөдөө малчдын хүү­хэд морь унахаа байсан. Энэ нь өнгөн дээрээ орчин үе хөгжил мэт боловч ачир дээрээ соёлын шоконд орж хөл алджээ. Энд тэнд явж юм үзээгүйн харгай л даа. Гэнэн томоогүй ийм давхаргынхан хожим бусдын өгөөш болдог тавилантай. "Рок поп"-ийн жинхэнэ эх орнууд хөгжил дэвшилтэйгээ хамт  үндэсний онцлог, язгуур угсаагаа яа­гаад орхихгүй байна. Хүүх­дүүд нь ч бүр адтай илүү консерватив гээч. Одоо би­дэнд тэр болгон дээл өмсөж,  ах дүүсээрээ орж гарах, нутаг усаа дурсах цаг зав гардаг биш дээ. Цагаан сарыг өөг­шүүлэх ач холбог­дол чухам үүнд л байгаа юм. Түүнээс бус дундад зуун руу­гаа ухарч амьдар гээгүй.

 Даяарших, дангаарших хоёрыг адилхан хослуулж байж энэ улс орны тусгаар тогтнол тогтдог юм байна. Цөөхүүлээ бидний хувьд ца­гаан сараа  хийгээд байхаар анхандаа хүүхдүүд "балай юм шараа юм" гэдэг байснаа аажмаар монголжиж ёс сур­та­­хуун, уламжлалаа эргэж харах боллоо. Тийм ч учраас бид Хятадын цаг тооны хуан­лигаас зөрүүлж тал нутгийн улиралд тохи­руулсан тоол­лын дагуу Монголын цагаан сарыг бий болгосон. Арай гэж өөрийн гэсэн сар шинийн өдөртэй болоодохсон чинь шинийн нэгний өглөө нь ца­гаан сар хийхээ больчихсон байвал юутай их гуниг ха­рамсал вэ. Цагаан сар зүхэгс­дийн хүс­лийг хангамааргүй байна. Яахав тэд элдвээр муулж доромжилж л байг. Ямар тэдний хэлснээр болох биш. Больё гэтэл санаагаа илэр­хийлж чадах ч биш. Би л лав цагаан сард дуртай. Хий­нэ. Яадгийм. Гэрээ зараад ч болтугай бусдын жишгээр цагаан сардаа бэлдэнэ.

Тэгвэл ядуу айлыг яах гээв гэж пролетариуд ам асуудаг. Цагаан сараа сайн тэмдэг­лэвэл тэр жилээ алзахгүй энэ тэр гэсэн бэлгэдэл бий ч энэ нь чухал биш. Ямартай ч баяраас болж орон гэр дам­пуурна гэж юу байхав. Энэ баяр нь зөвхөн өрх гэр, ах дүүс, нутаг усныхны дунд болдог  болохоор эрэг ганга­наас төрөөгүй л бол ойр дот­нынхонтойгоо золгож л таар­на. Тэр үед би ба манайх гэдэг айл яажшуухан яваагаа бус­дадаа тайлагнаж байгаа хэрэг. Тааруухан амьдарч байгаагаа мэдэрсэн бол хой­тонгоос гэр орондоо санаа тавих  эсвэл бусдад атаарх­сандаа амиа хорлох хоёр замын нэгийг сонгоно биз. Баячууд баян тарганаа гай­хуулж мөнгөөр зодож тансаг баярлах байх. Борчууд гурил будаагаа ч авч хүчрэхгүй хөлд нь чирэг­дэнэ. Тэгж ч байна. Хэдий хэлэхэд хатуу боловч тийм л жам ёс хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн энэ хор­воог яалтай билээ. Тэнэг л биш бол хүмүүсийн амьдрал бага багаар дээшил­сээр л байдаг. Цагаан сар битгий болоосой гэж нэг хэсэг нь хүсч болно. Ер нь зайлшгүй хий­хээс өөр гарцгүй болоод ирэх­­лээр  хуримтлалд санаа тавина. Энэ нь дамаа амьд­ралд төдийгүй улс орны эдийн засгийн эргэлтэд ч  эерэг нөлөө авчирдаг. Нийг­мийн тун өчүүхэн хэсэг дорой арчаагүй чигээрээ үлдэж ихэн­хийн хор шар буцалж амьдралын төлөө өмнөхөөс илүү тэмцэцгээнэ. Цагаан сараар ууц тавьсан шигээ амьдраач чи гэж эхнэр нь шордоно. Юм юм ч болдог л доо.

Цагаан сар болгоноор битгий нял нял гэж амны бэлгэгүй юм ярьж байгаач. Өндөр насыг зооглож байгаа өвгөд хөгшдөдөө өөдтэйхэн шиг мөнгө барьж золго. На­сыг нь шагна. Дараа чиний ээлж ирнэ. Үр хүүхэд садан төрөлдөө олигтойхон  бэлэг өг. Чамд ч бас хариу юм өгнө цаадуул чинь. Том байж сур. Юунд ч битгий санаа зов. Сар шинэдээ сайхан шинэлэх сайхан ш дээ. Дараа нь яав л гэж. Ямар хамаг юмаа хул­гайд алдчихаад байгаа биш. Ер нь манай ард түмний амьд­­рал улам сайхан болоод л байгаа. Их хувь төөрөг буян заяагаа гомдоогоод яах юм.  Юм болгоныг дандаа гуйлга­чингийн нүдээр харж, сайн сайхан яваадаа атаархаж хорсож байдгаа боль оо.

Харин энэ билигтэй сайхан баярын өдрүүдээрээ манай наймаачид хямдралыг нэг жинхэнэ ёсоор зарладаг, нүнжигтэй заг­на­даг, өнгөр сууж сурцгаамаар байгаа юм.