Бидний төлөө үргэлж санаа зовж явдаг иргэний хөдөлгөөнийхөн маань яруу алдарт жагсаалаа эхлүүллээ. Өмнөх хоёр сарын алдагдлаа нөхөхөөр үнээ огцом нэмсэн нефть импортлогчид энэ удаа тэмцлийн гал асаав. Нэмэрт нь махны үнэ өсч, нийслэл нөөцийн махаа гаргаад ч тусыг эс олон дарин дээр нь давс нэмчихжээ. Хүчирхийлэл хийхийг ер нь л хүсэхгүй байгаагаа байн байн ярих тэмцэгчид үнийн хөөрөгдөл ард иргэдийг идэр есийн жаварт ч Сүхийн талбай дээр цуглуулж, төр эргүүлэх хүслийг нь гүйцэлдүүлнэ хэмээн найдана. Хөндлөнгийн хүн хэлэхээс нааш зовж зүдэрч яваагаа мэдэрдэггүй хэнэггүй монголчууд махны үнэ нэмэгдэхэд харин тун дургүй. Гэхдээ л монголчууд махаа идсэн хэвээр. Жилийн жилд махны үнэ байнга нэмэгдэж ирсэн ч бидний хэрэглээ жилийн жилд өссөөр байна. Багцаагаар 350 мянга орчим ууц айлын ширээ чимж, махны хэрэгцээ ид өсөх үеэр үнэ нь өсч байгаа нь тэмцэгчдэд үнэхээр том завшаан билээ. 

Манай гаригийн 179 орны, 7 тэрбум хүн жилдээ 250.9 сая тонн мах хэрэглэдэг, үүний 28.6 хувийг иддэг хятадууд нэгдүгээрт жагсаж байна. Ард нь зогсож байгаа АНУ, Герман, Бразил, Орос, Мексик, Франц, Энэтхэг, Япон, Итали зэрэг махны хэрэглээ ихтэй орнууд нийлээд махны 66 хувийг зооглодог. Харин өөрсдийгөө чононоос дутуугүй махчин гэж боддог монголчууд нэг хүнд ноогдох малын тоогоор аравдугаарт бичигддэг, нэг хүнд оногдох махны жилийн дундаж хэрэглээгээрээ 11 дүгээрт явна. Энэ бүх тоог Eurasia Capital Management болон Eurasia Capital Mongolia байгууллагаас хийсэн судалгаанаас харж болно. Улс орны хөгжлийг иргэдийнх нь жилд идэж байгаа махны хэмжээгээр тодорхойлох нь ч бий. Энэ жишгээр бол Дани нэгдүгээрт, араас нь Шинэ Зеланд, Люксембург, Кипр тэгээд АНУ зогсож байна. Аль ч үндэстэн гал тогооны соёл, уламжлалаасаа төдийлөн шалтгаалахгүйгээр болж л өгвөл махтай хоол идэхийг илүүд үздэг ажээ. Цагаан хоолноос өөр юм хоолойгоор нь давдаггүй байх гэж бидний боддог энэтхэгчүүд жилд иддэг махаараа хоёрдугаарт орж байна. Олны олон таван цэн гэдэг энэ.              


Мах ба ханш

Улс орон бүрийн үндэсний валютын ханшид нь нөлөөлдөг өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ гэж бий. Тэдгээр жагсаалтыг ашиглан Хэрэглээний үнийн индексийг гаргадаг тусгай томъёотой. Монголчуудын Хэрэглээний үнийн индекс төгрөгийн ханшийг тодорхойлно. Манай хувьд махны үнэ өсөх хэрээр төгрөгийн худалдан авах чадвар буурч, инфляци нэмэгдэнэ. Нийт 12 салбарын 326 төрөл зүйлийн бараа, үйлчилгээний жагсаалтаар монголчуудын хэрэглээг тодорхойлдгийн дотор мах жин илүү дардаг аж. Хэрэглээний үнийн индексийн савлагааны 30 хувийг мах дангаараа хөдөлгөдөг. Иймээс төгрөгийн ханшийг барихын тулд “Нөөцийн мах” гэдэг зүйл бодож олжээ. Зах зээлийн жамаараа мах үнэд орвол засаг төр хямдаар бэлтгүүлж, хадгалуулсан махаа борлуулж махны үнийг цаашлаад төгрөгийн ханшийг барьж, хүмүүсийг жавар тачигнасан Сүхийн талбайд жагсах ажлаас чөлөөлөх учиртай юм.

Махны үнээс үүдэлтэй төгрөгийн ханшийг Монголбанк тогтоох гэж тэмцэж буй арга нь нэг л гажигтай. Тэднийг төгрөгийн ханшийг барьсангүй гэж зэмлэх улс төрчид ард түмний өмнө нийгүүлсэнгүй царайтай. Энэ хоёр хоёулаа буруу гэж хашгирах тэмцэгчид бидний нүүрэн дээр баатарлаг төрхтэй.



Инфляци өсөхөөр Монголбанк бодлогын хүүгээ нэмэх замаар ард түмний хэрэглээг хумих гэж оролддог. Үнэндээ бол энэ алхам усны ган нь цоорчихоор нүхийг гагнахын оронд түгээх хоолойгоо нарийсгаад байгаатай эгээ адил тэнэглэл. Төгрөгийн инфляци махнаас шалтгаалж байгааг нь мэдсээр атал Монголбанкийг ийм алхам руу шахдаг улс төрчид харин хүрд цээжлүүлсэн ч хуруугаараа тоо бодоод байгаа хүүхэд шиг харагдана. Түмний зовлонгоор далимдуулан эрх мэдэлд санаархах тэмцэгчид зуднаар цадах боохой мэт санагдана. Үйлдвэрчний эвлэл хоолой шахан орилох нь бүр гутамшигтай. Гэхдээ менежмент муутай байгууллагад үйлдвэрчний эвлэл байгуулагддаг жишгээр бодвол махны асуудлаа шийдэж чадахгүй яваа малчдын эх оронд энэ үзэгдэл хэр юм биз ээ.            
               

Хараал идсэн ченж

Зах зээлд орох үед гадаад валют зардаг байсан улсаас үүдэлтэй “ченж” хэмээх мэргэжил өдгөө худалдааны бүх салбарт бий болжээ. Уул нь, нэгээс аваад нөгөөд нь дамжуулан зардаг хүмүүсийг “дамчин” гэх учиртай ч хуучин нийгэмд энэ нэршил доромжлол байлаа. Дамжуулан зарагчид ардчиллаар англи нэр аваад ч нийгмээс өөдтэй үг сонссон нь үгүй. Махны үнэ өсөх тоолонгоор ченжүүдийн хэтэвч мөнгөөр, харин гэдэс нь хараалаар бас дүүрдэг байх.

Урьд бид 1930-аад онд зөвлөлтүүдтийн буй болгосон худалдаа бэлтгэлийн нэгдсэн системээр махаа бэлтгэдэг байлаа. Бүх зүйл хатуу тогтоосон график, төлөвлөгөөгөөр явагдана. Социализмын үед махны үнэ огтоос хөдлөхгүй боловч нүдэнд харагдах нь ховор. Жилд бэлтгэсэн махныхаа ихэнхийг Зөвлөлт рүү экспортлоод өөрсдөө 60 мянга орчим тонн мах хэрэглэдэг байсныг энэ салбарт насаараа ажилласан М.Лхачинбал хуучиллаа. Махны худалдагч нийгэмдээ нөлөө бүхий нэгэн байсан цагт улаанбаатарчуудын хэрэглээнд зориулж өвөлдөө 5000 тонн мах ч нөөцөлдөг байж. Нам засгаас жил бүр малаа 25 сая толгойд хүргэх чухал зорилт дэвшүүлдэг ч мал аж ахуйн орны иргэд мах, махан бүтээгдэхүүнээр байнга гачигдана.

Нэгдэл задарсаны буянаар малын тоо гялалзтал өссөн ч мах бэлтгэлийн систем нийгэмтэйгээ хамт задарлаа. Ардчилсан үндсэн хуулиараа малыг төрийн хамгаалалтад авсан ч монголчууд тэднийгээ алж иддэг зуршил нь өөрчлөгдсөнгүй. Тиймээс энэ хэрэгцээг нь дагаад нийлүүлэгч гарч ирлээ. Махны ченж. Хийдэг бизнесийнх нь талаар хэдэн зүйл олж мэдэх гэхээр хараал иддэг ченжүүд зугатах маягтай байх юм. Монголд өдгөө ажиллаж буй 40 орчим махны үйлдвэр ч эдний гарыг хардаг аж. Гэхдээ тэднийг нийгмээрээ хараадаг. Чухамдаа бол, өөрөө хамаг эрсдлээ үүрээд хотын хүн амыг махаар хангадаг улсыг магтахгүй юмаа гэхэд муу хэлэх тэнэг л дээ.

Уулын амаар нэг тарсан малчид мөнгөний хэрэгцээ гарлаа гээд ганц хонь туугаад хот орвол ямаан дээрээ тэмээний гарзтай. Гэтэл өөрийнхөө зардлаар хотонд нь бэлэн мөнгөтэйгөө ирээд малыг нь авч тус болдог ченжүүдэд малчид хүртэл ам муутай. Хэдэн сараар айл айлаар орж ганц нэгэр нь цуглуулсан малаа нядалж янзлаад лангуун дээр хүссэн зоргоор нь дэлгэсэн байхад худалдан авагчид бүр их үзэн ядна. Гэхдээ тэд иймхэн юманд шантрах улс биш. Амьдралаа залгуулах энэ аргаа улам бүр нарийсгаж өөр өөрийн систем бүрдүүлжээ. Түүний ачаар бид хэтэвчнийхээ хэмжээгээр махаа зооглодог.


Нөлөөтэй малчид

Хотын хүн ам өдөр өдрөөр өсч байдаг бол малчин өрхийн тоо жил жилд нэмэгдсэн дүнг Монгол улсын статистикийн эмхтгэлээс харж болно. 2004 онд 169 024 байсан мал аж ахуйгаар амьдралаа залгуулдаг айл 2008 онд 171 124 хүрчээ. Гэхдээ хойтон жил нь тохиосон зуднаар 1 000 орчмоор хорогдож, 2010 он гэхэд бүр 10 мянгаар шахам буурчээ. Мал хувьчилсанаас хойш малчин өрхийн тоо өссөн боловч үйлдвэрлэлийн бүтээмж нь шальтай нэмэгдээгүй гэж А.Бакей, Б.Чимид-Осор нарын “Малчин өрхийн амьжиргаа: Нөлөөлөх хүчин зүйлс, дээшлүүлэх арга” илтгэлд дурьдсан байна.       
 
Хувийнх нь бизнес дампуурахаар төрөөс дэмжлэг авдаг малчид азтай улс. Бас нядалсан малынхаа ихэнхийг өөрсдөө идчихдэг ховдог хүмүүс. Монголын махны жилийн хэрэглээний 80 хувийг улаанбаатарчууд, 20 хувийг бусад суурин хэрэглэдэг бол малчид 90 хувийг нь хүртдэг байна. Үүнийг Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Лхачинбал ч баталсан юм. Малчин махаа иддэг нь буруу бус харин хүнсний хэрэглээ нь хязгаарлагдмал байгаа явдал.

Энэ жил махны үнэ нэмэгдсэн шалтгааныг хэд хэдэн ченж малчдаас үүдэл гэж баталлаа. Хотноос зарагдах малын үнэ өмнөх жилийнхээс 20 хувь орчим өссөн гэнэ. Жилийн турш ихэнх нь жигд орлогогүй явдаг малчид тав, арван нэгдүгээр саруудад л мөнгө хийдэг аж. Малчид орлогынхоо 89 хувийг ахуйн хэрэглээндээ, үлдсэн 11 хувийг л ган зудыг давахад зарцуулдгийг “Малчин өрхийн амьжиргаа: Нөлөөлөх хүчин зүйлс, дээшлүүлэх арга” илтгэл харуулжээ.

Ерээд онд гурил будаагаар малаа сольдог байсан малчид шинэ зууны эхээр бэлэн мөнгийг илүүд үзэх болж улмаар наад захын ахуйн хэрэгцээ нь хангагдаад иржээ. Харин гаднаа тавган антенн, салхин генератор, машин унаатай малчинд мөнгө чухал болж малынхаа үнийг нэмсэн бололтой. Мөн малын гол түүхий эдийн нэг арьс, нэхийний үнэ сүүлийн нэг жилийн дотор бараг хэлбэлзэлгүй өндөр хэвээр байлаа. 2008 онд өсөөд өсөөд 4 000 төгрөг хүрсэн ямааны арьс 20 000 төгрөгийн ханштай жил тойрлоо. Ийм мөнгө нөмөрсөн малаа хэн ч хямд өгөхгүй. Монголын арьс ширийг өндөр үнэлж буй Хятадын зах зээлийн нөлөөгөөр мал үнэд орсноор малчид хожиж, харин хэрэглэгчид гонсойв.   

Үүнээс өөр шалтгаан бас бий. Цөлжилт, уул уурхайн хөгжил зэргээс үүдээд бэлчээр өдөр өдрөөр тогтмол багасч байна. Мэдээж үүнийг дагаад бэлчээрийн ургамал, гарц нь ч хомстож таарна. Малын тоо толгой өсөөд байгаа сайхан мэдээ байвч мал маллагааны технологи огт өөрчлөгдөөгүй болохоор нэгжээс авах ашиг шим нь байнга буурах хандлагатай. Дээр нь малчдын олонх буюу 38.8 хувь нь 200-500 малтай бөгөөд ийм тооны малаас нэг дор олноор нь зарж борлуулбал сүргийн өсөлтөд сөрөг нөлөөтэй. Тэгэхээр эд нар зах зээл дээр үнэ тогтоход нөлөө үзүүлэх нь бага. Харин малаа нэг дор харьцангүй олон тоогоор борлуулах боломжтой  21.2 хувийг эзлэх 500-1 000 малтан, 9.2 хувийг эзлэх 1 000-1 500 малтан махны үнийг тогтооно. Малчдыг харанхуй бүдүүлэг гэж боддог хуучин нийгмийн үзэл өнөөдөр өөрчлөгдөөгүй боловч чухам тэд л Монголын санхүү, эдийн засгийн нөлөө бүхий тоглогчид юм.


Нөлөөгүй улс төрчид

Махны үнэ төгрөгийн ханшийг тогтоодог. Үүнийг захын улс төрч зурагтаар яриад сурчихсан. Харин тэд хэрэглэгчдийн өмнөөс махны ченжүүдийг хараахаас өөрийг хийсэн нь бараг үгүй. Адаглаад аль 2004 онд Махны холбооноос санаачилсан Малын биржийн асуудлыг өнгөрсөн жил нэг ярьсан ч сонгуулиар оноо алдахаас эмээж “малчидтай зөвлөх” нэрээр бас л хойшлуулчихлаа. Үнэндээ улс төрчид энэ зун хөдөө очоод мөнгө амалж, хөөрөг солилцохоос өөр юм хийхгүй.

Ямартай ч энэ онд нийт малын 15-20 хувийг, 2015 он гэхэд 40 хувийг нь, 2021 онд 80 хувийг нь индексжүүлэн бүртгэхээр яриад байна. Гэхдээ малыг эзнийх нь нэрээр бүртгэхийн оронд бүсээр нь ялгана гэж байгаа нь үр дүнгүй шахам ажил. Энэ ажлаа улс төрчид малын хулгайгаас сэргийлэх мэтээр харж “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 5.2 дахь хэсгийг үндэслэн тушаал гаргасан нь ухаан дутсан явдал. Үнэндээ Монгол улс малаа жил бүр тоолдог ч өнгөрсөн 70 жилийн турш амины малаа тооллогоос нууж аргалаад сурчихсан малчдын тоглоом болоод өнгөрдөг ч байж мэднэ. Ямар ч байсан энэ салбарын статистик мэдээлэл арифметик үйлдэл, олон жилийн дундаж таамгаар явж ирсэн гэдгийг олж мэдсэн юм. Нөөцийн махнаас өөрөөр хянаж чадахгүй байгаа махны зах зээлийг огт баримт судалгаагүй төр барьж төгрөгийн ханшийг, цаашлаад монголчуудыг амьдралыг өөд татах нь юу л бол.

Ноолуурын үнэ дагаад жил тутам өссөн ямаагаа малчид мах бэлтгэлд өгч байгаа ч хүнсний захуудын лангуун дээр ховор харагддаг. Тоож аваагүй ямааны махаа өдөр бүр бууз хуушуур хэлбэрээр хүртдэгээ бид огт мэдэхгүй. Ер нь энэ салбарт бидний мэдэхгүй юм маш их байна. Саяхан америкчууд Монголын махны зах зээлийн талаар судалгаа хийхдээ манайхантай уулзаж аман мэдээлэл авахын оронд өөрсдөө гардан судлахыг илүүд үзжээ. Учир юунд вэ гэвэл, манай махны зээлийн тоглогчид бүгд худлаа ярьдаг. Улсын чанартай бүртгэл тооцоо нь ч эргэлзээтэй болоод тэр.


Хонио хонь гэдгийг батлах хэрэгтэй

Мах экспортлоод зэсээс дутахгүй их мөнгө олчих мэтээр ярьдаг ч манай махыг Сибирийн хэдэн махны үйлдвэр гуйлгаж баймаажин консерв хийх зорилгоор л авдаг. Япон руу гаргасан жаахан адууны махаар нь муурны хоол хийдэг гэж нэгэн мах импортлогч гомдоллож байсан. Манайхан гадагшаа мах заръя гэхээр Hazard analysis and critical control points буюу HACCP гэгдэх зүйл шаардана. Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хянах долоон зүйлт энэ системийг манай мах хангатал өдий байна. Энэ бол манай махны ченжүүд олон сумаас мал цуглуулчихаад сүүлийн сумаас авилга өгөөд авдаг гарал үүслийн бичгээс огт өөр эд аж. Гадныхан адаглаад л хониныхоо махыг хонины мах гэдгийг нь батлаадах гэж шаардана. Харваас л хонь байгаа биз дээ гэдэг бидний ухаалаг хариулт тэдэнд тэнэг сонстдог аж. Харин үүнийг батлахад мөнөөх бүртгэл нь хэрэгтэй. Гэтэл бидэнд бүртгэл нь алга. Хөдөө талаар дүүрэн мал л байна, араараа дүүрэн ай түмэн адуугаа уулын аманд хураагаад л бүрэн эсэхийг нь мэдчихдэг үлгэртэй, бид. Ганц үхрээ мангасаас харамлаад төрсөн үрээрээ сольдог суртахуунтай, бид.  Амиа тавьж өсгөсөн хонио хонь гэж баталж чадахгүй л явна.