Ардын нам ба санал тооллогын автомат машин

Сар шинийн дараах ажлын эхний Тусгаар тогтнолын ордонд өдөржин золголт үргэлжлэв. Юун ажил, юун  чуулган. Тусгаар тогтнолын ордны өрөөнөөс өрөө дамжин үнсэлцэж, тэврэлдэж буй  эрхэм гишүүдийн зарим нь  лам  авчирч ном уншуулж сүйд болов.

Нэрээ  голсноос хойш сонгуульд ялагдах нь бараг тодорхой болсон МАН-ынхан гундуухан итгэл муутай болсон байлаа. Гэтэл сүүлийн үед тэд өдөр, шөнөгүй  сонгуульд бэлтгэж өөртөө итгэх итгэл нь эргэн ирлээ гэцгээх болж.

Юунд ингэтлээ найдаж, хөөрцөглөж эхлэв гэтэл санал тооллогын автомат машинд хамаг учир байж. Анх улстөрчдөд танилцуулсан Солонгосын гэх  скайнер шиг тоологч машин нь гологдож  өөд уруугүй хэрүүлийн алим өнхрүүлж  байгаад л АНУ-аас машин авчрах болсон билээ.  Солонгос скайнер зүгээр л өгөөш байж.

Сталины тухай  онигоо шиг ч юм шиг,  үнэн  ч юм шиг яриа байдаг даа. Сталин  ардын дайсныг шууд буудах,  Кремлийг  хөх өнгөөр будах гэсэн хоёр асуудлыг хуралд оруулж хэлэлцүүлжээ. Ингээд хурал дээр Кремлийг улаанаар будна, хөхөөр будна гэж эцэсгүй маргаан үүсч. Ингэж,  ингэж улаан өнгөөр будах дээр тогтож. Тэгэхэд нь Сталин “За ингээд та бүхний саналаар Кремлийг улаанаар будахаар боллоо. Харин миний саналаар  Ардын дайсныг буудахаар боллоо шүү “ гэсэн гэдэг. Ердөө л ардын дайсныг буудах гол саналаа  шийдүүлэхийн тулд Кремлийн өнгө ямар байх тухай шал хэрэггүй маргаан өрнүүлсэн нь тэр. Манайхны ярьдагаар бол бага чулуугаар их чулууг доргионо гэдэг шиг юм болохгүй юу. Ардын намынхны заль ч яг л ингэж Сталины аргаар явсан байгаа юм. Америкийн санал тоологын  машиныг оруулж ирэхийн тулд л Солонгосын скайнер шиг машиныг эхлээд санал болгож. Эцэст нь Америк машиныг  зөвшөөрүүлж чадсан хэрэг. Үнэн хэрэгтээ  аль хэдийнэ АНУ-ын энэ машиныхаа  программ дээр ажиллах хүнийг бэлтгэж, автоматаар луйвар хийж болохоор болгосон гэдэг нь өөрийнх нь намын гишүүдийн амнаас ам дамжин яригдаж сэтгүүлч бидний чихэнд хүрчихсэн хэрэг л дээ.  Жишээ нь энэ машиныг  АН-д саналаа өгөхөд МАН-д санал нь тоологдохоор программчилна гэсэн үг. Энэнд ядаж цөхөөд байх зүйлгүй. Комьютерийг ч хүн л зохиодог хойно “тийм”-ийг “үгүй”, “үгүй”-г “тийм” болгоод өөрчилчихөж дөнгөхийг бид мэднэ. Арван хэдтэй хүүхэд улсын томоохон нууцад нэвтэрч, хорин хэдтэй залуус  дурын сайт  руу нэвтрээд дэлхийгээр нэг шуугиулж байхад энэ бол  гайхах зүйл   биш.

Санал тоолдог автомат машины “но”-той гэдэг нь хүү Буш, Гор хоёрын сонгуулийн үеэр нотлогдсон байдаг. Тэр үед автомат машины үр дүнд Буш ялсан байтал Гор эсэргүүцэн мараан үүсгэсэн. Флорида муж дээр саналыг дахин гараар тоолж үзэхэд Гор нь тасархай ялчихсан байсан. Гэвч АНУ  ардчиллын нэр сэвтэнэ гээд олон нийтээс тас нууж, Буш автомат санал тоологчийн ачаар  ялсан байдаг. Бушийг ялуулсан өнөөх гайхал машин өнөөдөр манайд ирчихээд байгаа нь энэ шүү дээ. МАН-ынхны хөл, толгойгүй хөөрцөглөөд байсны учир ердөө л энэ аж. Тиймээс автомат машинд найдсан найдлага нь МАН-ынхныг ийм эрч хүчтэй болгожээ. 

Гэхдээ МАН-ын дарга С.Батболдод  сонгуулиас өмнө давах том даваа байна. Тойргуудын мандатын тоо нэгэнт өөрчлөгдөж, зарим тойрог дөрөв байсан нь хоёр болчихсон учир нам доторх дайн самууныг эв эеэр зохицуулахын тулд МАН-ын дарга чамгүй арга хэмжээ авч байгаа ч бүрэн шийдэгдтэлээ хол. Ялангуяа хөдөө орон нутагт  дотоодын дайн жинхэнэ утгаараа эхлээд байна. Ямар сайндаа зарим тойргийнхон хоорондоо учраа олохгүй болохоор намын даргадаа ханджээ. Гэтэл намын дарга нь “ Та нар хоорондоо яриад үз” гэж хэлээд  дунд нь булууны яс хаяж орхиж. Өнөөдүүл нь  хэмлэлдээд  учраа олохгүй байгаа гэсэн.

АН ба сонгууль

МАН-тай харьцуулахад дээрх бэрхшээл АН-д бага ч ор байхгүй гэж хэлж болохгүй юм. Олон фракцтай гэгддэг тус намын фракцын удирдлагууд  нь намын дарга дээрээ орж фракцаасаа хэдэн хүн, хаана дэвшихийг тохирч байгаа мэдээлэл байна. АН-ын хувьд угаас маргаж, мэтгэж, үзэлцэж байж шийдвэр гаргадаг болохоор намын даргатай тохирсон тохироо бүрэн хэрэгжинэ гэж итгэхэд бэрх. 

Туулай жилийн сүүл мушгиж Ардчилсан намд хоёр ч фракц мэндэлсэн. “Шонхрууд” фракц мэндлээд удаагүй байхад араас нь далаад оныхноос бүрдсэн 40 орчим залуу ҮЗХ-ны  гишүүн “Мөнх тэнгэр” фракц байгуулснаа албан ёсоор зарласан. Угаас энэ нь АН-ын хувьд бол гайхаад байх зүйл биш. Хэдийгээр хөндлөнгөөс элдэв шүүмжлэл дагуулж байгаа ч АН-ын удирдлага харин үүнийг “Нам доторх эрүүл, байдаг л үзэгдэл” гэж тайлбарлаж байгаа.

Саяхан болсон МоАХ-ны их хурал сонгуулийн хувьсгал хийхийг уриалав. Харин хаа очиж намын дарга руугаа айхтар дайрсангүй. Уг нь намын дарга Н.Алтанхуягийг өөрчлөх яриа намын дотоодод  яригдсаар байгаа ч тийм амархан унахгүй гэдэг нь өнгөрсөн ҮЗХ-ны хурлаар харагдсан. Түүнийг солих хүсэл зарим хүнд  байгаа ч сонгуулийн өмнө энэ нь бүтэхгүй байх магадлал өндөр.  Учир нь Н.Алтанхуягтай фракцууд бүгд тохироо хийсэн бол тэрээр намын даргын суудалдаа нэлээд лав шигдсэн гэсэн үг. 



Ардчилсан намынхан нэгэнт сөрөг хүчний байр суурин дээрээ эргэн ирсэн учир үйл ажиллагаа нь тод харагдаж эхэлж байна. Харин Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах байр сууриа хадгалж авч үлдэхгүй бол одоогийн УИХ-ын гишүүд нь намын  анхан,  дунд шатнаасаа маш том цохилтонд  өртөж магадгүй.

Ээлжит бус чуулган ба Ж.Энхбаярын хувь заяа хаашаа эргэх вэ

Ээлжит бус чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэнэ. Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай дөрөө харшуулж хийнэ, хийхгүй гэдэг дээр хоёр намын маргаан нэг тийш болох болов уу. Хоёр нам өөрсдийн байр суурин дээр хөдөлшгүй зогсоно гэж байгаа бол бас дундын хувилбар гарч болох юм гэсэн таамаг байгаа юм.  Ээлжит бус чуулганаар мөн  Ж.Энхбаяр, Т.Ганди сайд нарын асуудлыг хэлэлцэнэ.

Т.Ганди сайд Унгарт элчингээр суух болсонтой холбоотой нам дотор нь түүний оронд очих бүсгүйчүүдийн дунд уралдаан өрнөж байгаа. Хэн сайн уралдах нь түрүүлэх биз. Гол яригдаж буй хүмүүс бол Д.Арвин, Д.Оюунхорол. Дээрх бүсгүйчүүдийг сайд болохын тулд Т.Гандиг  элдвээр нь оролдож байгаад элчин сайдаар явуулж,  өөрсдөө оронд нь суухаар зэхэж байсан гэж хардах хүн ч олон бий.  Үүнээс гадна мэргэн буучдын рот бэлгэж байгаа гэх Ж.Энхбаяр сайдыг Засгийн газрын гишүүнээс нь эргүүлэн татах саналыг Ардчилсан намын бүлгийн зүгээс тавиад байгаа билээ. МАН-ын гишүүд нь ч Ж.Энхбаяр гишүүний сайн дурын энэ тоглолтонд таагүй хандаж байгаа гэнэ. МАН-ын нэгэн гишүүн “Зургаахан сарын хугацаатай сайд болчихоод юм үзээгүй царайлж баахан өвөгцүүл аваачихын тулд халаа сэлгээ хийсэн нь буруу. Дээр нь нэг их юм хийдэг хүн болж мэргэн буучдын рот байгуулна дур мэдэн ярьж  нам баллалаа” гэж байсан юм. Угаас Ж.Энхбаяр намын бүлэг дээр Ц.Батбаярт ялагдсан хэрнээ  Удирдах зөвлөлөөс хүчээр гараад ирсэн болохоор арга ч үгүй биз. Хэрэв Ж.Энхбаяр ээлжит бус чуулганаар уначихвал оронд нь Ц.Батбаярыг зүтгүүлэх яриа ч аль хэдийнэ цацагдаад эхэлжээ. Ж.Энхбаярын хувьд сонгуулиа бодож алтайнхандаа таалагдах зүйл хийсэн ч арай гэж Засгийн газраа бүрэн болгосон намдаа халтай  зүйл хийсэн нь намынхныхаа ч дургүйг хүргээд байгаа аж. Нэг ёсондоо Ж.Энхбаяр өөрийнхөө сонгуулийг бодож Батболдын Засгийн газрыг хөлдөө чирч байна.

МАХН ба эвсэл

Н.Энхбаяр хэмээх хуучин мөртлөө “шинэ” болсон хүн энэ сонгуульд АН, МАН-ыг  самарчих гээд өөд уруугүй улстөр хийж  яваа.

Үнэн хэрэг дээрээ МАХН, МҮАН хэмээх Н.Энхбаяр, М.Энхсайхны нөхөрлөлийн үр дүн сонгуулиар энэ хоёрт л ялалт авчрахаас намын бусад нөхөд нь горьдох зүйлгүй. Тэр хоёр бусдыгаа хөлдөө чирнэ. Магадгүй дээрх хоёр нам удирдлагуудтайгаа аль ч үгүй болж, Монголын улс төрийн газрын зурагнаас арчигдаж ч болно шүү дээ. Учир нь хөдөө хотгүй бөөн бөөнөөрөө МАН-аас МАХН руу гишүүд нь цуваад байгаа гэж тэдний хэлээд байсан нь худал болж эхэлсэн байна лээ. Зүгээр л орон нутгийн МАН-ын дарга урваад байгаа гишүүдтэйгээ жаахан тохироо хийгээд л төрхөмд нь буцааж байгаа гэсэн. Тэгэхээр Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр сонгуульд ялахаа баталгаажуулъя гэвэл АН-тай эвсэж орвол ялалт нь зуун хувь баталгаажих юм. Иргэний зориг ногоон намын удирдлагуудад ч энэ хамаатай. 
 
Сонгуулийн хууль ба Цэц

Сонгуулийн хуулийн зарим заалттай холбоотой өргөдөл ирснээс хойш энэ асуудлаар  Цэц дээр маргаан өрнөжээ.

Цэц хэрвээ өргөдлийг хүлээн зөвшөөрч Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчжээ гэж үзвэл одоо байгаа гишүүд шинэ хуулиар УИХ-д дахин сонгогдох магадлал 200 хувь байсан  бол магадлал нь 100 хувь болж буурна  гэсэн үг. Өөрөөр хэлбэл сонгогчдын саналыг хангалттай авч чадаагүй хэрнээ гулсаж орох гэсэн ухагдахуун байхгүй болох аж.

Онолоор бол хүмүүс намын мөрийн хөтөлбөрт саналаа өгдөг. Энэ утгаараа  суудал  гулсуулах уу, үгүй юу  гэдгийг нам мэдэх бүрэн эрхтэй. Нөгөө талаар нам мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боловсон хүчнээ сонгох эрхтэй учраас үүнийг  Үндсэн хууль зөрчсөн гээд байх шаардлагагүй. Үндсэн хуулин дээр шууд сонгоно гэсэн ганц заалт байгаа болохоос намаар юм уу, эсвэл хүнээр сонгохыг баталгаажуулсан хориглосон ямар ч заалт байхгүй.

Нөгөө талаас монгол сэтгэхүй нь олонхийн санал өгөөгүй байхад гулсаж орж ирсэн хүнийг “Хаалгаар хөөгөөд гаргахаар тооноор ороод ирээд” гэж тайлбарладаг.  Ингэхээр  Цэцэд хоёр сонголт тулгарна. Орчин цагийн улс төрийн намын онолыг баримтлах уу, нийгмийн сэтгэхүйг дагах уу.   Ийм салаа замын уулзвар дээр Цэц ирээд байгаа. Өөр нэг нь Сонгуулийн хуулийг бүтнээр нь хэрэгсэхгүй болгож хуучнаар нь сонгуульд орох уу гэсэн хувилбар. Гэхдээ энэ нь нэг их явахгүй санаа байх.