Ардчилсан намын нүүдэл суудал

Энэ удаагийн сонгууль урьд урьдынхтай огт адилгүй болох нь ээ. Намын “уураг тархи” болсон удирдагчид нь 26 тойрогт хэн хэнийг ямар 48 хүнээ дэвшүүлдэг билээ. Намын нэрээр санал авах хуудсанд хэн хэнийгээ, ямар дарааллаар байрлуулах билээ гэдэг нь бөөн бодлого болоод байна. Пропорционалиар санал өгдөг уламжлалт парламентын засаглалтай орнуудын хувьд том улс төрийн намуудын дүрэм нь намын нэрээр санал хураахад зориулагдсан байдаг болохоор тун амархан. Томоохон хэвлэл, мэдээллийн агентлагуудаас эхлээд улс төр судлаачид, ажиглагчид, жирийн сонгогчид хүртэл 28-ын жагсаалтын дарааллыг сонгууль зарлахаас өмнө гаргачихсан байдаг юм байна. Харин манайд бол намын дүрэм нь холимог тогтолцоонд зориулж өөрчлөгдөөгүй байхад сонгуулийн хууль холимогоор гарчихсан болохоор энэ удаа намууд нэрсийн жагсаалтыг зөвшилцөл, тохиролцсоны эцэст гаргаж таараа. Зарим улс оронд пропорционалийн жагсаалтаа намын хүндэт суудал, намын урилгын суудал гэж нэрлэдэг юм билээ. Ардчилсан намын хувьд сонгуулийн бодлогын нүүдэл суудал яригдаж эхэлжээ. Намын дарга Н.Алтанхуяг жагсаалтын нэгд, Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хоёрт магнайлж жагсана. Араас нь намын удирдах зөвлөлд олон суудалтай фракцын төлөөлөл орж ирэх нь дамжиггүй. Ардчилсан намаас бол МоАХ фракц хамгийн олон төлөөлөлтэй. Гэвч МоАХ фракцын ахлагч Х.Баттулга өөрийн найдвартай тойрогтой тул энэ суудалд Ардчилсан нам доторхи МоАХ-ны партизан Ардчилсан хувьсгалын нэг удирдагч Э.Бат-Үүл ирнэ. Хэрэв Э.Бат-Үүл нэр дэвшихгүй гэж хойш суувал энэ суудал мөн МоАХ-доо хэн нэгэнд нь хадгалагдана. Ардчилсан намын дэлхийд гайхуулах үнэт зүйл бол Ардчилсан хувьсгалыг коммунист Монголд хийсэн гавьяа. Ардчилсан хувьсгалын удирдагчдыг үнэлэх цаг болсон. Тийм учраас партизануудын төлөөлөлд урилгын суудал ногдоно. Хаа ч гэсэн намын суудал буюу хүндэт суудалд суулгах дараалалд намын өмнөөс хэдэн удаа нэр дэвшиж ард түмний мандатыг авч, намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, намын удирдах албан тушаалд хэд сонгогдов гэдэг нь өөрөө хүндэт суудлын гол үзүүлэлт болдог. Тодруулбал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга, УИХ-ын байнгын хорооны дарга, Ерөнхий сайд, сайд зэрэг албан тушаал хашсан байдлаар нь жагсаах нь хамгийн шударгад тооцогддог хэвлэгдээгүй хууль байна. Ардчилсан намд шинээр хүчтэй гарч ирсэн Ардчилсан хүчний холбоо, Шонхор фракцын төлөөлөл дараагийн дөрөв дэх суудалд сууна. Олонхи улс төр ажиглагчид З.Энхболдыг дөрөвдүгээрт сууж, Өвөрхангай аймгийн хоёр мандат руу УИХ-ын Б.Батхүү, Б.Зоригт нарыг нүүнэ гэж хэлж байна. Ардчилсан хувьсгалын удирдагчдаас Э.Бат-Үүл Да.Ганболд, Р.Гончигдорж. Баабар нар хүндэт суудал руу уригдах магадлалтай. Да.Ганболд Хан-Уул дүүрэгт, Р.Гончигдорж Архангайдаа нэр дэвшвэл энэ суудалд Р.Амаржаргал орж ирэх магадлалтай. С.Эрдэнэ, Н.Батбаяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Лу.Болд, Л.Гүндалай гээд улс төрд ид яваа өөрсдийн ажилласан, танигдсан тойрогтой намдаа ч санал цуглуулах өөрсдөө ч тойрог дээрээ баталгаатай гарах нэр дэвшигчдийг бол суудал бөглөх болоогүй гээд л тойрог руу нь чиглэсэн нүүдэл хийх нь ээ. Ардчилсан намд хүчтэй түрж ирсэн залуучуудын /Нэг ардчилал/ фракц төлөөлөл нь Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нар. Лу.Гантөмөр ардчилсан намын бүлгийн дэд даргын хувьд ч судалгаагаар Увс аймаг, Сүхбаатар дүүрэгт 40 хувиас илүү оноотой яваа улс төрч. Фракцийн төлөөллийн суудлаа Х.Тэмүүжинд өгөөд өөрөө тойрог руугаа явах магадлалтай. Дараагийн суудалд эмэгтэйчүүдийн төлөөлөл, парламентын гаднах залуучуудын төлөөлөл сууж магадгүй. Хэрвээ фракцууд тохирч чадвал Ардчилсан намын, ардчиллын нүүр царай болж чадах бүсгүйчүүд олон байна. Сонгуулийн хуулиар нам 14-өөс доошгүй бүсгүйчүүдийг нэр дэвшүүлэхгүй бол Сонгуулийн ерөнхий хороо намыг нь бүртгэж авахгүй. Тэгэхээр Ардчилсан нам хүүхнүүдээ эхний аравт ганц хоёр, харин нам ялбал сайд, дэд сайд, томоохон газар агентлагийн дарга нарт зүтгүүлэхээр арваад хүүхнээ 28 суудалд багтаахаар төлөвлөсөн гэж дуулдсан. Далаад оны залуучуудын төлөөлөл Ж.Батзандан, “Хөх тэнгэр” фракц Д.Батбаатар нарыг оруулж суулгахад сонгогчид үгүй гэхгүй. Мөн АН-ын хүндэт суудалд улс орон дэлхийн хэмжээгээр танигдсан эдийн засагч, хуульчдыг ч урих сураг гараад байна. Зөвхөн ҮЗХ-ны 220 хүн намын суудлын дарааллыг шийдвэл  хувь, хувийн амбиц, дүүрэг аймгийн жижиг эрх ашгаа бодоод  мэдээж хамгийн муу шийдвэр гарна. Энэ үед л албан ёсоор зарласан фракцууд тохирч намын бодлогоо авч үлдэнэ. АН фракцуудаа ил зарласан нь пропорциональ системийг хуульчилсан анхны сонгуулийн өмнө харин ч хожоо болж магадгүй. Фракцууд хэнийгээ хаана дэвшүүлэх, хэнийгээ хаана суулгахыг бодож боловсруулж, шатар нүүж байгаа шиг бодлого бодно. Намаа ялуулах тактик стратеги боловсруулах, намын нэрийн жагсаалтаар суух хүмүүс улсын хэмжээний бодлогыг тодорхойлох учраас тойрогт ялалт авчирхаар нүүх хүмүүсээсээ суух хүмүүс хэн байх нь хамгийн чухал. Жишээ нь том намын дарга нэг муж, нэг дүүрэг, нэг аймгийг төлөөлж нэр дэвшдэггүй. Намаа удирдан толгойлж сонгуульд оролцдог олон улсын жишиг бий. Тэгэхээр МАН-ын дарга Сү.Батболд ч гэсэн нэг /Сүхбаатар/ дүүргийн хэмжээний улс төрч биш учраас нэрээ бодож, жагсаалтаа толгойлох биз. Харин МАН-ын хувьд нийтэд зарласан албан ёсны фракц байхгүй, намын өмнөөс төрийн алба хашиж байсан хүндэт суудалд уригдан суух томчууд олонтой нь жагсаалт гаргахад хүндрэл учруулна. Дээр нь мөнгөтэй залуучуудын арми хүч түрэн орж ирсэн нь  энэ нам “нүүдэл, суудал”-ын хуваарь хийхэд тун хүнд  учир одоогоор тоймлохын аргагүй байна.