Жүжигчин Н.Ялалт сүүлийн 10 гаруй жил орчуулгын кинонд дуу оруулж яваа уран бүтээлч. Энэ урлагтай амьдралаа холбосны хувьд түүнд хэлж ярих зүйл их байгаа бололтой.

-Телевизүүд хэт олширсонд хүмүүс янз бүрээр л ханддаг. Нийт эфир дэх киноны цаг ч их болсон байна. Эрэлтийнхээ хэрээр чанаргүй бүтээгдэхүүн их гараад байх шиг санагдах боллоо. Энэ талаар юу хэлэх вэ?

-Зарим телевизийг үнэхээр “Болиоч ээ” гэж хэлмээр санагддаг. Бүр яая даа гэмээр үг өгүүлбэр хэлж байгаа ч сонсогдох юм. Юу хэлээд байгаагаа өөрөө ч ойлгоогүй байж кинонд дуу оруулж суугаа хүмүүс байна. Ингэж болохгүй ээ. Үзэгчдээ хүндлэх хэрэгтэй шүү дээ. Хэнд зориулж бид энэ ажлыг хийж байгаа юм бэ? Үзэгчдэд л зориулж байгаа биз дээ? Тэгэхээр үзэгчдээ сонсож, тэдний шүүмжлэлийг хүлээн авч, тэдэнд урлагийн бүтээл хүргэх учиртай байх. Кинонд дуу оруулах ажлыг мэргэжлийн жүжигчид хийдэг байхгүй юу. Түүнээс биш автоматаар текст уншдаг хүүхдийг хаанаас ч олно шүү дээ. Дотортой, мэргэжилтэй жүжигчин микрофоны ард суух ёстой.

-Санал нэг байна. Тийм байх ёстой. Гэхдээ одоо тийм биш байна. Тэгэхээр яаж энэ байдлыг засч залруулах вэ?

-Би боддог юм, орчуулгын киноны уран бүтээлчдийг бүгдийг нь цуглуулаад, тойрч сууж байгаад сайхан ярилцаж, санаа зорилгоо нэгтгэх хэрэгтэй юм болов уу гэж. Манайхан чинь их сонин шүү дээ. Өөрсдийнх нь төлөө гурван хэлчихлээр Ялалт өөрөө ад болдог. Намайг бусдаас дээр гарах гээд цор цор гээд байна гэсэн байдлаар ханддаг. Гэхдээ би зүгээр сууж чаддаггүй юм. Хэлэх гэснээ хэлж л орхидог.

-Орчуулгын киноныхны нийтлэг алдаа чухам юундаа байна вэ?


-Бид гадаадын нэр хүндтэй, сайн бүтээлүүдийг өөрийн хэлнээ хөрвүүлж байгаа. Тиймээс тэр бүтээлдээ ч бас хүндлэлтэй хандах ёстой. Манай нэг телевизээр Солонгосын олон ангит кино гарлаа. Гэтэл дүрүүдийн нэрийг бүгдийг нь монголчлоод Ариунаа, Алимаа, хэн хэн ч гэнэв, нэрлэчихэж. Тэр хүмүүсийн хийчихсэн бүтээлийг өөрчлөх эрх бидэнд байхгүй. Намайг эцэг эх маань Ялалт гээд нэрлэчихсэн байхад хэн ч юм нэг хүн хүрч ирээд, хөөе Жексон гээд дуудаад байж болохгүй биз дээ? Ийм муухай бүдүүлэг, балиар байж яагаад ч болохгүй. Бидний үүрэг бол хаанахын ч бай, ямар ч хэлээр бүтээгдсэн бай тухайн киног өөрийн төрөлх хэлнээ маш зөв, оновчтой буулгаж, монгол хүмүүст ойлгомжтой болгох явдал. Тухайлбал, америк кинонд хараалын үгийг их хэрэглэдэг. Түүнийг яг үгчлэн орчуулахгүйгээр утгачлан буулгаж, эерүүлэн зөөллөх хэрэгтэй болдог. Мэдээж, утга агуулга, тухайн дүрийн шинж чанар, өнгө аяс, хандлагыг өөрчилж болохгүй. Ингэж урлаж бүтээхэд л бидний ур чадвар шаардлагатай шүү дээ. Бас манайхан улайм цайм монгол үгээр орчуулж болдог үгсийг орчуулахгүй хэрэглэх тохиолдол их бий. Бас л нийтлэг алдаа.

-Студи, телевизүүд санхүүгийн чадавхи муутайгаасаа болоод дуу оруулагч жүжигчинд олон дүр өгөх явдал их түгээмэл байх юм аа?

-Үүнийг дууны найруулагч аятайхан зохион байгуулж болдог л доо. Нэг жүжигчинд хэд хэдэн дүр өгөх явдал хэзээнээс л байсан. Харин жүжигчид тэдгээр дүрүүдээ ялгаж дуугарч чаддаг байх ёстой. Гэхдээ нэг кинонд нэг жүжигчин дунджаар 3-4 дүр хийх боломжтой. Би хамгийн их нь 4-5 дүр л хийж байсан. Олон дүр авахдаа аль болох насны ялгаатай дүрүүд, дуу хоолойгоор ялгаж болох дүрүүдийг авах учиртай. Манай зарим туршлагатай ахмадууд дүрүүдийнхээ ялгааг дуу хоолойноос гадна характераар нь ялгаж чаддаг. Тухайлбал, ширүүн түрэмхий зантай, намуун зөөлөн ааштай хүмүүсийг аялгаар ялгаж дуугарсан байх нь бий. Гэхдээ нэг кинонд олон дүр хийж ажлыг мэргэжлийн жүжигчид л хийнэ. Саяхан би нэг сувгаар “Цэрэг Райныг аварсан нь” киног үзлээ л дээ. Дүү маань, та үзээрэй инээдмийн кино болгосон байна гээд байхаар нь үзсэн юм. Тэгсэн чинь ганцхан залууг микрофоны ард суулгаад бүх дүрийг хийлгэсэн байгаа юм. Тэр кинонд чинь хэдэн цэргийн дүр гардаг билээ? Тэр бүхнийг ялгаж байгаа нь энэ гээд өнөө залуу нь хоолойгоо янз бүр болгоод, гонгинож донгиноод ёстой үйлийг нь үзсэн байгаа юм. Үнэхээр инээдмийн кино шиг болгоод хаячихсан байна лээ. Ямар сайндаа манай дүү тэгж шоолж байх вэ. Үзэгчдийг тэгж, тэр сайхан уран бүтээлийн ингэж муухай доромжилж болохгүй биз дээ?

-Эрхгүй эфирийн цагандаа шахагдаад л тэгдэг байх даа?

-Зүгээр л эфирийн цаг бөглөх гэж тийм юм хийгээд яах юм бэ? Тэгснээс зүгээр л орчуулгагүй тавьчихад үзэгчдэд хамаагүй наалдацтай хүрнэ. Кино бол хамтын хөдөлмөр байдаг. Хүн их авъяастай, чадалтай байж болно л доо. Тэгэндээ эрдээд бүгдийг ганцаараа хийдэг, бусдад ажил өгөхгүй цойлоод байж болдоггүй юм. Ер нь би танай сэтгүүлээд дамжуулаад бусад телевизүүдэд ажиллаж байгаа дүү нартаа, найз нартаа эхлээд зөв зам дээрээ зогсох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Орчуулгын киноны урлаг гэж юу вэ гэдгийг зөв ойлгож, түүнийг хайрлаж, өөртөө байгаа бүх авъяас чадвараа бүрэн гүйцэд зориулж ажиллах хэрэгтэй. Энэ ажлыг хийхийн тулд маш их туршлага, дадлагатай байх хэрэгтэй байдаг юм аа. Шууд гүйж ирээд хийчихдэг ажил биш ээ. Цөмөөрөө зөв боловсорч, зөв ажилламаар байна аа. Гурван өгүүлбэр хэлчихээд 30 мянган төгрөг халаасладаг гэж бодож яваа бол маргаашнаас эхлээд больцгоо гэж хэлмээр байна.


Жүжигчин О.Оюун: Би мэргэжилдээ хайртай


“Илүү сартай зун” киноны Ариунаагийн дүрээр олны танил болсон жүжигчин О.Оюун бол Монголын цөөхөн мэргэжлийн дуу оруулагчдын нэг. Уулзмагцаа миний тавьсан асуулт түүнд хүн бүрээс байнга ирж байдаг улиг асуулт байж таарлаа.

-О.Оюун эгч ээ, яагаад уран бүтээл хийхгүй байна аа?


-Наад асуултыг чинь тааралдсан хүн болгон л асуудаг юм. Гэхдээ би өөрийгөө уран бүтээл хийхгүй, зүгээр суугаад байгаа гэж бодохгүй байна. Би дуу оруулагчийн ажилдаа дуртай. Миний энэ ажил бол цэвэр уран бүтээлийн ажил. Гайхалтай амттай ажил. Яагаад гээч. Би нэг талаар мөрөөдлөө биелүүлж яваа гэж боддог. Өөрийнхөө шүтэн биширдэг гайхамшигтай жүжигчдийнхээ тоглолтыг хүмүүст хүргэх гэж, тэдний дүрд хувилан, тэдэнд хүрч тоглох гэж чармайж ажилладаг. Яахав дээ, би өөрөө ямар нэгэн дүр бүтээлээ гэхэд өөрийнхөөрөө л тоглоно. Харин тэр гайхалтай, чадалтай жүжигчдийн дүрд орж тоглохоороо би тэднээс дутахгүйг хичээж, байдгаа дайчилж байдаг. Энэ миний аз жаргал. Би гарцаагүй уран бүтээл хийж байгаа.

-Та бусад телевизүүдэд ажиллаж байгаа мэргэжил нэгтнүүдийнхээ ажилд ямар үнэлгээ өгөх вэ?

-Манай дуу оруулагчдын ур чадвар өдрөөс өдөрт өсч байгаа шүү дээ. Гадаадын хамаг л сайн сайн кинонуудыг орчуулж, дуу оруулж, дэлхийн шилдэг том том бүтээлүүдийг дуу хоолойгоороо амилуулж байгаа болохоор манайхан асар их өсч байгаа. Гадаадын мундаг мундаг жүжигчдийн хамаг ураа шавхаж, задгай сайхан тоглосон дүрүүдэд уусч орох гэж тэмүүлж ажилладаг болохоор сайжрахаас яахав, тийм биз дээ?

-Үнэхээр сайн байгаа гэж үү?

-Манай улс их олон телевизтэй болчихлоо. Орчуулгын киноны хэрэгцээ шаардлага их байна. Дуу оруулагчид, жүжигчид ихээхэн дутагдалтай байна. Сүүлийн үеийн залуучууд маань “сайн дурын уран сайханчид” шиг л явж байна л даа. Гэхдээ тэдэнд буруу өгч боломгүй байна. Мэргэжлийн сургуулиуд орчуулгын киноны жүжигчин бэлддэггүй. Телевизүүд маань ч тэр чиглэлээр жүжигчдийг дадлагажуулах сургалтын үйл ажиллагаанд цаг зав зарцуулж амжихгүй байна. Арга ч үгүй юм. Телевизийнхэн маань асар их ачаалалтай, цаг нартай уралдсан л улс байна шүү дээ. Үүнээс гадна зарим нэг телевизүүдийг харж байхад орчуулгын кинонд төдийлөн ач холбогдол өгөхгүй, түүнийг дуу оруулалтыг уран бүтээлийн хэмжээнд хийх талаар санаа тавихгүй байгаа нь анзаарагддаг. Гэтэл эфирийн цагийнх нь ихэнхийг кино эзэлж байдаг.

-Мэргэжлийн сургуулиудад дуу оруулагчдыг бэлтгэдэггүй гэж үү?

-Би асууж сураглаж үзсэн. Тийм сургалт явагддаггүй юм байна лээ. Гэхдээ мэдээж, орчуулгын киноны жүжигчнийг бүтэн дөрвөн жилийн хөтөлбөрөөр бэлтгэнэ гэж юу байхав. Харин жүжигчний мэргэжлийн ангийн оюутнуудад төгсөх жил нь ч юм уу, сонгон суралцах хэлбэрээр мэргэшүүлж болмоор санагддаг юм. Дуу оруулах гэдэг их нарийн мэдрэмжтэй, мэргэжлийн жүжигчдийн хийх ажил шүү дээ. Ер нь бол кинон дээрээ ажиллаж байж л туршлагажиж, дадлагажиж сурдаг мэргэжил. Нэгэнт энэ ажил руу орсон хүмүүс ажлаа муу хийх эрх байдаггүй. Чи бод доо, бидний орчуулж байгаа тэр киног хэчнээн олон хүмүүс, ямар их хүч, хөдөлмөр зарцуулж хийсэн байдаг билээ дээ. Дэлхийн хэмжээний том найруулагч нар ажиллаж, дэлхийн шилдэг жүжигчид дүрүүдийг нь бүтээсэн байдаг шүү дээ. Тэгэхээр яавч энэ ажлыг муу хийж болохгүй.

-Таны хамгийн хэцүү бүтээсэн дүр ямар дүр вэ?

-Би их олон кинон дээр ажилласан. Багцаа ч хэлж мэдэхгүй байна. Маш их дүр бүтээсэн. Тийм киноны тийм дүр гэж тодорхой санахгүй байна. Хангалттай их ажилласан хэрнээ л урьд урьдын кинонуудаа эргээд үзэхэд яс хавталзмаар юм гарч л байдаг юм. Их хэцүү, дотоод сэтгэлийн мундаг нарийн сэжүүр гаргаад тоглочихсон дүрд дуу оруулахад сонирхолтой санагддаг. Зарим ийм дүрүүдийг хийж чадаагүй байх минь ч бий л дээ. Чадах, чадахгүйнхээ эхэнд сонирхолтой байдаг нь надад таалагддаг юм. Яг ямар дүр вэ гэдэг нь ойлгогддоггүй, тийм нэг сааралдуу дүрүүд байдаг даа. Тийм дүрүүдэд яаж тоглох учраа олдоггүй юм. Тоглох юмтой дүрд тоглоход урамтай байдаг юм.

-Хүн бүрт ажилдаа баримталдаг зарчим гэж байдаг шүү дээ? Таны хувьд?

-Би энэ ажил, мэргэжилдээ хайртай. Энэ л миний зарчим. Миний хийж байгаа энэ ажлыг зарим нэгэн хүн үгүйсгэж л байдаг юм. Тэр ч байтугай, улсууд “За, дэмий байхаар дуу оруулъя” гэж ярьдаг л гэнэ лээ. Миний хувьд бол тийм биш. Энэ мэргэжилд чин сэтгэлээсээ дурласан хүн л сайн хийнэ.

-Орчуулгын киног яг таг, зүй ёсоор нь хөрвүүлье гэвэл бид ам барих хэрэгтэй болно. Ингээгүй тохиолдолд хэчнээн сайн дүрдээ шингэж ороод, хайрлаж дурлаад үр дүнд хүрэхгүй юм шиг санагдах юм?

-Бидний байгаа нөхцөл байдал ийм л байна. Боломж бололцоогүй, санхүүгийн чадавхигүй. Тэгэхээр энэ нөхцөл байдалдаа зохицож амьдрахаас өөр аргагүй шүү дээ. Боломж нь байгаад ам барина гэвэл бид чадна. Хангалттай чадна. Бидэнд туршлага бий. Манай кино үйлдвэрийн ахмадууд ам барихыг бүр олон улсад шагшигдтал хийдэг байсан. Бүр илүүдүүлж хийдэг байсныг одоо ч ярьдаг. Би нэг жишээ хэлье, хүмүүс дуулсан л байх. Зөвлөлтийн “Ийм нэгэн явдал” гэдэг кино байдаг даа. Манайх тэр киног авч орчуулахаас өмнө уг кино олон улсын хэд хэдэн фестивальд түрүүлчихсэн байж л дээ. Тэгээд манайх руу өгч явуулахдаа, монголчууд энэ киног зохих хэмжээнд орчуулж, дуу оруулалт хийж чадахгүй байх гээд хоёр хувилбар явуулсан байгаа юм. Нэг нь үндсэн хувилбар, нөгөө нь зүгээр л нэг танилцуулга маягтай товчлол байж. Тэгэхэд нь манай хууччуул үзэж байгаад, яагаад дуу оруулж болдоггүй юм, үзээд алдъя гэлцээд Новоселцовын дүрд Дамдинбазар гуай, Прокофевнагийн дүрд Цэнд-Аюуш гуай тоглож. Тэр дуу оруулалтын тухай хожим Зөвлөлтийн киноны сэтгүүлд, Монголын жүжигчид энэ киног орчуулахдаа Андрей Мякков, Алиса Фрэндлих хоёрын тоглосноос илүү гарсан тоглолттойгоор дуу оруулсан гэсэн өгүүлэл гарч байсан юм билээ. Манайхан мундаг шүү. Одоо Равдан ахын ажиллаж байгаа арга барилыг би байнга ажигладаг хэрнээ л ойлгодоггүй юм. Зүрхэнд хүртэл хийнэ шүү дээ. Гайхалтай. Цэмпилмаа гуай байна. Би их азтай. Энэ хүмүүстэй цуг байж, эднээс суралцаж, ажлын гараагаа Монгол кино үйлдвэрийн мундагуудтай хамт ажиллаж эхэлсэн. Энэ хүмүүс ер бусын санагддаг юм. Хачин энгийн, даруухан, тэгсэн мөртлөө мундаг. Яаж ингэж дуугараад байна аа гэж харсаар, чагнасаар, оролдсоор байгаад нэг л мэдэхэд тэдний ур чадвараас суралцчихсан байдаг. Гэсэн хэрнээ л одоо ч надад учраа олохгүй байх үе тулгарч л байдаг юм.

-Цаашдаа уран бүтээлийнхээ хүрээг өргөжүүлэх, олонд ил гарсан бүтээл хийх бодол санаа бий юу?

-Байлгүй яахав. Төлөвлөж, санаж байгаа юм бий.

-Сонирхуулж болох уу, хэрвээ нууц биш бол?

-Нууц...