“Монгол хураангүй Британника” хоёр ботиор хэвлэгдэн гарлаа. Энэ бол Британника нэрийн дор гарч байгаа цэвэр “эх орны бүтээгдэхүүн”. Өмнө нь гараад хэдийнээ борлогдож дууссан “Британника ширээний толь” –ийн 80 хувь нь хүн төрлөхтний цуглуулсан аугаа их мэдээлэл мэдлэгийн дээжийн орчуулга байсан.  Гурван зууныг дамжин цуглуулж эмхтгэж сайжруулсан энэ толь монгол хэлээр хэвлэгдсэнээр манай оюуны санд нэгээхэн том амжилт болсон юм. Гэвч тэнд Монголын тухай мэдээлэл тун ядмаг, XIII зуунтай холбоотой цөөн хэдэн толгой агуулсан, орчин үеийн Монголын тухай болохоор ихэнх нь алдаатай буруу дүгнэлттэй ганц хоёр мэдээлэл агуулж байлаа. 200 орчим зохиогч, орчуулагч, редактор оролцсон Монголын том баг дөрвөн жил хөдөлмөрлөж байж дэлхийн хамгийн нэр хүндтэй энэ тольд Монголын талаархи 3 500 орчим  толгой бүхий баялаг мэдээллийг оруулан хадгалууллаа.



“Монгол хураангуй Британника” –г зохиохдоо урьд 8 боть тольд тулгуурлан нэмж баяжуулах байдлаар үйлдсэн болно. Энэ тольд зөвхөн Монголтой холбоотой үгс л бий.  Нар, сар, алт, цөмийн энерги, Авагадрын тоо гэсэн толгой байхгүй нь мэдээж. Гэхдээ Монголын түүх, соёл, урлаг, шашин шүтлэг, зан заншил, газар зүй, намтрын хэлхээс, улс төр, нийгмийн амьдрал, ургамал амьтан гээд бүхий л салбар салаа мөчрийг хамарсан 5 мянга гаруй толгойг Британника толийн стандартаар ангилан “ааруул”-аас эхлээд “яхь” нуур хүртэл хамрууллаа. Бараг тэн хагас нь буюу 2 500 орчим намтар орсон нь мөнөөх 8 ботид орсон монгол хүний намтраас хоёр дахин олон байна. Ихэнх толгой өгүүлэл зурагтай байгаа нь түрүүчийн толиос давуу болсон тал нь юм. Шинээр 800 орчим хүний намтар оруулсанд жүжигчид, зохиолчид, эрдэмтэд, улс төрийн зүтгэлтнүүд олноор хамарсан. Монголд байдаг гол гол ургамал, амьтныг олноор багтаав. Уг толийг бүтээхэд Бадамханд галарей, Кино гэрэл зураг дуу авианы баримтын төв, Монголын уран зургийн галарей, Цагаандариум галарей, Монголын зохиолчдын хороо, Үндэсний бөхийн холбоо, Үндэсний олимдийн хороо, Улсын драмын театр, Тагнуулын Ерөнхий газар, зэрэг олон газар хамтарч оролцсон болно.

Ном бүтээх олон дамжлагын хамгийн сүүлчийнх нь хэвлэх үйлдвэр байдаг. Энэхүү хоёр боть номыг “Мөнхийн үсэг” хэвлэлийн үйлдвэр хэвлэн гаргасан юм.  Ямар үзэмжтэй сайхан болсныг нь уншигч авгай номын дэлгүүрт очоод хараарай. Эх орны бүтээгдэхүүн! Манайд номын төрөл зүйл сүүлийн үед огцом олширсноос гадна өнгө чанар үзэмж нь итгэмээргүй сайжирсан. Хүмүүс ч ном их уншдаг болж. Ерэн оноос өмнө жилд 30-40 төрлийн ном хэвлэгддэг байжээ. Яг одоо Мөнхийн үсэг үйлвэрт хэвлэлтэнд явж байгаа номын төрөл 30 орчим байна. Сурах бичгийг эс тооцвол дундаж номыг хэдэн арван мянгаар нь хэвлэхээ больсон л доо. Гэхдээ хэдэн зуун төрлийн номын нийлбэр хэвлэгдэх тоо сүүлийн арван жилд суга өссөн. Улаанбаатарт гэхэд 30 шахам хэвлэх үйлдвэр ажиллаж байна гээд бод доо.

Номыг гадаадад хэвлүүлдэг цаг үе өнгөрчээ. Үзэмжтэй ном хэвлэх болбол Хятад, Солонгос, Хонконг руу ханддаг, сурах бичиг мэтийн олон тоотойг нь Хөххот руу аваачдаг байсан. Одоо зөвхөн Мөнхийн үсэг гэхэд сурах бичгийг оролцуулаад манай нийт номын зах зээлийг дангаараа хангах хэмжээний хүчин чадалтай болсон байна. Аль социализмын үед өөдтэйхэн альбом хэвлүүлэх гэвэл Австри, Япон зэрэг валютийн буюу хөрөнгөт гэгдэх оронд ханддаг байсан. Гэтэл одоо бид өөрснөө огт дутахгүй, магадгүй зарим талаараа илүү гарахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах болж. ШУА-аас эрхлэн 1970 онд эхэлж 2002 онд дууссан хоёр боть нэвтэрхий толь хэвлүүлж байсантай харьцуулахад ч хүчирхэг, чадалтай хамгийн гол нь хариуцлагатай хувийн хэвшил үүссэнээр энэ салбарыг дэлхийн жишигт хүргэж байна. Made in Mongolia! Нүүр улайх юм байхгүй. Харин бахархмаар.

2012.5.19