Энэхүү зурагт мэдээллээ эрх чөлөөт өвөрхангайчууддаа зориулав. Өврийн сайхан хангай нутагтаа очиж амжаагүй яваа, нийслэлд, алсад, гадаадад суугаа өвөрхангайчууд амтархан уншиж сонирхоосой гэсэндээ хөтлөгдөж, гол төлөв бодитой байгаагаар нь авсан уран сайхны зурагнуудаа нэг цомог болголоо.


Энэхүү Хархорин, Эрдэнэ зуу хийдтэй би 1990-ээд оны дунд үеэс холбогдсон хүн дээ. Би хэсэг найзынхаа хамт “Эртний Хар хорум” нийгэмлэг гэж ТББ-ыг байгуулж, хэтдээ нийслэлээ тийш нь Орхоны хөндий рүү нүүлгэе гэдэг санаа сэдлийг анхлан гаргалцаж, 1998 онд Их хурд хэмээх анхдугаар наадмын үеэр мөнгөн мод бүхий Тэнгэр амгалангийн ордныг босгоно хэмээн УИХ-ын дарга болон хэсэг гишүүдийг нь (Өвөрхангайн гишүүд) байлцуулан шав тавих ёслолыг зохион байгуулалцаж явсан хүний хувьд Өвөрхангай аймаг сэтгэлдминь  нэн ойр дотно байдаг юм аа. Гэгэлзсэн тэр сэтгэл минь энэ удаа ийнхүү тийш нь татлаа.


Энэ бол бидний шав тавьсан нөгөө ордон, мөнгөн мод биш л дээ. Гэхдээ хэн нэгэн хүн урьдчилаад босгочихож. Түүхэн тэр барилга хөшөө мөн эсэх нь бүү мэд. Гэхдээ аялал жуулчлалын зорилгоор, гадаадын жуулчдыг татах үүднээс овсгоо гаргасныг дэмжүүштэй. Бизнесийн ухаан гэж энэ л дээ. Гэхдээ энэ бол бидний зочилсон “Мөнх Эрдэнэ зуу”  гэж жуулчны бааз биш, бид хэргээр ийшээ зочилж очиж үзсэн өөр нэгэн бааз.


Бидний очсон нөгөө баазын зоогийн газар нь энэ байна. Монгол гэрийг ийнхүү дууриалгаж ийм асар том гэрэн байшин барина гэдэг амаргүй ажил байсан байж таар аа. Биднийг очиход дан германууд бололтой хооллож байв, манайхны нүдэнд нэгэнтээ өртсөн тив дамжин аялдаг нөгөө улаан өнгийн шалаанз  пүүлэн маягийн унтлагын автобус хашаанд нь зогсож харагдлаа.


Хархорин хот маань Монгол Улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт Улаанбаатар хотоос 365 километрт, аймгийн төв Арвайхээр хотоос 138 километрт, Цэцэрлэг хотоос 140 километрийн зайд далайн түвшнээс 1457 метрийн өндөрт Хангайн нурууны зүүн төгсгөлийн үзэсгэлэнт ойт хээрийн бүс дэх Орхон голын хөвөөнд оршдог ба Хархорины гол үзмэр нь энд алсаас ингэж харагдаж байлаа.


Хэрэв Улаанбаатар хотоос очих бол 22-ын товчоогоор гараад л урагш хазайсан замруу ороод яваад байх нь тэр. Хархорин хүртэл сайхан засмал замтай учир машин ийм тийм гэж айлтгүй. Хурдан явлаа гэхэд 3 цагийн дотор оччихно. Бид 1-р хороолол, Толгойтын замд түгжирч түгжирч орой 19.00 цаг гээд Лүнгийн зам руу орсон, хүү маань 150 мильтэй давхисаар орой 21.30 гэхэд энэ Эрдэнэ зууд оччихсон юм даа.



Эрдэнэ зуу хийдийн эргэн тойрны амьдрал ийнхүү буцалж байх аж. Дэлгүүр мухлаг, хоолны газар ярайж харагдав. Зуны тэр нэгэн үдэш шиврээ бороог үл ажран шөнө дөл болтол ажиллаж, хаанаасаа ийм их хүн цуглав гэмээр хүний хөл дарж байлаа. 



Эрдэнэзуу хийдийн түүхээс: 1580 онд Абтай сайн хаан, дүү Түмэн хэн ноёны хамт III Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласан юмсанж. III Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм аж. Энэ тухай “Өндөр гэгээний намтар” хэмээх гар бичмэлд буй. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан гэдэг.



Би хоёр хүү, бэр ачийнхаа хамт тэр нутагт аялаж, найз Батбаярынхаа “Мөнх Эрдэнэ зуу” жуулчны баазад тухалснаа толилуулж байна. Биднийг халуун дотно хүлээн авсан Батаадаа (Батбаяр) баярлахын хамт Өврийн сайхан хангайн өглөөний мэндийг уншигчиддаа дэвшүүлье.







“Мөнх Эрдэнэ зуу” жуулчны баазын зуны жирийн өдрүүдийн зураг. Энэ бааз руу хүрч очиход тун хялбар. Хэрэв Та Улаанбаатараас очиж байгаа бол өдөр шөнийн аль ч цагт дуртайя Таныг тосон авч үйлчилнэ. Хар Хорин, Арвайхээр рүү салдаг замын уулзвараар хойшоо эргээд 7 километр яваад Хар хорин дахь анхны баазтайгаа энд учирна. Хойшоо Эрдэнэ зуу ороход 5 километр, сумын төв 10 километр юм.




Ер нь Хархориноос цаашаа ойрхон аялах олон сайхан газар бий дээ. Тайхар чулуу, Орхоны цутгалан хүрхрээ, Бат-Өлзий сумын нутаг дахь олон рашаанууд гээд. Мэдээж Хархорин бидний мэдэх, очиход хамгийн боломжтой нь. Шууд давхиад очих хурдны зам байна.  Зуны цагт гадаадын найз нөхдөө тэнд аваачихад их зүгээр.  Хархоринд очоод аялуулах үзүүлэх зүйлс гэвэл Эрдэнэзуу хийд, боовон чулуу, чулуун мэлхий, хуучин нийслэлийн туурийн үлдэц гээд тэр хавиар зураг хөрөг авах газар бий.




Харин Тазам зуураа “Элсэн тасархай” гэх энэ газар заавал саатаарай. Төв зам үүгээр дайрдаг нь хүмүүст, аялагчдад их таалагддаг юм билээ. Хангайн их уулс, ногоон тал дунд элсэн арал байна гээд төсөөл л дөө. Байгалийн өвөрмөц тогтоц. Энд жуулчны хэд хэдэн бааз байна. Нүд хужирлах, сатаарч саатах,  зугаацах юм зөндөө. 



Хархорин руу орох замын наад уулзвараас салаад Хужирт сумаар дайраад цаашаа 100 хүрэхгүй километр давхиад нөгөө ил захидал дээр байдаг Улаан цутгалан хүрхрээ дээр очих боломжтой. Хүрхрээн дээр очиж үзээгүй хүнд бол байгалийн диваажин л гэсэн үг. Хэрэв та Хархорин, дараа нь Улаан цутгалан очихоор шийдсэн бол зөвлөх зүйл байна. Улаан цутгалан руу явах бол эртхэн гараад удаахан явах хэрэгтэй. Гэхдээ гол зам буюу тод замаа сайн дагаад явахгүй бол төөрдөггүй юм аа гэхэд гүүрээ олохгүй будилж, голын ус машинтайгаа туулж саатаж магад шүү.







Өвөрхангай нутгийн байгалийн сайхныг ингэж буулгалаа. Тэр алсад харагдах арал, арал дээр бэлчээрлэж яваа адуу, гүүрэн дор сүүдэрт ялаа үргээн үүрсэх адуу, номин хөх тэнгэрт эрчлэн байгаа үүлс, голын хөвөөг эмжээрлэн буусан айлууд, айлуудын гэрийн сүүдэр наад голын усанд тунараад – Эх орны минь хөдөө өө гэж?







Бид Өврийн сайхан хангай нутгаар ийнхүү аяллаа. “Мөнх Эрдэнэ зуу” жуулчны бааз орох замын дагуухи амьдрал, байгалийг тольдлоо. Биднийг халуун дотно хүлээн авсан Батаа (Батбаяр) маань энэ байна. Аялал жуулчлалын үйлсэд хүч үзэж аваа жирийн нэг бизнесч дээ. Түүний найзууд Энхбат, Мэндхүү нар ч аялаж тухлаад хамт буцлаа. Та хэрэв Хар хоринд зочлох бол энэ баазаар заавал ороод гараарай.