Дипломат албаны 100 жилийн ойд зориулсан дурсамж

2008 оны хаврын хавсаргатай, бас хэдэн дусал бороотой өдөр бид төрөлх Улаанбаатар хотоосоо гарсан юм. Нислэг орой байсан. Ингэхэд хаврын тарчиг цагаар, тэгээд бас халуун нь ирж байхад Каир руу юундаа тэмүүлээв гэж ам асуух хүн гараад ирж магад. Юу гэвэл Египетийн Ерөнхийлөгч нь жилдээ 2 удаа, хавар намартаа гадаадын Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг (ИЖБ гэж товчлов) хүлээн авдаг, энэ оны эхнийх нь 4 дүгээр сард байж магад хэмээн Египетийн ГХЯ-наас Каир дахь манай ЭСЯ-нд мэдэгдсэний дагуу тэр жил томилогдсон Элчин сайд нараас би түрүүлэн Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулан ИЖБ-ээ гардан авч 3 дугаар сарын 27-нд яаравчлан ирсэн нь тэр байв. Бид 27-ны үүрээр 06.00 цагийн үед Каирын олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм.

Миний хувьд өмнө нь Каирт хоёр удаа албан ажлаар ирж, хэд хонож байсных би эрхбиш гадарлана. Өмнө нь намайг хоёр удаа ирэх үед манай ЭСЯ Zамаlек гэж арал дээр Дипкорпусын хороолол маягтай ДТГ-ууд төвлөрсөн газар байрлаж байсан юм. Харин одоо хотын чанх зүүн өмнө зүгийн Mааdi хэмээх алслагдсан дүүрэгт, дараагийнхаа нэгэн шинэ байранд төвхнөжээ. Хоёр орны харилцааны хүрээ хязгаарлагдмал, иймд ажлын ачаалал нэг их бус, ёслол протокол, үйлчилгээний ажил тэр бүр ундраад байдаггүй. Тиймээс ч  манай ЭСЯ-ыг орон тоо, зохион байгуулалтын хувьд төвөөс цомхон зохион байгуулж өгчээ.

Миний хувьд тус улсад суух 11 дэх Элчин сайд нь юм байна. Манай хоёр орны хооронд 1963.04.02-нд албан ёсоор Элчин сайдын хэмжээнд дипломат харилцаа тогтоожээ. Манай улс Прагад суугаа Элчин сайд Ш.Цагаандоржийг 1963 онд Египетэд хавсран суух Элчин сайдаар, Египет улс Бээжинд суугаа Элчин сайд Захирия Аль-Адли Имамыг Монголд хавсран суух Элчин сайдаар 1963 онд тус тус томилсон ба Элчин сайд Ш.Цагаандорж 1964.02.26-нд Египетийн Ерөнхийлөгч Г.А.Нассерт ИЖБ-ээ барьжээ. Ингээд Ш.Цагаандорж нь 1963-1965 онд тус улсад эх орноо төлөөлжээ. Дараа нь Б.Жаргалсайхан 1964-1969 онд, Б.Лочин 1969-1972 онд, Ц.Дэмиддагва 1973-1977 онд, Д.Лувсанринчин 1977-1982 онд,  С.Дамбадаржаа 1982-1988 онд, Г.Дүгэрээ 1988-1991 онд, 1991-1994 онд Элчин сайд томилоогүй. Томилох хүн байгаагүйдээ биш, харилцаа бараг зогсонги болж, улмаар Каир дахь ЭСЯ-ыг хаах тухай албан бус яриа тарсан байв. Дараа нь И.Очирбал 1994 – 1997 онд, К.Сайраан 1997 -2001 онд, Ч.Болд 2001-2005 онд сууж байгаад бараг гурав жил Түр хамаарагчтай (Б.Баасансүрэн) байсны эцэст би ирсэн нь тэр байв.

Намтар түүхээс нь харвал тус улсад манай үе үеийн нэртэй дипломатчид алба хашиж байжээ. Б.Жаргалсайхан нь ГЯЯ-ны сайд, С.Дамбадаржаа нь ГЯЯ-ны орлогч сайд байсныг лав нийтээрээ мэднэ. Нью Делид өмнөх Элчин сайд нарынхаа гэрэл зургийг хүндэтгэлтэй байрлуулж байсных би Б.Жаргалсайхан, Ц.Дэмиддагва нарын намтар түүхийг мэднэ. К.Сайрааныг УИХ-ын гишүүн байсан гэдгээр нь манайхан сайн мэдэх байх. Хаа очиж энэ 10 дотор мэргэжлийн бус, намын томилолттой намын ажилтан байхгүй. Тэр утгаар манай төр-засаг Каирт мөн л мэргэжлийн талаас хүч хаяж ирсэн бололтой юм.

Каир дахь ЭСЯ маань ингэхэд Африк тивд ажиллаж байгаа цорын ганц ЭСЯ юм. 1960 онд юм болов уу анх Гвиней улсад (Конакри хот) ЭСЯ-аа нээж ажиллуулж байгаад хэдэн жилийн дараа  хаасан байдаг юм. Мали улсад (Бамако хот) ЭСЯ нээх шийдвэр гараад чимээгүй болсон, хожим нь Луандад (Ангол улс) ЭСЯ нээх асуудлыг шийдчихээд бас хэрэгжүүлээгүй, тэгж тэгж энэ Каир, Алжир хоёрт ЭСЯ ажиллуулж байгаад одоо Каир нь үлдээд байна.

Манай улс Каир хотноо байнгын Элчин сайдын яамаа 1967 онд нээгээд эдүгээ 42 жилийн нүүр үзжээ. Элчин сайд Б.Жаргалсайхан 1967.09.18-нд анх Прагаас Каирт шилжин ирж ажилдаа орсон юм билээ. Анхлан 1967 онд ЭСЯ нээгдэж байх үеэ тэрээр дурсахдаа:

-    Каирт бид хэдэн арван байшин үзэж байж, хотын шинэ дүүргийн нэгэн чөлөөтэй саруул сайхан газар хараахан барьж дуусаагүй байсан авсаархан байрыг авч өөрсдийн хяналтын дор барилгын ажлыг дуусгав. Тэр хавьдаа ховорхон, цоо шинэ, тун цэвэр цэмцгэр байртай болов. Хашаан дотор маань шив шинэхэн тарьсан ногоон зүлгэн дээр нэгэн араб хүний бэлэглэсэн гөрөөсний хоёр янзага бэлчинэ гэжээ.

Сурвалжлаад байвал энэ гоё байр нь Zамаlек арал дээр байсан юм шиг. Б.Жаргалсайхан гуайн үзэхээр дараагийн Элчин сайд нь тэр сайхан хашаа байшин цэцэрлэгийг хотын төвд Mohandessin гэдэг дүүрэгт умгар хашаа бүхий байраар сольж, шилжиж орсон юм байна. Тэндээ 20 гаруй жил байрлаж байснаа хожим 1994 онд хотын төвийн тэр хашаа байшингаа зараад хотын захад одоогийн энэ байрыг бариулж эхэлжээ. Энэ байрыг бариулахаар том нүх ухуулчихсан байхад нь 1996 онд, байшингаа яг барьж байхад нь 1998 онд би ирж байсан тул зах зухаас нь гадарлана. Намайг тэгж хоёр удаа Каирт очиход манай ЭСЯ Zамаlек арал дээр нэгэн өндөр байшингийн хоёр давхрыг түрээслээд сууж байсан юм. Mohandessin дахь байраа сольж байгаагаа байшин нь хуучирч муудсан, илжирсэн, шал нь боссон, үнэр танар нь болохоо байсан гэдгээр л манайхан тайлбарлаад байснаас бус стратегийн чухал байршлаа алдаж байгаадаа дүгнэлт хийхгүй байв. Каирт Элчин сайдаар сууна гэх төсөөлөл, тэмүүлэл тэр үед надад байгаагүй тул би нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихаж.  Ямар ч гэсэн тус ЭСЯ 40 гаруй жилийнхээ түүхэнд 4 удаа нүүж, нүүх тоолондоо шат уруудаж ирсэн юм байна гэсэн дүгнэлт одоо хийх дээрээ тулаад сууж байна.

За ингээд Каирт суурьшсан тухайгаа үргэлжүүлэн хүүрнэе. Каир бол Ойрхи Дорнод, Арабын ертөнцийн улс төр-стратеги, геополитикийн чухал төв хот юм. Бүс нутгийн олон улсын харилцааны маргаантай асуудлыг энд л шийдэж, энэ улс л зуучилж, зохицуулж иржээ. Улс төрийн жин нөлөөгөөрөө бол Араб ертөнцөд Египеттэй зэрэгцэх өөр улс байхгүй. Хөгжил дэвшлийнхээ шинэ эрин үеийг эхлүүлэхийг дэлхийн бүх мусульманчуудад уриалан дуудсан түүхэн үгээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама чухам энэ Каираас цууриатуулсан юм. Энх тайван – найрамдал – ислам гэсэн уриагаар дүүрэн тэр алдарт үгийг би 10-хан алхмын ойроос, өөрийн чихээр сонсож нүдээр харах завшаан 2009.06.04-нд Каирын их сургуулийн их танхимд тохиосон билээ.

Би өмнө нь  гадаадын 109 орны ЭСЯ, НҮБ-ын бүсийн 19 байгууллага, олон улсын бусад байгууллага ажилладаг Нью Делид ажиллаж байсных тэр талын тоон дээр судалгаа хийлээ. Каир бол Делигээс дутахааргүй бүс нутгийн төв – том хот, мэдээж маш том Дипкорпустай гэдгийг би мэдэж байлаа. Каирт 141 ЭСЯ байгаа нь лав миний үеийн Делигээс хол давчихаж. Арабын улсуудын Холбоо энд байрладаг ба тэнд суугаа БТГ гэвэл 10 орчим, Арабын улсуудын Холбооны дэргэд суугаа Африкийн Холбооны БТГ гэж тусдаа, мөн Арабын олон улсын байгууллагууд 8, НҮБ-ын бүсийн ба олон улсын бусад байгууллага нийлээд 33 болж байна. Мөн л Делигээс тооны хувьд давж байна.

Каирт ирсэн даруйдаа миний хийх ёстой зайлшгүй чухал, гол ажил бол юуны өмнө Элчин сайд гэдгээ албажуулж албан ёсоор ажилдаа орох явдал байв. Элчин сайд болох замналынхаа үлдэх хоёр шатыг гүйцээхээр ажиллав. Энэ нь тухайлбал Гадаад хэргийн сайдад нь ИЖБ-ийнхээ хувийг гардуулж ажилдаа орох, эцсийн шат нь суугаа улсынхаа Төрийн тэргүүнд ИЖБ-ээ барихыг хэлж байна.

Ингээд тус улсын Гадаад хэргийн сайд Ахмэд Абуль Гэйт, Гадаад хэргийн туслах сайд бөгөөд ГХЯ-ны Ёслолын газрын дарга Омар Митуали нарт 2008.04.03-нд бараалхаж ёслолын уулзалт хийлээ. Ноён Абуль Гэйтэд ИЖБ-ийнхээ араб, англи хэл дээрхи хувийг гардуулж ажилдаа албан ёсоор орлоо. Тухайн үед би тус улсын Төрийн тэргүүнд ИЖБ гардуулах гадаадын Элчин сайд нарын 13 дахь нь гэж ГХЯ-ных нь ёслолын жагсаалтад бүртгэгдлээ. ИЖБ-ийн хувийг гардан авахдаа ноён сайд Абуль Гэйт надад баяр хүргэн, миний азтайг гайхан ойрын нэг сарын дотор ИЖБ хүлээн авах жагсаалтад Та багтаж чадлаа. Тэр бүр ийм боломж Элчин сайд нарт тохиодоггүй юм. Тун удахгүй Та бүхний ИЖБ-г зохион байгуулна гэж амлав...
                                                       (Мубаракт бараалхсан нь дараагийн хэсэгт)