МОНГОЛ ба THE FEDERALIST PAPERS

The Federalist Papers бол Америкийн улс төрийн бичиг баримтаар барахгүй хүний эрх чөлөө, эрх мэдлийн хуваарилалт, нэгдсэн төрийн бат бөх үндэс суурийн тухай түүхэн сургамж агуулсан, онолын өв юм. Бичигдсэн цаг үе нь хувь заяаны салаа замын уулзвар байсан бөгөөд энэ бүтээлээр дамжуулан америкчууд шинэ төр улсаа баталгаажуулсан төдийгүй, ардчилсан тогтолцооны дэлхий нийтийн хэллэгийг бүтээжээ. Эдгээр өгүүллийн мөр бүрээс эрх мэдэл, эрх чөлөө хоёрын мөнхийн тэмцэл, тэнцвэрийг эрэлхийлсэн гүн агуулга уншигдах нь гайхалтай.


1787 онд Америкийн Нэгдсэн Улсын хувь заяа маш эмзэг, цаг төр үймж байлаа. Иргэний дайн дууссан ч, шинэ тулгар холбооны улс бат бөх үндсэн хуулийн суурьгүй, сул дорой холбооны дүрмээр (Articles of Confederation) явдаг, дотооддоо эмх замбараагүй, эдийн засаг нь тогтворгүй, мужууд хоорондоо толхилцоонтой байлаа. Ийм нөхцөлд үндэсний хүчирхэг засаглалын тогтолцоо бүрдүүлэх Үндсэн хууль боловсруулсан ч батлах эсэх дээр америкчуудын дунд ширүүн маргаан өрнөсөн юм.

Энэ эгзэгтэй цагт Александр Хамилтон, Жэймс Мэдисон, Жон Жэй нар (Publius) нууц нэрээр 85 өгүүлэл бичиж хэвлүүлсэн нь хожмоо The Federalist Papers хэмээн нэрлэгдсэн юм. Тэд зөвхөн Үндсэн хууль батлуулах зорилгоор ухуулга хийсэн бус, ардчилсан улс төрийн шинэ философийг онолын түвшинд тайлбарлаж, Америкийн ирээдүйн төрийн суурийг тавьсан билээ.

Онлайн захиалга: https://www.nepko.mn/product/68906be941d279007cccc9c1/slug


Сэдэл ба үзэл санааны онцлог

Эдгээр өгүүлэл хууль эрх зүйн хөтөч төдийгүй улс төрийн философийн сонгодог бүтээлд тооцогддог. А.Хамилтон хүчирхэг холбооны төрийн чухлыг онцолж, гадаадын заналхийлэл, дотоодын эмх замбараагүй байдлыг гагцхүү төвлөрсөн засаглал барьж чадна гэж үзсэн. Ж.Мэдисон ардчиллын гол дайсан, олонхын түрэмгийллээс хамгаалах механизм буюу эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэрийн системийг тайлбарласан нь хожим улс төрийн онолын орхигдошгүй хэсэг болжээ. Жон Жэй гадаад харилцаа, эв нэгдлийн чухлыг илэрхийлж, салангид муж бүрийн аюулгүй байдлыг нэгдсэн улс оршин байж л хамгаална гэдгийг нотолжээ.

Дээрх санаанууд шинэ тутам учир тухайн цагтаа Америкийн иргэдэд бууж өгөхгүй эргэлзээ төрүүлж байлаа. Хүний эрхийн билл (Bill of Rights) Үндсэн хуульд анхнаасаа тусгагдаагүй бөгөөд The Federalist Papers-ийн үзэл санааны нөлөөгөөр хожим нэмэлтээр орсон юм.

Шүүмж ба үнэлгээ

The Federalist Papers нь эрх чөлөө, ардчилал, эрх мэдлийн зохицлын тухай философийн онцгой бүтээл мөн боловч төгс төгөлдөр гэж хэлэхгүй ээ. Шүүмжлэгчид, ялангуяа анти-федералистүүд энэ бүтээл төвлөрсөн засгийг хэт дөвийлгөж, мужуудын эрх мэдэл, орон нутгийн өөртөө засах чадварыг дорд үзсэн гэж шүүмжилж байжээ. Түүнчлэн, А.Хамилтоны зарим байр суурь нь элит бүлгийн эрх ашгийг хамгаалсан өнгө аястай, ард түмний дуу хоолойг хангалттай үнэлээгүй гэж үздэг.

Гэсэн ч урт хугацаандаа The Federalist Papers нь зөвхөн Америкийн Үндсэн хуулийн тайлбар төдийгүй, улс төрийн онолын сонгодог бүтээлээр үнэлэгдсэн. Ардчиллын тэнцвэр, төрийн инстүүцийн зохион байгуулалт, хүний эрхийг хамгаалах механизмын зарчмууд нь дэлхийн олон орон үндсэн хуулиа боловсруулахад, улс төрийн шинэчлэл хийхэд луужин болсон юм.

Federalist No.10: Ардчиллын хамгийн том аюул ба тэнцвэржүүлэх эрэл

1787 оны намар Жэймс Мэдисон Publius нэрээр бичсэн өгүүлэл The Federalist Papers-ийн аравдугаарх нь болж, АНУ-ын Үндсэн хуулийн онолын суурийг тавьсан хамгийн алдартай бүтээлд тооцогддог. Ардчилсан нийгмийг бүлэглэлийн задрал, олонхийн дарангуйллаас хэрхэн хамгаалах вэ гэдэг агуулгатай эл өгүүллийн утга өнөөгийн Монгол Улсад тулгараад буй гай зовлонг тодорхой гаргасан тул сийрүүлэн орууллаа.

Мэдисоны сургамж: Бүлэглэл ба Монголын улс төр

Жэймс Мэдисон XVIII зууны Америкт ардчиллын хамгийн том аюулыг “бүлэглэл” гэж тодорхойлсон. Хүний мөн чанарыг өөрчлөх боломжгүй тул ашиг сонирхлын зөрчил аяндаа үүснэ, зөрчлийг зохицуулах цорын ганц арга бол төлөөллийн ардчилал ба эрх мэдлийн тэнцвэрт тогтолцоо гэж үзсэн билээ. Өнөөдөр Монголын улс төрийг харахад энэ онол цаг хугацааны хил хязгаарыг даван ирж бидэн дээр буулаа.

Монголын нөхцөл дэх Faction

Бүлэглэл гэдэг ойлголт манай улс төрийн нам дотор хамгийн тод илэрдэг. Ардчилсан намын “талцал”, МАН-ын дотоод “жигүүр”, парламент доторх фракцуудын тохиролцоо бол Мэдисоны хэлсэн faction-ийн амьд жишээ. Монголын нөхцөлд бүлэглэл нь олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаасаа илүү бүлгийн ашиг, албан тушаалын хуваарилалт, эдийн засгийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн болж хувирсан нь эмгэнэлтэй. Энэ тохиолдолд бүлэглэл үзэл бодлын ялгарал гэхээсээ ардчиллын нэр барьж олон нийтийн итгэлийг эвдэгч хүчин зүйл болж хувирдаг.

“Том улс” ба “Жижигхэн” Монгол

Ж.Мэдисон том газар нутаг, олон хүн амтай улс дотор бүлэглэлүүд өөр зуураа саармагжиж, нэг нь давамгайлах боломжгүй болно гэж үзсэн. Харин Монгол шиг цөөн хүн амтай, улстөрийн инстүүцийн ахархан туршлагатай оронд цөөн бүлэглэл бүхнийг атгах боломж илүү нээлттэй. Өнөөдөр Монголын улс төрийн нөлөө бүхий хэдэн бүлэглэл үндэсний хэмжээнд шийдвэр гаргахуйц бяр сууж, “олон бүлэглэлээс үүсэх тэнцвэр” бус, “цөөн бүлэглэлээс үүссэн олигархи бүтэц” давамгайлж байна. Энэ нь Ж.Мэдисоны онолын сул талыг тод харуулах бодит жишээ юм.

Төлөөллийн ардчиллын сул тал

Ж.Мэдисон төлөөллийн ардчиллыг олонхийн дарангуйллаас хамгаалах арга гэж үзсэн. Монголд бол төлөөлөгчид иргэдийн ашиг сонирхлыг хамгаалахаасаа илүү өөрийн бүлэг, бизнесийн холбоо, намын захиалгыг гүйцэтгэх хандлага нэгэнт суусан. Ингээд төлөөллийн ардчилал маань элитийн дарангуйллын хэрэгсэл болж хувирчээ.

Эндээс төлөөллийн ардчилал дүр эсгэх бус, харин хариуцлагатай, ил тод, иргэдийн хүсэл сонирхлыг эрхэмлэдэг төлөөлөгчид байвал бүлэглэлийн хор уршгийг сааруулна гэдэг Ж.Мэдисоны санааг гүнзгий ойлгож авна.

Монголын сургамж

Federalist No.10 Монголд дараах гурван чухал сургамж өгч байна:

  1. Эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг бэхжүүлэх: Бүлэглэлээс ангид, хараат бус шүүх, парламентын хяналт, иргэний нийгмийн оролцоо л фракцийн дарангуйллыг сааруулна.
  2. Намын дотоод ардчилал: Хэрэв нам дотор ардчилалгүй бол улс орны түвшинд дүр эсгэсэн ардчилал тогтоно.
  3. Иргэний оролцоо: Бүлэглэлтэй тэмцэх хамгийн хүчтэй зэвсэг бол идэвхтэй иргэдийн бүлэг. Олон нийт дуугаа хураавал бүлэглэл төр болж хувирна.

Жэймс Мэдисон 1787 онд бүлэглэлээс хамгаалах онол бичиж суухдаа хоёр зуун жилийн дараах Монголын улс төрийг төсөөлөөгүй нь тодорхой. Гэхдээ “Ардчиллын хамгийн том аюул бол иргэд биш, иргэдийн нэрийг барьсан бүлэглэл өөрийгөө хуульчлан дархалж, нийтийн сайн сайхныг булаах явдал” хэмээн цочтол хэлжээ. Ардчиллын баян бүрд ширгэх эсэх нь Ж.Мэдисоны үзсэнчлэн бүлэглэлийн хор хөнөөлөөс хамгаалах шинэ инстүүц, шинэ хариуцлага, шинэ иргэний ухамсар дээр тогтоно.