ХУЙЛРУУЛАХ УРЛАГ номын өмнөх үг


Ертөнц хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. 

Социалист лагерь сүйрч, хиймэл дагуулыг ашиглан CNN Персийн булангийн дайныг газар дээрээс нь 24 цагийн турш шууд дамжуулж, анхны вэбсайтууд гарч, цахим шуудан цаасан шуудангийн үүргийг орлож, Google-ээр хайлт хийж, Yahoo чатаар сонин сайхнаа хөөрөлдөж, Nokia голдуу гар утсаар хоорондоо хуучилж, мессеж бичилцэж, факс өргөн хэрэглэж байсан 1990-2000 оны үед энэ үгийг дэлхий даяараа л хэлж, шагшиж байв. 

Цахилгаан мэдээгээр урьдчилан тохирсны дагуу Төв шуудан орж эсвэл хажуу айлынхаа утсаар залгагчаар дамжуулан хөдөө рүү таван минут хашхирах шахам ярьдаг, бэлэн мөнгөө гэдсэндээ зүүсэн пааскандаа чихдэг, Coca Cola-тай танилцаад удаагүй байсан Монголчууд бидэнд дэлхийн энэ хурдтай өөрчлөлт, хөгжил нэг их падгүй мэт ажин түжин амьдарч байв. 

Харин 2000-аад оноос хойших 15 жил орчимд нийгмийн сүлжээ хүчтэй хөгжиж, үр дүнд нь Facebook, Твиттер гэх мэт маш олон платформууд газарзүйн байршил гэгч зүйлийг харилцаа холбоонд бараг үгүй хийж; гар утас нь зөвхөн бусадтай ярих биш, мэдээ, сурвалжилга бэлтгэх, контент бүтээх хэрэгсэл болж; ажил мэргэжил, хобби нэгтэй сонирхлын бүлгүүд нийгмийн сүлжээгээр дамжин олноор байгуулагдаж; и-бизнес, и-худалдаа үүссэнээр иргэд дэлгүүр хэсэх нь багасаж; бизнесүүд бүтээгдэхүүнээ шууд танилцуулж, үйлчлүүлэгчидтэйгээ шууд харьцдаг болжээ.

Төрөл бүрийн хэт их мэдээллээр бөмбөгдөх замаар шинэ бараагаа хэрэглэгчдэд, нэр дэвшигчээ сонгогчдод тулгадаг нэг урсгалтай загвар аль эрт бүдүүлэгт тооцогдон, үйлчлэхээ байж, мэдээлэл хоёр урсгалтай болжээ. Өөрөөр хэлбэл итгэлийг нь авч, үнэмшил төрүүлж чадвал сонгогч, хэрэглэгчид өөрсдөө сайн дураараа таны өмнөөс сурталчилгааны чинь уриа, логог зохиож, өрсөлдөгчтэй чинь “зодолддог” болсон. 

Энэхүү номд чухам эдгээр өөрчлөлтийн, тухайлбал 1960-аад оноос хойших Америк, Европ дахь улс төрийн сонгуулийн кампанит ажил болон үндэстэн дамнасан корпорацуудын хувьсал, хөгжлийн талаар маш сонирхолтой баримт, кейсүүдийг жишээ татан бичжээ. Чингэхдээ, сонгуулийн кампанит ажлын стратегичид хэрхэн түрүүлж алхдагийг АНУ, Канад, Английн улс төрийн намууд болон ерөнхийлөгч Л.Жонсон, Р.Рэйган, Б.Обама, хүү Бүш, Канадын ерөнхий сайд С.Харпэрийн ялалт, ялагдлын шалтгаан, ноу-хауг дэлгэрэнгүй тайлбарласнаар нотолж, арилжааны маркетерууд хэрхэн үүнээс суралцаж ирсэн ба цаашид ч суралцах шаардлагатайг онцолжээ. Тодруулбал, хэрхэн сонгуулийн кампанит ажлын багийг бүрдүүлэх вэ, штаб, харанхуй өрөөг өвөрмөцөөр байгуулах вэ, Их өгөгдөл бүрдүүлж, тусгай мессеж боловсруулах вэ, сонгогчдыг ятган сэнхрүүлж, сонголтод нь нөлөөлөх вэ, дараалан ялагдсан нам амжилт үзүүлэх вэ, амлалтаа биелүүлээгүй нам аргалж ялалт байгуулах вэ зэргийг тодорхой бичжээ. Мөн өсөлт, хөгжлийнхөө явцад Facebook, Twitter (одоогийн X), Аpple, Google, Heinz, British Petrolium зэрэг дэлхийн мега компаниудын гаргасан алдаа дутагдал, амжилт бүтээлийг ч мөн нарийн судалж гаргажээ. 

Номын зохиогч Клайв Вэрони бол улс төрийн сонгуулийн кампанит ажил, бизнесийн маркетингийн стратеги, брэнд хөгжүүлэлт, бүтээгдэхүүний инновац, зах зээлийн талаар зөвлөгөө өгөхөд мэргэшсэн, энэ талаар судалгаа хийж, салбарынханд чиг баримжаа гаргахад жинтэй хувь нэмэр оруулдаг, хүлээн зөвшөөрөгдсөн эксперт хүн ажээ. 

Өнөөдөр 2024 он. Дэлхий арваад жилийн өмнөхөөс ч дахиад л асар ихээр өөрчлөгдөж. Хиймэл оюун ухаан, жолоочгүй машин, дайны нисгэгчгүй дронууд, алсын зайны оношилгоо эмчилгээ, интернэт худалдаа, сансрын жуулчлал, дэлхийг бүрхсэн интернэт сүлжээ. Уг нь Монголчууд бид ч дэлхийн хөгжингүй орныхны хэрэглэдэг бүхнийг хэрэглэж байна. Нэг их дутуу юм алга.

Гэхдээ л энэ их хурдтай хөгжил сонгуулийн болон бизнесийн уламжлалт стратеги, арга барилыг улам бүр л ач холбогдолгүй болгож байгаа тул бид бүх түвшинд сэтгэлгээгээ бүрэн өөрчилж, асар хурдтай ажиллах шаардлагатай байна. Бараа, бүтээгдэхүүнийг 30 жилийн өмнөх Омо угаалгын нунтгийн зар сурталчилгаа лугаа сурталчилдаг, сумын соёлын төвд эсвэл гадаа намынхаа хэдэн гишүүд, төрийн албан хаагчдыг цуглуулж уулзалт хийгээд, хэвлэсэн хэдэн хуудас айлуудаар тарааж сонгууль явуулдаг цаг нэгэнт өнгөрсөн. 

Монголд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш парламентын найман сонгууль болсон хэдий ч мөнгөөр сонгогчдыг худалдан авах нэр дэвшигчдийн ажиллагаа зогсох нь байтугай улам төгөлдөржин хөгжиж байна. Мөн эрх баригч нам зээл олгох эсвэл тэглэх, цалин, тэтгэвэр нэмэх, элдэв халамж тараах зэргээр төрийн хүч, нөөцийг сонгуулийн зорилгоор ашиглах нь нэгэнт хэвшил болжээ.

Иймд бид улстөрч, бизнесмен, сонгуулийн болон бизнесийн стратегич, маркетер, мөн эдгээрийг сонирхогч хэн бүхэнд салбарын хөгжил нь дэлхийн хаахна явааг мэдэх, улмаар сонгуулийг ч, бизнесийг ч олон улсад ашиглагдаад багагүй хугацаа өнгөрсөн шинэ арга хэрэгслээр явуулж сурахад нь энэхүү бүтээл бага ч атугай хувь нэмэр оруулна хэмээн итгэж, орчуулан нийтлүүлэв.


Ардчилсан намын дэд дарга 

Жудагийн Баярмаа

2024 он