ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ: Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч
Дэлхийн бүх хэвлэлийн “Олон улсын мэдээ” Орос-Украины дайныг тойрон амьсгалж буй энэ цагт Хэнри Киссинжэрийн “Дэлхийн дэг журам” номыг санал болгож байна. Энэ бүтээлийг уншчихвал өнөөгийн олон улсын нөхцөл байдлын талаар тодорхой ойлголттой болно. Ганц геополитикоор зогсохгүй дэлхийн түүх, дипломат урлаг, философи, технологи зэрэг хүний мэдлэгийн сан хөмрөгт хуримтлагдсан олон салаа салбарын тухайд чамгүй мэдлэгтэй болно. Эцсийн бүлэгт түүхийн олон зууны нугачаанд хүний ухамсар, эрх мэдэл, ёс суртахуун хоорондоо хэрхэн харшилдаж, яаж тэнцвэр тогтоосныг ул суурьтай мэдээд авчихна.
ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ: Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч
Дэлхийн бүх хэвлэлийн “Олон улсын мэдээ” Орос-Украины дайныг тойрон амьсгалж буй энэ цагт Хэнри Киссинжэрийн “Дэлхийн дэг журам” номыг санал болгож байна. Энэ бүтээлийг уншчихвал өнөөгийн олон улсын нөхцөл байдлын талаар тодорхой ойлголттой болно. Ганц геополитикоор зогсохгүй дэлхийн түүх, дипломат урлаг, философи, технологи зэрэг хүний мэдлэгийн сан хөмрөгт хуримтлагдсан олон салаа салбарын тухайд чамгүй мэдлэгтэй болно. Эцсийн бүлэгт түүхийн олон зууны нугачаанд хүний ухамсар, эрх мэдэл, ёс суртахуун хоорондоо хэрхэн харшилдаж, яаж тэнцвэр тогтоосныг ул суурьтай мэдээд авчихна.
“Дэлхийн дэг журам” ба Дөрвөн заан
Хэнри Киссинжэрийн “Дэлхийн дэг журам” нь зүгээр нэг олон улсын харилцааны сурвалж биш; энэ бол дэлхийн ертөнцийн эрх зүйн суурь, хүн төрөлхтний бүтээсэн дундад зууны соёл иргэншлийн үзэл санааг харуулсан философийн аялал юм. Тэрбээр “Дэлхийн дэг журам бол бүс нутаг эсвэл соёл иргэншлээр хуваагдсан эрх мэдлийн харьцангуй шударга тогтолцоо” хэмээн тодорхойлжээ. Үлгэр домгийн хэлээр бол “Замбутив дөрвөн зүгт харсан дөрвөн зааны нуруун дээр тогтдог” гэсэн шүү энгийн ойлголт билээ.
Түүхийн дөрвөн хэв маяг ба дэг журам
Киссинжэр Дундад зууны харанхуй үеэс зургаан зууны хойно байгуулагдсан, XVII зууны Вестфалийн энхийн гэрээг хамгийн эхэнд жишээгээр татан хүний түүхийн гэгээлэг үйл явдлуудыг өгүүлдэг. Үүнд:
- Вестфалийн систем (Европ) - Төрийн бүрэн эрх мэдэл, тэнцвэрийн зарчимд тулгуурласан үнэт зүйл.
- Дундадын эзэнт гүрний үзэл (Хятад) - Дотоод болон гадаад дэг журмыг өөрийн унаган философид зохируулсан.
- Лалын шашин ба Ойрхи Дорнод (Лалын улсууд) - Тэдний “ад Дор аль-Силм” ба “ад Дор аль-Харб” (энх тайван ба дайн тулаан) гэдэг ойлголт нь шашин, эрх мэдлийг шүтэх үзлийн салшгүй үндэс юм.
- АНУ-ын ардчилсан идеализм - Нэг талаас хүмүүнлэг, үнэний төлөө гэх үзэл мөргөлцдөг, нөгөө талаас бодит эрх ашиг бүхий хоёрдмол нийгэм.
Онлайн захиалга: https://www.nepko.mn/product/6889c355b9858400d4b547fe/slag
Ур чадвар ба уран холбоос
Хэнри Киссинжэр түүхийн агшин бүрийг жирийн үзэгчийн нүдээр бус хуульч, дипломат судлаачийн үүднээс гүн ухаж, цаад учир шалтгааныг нь гаргаж ирдэг. TIME сэтгүүл түүний “...кардинал Ришельегээс Меттерних, Бисмарк хоёрыг... хүртэл Дэлхийн II дайны төгсгөл гэхэд бие даасан үндэстэн улсаас бүрэлдсэн дэлхийн дэг журам оргилдоо хүрсэн” хэмээх өгүүлбэрийг нь эш татан ур чадвар, яруу сайхан холбоосыг нь магтсан байдаг.
Орчин үе ба сорилтууд
"Strategic frivolity" буюу “стратегийн хариуцлагагүй байдал”-ыг онцолж, богино хугацааны үр дүнгээр урт хугацааны тогтвортой байдлыг золиослох нь түүхэн шийтгэл амсдаг гэж бичсэн нь өнөөдрийн Орос-Украины дайныг тойрсон асуудалд хэн яаж хандахаас дэлхийн амар амгалан шалтгаална хэмээхтэй утга нэг буюу.
Сөрөг ба шүүмжлэлт үнэлгээ
Хэнри Киссинжэр дэлхийн түүхэнд үлдээсэн Их Британийн аугаа нэр хүндийг үл ойшоосон мэт харагдах нь гарцаагүй. Зарим шүүмжлэгч Европ, Америкийн хосолсон олон үйл ажиллагааг шударга бусаар тайлбарласан гэж үздэг. “Түүний американизм хэтэрхий хуучинсаг... Америкийн сүүлийн далан жилийн хүч нөлөөний тусгалыг бодитоор авч үзээгүй“ хэмээн шүүмжилдэг. Түүнчлэн Ойрхи Дорнодын дүн шинжилгээ, өгсөн үнэлэлт нь бусад хэсэгтэйгээ харьцуулахад сул талтай мэтээр сэтгэгдэл үлдээжээ.
Ерөнхий үнэлгээ
Хэнри Киссинжэрийн “Дэлхийн дэг журам” (2014) ном нь олон улсын харилцааны түүхэн хөгжил, дэлхийн дэг журмын тухай ойлголтыг соёл, түүх, геополитикийн онцлогоосоо хамааран ялгаатай хэлбэрээр төлөвшдөг хэмээн дүгнэсэн. Дэлхийн дэг журам гэдэг нь нэгдсэн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоо биш, харин улс орон бүр өөрийн түүх, соёл, итгэл үнэмшилдээ тулгуурлан өөр өөрийн дэг журмын загварыг бий болгодог гэж үздэг.
Нобелийн Энхтайвны шагнал ба “Дипломат плейбой”
Вьетнамын дайныг зогсоох Парисын энхийн хэлэлцээрт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1973 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртээсэн. Хэнри Киссинжэр бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга (1973–1977), Үндэсний аюулгүй байдлын зөвлөх (1969–1975) байхдаа "реалполитик" (бодит улс төр) буюу прагматик, хүчний тэнцвэрт суурилсан гадаад бодлогыг баримталсан. Тэрээр улс орнуудын харилцааг идеологиос илүү хүчний тэнцвэр, ашиг сонирхлын үүднээс авч үздэг байв. Энэ хандлагаараа хүн төрөлхтний түүхэнд Хүйтэн дайны гол дипломатчдын нэгээр нэрлэгдсэн.
Хэнри Киссинжэр 1970-аад онд Холливүүдийн оддоор зогсохгүй олон алдартай бүсгүйтэй нэр холбогдож, хэвлэлээр шуугиан тарьдаг байв. Тухайлбал, жүжигчин Жилл Сэйнт Жон (Jill St. John), Зса Зса Габор (Zsa Zsa Gabor), Ширли МакЛэйн (Shirley MacLaine) нартай хамт арга хэмжээн дээр харагддаг болжээ. Үүнээс үүдэн хэвлэлүүд "Диломат плейбой" хэмээн цоллуулсан аж. Энэ үеэс дипломатын хүрээнд болон олон нийтийн анхаарлын төвд орж сэтгэл татам, ухаантай, хошин, “найраатай эр”-ээр тодорсон. Алдар цуутай хүүхнүүд яагаад танд хөл алддаг юм бэ гэж асуухад “Power is the ultimate aphrodisiac” буюу “Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч” гэж цэцэн хариулжээ. Нэгэн зууныг туулж хоёронтой гэрлэсэн Хэнри Киссинжэрийг шалиг самуун мэтээр дүгнэж огтхон ч болохгүй. Арваад насаар дүү, өөрөөс нь 10 см орчим өндөр Нэнси Мэгонистэй 1974 онд гэрлэж хагас зууныг хамт үдсэн. Өөрөөсөө өндөр эхнэртэй амьдрах ямар вэ гэж асуухад “Би цорвойж жаргадаг” хэмээн хариулсан юм гэдэг.