МУУРЫН НҮДЭЭР МОНГОЛОО ХАРАХ САН
Нацумэ Соосэкигийн романыг гүйлгээд харахад Ярослав Хашекийн Эрэлхэг цэрэг Швейк-ийг санагдуулам хошин өгүүлэмжтэй боловч Мэйжи шинэчлэлийн үеийн Японы нийгмийн хуурамч дүр эсгэлт, хэлбэрийн төөрөгдлийг шүүмжилсэн бүтээл юм.
МУУРЫН НҮДЭЭР МОНГОЛОО ХАРАХ САН
Японы монголч Аяако Кимура “Ардчилсан хувьсгал” гэдэг нэр томъёо 1998 оны 10-р сарын 3-ны өдрөөс анх хэвлэл мэдээллийнхэн хэрэглэж эхэлсэн. Өмнө нь “Ардчилсан хөдөлгөөн” гэдэг байсан.С.Зориг ахын хэрэгийн маргаашаас “Хувьсгал” болсон. Тэр үед би сонинд нийтлэл бичээд УБ-т байсан тул анзааран мэдэж авсан” гэжээ. Монголчууд найман жилийн турш нийгмийн өөрчлөлтөө бүрэн ухамсарлаагүй явсан бололтой. Монгол хүнд суулгасан социалист сэтгэлгээний мөр балраагүй, шинэ үнэт зүйлийг шингээж хүчрэхгүй явсаар өнөөдөртэй золгоод сэтгэхүйн хямралдаа халууран тэлчилж байна. Үүн лүгээ адил нөхцөлд Нацумэ Соосэки Муур миний өчил романаа бичжээ. Энэ роман бол Японы уран зохиолоос гадна нийгэм, хүний мөн чанар, хувьсгалт өөрчлөлтийн хямралыг хөндсөн бүтээл юм. Соосэкигийн муур ёгт инээдмийн баатар, нөгөө талаар хүний дотоод сэтгэлийг төлөөлдөг. Муурын үг, бодол, ажиглалт нь орчин үеийн модернист уран зохиолд сүлэлдэх ид шидтэй.
(Мэйжи үеийн Японы оюун санааны хөрөг буюу Муур миний өчил)
Зохиол “Өчүүхэн би бээр муур болмуй. Надад одоохондоо нэр байхгүй” гэдэг мөрөөр эхлэх ба энэ бол Мэйжи үеийн Японыг гярхай ажиглагч этгээдийн товч бас тодорхой танилцуулга юм. Мань муур нэргүй байгаа нь өөрийн үнэлэмж, байр сууриа тодорхойлж амжаагүй шинэ нийгмийн бэлгэдэл буюу.
Хоёр ертөнцийн заагт
Соосэки (1867–1916) Эдо (одоогийн Токио) хотод төрж, ханзын уран бичлэг, сонгодог япон уран зохиолоор боловсролынхоо эхлэлийг тавьжээ. Харин их сургуулийн шатанд англи хэл, уран зохиол судалж, 1900–1902 онд Лондонд суралцахдаа өрнөдийн уран зохиол, философийн сэтгэлгээтэй танилцав. Авчиг Будант Альбионд ганцаардлыг илүү мэдэрчээ. Соосэки Лондонд хөл тавьсан мөчөө “өндгөөс дөнгөж гарсан ангаахайг шууд далай руу шидэх мэт” хэмээн захидалдаа бичжээ. Нацумэ Соосэки харь хэл, соёлын аль алинд ч өөриймсөж чадалгүй, хоёрдмол сэтгэлтэй эх орондоо эргэн ирсэн юм санжээ.
Муур миний өчил-ийн муур яг ийм хоёрдмол байдлыг халиаж тунгаана. Өрнөдөд суралцсан эзэн Кушами болон түүний танилууд гадаад нэр томьёо, гоёмсог үг хэрэглэх атлаа сэтгэхүй нь хуучны заншлаасаа огт салаагүй аж. Муур тэр бүхнийг хөндлөнгөөс зөөлөн егөөдөхөд уншигч та ходооныхоо мухраас инээнэ. “Хүмүүс их чухал царайлна. Гэвч сайн ажиглавал үнэндээ гэдсээ дүүргэхээс хол бодолтой нь тун цөөн” гэж мяулахдаа “хүмүүсийн материаллаг шуналыг шүүмжлээгүй, харин шинэ үеийн сэхээтний харалган байдлыг хэлжээ.
Онлайн захиалга: https://www.nepko.mn/product/68907fe241d279007cccd511/muur-minij-oechil
Япон ба Монгол
Японыг 260 жил хав дарсан Эдогийн ёс дэглэмийг 1868 онд Мэйжигийн шинэчлэлээр халж гэнэт дэлхий дахинаа нээсэн юм. Өрнөдийн технологи, шинжлэх ухаан, цэргийн тогтолцоог шууд хуулбарласан ч ёс суртахуун, амьдралын хэв маяг нь өнийн уламжлалаасаа зууран чаргууцалдана. Нацумэ Соосэкигийн романыг гүйлгээд харахад Ярослав Хашекийн Эрэлхэг цэрэг Швейк-ийг санагдуулам хошин өгүүлэмжтэй боловч Мэйжи шинэчлэлийн үеийн Японы нийгмийн хуурамч дүр эсгэлт, хэлбэрийн төөрөгдлийг шүүмжилсэн бүтээл юм. Мэйжи эрин бол самурайн олон зууны ёс суртахуун, феодал тогтолцоог тас цавчиж, Европын шинжлэх ухаан, аж үйлдвэр, зах зээлийн сэтгэлгээг нэвтрүүлсэн гэнэтийн цочир үйл явдал. Соосэкигийн муур нь өөрчлөлтийн голомтод, хэлбэр хөөсөн ч утга агуулгаасаа хоцорсон япон хүнийг ёжтой хардаг айхтар бодгаль.
Монголын 1990-ээд оны шилжилт яг ийм байсан. Дөчин тавин жилийн турш нэг намын үзэл суртал, төлөвлөгөөт эдийн засагт хүмүүжсэн бид гэнэт чөлөөт зах зээл, хувийн өмч, эрх чөлөө, үг хэлэх эрхийн талбарт хөл тавьсан. Өчигдөрхөн л социализмын ялалтыг магтан дуулж явсан хүн гэнэт ардчиллын төлөө уриа хашхирдаг болсон. Соосэкигийн муур “Өмссөн цувыг нь хараад та тэднийг европ хүн гэж бодох байх, харин би нүд рүү нь хараад л зуун жилийн өмнөх самурай хэвээрээ байгааг нь мэддэг” гэсэн буй. Энэ бол ерээд онд барууны костюм өмсөж, торгон зангиа зүүж, ардчиллын нэр томъёо, англи үг цээжилсэн ч шийдвэр гаргахдаа хуучин хуарангийн сэтгэлгээгээ баримталдаг монгол улстөрчийн хөрөг.
Мэйжид “өрнөжих” гэдэг үг хэлбэрийн өрсөлдөөн болон хувирч, шинэ үзэл санааг дотоод утгаар нь бус, гял цалыг нь хуулбарлах явдал газар авсан юм. Монголд ч ялгаагүй. “чөлөөт зах зээл” нэрээр төрийн өмчийн шамшигдуулал, “эрх чөлөө” нэрээр хуулийн цоорхойгоор хөлжих, “ардчилал” нэрээр эрх мэдлийн наймаа дэлгэрсэн буй. Соосэкигийн муур эзнийхээ найз нөхдийн яриаг чимээгүй чагнаад “Тэд ярьж буйгаа шинэлэг, ухаалаг гэж боддог ч миний урьд нь сонссон үгсийг улиглан давтах шиг санагдана” гэж боддог. Энэ бол Монголын шилжилтийн үеийн шинэ “элит”-үүдийн дүр зураг. Тархиндаа шинэ үнэт зүйл огт шингээгээгүй мөртлөө гоёж гоодон, барууны нэр томъёо шидэлж, “шинэ үеийн хүн” болох гэж маягласан төрхийг бид өдөр бүр зурагтаар хардаг.
Муур миний өчил-ийг Монголын шилжилтийн толь болгон ашиглавал нэг л зүйл тодорхой. Шилжилтийн хамгийн том сорилт бол хуучин сэтгэлгээг халж, шинэ үнэт зүйлийг амьдралд шингээх явдал. Мэйжид европ костюм өмссөн ч самурайн сэтгэлгээтэй хүн шинэ эринд дасан зохицож чадаагүй шиг, Монголд ч ардчиллын уриа хашхирсан ч авторитар арга барилтайгаа өдий хүрсэн улстөрч, бизнесмэн захаас аван бий. Тэд л нийгмийн шилжилтийн амьд садаа юм.
Соосэкигийн элэглэл хатуухан ч гэлээ бас тийм ч гашуун биш. Зохиолч Мэйжи шинэчлэл зайлшгүй үйл явц, хөгжлийн зам гэдгийг мэдэрдэг. Монголын ардчилал ч үүн лүгээ адил, харин түүнийг хэрэгжүүлэгчдийн үнэнч сэтгэл, шударга үйлдэл дутагдаж буй. Муурын нүдээр харвал монголчуудын хамгийн том сорилт бол хуучин сэтгэлгээг халж, шинэ үнэт зүйлийг утгаар нь амьдралд шингээх явдал билээ. Хэлбэр нь европ, үнэр нь социалист хэвээр байгаа цагт ардчиллын жинхэнэ утга биелэхгүй. Соосэкигийн муурын “Би гаднах өнгөнд хууртахгүй. Яагаад гэвэл өнгө хувирдаг, үнэр өөрчлөгдөхөд их хугацаа шаарддаг” хэмээх үг хатуу ч гэлээ үнэн болой.
Энэ “үнэр” бол хүний ёс суртахуун, үнэт зүйл, сэтгэлгээний хэв маяг. Өнгийг нь сольж болох ч үнэрийг нь өөрчлөхгүй бол шинэ нийгэм гэдэг зүгээр нэг дүр эсгэлт төдий үлдэнэ. Ардчилагч, либериал мэтээр дүр эсгэгч шиг элбэг зүйл Монголд алга. Тэд Монголыг, монголчуудыг их л дээрээс харан зааж сургах бөлгөө. Тийм нөхдийг Соосэкигийн муур “Өөрийгөө өндөрт тавьсан хүн бусдыг дээрээс нь хардаг. Гэвч доошоо харахдаа тэр газар дээр өөрөө зогсож байгаагаа мартдаг” хэмээжээ. Бид нийгмээ муур шиг гярхай нүдээр дуугүйхэн ажиглаж эргэцүүлэх цаг нэгэнт иржээ. Ингэж гэмээн өөрчлөлт хэлбэр бус мөн чанар болж хувирна. Мэйжид ч, Монголын 1990-ээд онд ч, өнөөдөр ч энэ үнэн өөрчлөгдөөгүй байна.