Айвазовскийн “Ес дэх давалгаа” (Девятый вал) гэдэг зургийг санаж байна уу? Аймшигт шуурганаар живсэн хөлөг онгоцноос үлдсэн гол далбааны шургийн үзүүрийг тэвэрсэн хүмүүс хамгийн хүчтэй эцсийн (ес дэх) давалгааг ирж байгааг харан мэгдэж байдаг даа. Энэ зургийг санах бүр аливаа аюул айсуйг мэдмэгцээ аль болох хурдан зайлах, хамгаалах, чадах бүх арга хэмжээгээ шуурхай авах ёстойг мэдэрдэг.

Өнөөгийн Монголын эдийн засгийг ажиглахад нөмрөн орж ирж буй далайн хүчит давалгааны дор хоёрхон хөдөлгүүртэй бяцхан хөлөгт суугаа хүмүүс шиг, хөлөг онгоцны ахмад аюулаас хурдан зугтах биш, нэг хөдөлгүүрээ унтраахыг тушааж байгаа мэт санагдана.

Далайн шуурга

Нөмрөн ирж буй далайн том давалгааг монголчууд бид алтан намрын налгар энэ өдрүүдэд анзаарахгүй байна. Эдийн засгийн хямралын давалгаа Европыг живүүлж, Хятадыг сааруулж, Монголыг зогсоох гэж байна. Евро бүсийн өрийн хямралаас гарахад туслахыг Германы канцлер А.Меркель Хятад улсаас албан ёсоор гуйлаа. БНХАУ мөнгө өгөх болсон ч тэр нь ээлжит амь тариа л болно. Тэгээд ч өөрийнх нь гангийн үйлдвэрлэл буурч, энэ онд 30 сая тонн нүүрс нийлүүлэхээр төлөвлөсөн Монголын экспорт зогсов. Бид 2010 онд 7.0 сая, 2011 онд 22 сая тонн нүүрс гаргасан бол есдүгээр сарын эхээр дөнгөж 7.0 тоныг гаргаад байна.

Манай улсын экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн (нүүрс, зэс, алт), түүний дийлэнх нь нүүрс байдаг ч бараг бүх зүйлээ гадаадаас авдаг учир гадаад худалдааны алдагдал энэ оны эхний найман сард 18 тэрбум доллар болов.

Төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлдэг уул уурхайн компаниудын ажил зогсож, Сангийн шинэ сайд Ч.Улаан “Төсөв маш хүнд боллоо. Орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарч, бараг өдөр тутмын зарлагаа даахгүй байна” гэж мэдэгдэв.

Засгийн газар аль сэнтийд хэнийг тавихаа тодруулсаар сар болж, түрүүлж тодрогчид нь өрөө тавилгаа шинэчилж, тансаг машинууд аваад завгүй. Засгийн газар үйл ажиллагааны зардлаа даахгүй байхад хөшөө дурсгал барих, хүүхдүүдэд мөнгө олгох, утаагүй зуух үнэгүй тараахыг Их Хурлын гишүүд шаардах болов.

Төр засаг төмөр нударгаа далайж иргэд, бизнесийнхнээс татвар ахиухан авах ажилдаа нэгэнт оржээ. Баян тансаг үеийн бардам том төрийг ядуу иргэд нь яалтай ч билээ, үүрэхээс өөр сонголтгүй боллоо. Төр засаг хүнд суртлын данхар аппаратаа цомхон, чадвартай болгох, гадаад дотоодын айлчлалаа багасгах, үнэтэй машин тэргүүдээ зарах зэргээр зардлаа багасгахыг хийхээсээ өмнө гадаад, дотоодын компаниудыг дарамталж эхэллээ.

Эдийн засгийн суурь болсон бензин, түлшний татварыг нэмлээ. Хэтрүүлэн хэрэглэдэг болсныг гэнэт анзаарч, архи, согтууруулах ундаа, тамхинд ногдуулах онцгой албан татварыг нэмснээр 20 тэрбум төгрөг энэ жилийн төсөвт оруулах гэнэ.

Энэ бүх татварын нэмэгдлийн хариуг компаниуд үнээ нэмж барих бөгөөд эцэст нь хэрэглэгч бид халаасаа тэмтэрч зөрүүг төлнө гэсэн үг. Дээр нь бас бүх барааны үнийг хөөрөгдөж 15 хувьд хүрсэн инфляц 20 хүртэл хувь өснө гэсэн үг. Инфляцыг Засгийн газар төсвийн алдагдлаараа үүсгэдэг билээ.

Гадаадаас бүх зүйлээ авдаг манай оронд чөлөөт хөрвөдөг валют ховордохоор төгрөгийн ханш унаж, эд барааны үнийг бас хөөрөгддөг. Хавар 1200 төгрөгөөр олдож байсан доллар 1400 болж, хагас жилийн дотор 17 хувиар уналаа. Ханшийн байлдаанд Монголбанк татагдан орж, нөөцөөсөө зарж эхэллээ.

Ахмадын тушаал

Эдийн засгийн гадаад, дотоод байдал ийм болчихоод байхад төр засаг маань гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх, сүрдүүлэх бодлого баримталж байгаа нь харамсалтай.

Монгол Улсын өнөөгийн байдал асар том далайн давалгаан дор хоёр хөдөлгүүртэй бяцхан хөлөг онгоц байгааг санагдуулна. Хоёр хөдөлгүүрийн нэг нь Эрдэнэт, нөгөөх нь Оюутолгой. Гэтэл хөлөг онгоцны ахмад ОТ нэртэй хөдөлгүүрийг унтраахыг тушааж байна. ОТ компани Монголын эдийн засагт 2010 онд 96 сая, 2011 онд 375 сая, 2012 оны эхний хагаст 171 сая долларын татвар төлж, зөвхөн энэ оны эхний зургаан сард 1.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт буюу өдөрт 6.0 сая доллар зарцуулжээ. 2600 монгол хүнийг уурхай дээр ажиллуулж, сард 4.5 сая долларын цалин олгож, бэлтгэн нийлүүлэгчдийн хамт 10 мянган монголчуудыг хөдөлмөр эрхлүүлж байгаа нь эдийн засагт жинтэй хувь нэмэр болж байна.

Уул уурхайн сайд өдөөж, 24 гишүүн гарын үсэг зураад шаардаж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээг дахиж ярилцах асуудал хэрэгтэй байж мэдэх ч өнөөдөр бол цаг үе нь огт биш. УИХ-ын 57-р тогтоолд зардлаа нөхөх үед гэрээнд өөрчлөлт оруулж 34 хувиа 51 хүртэл өсгөх заалт байгаа. Тэр алга болчихгүй.

Харин бодит зардал ямар байгаа, Монголоос авч болох бүх бараа, үйлчилгээг бүрэн авч чадаж байгаа эсэх талаарх мэдээлэл, жилийн тайлангаа зардлын задаргаатай нь хамт ОТ ч гэсэн олон нийтэд хүргэх хэрэгтэй.

Монголчууд ч гэсэн энэ компанийн хувьцааг Монголдоо авах боломжийг бүрдүүлэх, монгол иргэдээ төлөөлж зарим нь ТУЗ-д орох боломж байх ёстой.

Энэ тухай яриаг Монголын Засгийн газраас албан ёсоор эхлүүлбэл ОТ компани үйл ажиллагаагаа зогсоох сайхан шалтгаан болно. Тэгээд ч Хятад улс өөрийн эх үүсвэртэй болтол цахилгаанаар хангахаар тохирсноо биелүүлэхийг яарахгүй байгаа нь нэрмээс болох нь ээ.

Ээлжит хямрал ирлээ. Төр зардлаа багасгаг. Бас ухаалаг байг.