Нүүрсний экспорт үндсэндээ зогсож, уул уурхайн эдийн засгийн “голланд” өвчин сэдрэх цагаар төсвийн ор лого 1.2 их наяд төгрөгөөр (бараг 1.0 тэрбум ам.доллар) тасраад байна.

УИХ өнгөрсөн баасан гаригт 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь айсуй хямралд бэлдсэн гэхээсээ илүү Засгийн газрын шинэ бүтцийн нэрээр салгаж, нийлүүлсэн яамдын сайдуудын захиран зарцуулах эрхийг дахин хуваарилах л зорилготой байсан юм уу гэлтэй.

Угаасаа ДНБ-ий 40 хувийг эзэлсэн зарлагатай, гурван хувьтай нь тэнцэх алдагдалтай, өмнөх засгаас өвлөж авсан улсын төсөв энэхүү тодотголоор орлого нь 694.4 тэрбум төгрөгөөр буурч 5.631.7 тэрбум төгрөг, зарлага нь 155.5 тэрбум төгрөгөөр буурч 6.312.2 тэрбум төгрөг болсон нь төсвийн алдагдлыг 317.8 тэрбум төгрөгөөр нэмж, 781.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 4.8 хувьтай тэнцэхээр болгов.

Гадаад, дотоодод хямрал нүүрлэн, төсвийн алдагдал ихэсч байхад төсвийн зарлагаа ядаж орлого багассан хэмжээгээр танаж, алдагдлаа өсгөхгүй байх, аль болохоор валютын нөөцөө нэмэх талаар арга хэмжээ авахыг цаг үе шаардаж байхад шинэ Засгийн газар яг эсрэг үйлдэл хийж байгаа нь юу билээ?

Хэн хэдийг хуваан авч, хэрхэн захиран зарцуулахаа л өөрчилснөөс хаанаас, яаж энэ хөрөнгийг олох, ямар аргаар хэмнэх, хямралтай яажшуу тэмцэх, хэдийг нөөцлөх тухай огт ярьсангүй. Төсвийн алдагдлаа гадаадын зах зээлд бонд гарган зээлэх, албан татваруудаа нэмэгдүүлэх замаар нөхөхөөр шинэ Засгийн газар шийджээ. Эдийн засгийг чирч яваа гадаадын компаниудын үйл ажиллагааг зогсоох бодлого баримталж, нийтийн хөрөнгөөр эрх ямба эдлэхийг хичээж байгаа улстөрчдийг сайтар хянах нь цаг үеийн шаард лага боллоо.

Аль нам төрийн эрхэнд гарснаас үл хамааран төр засгийн үйл ажиллагаа өгөөжтэй, чадвартай, ил тод байх ёстой.

ЗЭЭЛ АВАХ ТУХАЙД

Засгийн газар баталгаа гаргаснаар Хөгжлийн банк гадаадын зах зээл дээр бондоо анх удаа гаргаж, 580 сая долларын хөрөнгө босгосон. Энэ зээлийг юунд, яаж ашиглах тооцоо байхгүй, төсөл нь бэлэн биш байсан учир өдөрт 100 сая төгрөгийг зөвхөн хүүнд нь алдсаар хагас жил болов. Сарын өмнө 100 тэрбум төгрөгийг төмөр зам барихад, 50 саяыг нь орон сууц барихад зарцуулж эхлэв.

Улс төрийн амлалтаа биелүүлэхэд энэ зээлийг ашиглахыг эсэргүүцэн, мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэсэн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал хоёр нь ажлаа өгчихлөө. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал төр, засгийн шахалтаар 410 тэрбум төгрөг гаргаж өгчихөөд сууж байна.

Хөгжлийн банкнаас нэмж таван тэрбум долларын бонд гаргуулах шийдвэрийг Шинэ Засгийн газар энэ долоо хоногт гаргав. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Засгийн газрын үнэт цаас гаргах санал тавьсан ч хямралын үед Засгийн газар биш, Хөгжлийн банк гаргах нь зүйтэй гэж тэд үзсэн ажээ. Энэ бондын хүү өндөр байх ч түүнийг “төсвийн зардлыг нөхөхөд биш, эдийн засгаа эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор дунд, урт хугацаанд ашиглана” гэнэ ээ.

Энэ сайд ирээдүйд үр хүүхэд маань төлөх зээл аваад “бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг дэмжиж импортыг орлох бодлогыг санхүүжүүлэхэд чиглүүлэх” юм байна. Мөн Үндэсний төмөр замын сүлжээ, Сайншандын аж үйлдвэрийн парк, Тавантолгойн уурхай болон дэд бүтцийн төсөл зэрэг аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх гэж байна.

Олигтойхон зам ч тавиулж чадахгүй байгаа Засгийн газар иргэдийн нэрээр зээл авч үрэн таран хийх замдаа ган, цементийн зэрэг хүнд үйлдвэрүүд байгуулаад дэлхийн зах зээлд гарна, түүнийг Хятадын зах зээл худалдаж авна гэж төсөөлж буй нь эрсдэлтэй. Энэ эрсдэлийг татвар төлөгчид биш хувийн хэвшил үүрч, гадаад дотоодын шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ёстой. Харин тээвэр, цахилгаан зэрэг дэд бүтцийг төр, засаг барьж байгуулан тухайн аж үйлдвэрийн паркуудын хашааны үүдэнд хүргэж болно.

Төрийн хийх ёстой, ёсгүй ажлын хэмжээ, хязгаарыг тодорхой болгох шаардлага хурцаар тулгарч байна. Төр, засаг хувийн хэвшлийн хийж чадах зүйлд оролцох шаардлагагүй. Харин иргэдийн сайн сайхны төлөө шаардагдах бүх нөхцөл, стандартыг гаргаж өгөөд чанд сахиулах л үүрэгтэй.

ТАТВАР НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙД

Төр, засаг төсвийн цоорхойгоо нөхөхийн тулд зардлаа багасгаж, зарим хөрөнгө оруулалтаа царцаахын оронд орлогоо нэмэгдүүлэх арга зам идэвхтэй хайж байна. Архи, тамхины болон шатахууны онцгой татварыг нэмэгдүүлчихлээ. Байгаа татвараа хурааж чадахгүй байж баахан татвар шинээр бий болгох бололтой.

Хэрэгжүүлж чадахгүй явсаар дампуурч байгаа хуулийн тод жишээ нь Нэмүү өртгийн албан татвар (НӨАТ) буюу уг нь Нэмсэн үнэ цэнийн албан татвар (НҮАТ) гэж нэрлэсэн бол зохих хууль. Нэрнээсээ эх лээд ойлгомжгүй байсан энэ хууль далд эдийн засгийг бэхжүүлж, авлигыг цэцэглүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэв. Арван гурван жил туршсаны дараа энэ хуулийг биелүүлээг үй, эсвэл түүнийг ашиглан хөрөнгө завшсан 2000 компанийн 5000 орчим захирал, нягтлан нарт эрүүгийн гэмт хэрэг үүсгэн, шоронд хийж, ажиллагсдыг нь гудамжинд гаргах төгсгөлийн хэсэг нь өрнөж буй энэ хууль алга болж, оронд нь худалдааны татвар буцаж ирэх бололтой.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ашгаас ёс төдий, ганц хувийн татвар авна гэж Ардчилсан нам сонгуулиар амласныг санаж байна уу? 2011 оны байдлаар Монгол Улсын 66 мянган аж ахуйн нэгжээс гурав ны нэг нь 3.1 их наяд төгрөгийн татвар төлсний 90 хувийг 330 компани (хоёр хувь нь) төлжээ.

Тэгэхээр Монголын жижиг, дунд буюу есөөс доош ажиллагсадтай бүх компаниас ганц хувийн татвар авсан, аваагүй нь орлогод нөлөөлөхгүй, харин НҮАТ-ын гол зорилт болсон бодит мэдээлэлтэй болоход илүү нэмэртэй нь үнэн. Тэгээд ч жижиг компаниуд ашгаасаа нэг хувийн татварыг дуртай өгөх учир татвар хураах зардал ч багасах юм. Ер нь татвар төлөх нь хариуцлага бий болгодгийг цаашдаа мартах ёсгүй.

Харин татвар төлөгчдөөс авсан татварыг төр, засаг өгөөжтэй зарцуулж чадаж байгаа, эсэхийг заавал мэдэх ёстой. Дээрх жишээн дээр дахиад бодъё. Хоёр биш, 200 биш, 2000 компани татвар төлөхгүй, зальдаж явааг төр, засаг мэдэхгүй байгааг ер нь юу гэж ойлговол зохих вэ? Төр, засаг хууль журмаа сахиулах буюу хамгийн гол аж лаа хийж чаддаг уу? Яагаад татвар төлс өн нь хохирч, татвар төлдөггүй компаниуд нь хождог болов оо. Бага зардлаар өрсөлдөж байхад зах зээл дээр хэн нь ялах вэ?

Өөр нэг жишээ: Улаанбаатар хотод найм биш, 80 барилга зөвшөөрөлгүй барьж болоод байхад барилгын чанар, аюулгүй байдлын тухай төр, засагтай ярихын хэрэг байна уу? Угаасаа газраа л зөвшөөрсөн бол барилга барихад ямар нэгэн зөвшөөрөл яагаад өгөх ёстой гэж? Зураг төсөл, хэв загвараа төлөвлөгөөний дагуу мэдэгдээд, аюулгүй байдлын стандартаа зарлаад, түүнийг зөрчсөн бол аль ч компанийн, ямар ч барилгыг зогсоогоод л боллоо биш үү? Зөвшөөрөл гэдэг хий хоосон зүйл бий болгож, 2-3 жил хөөцөлдүүлж байгаа нь төрийн түшмэлээс (удалгүй нийтийн үйлчлэгч гэдэг болно) өөр хэнд ашигтай гэж?

Төсвийг хэдэн төгрөг зарцуулахаас гадна ямар бодитой үр дүнд хүрэх, нийгэмд ямар үр нөлөө үзүүлэхтэй хамтад нь төлөвлөн хэрэгжүүлдэг, үр дүнд суурилан удирддаг болох цаг болжээ. Захиран зарцуулна гэж айлгаж, сүр хүчээр далайлгахын оронд хариуцан удирдах гэвэл хүн бүрт ойлгогдох билээ. Монгол Улсын Засгийн газарт эдийн засгийн эрсдэлийг удирдах баг нь аль яамандаа байдаг юм бол оо?

Төсвийг төлөвлөхдөө алдагдалгүй, төр, засгийн хийх ёстой ажилд, өгөөжтэй зарцуулахаар тооцож, төсвийн орлогоо зардалтайгаа уяж, гарч болох эрсдэлийг зөв тооцон удирдаж ажиллахыг шинэ Засгийн газарт уриалъя.