Туркийн иргэний агаарын тээврийн “Тюркиш эрлайнз” компани Улаанбаатар-Стамбулын хооронд 7 хоногт хэд хэдэн нислэгтэй болж, монголчууд эртний түүхт Түрэг орныг зорих нь олонтаа болсон цаг.


Улаанбаатараас 11.05 цагт хөөрсөн онгоц Бишкект (Киргиз) түр зогсож шатахуун цэнэглээд цаашаа ниссээр үдээс хойш нар төөнөсөн 16.30 цагт  Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Агаарт 10 гаран цаг нислээ. Онгоцны цонхноос Стамбул хот ингэж харагдлаа.


Эртний түүхт Түрэг орон. Энэ бол шаазангаар урласан эртний газрын зураг, урлагийн бүтээл. Стамбулын метроны ханан дээр шигтгэж хийсэн бүтээл. Ер нь Стамбулын метрог үнэхээр сайхан бүтээн босгожээ. Газар дор яваа гэх сэтгэгдэл ер төрөхгүй юм. Гэм нь вагон дамжих тоолондоо жетон худалдан авах ба жетон гэдэг нь мөнгө орлуулагч дугуй хуванцар пиу юм. Бид хоёрын Иордан орохын өмнө нэг жетон 2 лир (2TL) байсан чинь 4 хоноод эргээд иртэл 3 лир (3TL) болгочихож. Хотын захиргаа үнээ нэмжээ.


Энэ бол гадаа гудамжинд жаазлаад өлгөчихсөн орчин үеийн газрын зураг. Автобусны томхон буудал, томхон талбайд хаа сайгүй байгаа. Эндээс хотын ерөнхий маршрутыг мэдэж авч болно. Аяллыг лав хоёр янзаар зохион байгуулж болохоор юм. Би охинтойгоо Иордан ороод буцахдаа Стамбулд хэд хоносон туршлагаасаа хуваалцаж байна.


Туркэд очоод албан ажлаа амжуулахын сацуу хэрэв цаг зав гардагсан бол Босфорын хоолойгоор усан онгоцоор аялаад ирүүштэй юм билээ. Орой үдэш, бямба, ням гаригуудад сул цаг ч зөндөө гардаг даа. Түүнийгээ л оновчтой ашиглаасай гэсэн зөвлөлгөө монголчууддаа өгч байгаа хэрэг шүү дээ. Зураг дээр Галата гүүр. Стамбулын Европын хоёр хэсгийг холбосон хоёр гүүрийн том нь. Галата гүүр загасчдаар ямагт дүүрэн.


Бид хоёр бямба гаригийн үдээс хойш City Sightseeing Istanbul гэсэн шошготой хоёр давхар улаан автобусаар газраар аяллаа. Гэм нь зөвхөн Европын хэсгээрээ 3 цаг авч давхилаа. Стамбул хотын Европын хэсэг харагдаж байна. Европын хэсэгтээ түүхэн дурсгалт газрууд нь төвлөрсөн гэж ойлголоо. Бас орчин үеийн өндөр, шилэн барилга, зочид буудал, үйлчилгээний газрууд Европын хэсэгтээ илүүтэй байх бололтой.


Стамбулын алдарт Гранд базаарын гадна. Их зах гэх үү дээ. Энэ зургийн эгзэг их сонин. Үдийн цайны цаг. Талх зардаг нөхөр толгой дээрээ энэ их өндөр ачаагаа тавьчихаад хээв нэг алхалж явах. Явган сууж худалдан авагч руу талхнаасаа өгчихөөд босоод явчихна. Нөхөр талхчины тэргүүн дээр 27 давхарласан талх байна.


City Sightseeing Istanbul аяллын тийзийг нь хэд хэдэн зогсоол дээрээс нэг хүний 50 лирээр (28 ам.доллар орчим) авч болох юм. Зогсох бүрт нь буугаад явган аялаад дараагийн улаан автобусанд тийзээ үзүүлээд яваад байж болно. Тийз хоногтоо хүчинтэй. Тоолбол 9 гол зогсоол байх шиг. Зогсоол бүрт түүхэн дурсгалт сүм, мечеть, талбай, үзвэр бий. Энэ бол далайн эрэг дагуухи Каракоу зогсоол, гол боомт цаахна нь бий.


Эминөнү гэх энэ зогсоолоос бид далайн аялалд гарлаа. Энэ алтан шар бөмбөгөр оройтой завьнууд эртний султааны үеийг санагдуулам. Дотор нь түрэг хоолны газар бий. Завин дээр давалгаан дунд хоол зооглох ёстой юм биз дээ. Эндээс усан замын аяллын тийз нэг хүний 12 лирээр авч хөлөг онгоцондоо сууна.


Иймэрхүү хоёр давхар хөлөг онгоцоор 2 цаг Босфорын хоолойгоор зугаалж, Хар тэнгисийн зах хүрээд эргээд Мрамарын тэнгистээ ирэх ёстой аж. Аяллын хөлөг онгоц хурдалж яваа нь Галата гүүрэн дээрээс ингэж харагдлаа.


Аялагч жуулчдад зориулсан ийм хөлөг онгоц Босфорын хоолойд хэдэн арваараа хөвж явлаа. Аяллын маршрут нь тун хялбар. Стамбулын Европын хэсгийн баруун өмнөд эргээс (Эминөнү) хөдлөөд Галата гүүрэн доогуур гараад чанх зүүн тийш хөвнө. Хоёр эргийн хоёр талаар хойд этгээдэд Европын Стамбул, өмнөд этгээдэд Азийн Стамбул ярайж харагдана.


Тэр цаана Ени мечеть харагдаж байна. Ер нь Стамбул хот мечечтиэр тун баян. Хаа сайгүй ийм аварга том лалын сүм бий. Дорнод Ромын нийслэл хот байх үед христосын шашны сүм байсныг хожим лалын үед засч янзлаад минарет (шөвх оройт цамхаг) тойруулж нэмж бариад мечеть болгочихсон гэх тайлбар байдаг.



Хөлөг онгоц маань хурдаа авч Босфорын задгай тэнгист зүсч өглөө. Европын хэсгийн барилга байшинг зааж байх агшин ингэж дарагджээ.


Тив дамжин аялдаг аварга том хөлөг онгоцууд Стамбулын гол боомтод ярайж харагдав. Кинонд гардаг Титаникийн дэргэд үнэхээр нүсэр том юм. Тавцан дээрээ 5-9 давхар барилга барьчихаж гэж төсөөлж болох мэт. Далайгүй нутгийн мань мэтийн хүнд тэгж л төсөөлөгдөнө дөө.


Бидний аялах аяллын маршрутыг дахиад нэг тольдоодхоё. Улаанаар “17” гэсэн дугаар тавьсан гүүрэн доогуур гараад зүүн хойшоо хөвж яваа шүү дээ.


Усан онгоцон дээр танилцсан түрэг оюутан залуус. Измир хотоос ирээд аялаж яваа гэнэ. Тэд “Монгол” гэж хэлмэгц их дотносох юм. Ер нь түрэгүүд бүгд л “Моголистан”,“Монголистан” гэж нэрлээд бид ба тэд хөх толботойгоороо адил, Төв Азиас нүүж ирсэн гэж ирээд л ярьцгааж, зураг хөргөө бидэнтэй татуулж байлаа.



Галата гүүр ард хоцорлоо. Тэр цаана уулан дээр сүндэрлэн байгаа нь Сулеймание мечеть. City Sightseeing Istanbul аяллын улаан автобус доогуур нь өнгөрнө. Бууж саатаад, үзээд дараагийн автобусандаа сууж болно.


Европын Стамбул. Ачаа тээврийн гол боомт харагдаж байна. Наад талын улаан байшингийн зүүхнэ зорчигчдын гол боомт, нөгөө 5-9 давхар цагаан  байшин сүндэрлүүлсэн дун цагаан хөлөг онгоцууд тэнд сойлттой байгаа.



Европын Стамбулын шил толь болсон өндөр барилгууд ярайж байна. Энэ хавийг Бэёоглу, Шишли, Таксим дүүрэг гэнэ. Тэр Таксим талбай гэдгээс бид City Sightseeing Istanbul аяллын улаан автобусны тийз авч аялалд гарч байсан юм. Ho-Ho Point гэж англиар нэрлэдэг юм билээ, тэр тийз зардаг газраа.




Ази-Европыг холбосон дэлхийн хоёрхон гүүрийн нэг нь энд харагдаж байна. Босфор гүүр (Bosphorus Bridge). Түрэг хэлээрээ бол “Босфор” гэдгийг “Богази” гэх ба гүүр нь “Богазичи” гэж орчуулагдана. Энэ бол далай дээгүүр Евразийг холбон буй хамгийн том, урт гүүр. Хар тэнгисээс зөвхөн энэ гүүрэн доогуур нэвтрэн Газар дундын тэнгис, улмаар Атлантын далай хүрэх тул “дэлхийн”, “хоёрхон” гэсэн тодотгол хийж байна.



Улаан далбаа мандуулсан энэ газар бол Ази тив, Азийн Стамбул. Улаан далбаа гэдэг нь хагас хавирган сар, таван хошуу бүхий Туркийн төрийн далбаа л даа. Ер нь Стамбулд ийм төрийн том далбаа хааяагүй намирч дэрвэж байх ба энэ нь тус улсын тусгаар тогтнол, ард түмнийх нь эрх чөлөө, нэгдмэл бат цулын илэрхийлэл ажээ.



Бид зүүн гар талаа барин ус зүсэн хурдалсаар Босфор гүүр өнгөрөөд дараагийн хоёр дахь (Ази-Европыг холбосон) гүүр хүрээд, тэндээ эргээд Азийн хэсэг буюу мөн л зүүн гар талаа барин эргэж салхи сөрөн хурдаллаа. Энд харагдаж байгаа бол Фатих Султаан Мехмет гүүр. Ур хийц, үзэмжийн хувьд Босфор гүүрээсээ нэг их ялгагдаад байх юм байхгүй. 


Бид Азийн Стамбулын эрэгт хоёр удаа зогсож аялагчдыг аваад хөдөлдөг маршруттай. Дан аялагчид ч бус Азийн Стамбулаас Европын Стамбул руу зорчиж яваа ажил албаны хүмүүс ч байх юм билээ. Энэ эрэг дээр голдуу хувийн сууц хаусууд байх бололтой. Хэрэв Та Босфорын гүүрээр гараад Азийн энэ хэсгээр аялая гэвэл Bosphorus Sightseeing Istanbul гэх шошготой хоёр давхар хөх автобусыг сонгоорой. Том хүн 20 евро төлөөд 24 цагаар аялаж болно.


Фатих Султаан Мехмет гүүр тэртээ алсад хоцорлоо. Тив дамнан ачаа тээвэрлэж яваа супер танкер хөвж яваа харагдана.


Өмнө маань“Босфор” буюу “Богазичи” гүүр харагдаж байна. Энэ цагаан цахлай шувууд уснаас идшээ шүүрч байх аж.



Азийн Стамбул. Энэ зогсоолоос зорчигдчыг авахаар усан онгоц маань дөхөж очлоо. Тэр цаана нь Михримах Султааны сүмийн орой цухуйж байна.



Европын Стамбул. Цагаан хэрэмтэй төстэй нэг ийм хэрмэн барилга харагдаж байх юм. Юун хэрэм болохыг танилцуулгаас эрээд эрээд олж мэдсэнгүй.


Стамбул хот лалын сүмээр тун арвин гэж би дээр хэлсэн. Европын Стамбулд уулын орой дээр айлын орон сууцнуудын дунд ийм нэг мечеть байх ба минаретыг (шөвх оройт цамхаг) голдуу хосоор нь зэрэгцүүлэн босгожээ.


Бид хөвсөөр, аялсаар, салхи сөрсөөр нөгөөх Галата гүүр рүүгээ хүрч ирлээ. Үүлс, тэнгэрийн хаяа, загасчид, улаан далбаа, хөлөг онгоцууд нэг фонон дээр хосолсон уран сайхны судалбар зураг.



Амралтын өдрүүдэд түрэгүүд далай эргээ бараадан гэр бүлээрээ, найз нөхдөөрөө амарч, мах шарж, хиншүү хярвас үнэртүүлж, утаа май тавьж өнгөрөөх аж. Загасчид арай 24 цагаар далайн эрэг сахьдаггүй байх аа?




Стамбулын хоёр эргийг дахин нэг харуулъя. Улаан далбаа, цэвэр цэмцгэр хот орчин, дун цагаан усан онгоц, хөхрөн харагдах их далай миний дуранд ингэж буулаа. Тэр шовгор оройт цайз бол Галата тауэр (цамхаг) гэгч. Жуулчдын бууж саатдаг нэг газар даа.1348 онд баригдсан, тухайн цагтаа тус хотын хамгийн өндөр цамхган барилга байсан.


Галата гүүрэн дээрхи загасчдын аж амьдрал энэ уургаар төсөөлөгдөж байлаа. Загасчид арай 24 цагаар гүүрэн дээр жижүүрлэдэггүй байх. Харин иймэрхүү уурга олон харагдлаа. Хонуулдаг байхаас буцахгүй.


Нөгөөх алтан оройт уушийн газрууд дээрээ эргэж газардлаа. Бүтэн хоёр цаг аяллаа. Аялал охин бид хоёрт нэн таалагдлаа.