Цэрэг эрсийн тухай

Дуртай гар нь ирээд загнаад, ийшээ тийшээ яваад энийг ингээд аваад ир гэж болдог, авч яваад барилга бариулж, юу ч хийлгэж болдог туранхай бор хүүхдүүдийг цэрэг гэнэ. “Өө хүн биш цэрэг байна” гэдэг хэлц үг ч бий. Цэргийн дарга нар гэвэл харин архи уусан, нөгөөдүүлээ байсгээд л цохиж унагасан нөхөд нүднээ бууна. Хүүхэн харвал бүр “галзуурч” алдана.

“Ардууд” тэдний тухай ийм л бодолтой. Харин байдал яаж өөрчлөгдөж байгааг урьд нь дурдсан. Мэдлэгтэй, чадалтай, хэлтэй устай залуус зөндөө л болж.  Гэвч цэргийнхний дүнсгэр, эршүүд мөн чанар хэзээ ч арилахгүй. Тэд нэгэндээ тал засч эелдэглэх гэдэггүй. Харин хэрсүүжсэн хэдэн офицерүүдийг эс тооцвол яг л сэтгэлээсээ инээдэг хүүхдүүд байдаг даа. Харин гадны цэрэг залуус арай өөр юм билээ.

Тэд үнэхээр л өөр. Мазари Шариф хотын цэргийн баазад олон орны залуус холхилддог. Гэхдээ энд Герман улс толгойлох тул Германы дэгээр амьдарна. Илүү дутуу юу ч үгүй нэл саарал цэментэн хана, талбай, тор. Өөр яах  ч билээ, ямар шоу болж яармаг нээгдэх биш. Харин цэргүүд нь хаа тааралдсан газраа мэндэлж, инээмсэглэж, толгой дохиж, асуултанд идэвхитэй гэгч нь хариулж, бүр тэр газар нь биеэрээ хүргэж өгөхөөс ч буцахгүй уриалгахан. Энэ бол германы болоод барууны аль ч хотын дүр төрх. Гагцхүү цэрэг хувцастай.

Энэ баазтай залгаад урд талд нь Америкийн бааз байрлана. Тийшээ орвол бүр ч назгайраад явчихна. Амрах саравчны хийц энэ тэр яг л Хонолулу. Сагсгар минитэй хүрэн хүүхнүүд л алга. Түгшүүр, хурд баахан саарна, дагаад санаа ч амарна. Хаашаа л бол хаашаа зураг дарж болно. Хамт зураг даруулья гэвэл хар цагаангүй чихэндээ хүртэл инээж ирээд л тэврэлдэж баахан патиардуулна. Цэргийн хувцас, том хар буунуудаас өөр цэргийн газар байна гэж сануулах зүйл ховор.

Америк, Германыхны амрах байдал нь ч эрс ялгаатай харагдна. Америк залуус амрах клуб рүү гээ ороод л плэйстэйшн, даалуу, хөзөр... хийхгүй юм байхгүй. Кино театр ч байна. Диско ч байна. Цээж нүцгэн залуус, майктай бүсгүйчүүд холилдоод л сагс, элсний волейболоо тоглочихдог юм билээ.

Харин германыхад тийм юм олж харсангүй. Пааб бол байсаан байсан. Орой үдшээр тэндээ сууцгааж нэгэн хэмээр дүнгэр дүнгэр ярихаас хэтрэхгүй. Нэг хүнд зарах алкохолний хэмжээ гэж тогтоосон юм бий эсэхийг мэдээгүй.  Солиорчихгүй л бол ухамсар нь үргэлж байгалийн зөнгөө ноёлж байдаг улсууд тул байхгүй ч биз. Харин монгол залуусд зарахгүй. Дарга нар нь “дээгүүрээ яриад” тэгж тогтсон. Цэргүүд нь ч өөрснөө авах гээд байхгүй хөөрхий. Эндээс бас л монголын болоод гадны цэргийн сахилга, дүрэм журмын ялгаа гарна. Бас... үндэстнүүдийн өөр өөрийн “өвөрмөц шинж” ч харагдна.

Бид хэдэн америк цэрэгтэй хамт 12 ортой заал шиг том өрөөнд 3 хоносон юм. Ор ба орных нь урдах шал нэлдээ тэдний новшоор дүүрэн. Цамц, өмд, таавчиг, ном, оо, сам, буу, дуран... Тэрийгээ цэгцэлж хураанаа нэг байхгүй. Өглөө бослоо, шүршүүрт дөрвөн минут орлоо, хувцаслаад буугаа мөрлөөд л гарна (шүршүүрийн хананд “Нэг хүн 4 минут шүршүүрт орно. Та цөлд байгаагаа санана уу” гэсэн бичиг байдаг юм J).  Монгол цэрэг юм сан бол хэдийнээ өчнөөн шанаа, элэг мэлэг авчих газар.

Бидний дараагийн байрласан байр нарийхан коридор, хоёр талдаа өрөөнүүдтэй байшин. Байшин ч гэж дээ контэйнэрүүдийг хөндлөн залгаад л сум нэвтрэхгүй ханаар бүрчихдэг. Тэнд германууд, финнүүд байв. Үд болж байхад л онгорхой хаалганы завсраар гар хөлөө энд тэнд шидцэн нам унтаж байгаа нөхөд харагдаж л байна. Ороо ч хураахгүй. Гэхдээ цэрэг юм хойно бас түргэн авдаг л юм билээ. Нэг өдөр офицер бололтой герман эр тийшээ орон өрөөний хаалга татаж залуусыг гаргаж ирсэн. Алгаа ташин яаруулсаар нам унтаж байсан 10-аад цэргийг 1-2 минутанд бэлэн болгоод жагсаалаар шогшуулан аваад гарна лээ.

Гадныхан цэргүүдээ ийнхүү амралтанд шахуу байлгадаг нь тэднийг сэтгэцийн өөрчлөлтөд орохоос сэргийлэх гэх мэт шалтгаантай. Учир нь ачааны хүндийг буюу гадна эргүүлийг Америк, Англи, Германууд хариуцдаг. Ялангуяа америкуудаас өдөрт л 4, 5-аараа эрсэддэг гэсэн мэдээ байна. Тэгээд ч монгол цэргүүд баргийн юм тоохгүй, гүжирмэг зантай. Бас монгол хүүхдүүд угийн “даруулгатай” өсдөгт ч учир бий байх. Тэдэнд элдэв юм хэрэггүй. Нойр, хоол 2 нь л сайн байхад манай бор залуус юуг ч даван гарна. Эмээлээсээ буулгүй хэдэн хоног давхидаг байсан Эзэн Чингисийн хөх цэргүүдийн удам юм чинь.

Хоол унд

Хоолны хувьд америкийнх хэдэн төрлийн том том шарсан мах бабикю, будаа ногоо, жимс... за ер нь  л маш сайхан. Тогооч нар нь инээд алдсан бараан нөхөд. “Энд үхрийн мах, энд цацагт хяруул...” гэхчлэн дуудна. Амттай гэж яана. Бас гарахдаа уух юм хэдийг аваад гарч болно. Ямар ч төрлийн ус ундаа олдоно. “Цацсан” л улсууд тэр америкууд. Натур нь ч тэр.

Харин германы гал тогоо болохоор нэг “талх мааслаар” л аргалчих гэсэн янзтай. Хүйтэн голдуу, гоймон голдуу л. Мах ховордуу. Тиймээс ч өдөр оройн хоолны цагаар америкийн хоолны газар уртаас урт оочир үүснэ. Монгол цэргийн байрлалаас Германы хоолны газар 5 алхаад орчихоор байхад манай залуус нөгөө тийшээ хэдэн км алхаж шарсан мах идэх дуртай.  Автуусаар ч явсан болно.

Бүр суудал олдохгүй л бол юу юм гэхээс орон орны цэргүүд ерөнхийдөө ялгаран сууж хооллох юм билээ. Тэд хаанаас ч ирсэн ерөнхийдөө хол ялгаагүй хоолны соёлтой. Харин манайхан зөвхөн сэрээ л хэрэглэдэг хийгээд тавгандаа нүүрээ “наан” идэж, амаараа дүүрэн идэх юмтай босч холхилдож байгаагаараа амархан танигдна. Идэх гэж тэнд очоогүй ч гэсэн улсын л нүүр. Жижигхэн ч атугай сургалт, таниулах хичээл орж байвал зүгээр юм шиг ээ.

Ум хумны асуудлаар

Гадныхан эмэгтэй цэргийн албан хаагчид ихтэй. Болзох энэ тэр явдал мэдээж “няад” байж таараа. Сэм асуудал байдаг эсэхийг таамаглан ярихаас хэтрэхгүй. Гэхдээ одоо тэгээд түгшүүр зарладаг, “болзцон” байж байвал яах болж байна.  Ямар ч байсан эмэгтэй цэргийн албан хаагчдад зориулсан “Бэлгийн халдлагад өртвөл яах тухай” нэлээн дэлгэрэнгүй заавар ариун цэврийн газруудаар голдуу хананд өлгөөтэй байхыг харсан. Бүсгүй цэргийн албан хаагчид учиргүй бикинитэй явахгүй ч бас бариу өмд хамдтай энд тэнд дасгал хийчихсэн гүйж байх нь элбэг. Хүн л юм хойно залуус харж л байгаа даа гэж бодсон ч харж байхыг нь би олж харсангүй. Харин жорлонгуудаар нь плэйбой маягийн сэтгүүлүүд байдаг.

Мөнхүү Мармал баазын нислэгийн талбайн жорлонд эм хүнийг хүсэмжилсэн эрээчвэрүүд нэлээд зай эзэлнэ. Хэрэгт дурлаад эмэгтэй жорлонгий нь шагайж харьюу гэж санасан боловч цэргийн цагдаад баригдвал юу болохыг гадарлах тул больсон. Бодвол бас л хөөрхөн “дурсгалын дэвтэр” бий биз. Зөвхөн эндхийн жорлонд л ийм асуудал байна, учир нь цэргийн байрныхад бол хана нь бол юугаар ч бичсэн гарахгүй гөлгөр юм билээ. Тийм байхаас ч яахав, буу зэвсэг агссан олон эрсийн дунд үл ойлголцол гарвал хэцүүднэ. Эрээчвэрийн сэдэв зөвхөн ум хумханаар дуусахгүй, жишээ нь америк, герман цэргүүдийн нэгнээ доош нь хийсэн үгс дүүрэн. Олон газрын эрчүүд байдаг ч амбицаараа германчууд л тэр аваргатай дөхөж очдог бололтой. 

Манай залуус ч бас хажуугаар нь зөрөн өнгөрөх тэдгээр “охидыг” хүн байна чинээ тоохгүй, хулгайгаар ч болов дагуулж харахгүй. Хоёрын хооронд өөрийгөө зовоож байхаар мартах нь ч дээр гэсэн үзэл байдаг бололтой. Цэрэг бол зөвхөн биеийн бус оюун санааны хатуужил, зөв төлөвшил шаарддаг эд. Хүндэтгэм.   
 
Энд ирж буцахтайгаа нийлээд бараг арав хоносон. Харин маргааш нь Эггэрс бааз руу нисэх болов. Энэ удаа заавал хуягласан хантааз, дуулга өмсөнө гэнэ. Инээд хүрээд л явчихлаа. Тэр юмнуудыг нь өмсөж үзэх бөөн дур, бас ...айдас түгшүүр.

"АФГАНИСТАН. ТЕРМИЗ" хэмээх өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Бааз дотор нутгийнхны нээдэг зах дотор оёдлын цех ажиллана. Тэдэнд цэргийн таних тэмдэг, дурсгалын наалтуудаас эхлээд хийх юм мундахгүй.


Олон орны цэрэг эрс  эвтэй найртай албаа хаагаад эсэн мэнд харих болтугай


Баазын удирдлага монголын ээлж хүлээлцэх комиссынхныг оройн зоогонд урив. Германаас ирсэн шинэхэн мах, зайдасны амт сайхан байлаа.


Баазын гадна ус чандмань эрдэнэ. Харин дотор бол цэрэг, ус, буу гурваас их юм алга.


Нутгийнхан бааз руу нарийн чанд шалгалтаар нэвтрэн ажил эрхлээд оройдоо буцна.


Мармал баазын нисэх буудлын дэлгүүр.