Бүх хүнийг ном уншдаг, номонд дуртай болгох гэж ухаантнууд үйлээ үзэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан бүх нийтийн номын ээлжит баяр саяхан болж өнгөрлөө. Нэг үеэ бодвол ном ном гэх хүн олон болжээ. Ном  судлагдаж, ном бүтээгдэж, ном үнэтэй болж, ном бэлэглэж, ном гараас гар дамжин уншигдаж, ном хөдөөг зорьж шинэ уншигчид руугаа явж байна. Номын баярыг үзэж явсан хэвлэл сонины хэдэн ажилтнууд ам халаад ийн ярилцав. Ерөөсөө л намын баярыг номын баяр болгоё гэхэд нөгөө нь тэгвэл намын ордонг номын ордон болгоё гэнэ. Харин гурав дахь нь тэгвэл намын байруудыг номын байр болгоход л болоо гэв. Тэгээд л энэ тухай намайг бич гэж үүрэгдэх нь тэр.  Нүүдэлчдэд ном унших соёл, номоор удирдуулан улсаа хөгжүүлэх бодлого суутал лав 300 жил хэрэгтэй гэхэд харин ч нүүдэлчдэд номыг эрхэмлэх хүндлэх их өв бий. Өөрснөө алт, эрдэнэс хэрэглэхийг цээрлэдэг мөртлөө номоо эрдэнэсээр бүтээн хүндэтгэдэг улс орон дэлхийд ховор гэж нэг маань өмөөрөх. Бас 60-70 оны хөдөөгийн хүүхдүүдэд ном гэдэг юм олддоггүй эрдэнэс байсан. Сумын клубын хажуугийн умгархан өрөөнд байх сумын номын сангийн бүх номыг дөрөвдүгээр ангид байхдаа уншаад дуусчихсан гэх номын донтон хүүхдүүд тун олон байсан. Одоо ч гэсэн ном нь байвал залуу, хөгшин уншигчид нь номын донтонгууд нь хэвээрээ байгаа. Монголчууд  ном уншдаг ард түмэндээ орно. Даанч одоо бодоход уншуулж байгаа ном нь, ном бүтээгчид нь дандаа коммунист үзэл сурталчид байсан болохоор уншигчдадаа уйдуулчихсан юм. Харин одоо сонгож чадаж дийлж авч чадвал ном бий боллоо гэж нэг маань үнэлэх аядав.   Ном хамгийн их уншдаг гэгддэг Европын улс шиг болоход лав л 20 жил зарцуулахгүй гэж ирээд л маргацгаалаа. Тэгээд улс  орон мэдлэгээр баяжиж мэдлэгээр хөгжинө, зэсээр баяжиж нүүрсээр хөгжихгүй гэж мэдмэртэв. Товчилбол энэ улс орныг чинь ашигт малтмал ч баяжуулахгүй, хөгжүүлэхгүй эрдэм боловсролтой, ухаантай номонд мэргэн  боловсорсон хойч үе авч явна гэж дүгнэцгээлээ.  Ам халсан нөхөд маань хүүхдүүдийн,  залуу хүн бүрийн, багш нарын, бүр эрхэм сайд дарга нарын заавал унших  ёстой номын жагсаалт  хүртэл гаргах юм болов. Гадаадал олонтоо зорчсон зарим маань дэлхийн хөгжилтэй орнууд номын ордон номын сангаараа гайхуулдаг. Тэрхүү номын сан нь номын ордон болж түмэн хүн холхисон том ресторонаас илүү эрэлттэй газар байдаг талаар гайхуулав. Хубилай хааны үед зохиогдсон ”Монгол Улсын Цагаан түүх”  нэрт судраас эхлээд  дэлхийн сонгодог утга зохиол руу ч халив. Үнэн, худлаа  баримтаар оросуудын зохиож өгсөн ХХ зууны түүх рүүгээ ч орж шүүмжлэв. Харин миний хувьд ном ч мэргэн нөхдийнхөө өмнө хүлээсэн үүрэг ёсоор намын байрыг номын байр болгох асуудлаа хөндөж байна. Нам гэдэг юм бүхний манлай, улсыг удирдан зохион байгуулж тэргүүлэн авч явна гэсэн коммунист итгэл үнэмшил үндсэн хуулиар зохицуулагдсан ч гэсэн  хэвээрээ байна. Үүний тод  гэрч бол улс төрийн намуудын орон байр, ил далд хөрөнгө юм. Хамгийн том байр савтай нь хамгийн мундаг нам байдаг. Улс орны хэмжээгээр хуучин МАХН одоогийн МАН нам ямар байшин шатаалгаад ямар ордонтой болчихов. Хэрвээ тэр шатдаг байшин намын байр биш номын өргөө байсан бол хэн ч галдахгүйсэн. Дараа нь Ардчилсан нам бас нэг намын ордон барихаар бэлтгэж байна. Дүүргүүдийн намын байр гэж хоёроос гурван давхар байшин бий. Намын дарга нь ажилтнуудаа өөрийгөө санхүүжүүлэх гэж  байрандаа дэлгүүр, үсчин, халуун ус, я-ны газраас бусдыг ажиллуулан үйлээ үзнэ. Аймгийн төвд Ардчилсан намын нэг, Ардын намын хоёр байшин намын үйл ажиллагаа явуулна. Сум болгонд том, жижиг галладаг, галладаггүй  намын байрнууд бөөн хэрүүлийн бай. Сумын Засаг дарга болсон намын дарга нь албан тушаалаа ашиглаад хоёр гурван өрөөтэй байр намдаа авчихдаг. Сөрөг хүчин болсон өрсөлдөгч нам нь барьцаад улс төр хийнэ.Томоохон сумын баг хүртэл халуун ус байхгүй байж намын байртай шүү. Намуудын том дарга нар, удирдах зөвлөлийн гишүүд нь аймаг, суманд нэр дэвшихийг горилогсод сум хороон дээр ирэхэд намын гишүүд нь ихэвчлэн манайд намын байр хэрэгтэй байна. Яг хийсэн намын байртай бол ялаад өгнөө гэсэн хүсэлт хөвөрнө. Эдгээр намын байрнуудыг “Улс төрийн намын тухай хууль”-д өөрчлөлт оруулах замаар төр мэдэлдээ аваад номын ордон болгож болноо доо. Нам гэдэг хий байгууллага аливаа улс орны төрийн эрхийг тайван замаар авахад л хэрэгтэй нь хэрэгтэй эд.  Улс орон дотроо  баян хоосноороо, улаан цагаанаараа ялгаран дайтаж байлдаж, алж хядаж хуйвалдаж төр авдаг байсан түүх бий. Олон нам өрсөлдөж, нам сонгууль гэдэг юм гарч ирснээр  ердөө л саналаа өгөөд төрийн бүх эрхийг нөгөөд шилжүүлдэг болсонд нам гэдэг байгууллагын түүхэн гавьяа байдаг. Энэ хий хоосон нам гэдэг байгууллагаас өөр төр авах аргыг хүн төрөлхтөн одоо хүртэл  нээж олоогүй юм. Ингэхээр нам гэдэг бол сонгууль зарлахаар л, сонгууль явуулах эрх авсан тусгай аж ахуйн нэгж л төдий гэж болмоор. Нам гэдгийг сонгууль болохоор үйл ажиллагаагаа явуулаад бусад цагт тэгэс ингэс хийгээд  суух улирлын ажиллагаатай болгоход хэнч үгүйлэхгүй . Мэдээж нам гэдэг хамт олны итгэлийн хөрөнгийг төр шууд хураагаад авч болохгүй л дээ. Улс төрийн намуудын тухай хуулиар зохицуулж намын байр байшингийн санхүүжилтийн үүргийг төр өөртөө  хүлээж болно шүү дээ. Сонгуулиар парламентад болон бүх шатны хурлуудад суудал авсан хэмжээгээр нь төр санхүүжилтийг нь гаргахад л болоод явчихна. Сонгуулийн дараа 60 суудал авсан нам 60 метрт нэг суудал авсан нам нэг метрт суугаад л  ард түмний итгэлийг хүлээсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ биз. Улс төрийн намууд алт эрдэнэсээр бялхсан, үндсэн болон эргэлтийн их хөрөнгөтэй байхаараа л улс орондоо төдийгүй хүн төрөлхтөнд аюул дагуулаад байдаг дэлхийн намуудын гашуун түүх байна. Фашист, коммунист нам, хэт даврагчид, дарангуйлагчдыг төрүүлсэн нам бүлэглэлүүдийн цуст түүх бүгд тэдний нам бүлэглэлийн хөрөнгөтэй холбоотой  байна шүү. Ийм учраас бүх шатны намын байрыг номын байр болгож намын ордонг номын ордонд хувиргах талаар хуулийн төслийг манай улстөрчид санаачилна байгаа.