82 сая гишүүнтэй дэлхийн хамгийн том улс төрийн хүчин Хятадын Коммунист намын (ХКН) 2270 төлөөлөгч энэ оны 11 сарын 8-нд их хурлаа хийх гэж байна. Хурлаар намын ерөнхий нарийн бичгийн (ЕНБ) дарга Ху Зиньтао албан тушаалаа Си Зиньпинд шилжүүлэх юм. Коммунист системтэй орны хувьд намаа тэргүүлнэ гэдэг улсаа жолоодно гэсэн үг. Хятадад нам, төр, арми гэсэн гурван том бүтэц бий, бүгд нэг хүний гарт төвлөрнө. Тэхдээ намын дарга зургаан том байгуулал болох Намын төв хороо (НТХ), Сахилга батын хороо, Ардын төлөөлөгчдийн их хурал, Улс төрийн зөвлөлдөх зөвлөл, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл дэх нөхдийн хамт улсаа удирдах ёстой тул хятадыг хамтын удирдлагын тогтолцоотой гэж үздэг.

Намын их хурлын төлөөлөгчид 5 жилийн хугацаатай сонгогдоно, гэхдээ бүх нийтийн сонгуулиар биш, НТХ-ны шийдвэрээр сонгогддог. Намын их хурал сонгуульт хугацаандаа жил бүр бүгд хурал хуралдуулна. Тухайлбал 17 дугаар их хурлын 2 дугаар бүгд хурал гэвэл 2 дахь жилдээ хуралдаж байгаа их хурал байх нь гэж ойлгоно. Энэ тогтолцоог бидний дээд үеийнхэн их сайн мэднэ дээ.

Намын ЕНБ-ийн даргын хугацаа мөн адил 5 жил, улиран сонгогдох цаад хязгаарыг заагаагүй боловч тэтгэвэрт гарах насаар хязгаарлагддаг. Ер нь бол 10 жил болоод албан тушаалаа шилжүүлдэг жишиг тогтож байх шиг. Бусад коммунист дэглэмтэй орнууд шиг нэг хүний олон жилийн дарангуйллыг давтахгүй байх боломжтой энэ тогтолцоо Дөн Сяопиний шинэчлэл эхэлсний ачаар Зян Зөминий үеэс аажим бүрэлдэж, Ху Зиньтаогийн үед биежиж, эдүгээ Си Зиньпинд шилжүүлснээр удирдлага солигдох механизм болон бэхжиж буй хэрэг.

Энэ жил ХКН-ын 17 дугаар их хурлын хугацаа дуусаж, 18 дугаар их хурал шинээр бүрдэх гэж байгаа тул дэлхий дахин чих тавин анхаарч байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 10 жил Хятадыг удирдсан Ху Зиньтаогийн багийнхан бууж, ирэх 10 жилд хятадыг жолоодох шинэ үеийн удирдлагын баг улс төрийн тавцанд гарч ирнэ гэсэн үг.  Харин тэр шинэ үеийн багт хэнүүс байх вэ? Таамгууд гарсаар ...

НТХ-ны Улс төрийн товчоо нийт 25 гишүүнтэй, байнгын хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй. Үндсэндээ энэ 9 хүний дохиогоор нам засаг хөдөлдөг тул хятадыг хамтын удирдлагын тогтолцоотой гэж үзээд байгаа хэрэг. Одоо байгаа байнгын хорооны 9 хүнээс Си Зиньпин, Ли Көцян хоёр үлдэж бусад нь тэтгэвэрт гарна. Энэ хоёр эрхмийг дэлхий дахин хэдийн таньдаг болсон. Үлдсэн 7 гишүүнд харин хэн хэн байх вэ. Зарим эх сурвалжид 9 хүний бүрэлдэхүүнийг 7 болгон цөөлж байгаа гэх, хэрэв тийм бол үлдэх 5 гишүүнд хэн байх бол? Тодорхой юм гэвэл төв хорооны гишүүд дотроос л эд сонгогдох ёстой. Учир нь хятадад өндөр албан тушаалын томилгоог заавал шат дамжлагатай байхаар заасан тул олон жил бэлтгэгдсэн туршлагатай намын гишүүн, төв хорооны товарищуудаас л дэвших замаар гарч ирэх юм. Энэ тал дээр манай Монголоос давуу талтай аж, гэнэт л нэг өглөө сайд, банкны дэд ерөнхийлөгч гэх мэтээр албан тушаалын томилгоонд ямарч механизм байдаггүй биднийг бодвол дэвшилттэй л юм...

Хятадын УТТ-ны Байнгын хорооны гишүүдэд хэн хэн байх талаар Америкийн дуу хоолой сайт болон бусад хэвлэл мэдээллүүд гол төлөв дараах 7 хүнийг нэрлэж байна. Үүнд, Үй Жөншэн, Ли Юаньчао, Ван Цишань, Жан Дөзян, Жан Гаоли, Ван Ян,  Бо Силай нар. Эдгээрээс Бо Силай “төрд тэрсэлсэн” гэмтэй тул уг жагсаалтаас нэгэнт хасагдаж, оронд нь Аюулаас хамгаалахын сайд Мен Зеньжү юу эсвэл өөр хүн үү гэх мэт таамаг явж байна. Хэрэв дээрх нөхөд байнгын хорооны гишүүн болбол 6 нь хунтайжийн (шанхайн) бүлгийнх, 3 нь Коммунист залуучуудын эвлэлийн фракцын хүмүүс буюу фракцуудын хүчний харьцаа 2:1 болох нь. Гэхдээ сайд нарын томилгоон дээр энэ харьцаа өөрчлөгдөх тухай бас мэдээнүүд байна.

Аль фракц байхаас үл хамаараад хятадын шинэ үеийн удирдагчдын нийтлэг шинж бол тэд БНХАУ байгуулагдсанаас хойш төрж, идэр залуу нас нь Соёлын хувьсгалын гашуун он жилийг амсан, хөдөө тосгодод цөлөгдөж “илгээлтийн эзэд” ч болж явсан тул нийгмийнхээ хамгийн суурь хэсгийн амьдралыг биеэрээ мэдэрсэн улс. Харин хийж бүтээх нас нь Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн их давалгаатай давхацдаг. Товчхондоо улаан хувьсгалчид биш, харин туйлын прагматик нөхдүүд гарч ирж байна. Тэдэнтэй үзэл суртал биш бодит ашиг ярих ёстой. Өмнөх үеийнхнээсээ ялгаатай нь тэд Маогийнхан шиг хувьсгальч цэргийн эрхтнүүд биш, Дөн Сяопин, Зян Зөминий үеийнхэн шиг дан инженерүүд биш, энэ шинэ үеийнхэн дотор хууль эрх зүйч, эдийн засагч, түүхч зэрэг нийгмийн ухааны хүмүүс байгаа нь бодлого шийдвэрт нөлөөлж, арай илүү уян хатан, нээлттэй хандлага гарна гэж хятад судлаачид үзэж байна.

Шинэ үеийн удирдагчид ямар Хятадыг хүлээж авч байна вэ?

Эдийн засгийн хүрээнд: Өөрчлөлт шинэчлэлтийн 30 жилийн хугацаанд Хятадын эдийн засаг жилийн 10-аас илүү хувиар өсч үлгэр мэт байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд буурсаар энэ жил ДНБ-ий өсөлт нь дунджаар 7.7% болж эрс удаашрав. Цаашид 7%-9.5%-ийн хооронд байх талаар эдийн засагчид нэлээд зөрүүтэй таамаглаж байна. Эдийн засгийн өсөлт удааширсан гол шалтгааныг өнгөрсөн 10 гаруй жил экспорт, хөрөнгө оруулалтын өсөлт буурч ирсэнтэй холбон тайлбарлаж байна. 2008 оны хямралаас хойш экспортын багассан орлогоо дотоодын хэрэглээг дэмжих замаар нөхөх гэсэн засгийн газрын бодлого ч санасан үр дүнг авчирсангүй. Хятадын эдийн засаг ийнхүү тормоз авсныг экспортын орлого гэх мэт гадаад хүчин зүйлтэй холбохоос гадна дотоодын ажиллах хүчний өртөг, төрийн татааст дулдуйдсан үйлдвэрлэлийн бүтэц зэрэг дотоод хүчин зүйлстэй холбон үзэж байна. Хамгийн гол нь хятадын засгийн газар нөхцөл байдлыг хөтөлж биш хөтлүүлж байгаад эрсдэл оршиж байна гэж судлаачид үзэж буй юм. Хятадын эдийн засгийн гялалзсан өсөлтийн талаарх домог жинхэнээсээ домог болчиж мэдэх нь. Энэ бол шинэ гарах удирдагчдын огт хүсээгүй зүйл. Манай Монгол улсад ч хүсээд байх мэдээ биш дээ.

Нийгмийн хүрээнд: Хятад улс чинээлэг нийгэм байгуулах зорилттой. Үүнийгээ 2010 он, 2020 он, 2050 он гэх гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаас хоёр дахь үе шат буюу 2010-2020 онд ДНБ-ий хэмжээг 2000 оныхоос хоёр дахин нэмэх ёстой. Үүнийг биелүүлэх даалгавар залгамжлагчдад ноогдож байна. Хятадад нийгмийн дунд давхаргынхан тэлж буйг үгүйсгэхгүй боловч эдүгээ эдийн засгийн өсөлт буурснаас үүдэн ажилгүйдэл нэмэгдэх, хотжилтыг дагаад иргэдийн газрыг булаах, орлогын тэгш бус хуваарилалтаас болж баян ядуугийн ялгаа ихсэх гэх мэттэй холбоотой нийгмийн бухимдал гаарч байгааг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь ёстой толгойн өвчин болоод байна. Ямартаа ч одоогийн байдлаар хүчээр бас бодлогоор гэсэн зөөлөн хатуу хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлж буй.
Улс төрийн хүрээнд: Энэ оны 10 сарын 22-нд Намын дүрэмд өөрчлөлт оруулж, Ху Зиньтаогийн томъёолон гаргаж ирсэн “шинжлэх ухаанч хөгжлийн үзэл”-ийг тууштай хэрэгжүүлэхээр тусгаж өгсөн нь Хугийн хамгийн том улс төрийн өв боллоо хэмээн хэвлэлүүд бичиж байна. Гэхдээ ХКН 1921 оноос хойших 17 удаагийн их хурлын хугацаандаа 17 удаа намын дүрэмд өөрчлөлт оруулж байсныг бодолцвол гайхах зүйл биш.

Ямарч улсад эрх мэдэл шилжүүлэх дөхөхөөр улс төрийн ил далд тэмцэл ширүүсдэг нь наян саяулаа ч нэг хүн шиг дугардаг ХКН-д ч адил бий. Энэ тэмцэл өрнөж эхэлсний тод илрэл нь Бо Силайгийн хэрэг явдал байсан. Гэсэн ч эцсийн бүлэгт тохиролцоонд хүрч намын хурлаа товлон тогтоолоо. Ху, Вэнь нарын улс төрийн шинэчлэлтийг залгамжлагчид нь зүтгүүлэх учиртай, ингэхээс ч өөр аргагүй. Ирээдүйд ХКН-ын эрх барих статус өөрчлөгдөхгүй, гэлээ гээд дотоод авлига ялзралтайгаа тэмцэж байж л эрх барих чадавхиа бататгах билээ. Өнгөрсөн хугацаанд хятадад эдийн засаг, нийгмийн шинэчлэлт голлож явсан бол улс төрийн шинэчлэлт хавсарга маягаар чирэгдэж ирснийг шинэ залгамжлагчид хүссэн хүсээгүй өөрчлөх ёстой болж байна.

Гадаад бодлогод: Эцэст нь хэлэхэд Хятадын гадаад бодлого тунчиг анхаарал татаж, цаашид хүчирхэгжин байгаа Хятад улс ямар авир гаргах бол гэж бусад улс анхааран харж байгаа. Ядаж байхад саяхан Японтой Дяоюй буюу Сэнкаку арлын асуудлаар маргаан дэгдэхэд Хятадууд айхтар цовхчиж, сүр эсэргүүцэл үзүүлсэн, магадгүй нэг л оч үсэрвэл дэлбэ үсэрч мэдэх торхтой дарь шиг харагдаж байлаа. Гэхдээ Хятад Япон хоёр дайн хийхгүй гэх хэд хэдэн учир шалтгааныг судлаачид тоочиж байна. Нэгд, Хятадын удирдлага улс төрийн дотоод зөрчилт байдлаа иргэдийнхээ анхааралд оруулахгүйн тулд зориуд олон улсын асуудлыг дэврээсэн, харин одоо өвөр зуураа учраа олсон тул асуудлыг намжаахаар Японы талтай нууц уулзалт хийхээр болов гэжээ. Хоёрт, дайн хийлээ гэхэд алдах төлөөс нь олох ашгаас хавьгүй үнэтэй, эдийн засгаа улам сүйрүүлэх гээгүй л бол асуудлыг намдааж таарна гэх. Ямартаа ч мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар Хятад улс гадаад бодлогодоо энхтайвнаар зэрэгцэн орших таван зарчим баримталж ирсэн, зэвсэгт хүчин нь өөрийгөө хамгаалах зорилготой хэвээрээ байгаа тул түрэмгий бодлого явуулахгүй, энэ чиг шугам шинэ удирдлагын үед ч өөрчлөгдөхгүй хэмээж байна. Энэ дүгнэлт үнэний хувьтай байж болохыг хятадын дотоодод бэрхшээл мундахгүй их байгаагаар, мөн зүтгэж олсон хөгжлөө үгүй хийж мэдэх дэндүү эрсдэлтэй гэдэг үндэслэлээр хүлээн зөвшөөрч болох юм.