Зөвхөн хөдөө сумынханд  унд хоол шиг, сайн морь шиг  хэрэг болох  нэгэн хууль манай парламентаар батлагдаж чадалгүй уналаа. Тун харамсалтай юм . Зөвхөн хөдөө сумын иргэдэд хамаатай болхоор хэвлэл мэдээлэл ч, эрхэм гишүүд ч гааслаж гангиналгүй өнгөрөв.  Уг хууль батлагдсан бол одоо болох орон нутгийн сонгуулийн дараа манай хөдөөгийнхөн сумын засаг дарга болох хүнээ ард иргэд өөрснөө шууд сонгох байсан юм. Сумын хөгжил дэвшил хөдөөгийхний амьдрал ахуй үүнээс хамаарах байлаа. Хөдөөний багийн иргэд хуралдаад сумын засаг дарга болхоор санаархсан хэдэн хүн багуудын  хурал дамжин арай олон хүний санал авсан нь  сумын засаг дарга болох хуулийн төсөл байсан юм. Энэ амьдарч чадалгүй харамсалтайгаар нас барсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д,Эрдэнэбат нарын гишүүд санаачлаад Ардчилсан нам дэмжээд Ардын намын гишүүд боогоод унагчихав.  Одоогийн сумдыг удирдаж байгаа засаг дарга нар  бол аймгийн намын хороонд арын хаалгатай нэгэн эр сумын иргэдийн хуралаар ор нэрийн төдий орсон болоод сумын засаг дарга болдог хуучны хуучин системээр явж байгаа юм. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүнгээс хархад нийслэлчүүд Ардчилсан намыг тун итгэлтэй сонгосон. МАН-аас нийслэлд ганц ч хүн цухуйгаагүй. Харин хөдөө аймгийн ихэнх сум МАН-ыг сонгосон байна билээ.  МАН-аас өөр нам сонгодоггүй хөдөөгийхнийг, хэнийг сонгох эрхийг нь өөрт нь   өгөөд үзвэл “сум бүрд нэг Бат-Үүл төрж ”олуулаа нийлээд л жижиг  сумаа, хэний ч гар харалгүй аваад явж байж магадгүй гэж Ардчилсан нам ийм хууль хийсэн . Харин Ардын нам болхоор намынхаа эцсийн түшиц газар, сүүлчийн найдвар  болох сум, багийхнийхаа саналыг алдахгүй гэж тооцжээ. Хөдөө сумынхан сумын засаг дарга болох хүнээ өөрснөө хуралдан сонгох алтан боломжоо, энэ жил манай суманд юу барих, хэдий хэрийн мөнгө хэрэгтэй гэдгийгээ хүртэл хэлэлцээд батлах өөрсдийнхөө эрхтэй цуг ийнхүү алдачхаж байгаа гэдгийгээ сайн мэдээгүй л болов уу. Хэрвээ хотынхонд “хотын даргаа” шууд сонгох болох ийм хууль батлагдах гээд сонгосон гишүүд нь хуулийг боогоод унагсан бол өдийд уулзалт хийх гээд ирхэд нь өөдөөс нь чулуудах байсан юм. Хотын иргэд өөрт оногдсон эрхээсээ татгалзах тун дургүй. Манай хэсэг хорооны нутаг дэвсгэрт ямар барилга хаана  барих, манай хэсэг хороонд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа гэдгийг дарга нараар дамжуулалгүй өөрсдөө шийднэ гэж хотын иргэд эрх хэмжээ байнга нэхэн булаалдаж байна. Үүнийг шууд ардчилал гэж нэрлэн юм л бол иргэдээсээ асуун шийднэ гэж Ерөнхийлөгч, хотын дарга нарч иргэдийг хөөргөөд байна. Тэхэд хөдөөгийнхөн засаг дарга болох хүнээ заавал намаас асуухгүй бол шууд ардчиллаар сонгож мэдэхгүй юм гэнээ. Үүнтэй бол би санал нийлэхгүй. Хөдөөгийнхөн бол тун мэргэн сонголт хийж чаддаг юм. Сумын дарга хэн байх нь сумын дарга, сумын даргыг тойрсон ах дүү хамаатан саданд нь хамаатай, тэд суманд очсон хэдэн төгрөгийг эргэлдүүлдэг болхоос бусад малчид, ажилгүйчүүдэд бол хамаагүй. Тэд татвар төлөхгүй,ажил хийхгүй тэгсэн мөртлөө турж үхэхгүй болгоод л байж сурчихсан юм. Харин хөдөөгийнхөнд нэг юм тун хамаатай. Тэдний нэг сайн морь үхчихжээ гэвэл тун их харамсана. Хөдөө сумынхан засаг дарга болох хүнээ өөрсдөө нэр дэвшүүлж өрсөлдүүлж сонгох ийм эрхээ алдчихлаа. Энэ бол хэдэн ч сайн морийг боогоод алчихснаас илүү  гарз боллоо доо. Үүнийг хэзээ нэгэн цагт ойлгохдоо л нэг ойлгоно.