Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай ерээд оны эхэн үеийн нэгэн шинэ жилээр “Энэ үнэхээр тансаг ёолк байна” гэж ганц үг хэлсэн биш учиргүй шүүмжлүүлж билээ. Одоо бодоход тэр үед ард түмний амьдрал нийтээрээ ядруухан байсан болохоороо л тэгэж их олноороо гомдоцгоож л дээ. Тэрхүү “тансаг ёолк” гэсэн үг бидэнд ерээд оны тарчиг ядуу, гомдомтгой байсан үеийг маань одоо ч гэсэн эргэн сануулдаг.

Тэгснээ л бидний амьдрал арай гайгүй болж эхэлсэн юмдаг уу, “Хонгилын үзүүрт гэрэл харагдана” гээд л яриад эхлээгүй юу. За энэ үе бол ерээд оны эхэнг бодвол Монголын ард түмэнд арай гэгээтэй, итгэл найдвар харагдаж эхэлсэн үе нь байх. Ядаж л талхаа хонон өнжин зодолдож картаар авахаа больж эхэлсэн үе. Энэхүү алдарт үгийн автор нь Монгол улсын 17 дахь ерөнхий сайд П.Жасрай гуай байлаа. Энэ үг бүүр хүнд үеэ давсан байсан үеийн Монголыг бидэнд эргэн сануулдаг.

2008 он. Энэ он монголчууд бидэнд зовлон гуниг, баяр бахдалын туйлыг үзүүлсэн жил байлаа. “7-1” энэ оныг тэр чигт нь харлуулах шахсан боловч монголчууд олимпоос анхны алтан медалиа авсан баяр бахдалаар халгиж цалгисан жил байлаа, 2008 он. Ийнхүү “7-1”, “Олимпийн анхны алтан медаль” хэмээх үг яалт ч үгүй энэ оныг тодорхойлдог билээ. Үг ийнхүү үйл явдлыг төлөөлдөг ажээ.

Америк, Япон гээд зарим нэг улс үндэстэн тухайн оноо тодорхойлох, хамгийн их олны анхаарлыг татаж моодонд орсон, аль эсвэл тэр жилд өөрсдийнх нь амьдралд шинээр орж ирсэн ойлголт ухагдахууныг илэрхийлэх шинэ үгийг жил бүрийн эцэст тодруулдаг уламжлалтай аж. Энэ жилээс эхлэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Дуулиан.мн сайт, “Номдор” хэвлэлийн газар хамтран “Оны онцлох үг”-ийг тодруулахаар болсон байна.

Энэ үеэр шалгарсан үгийг анхлан гаргасан хувь хүн, албан байгууллагад батламж гардуулах бөгөөд олны анхаарлыг татсан үг хэллэгийн талаар хэл судлаач, улс төрч, сэтгүүчдийн дунд халуун яриа, дурсамж өрнүүлж хамгийн гол нь тухайн үг хэллэгтэй холбоотой монголчуудын амьдралд тохиосон томоохон үйл явдлыг олон нийтэд эргэн сануулах, монгол хэлний нийгмийн үүргийг дээшлүүлж олон нийтийн анхаарлыг нэр томъёо, шинэ үг хэллэгт хандуулах зорилготой юм байна.

Хүмүүсийн амьдрал ахуй, соёл боловсрол, үйлдвэр, шинжлэх ухаан, техник, улс төр, эдийн засгийн амьдралд шинэ шинэ зүйл, мэдлэг ухаан бий болж, түүнийг хэлэнд тэмдэглэж илэрхийлэх хэрэгцээ шаардлагаас үүссэн үг хэллэгийг шинэ үг хэллэг (neologisms) гэдэг. Нийгэм хувьсан өөрчлөгдөж хөгжихийн хамтаар хүмүүсийн ахуй амьдралд зарим шинэ юм үүсэж, зарим хуучин юм алга болж байдаг хуультай. Хүмүүсийн хэл ярианд ч гэсэн ялгаагүй шинэ юм, ойлголтыг тэмдэглэсэн үг буй болж, хуучин юм, ойлголтыг нэрлэсэн үг алга болж байдаг нь хэлний зүй тогтолт үзэгдэл билээ. Тухайлбал, нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх бүрд шинэ үг олноор бий болдог бөгөөд ерэн оноос зах зээлийн харилцаанд орсонтой холбоотойгоор бүхий л салбарт гарч байгаа шинэчлэл, өөрчлөлтийг тусгасан шинэ үг хэллэг сүүлийн хорь гаран жил улам их ажиглагдах болсон билээ.

За ингээд өнгөрөн буй энэ он маань монголчууд бидний амьдралд хэр их өгөөжтэй, ямархан сонин содон үйл явдал болоод дурсамжуудыг үлдээгээд одох нь вэ? Эргээд бодсон чинь зөндөө л олон үйл явдлууд болж өнгөрчээ. Их хурлын болоод орон нутгийн сонгууль, Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн, Лондоны олимп, дэлхийн сүйрлийг зөгнөсөн их цуу яриа, Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын баривчилгаа хийгээд шүүх хурал гээд л...

Жаахан хөгжилтэйгээр хэлэхэд энэ жил үнэхээр манай гурав дахь ерөнхийлөгчийн жил болоо юу даа ч гэж бодогдохоор түүнийг тойрсон дуулиан шуугиантай холбоотой олон үг хэллэг бидний үгийн санд шинээр орж иржээ. Диваандах, салаавч, оймсыг нь харуулах, бор оймс, сонсохгүй байна, шударга эвсэл, сагсайдах... Үйл явдал нь өөрөө хурц болоод тэр үү дандаа л хатуу хөтүү, болж бүтэхгүй үгс байна. Гэхдээ нийгэм маань ийм бараан байгаагүй, ийм бараан ч угаасаа биш билээ. Жишээ нь Японд өнгөрсөн 2011 онд оны онцлох үгээр байгалийн гамшиг, цунами гэх мэт үгүүд яалт ч үгүй тодорч байсан ч өөдрөг япончууд сөрөг үг огт оруулаагүй бөгөөд “3.11” эсвэл “Кизуна” (сэтгэлийн холбоо) зэрэг үгсийг сонгосон байдаг.

Дээрх үйл явдал болон дэлхийн сүйрлийг эс тооцвол улиран одох энэ он бидэнд олон сайхан зүйлсийг үлдээж байна. Хамгийн гайхамшигтай нь манай Олимпийн аварга Н.Түвшинбаярын энгэртээ зүүсэн Олимпийн мөнгөн медаль байлаа. Тиймээс ч “Олимпийн хос медаль” гэдэг яалт ч үгүй энэ оныг тодорхойлох үг. Мөн Олимпийн хүрэл медальт С.Батцэцэгийн гавьяа бол үнэхээр “Чөлөөт бөхийн 32 жил тасарсан байсан медалийн буухиа” байлаа.

Мөн энэ жил “шинэчлэл” гэдэг үг салбар салбарт их моодонд оров бололтой. Мөн ард түмэнд хамгийн их таалагдсан нэг ажил бол “Машины дугаарын хязгаарлалт” байлаа. Бизнесийн салбарт ч гэсэн өнгөрсөн жил “Гурвалсан үйлчилгээ” гээд нэг үйлчилгээ шинээр гарч ирж байсан бол энэ жил бүүр “Дөрвөлсөн үйлчилгээ” гээд даваад гараад ирэв. Нийгмийн сүлжээ (social network) гэж айхтар хүчтэй эд гараад ирж, үүнийг дагаад “Жиргээ” гээд нэгэн шинэ зүйл, хэллэг ороод ирсэн байхад Эмили гээд нэг монгол охин хэдхэн минутын бичлэгээ нэтэд тавиад унтаад босоод ирэхэд нь аль хэдийн цахим ертөнцийн од, “...гэж мэгээд” хэллэг нь энэ жилийн охид залуусын амны хэллэг болсон байх жишээтэй. Бид ийм л сонин содон ертөнцөд амьдарч байна.

Уг нь эдгээр бүх хэллэгүүд эзэнтэй. Гэхдээ зарим нэг, жишээ нь “Дэлхийн сүйрэл” гэж энэ онд хамгийн их яригдсан хэллэгт тэр гэх эзэн бас олдохгүй. Эндээс энэ хэллэгийг хэн эхэлж гаргав гэдэг асуудал урган гарна. “Буйдантай суулт”-ын эзэн бол МАН-ынхан, гэхдээ энэ хэллэгийг хэн нэгэн сэтгүүлч л гаргасан байх. Харин “Сагсайдах”-ыг яалт ч үгүй С.Нарангэрэл өмгөөлөгч гаргаж шүүх хурал дээр анх хэлж байгаа харагдсан, энэ үгний автор бол өмгөөлөгч С.Нарангэрэл. “Гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх”-ийг тэрээр Ё.Сагсай прокурорын нэрийг “сагсайдах” хэмээн өөрчлөн илэрхийлсэн. Аль эсвэл нийгэмд маш олон ойлголт, хэллэгийг шинээр гарган ирдэг нөлөөтэй хүн ч байх аж. Жишээ нь манай нэрт нийтлэлч Баабар чихээ огтлох, лааз өшиглөх, элсний арван гурав, байгалийн гамшиг, Харвардын коммунист гээд маш олон хэллэгийг шинээр гаргасан байх жишээтэй.

Ийнхүү энэ жил Олимпийн хос медаль энгэртээ зүүсэн, дэлхийн сүйрэл болох шахсан, дургүй нэгэндээ хааяа салаавч үзүүлсэн, хууль зөрчсөн хэмээн оймсыг нь харуулсан, ярих завгүй жиргэсэн, олуулаа нар мандуулж шинэчлэл эхлүүлсэн, машины дугаарыг хязгаарласан, буйдан дээр сууж тэмцсэн, гурвалсан биш дөрвөлсөн үйлчилгээ моодонд орсон, паркийн газрыг булаалдсан, батаар хэмээх баатраа өөртөө эргүүлэн авсан ийм л нэгэн сайхан дурсан санах олон сайхан зүйлтэй он болж өнгөрч байна даа гэж мэгээд...