Цагаан сарыг монголчууд хэдэн зуун жил тэмдэглэж ирсэн. Хэдийгээр яг таг он тоолол байхгүй ч ихэнх нь Чингэсийн үеэс тэмдэглэж эхэлсэн  гэх юм билээ. Түүнээс өмнө, түүнээс хойно ч  тэмдэглэж эхэлсэн гэх нь бий.  Гэвч энэ удаа хэзээ тэмдэглэж байсныг эрж сурж, тогтоох  гэсэнгүй.

1921 онд  цагаантнууд гаминг хөөж, цагаан сараар баяраа тэмдэглэх зуур гамингууд  “Цагаан  сарыг нь улаан сар болгоно”  гээд хүрзээ ирлэж байсан гэдэг. Сүүлд Оросын нөлөөлөлд байх үед цагаан сарыг  Октябрь сар болгох гэж үзээд бараагүй. Ю.Цэдэнбал   дарга Флатова эхнэртэйгээ  малчдын баяр, нэгдэлчдийн баяр болгож нийтээрээ тэмдэглэхийг  хорих гэж оролдсон.  Мөн 1952 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр битүүний өдөр  Х.Чойбалсанг насбарсныг далимдуулж улс орон даяар гашуудал зарлан, баяр тэмдэглэхийг хориглосон байна.  

Энэ олон саад бэрхшээлтэй учирсан ч энэ баяр  хоригдохгүй явсаар өдийг хүрлээ.  Аав, ээжийн яриагаар бол цагаан сарыг хориглоод байхаар нь өдөр нь  ажилдаа явж ирээд шөнөжин золгоод тэмдэглэдэг  байсан гэнэ лээ. Тэр үед айлын ууц хураах аймгийн намын хорооны комисс хүртэл байгуулагдаж байж. Цаг цагийн буулганд ийнхүү цагаан сар хэмээх үндэсний баяр маань элдэв бэрхшээлийг туулсаар өнөөдрийн бидний үед ч хамгийн сайхан баярын нэг хэвээрээ ирсэн билээ.

Монголчуудын хувьд үндэсний хоёрхон баяртай. Цагаан сар, наадам. Цагаан сараар ууц, ул боов,  айраг, гар цайлгах бэлэгтэй, буузаа жигнэж, ууцаа таллаж баярладаг. Үндэсний маш олон уламжлал, ёс заншил энэ үед сэргэдэг. Үндэснийхээ дээл хувцсаар гоёдог.  Ахас ихэсдээ хүндэтгэл үзүүлдэг. Бүх хүн зөвхөн сайн сайхан зүйлийг бэлгэдэн ярьдаг. Энэ өдөр гэмт хэргийн тоо ч эрс багасдаг. Айл бүхэн бүртийх тоосгүй болтлоо гэр орноо цэвэрлэж, ах дүүгээ мэдэлцдэг. Жилдээ ганц удаал энэ баяраар  хамаатан саднууд уулздаг.  Улс орноороо аз жаргалтай болдог. Гайхамшигтай сайхан баяр. Бие биедээ чадлынхаа хэрээр бэлэг өгдөг. Элбэг дэлбэг байх нь юу нь буруу байх билээ.  Цаг цагт нэг цадна,  цагаан сараар нэг цадна гэдэг үг ч бий шүү дээ. 

Энэ мэтээр ямарч  хүнд хэцүү үед бид цагаан сараа тэмдэглэхгүй өнгөрөөж байсангүй. Бүр  картын бараанд орсон байлаа ч бие биедээ бэлэг өгсөөр л байсан.

Зун наадмаараа баярлана. Ихэнхдээ хүйтэн улиралтай манайхан наадмаар хүн, малын зоо тэнийсэн энэ үед нэг баярладаг. Айрагтай, адуутай, адууны  хөлстэй, улаан шороотой, шороо нь амтагдсан хуушууртай,  бөхтэй, бөх нь хэл ам дагуулна. Энэ бүхэн бүгд байж л наадам жинхэнэ ёсоороо болдог. Монгол наадам ийм л байдаг. Наадмын хуушуур хамгийн амттай. Ресторан, цайны газарт хэзээ ч наадмын талбайн шороотой хуушуур шиг амт амтагдахгүй. Наадмын хуушуур үүгээрээ л ялгаатай.

Миний мэдэхээр хамгийн дурсамжтай, мартагдаггүй баярууд энэ хоёр баяр л байдаг. Тиймээс монголчууд тэр жилийн цагаан сар, тэр жилийн наадмаас өмнө, хойно  гэж он цагийг ярих нь бий. Бүр нарийн яривал тэр бөх түрүүлдэг наадам, тэрний  адуу хурдтай байсан жил гэж ирээд хуучилдаг. 

Энэ бүхнийг дурдах болсон маань УИХ-ын хэдэн хүүхнүүд цагаан сарыг өөрчлөх гэж ярьж эхэлснээс үүдсэн юм. “Гамингууд “Цагаан сарыг улаан сар болгоно” гэж байсан шиг эд нар яах нь вэ.  Энэ хэдэн хүүхнүүдэд оролдохгүй, оролцохгүй  юм алга”  гэж зарим шооч хүмүүс ярьж байхтай таарав.

Улстөрч хүүхнүүдийнхээр бол   цагаан сараар золгох гэж ирээд ургийн бичгээ бөглөөд суух юм байна. Тэгээд  ирсэн гийчдээ явахаар нь тавагнаасаа боов хугалж өгөх юм байна.

Арай эртдээ бол идээ, шүүснээсээ хувь хишиг тараадаг байсан. Арай өөрөөр хошуу хоргой, даавуу, торго, бүр хожуудаа саван, оймс өгдөг байсан. Хүмүүсийн амьдралын боломж дээрдээд ирэх үед өөрсдийнхөө хэр хэмжээнд тааруулаад янз бүрийн л бэлэг өгдөг болж. Энэ бол байх л зүйл. Их бага нь хамаагүй, үнэтэй, үнэгүй хамаагүй. Бэлэг авах, өгөх  сайхан ш дээ.  Харин  УИХ-ын гишүүн хүүхнүүдийн  зөвлөснөөр бэлэг өгмөөр санагдвал дотоодын оймс, утасны карт өгөх  юм байна.  Тэд бидэнд ингэж зөвлөх болов. Өөр бэлэг өгч болохгүй юм байх.

Бүр байтлаа үндэсний баярыг минь яаж тэмдэглэхийг энэ хэдэн хүүхэн заах юм гэнэ.

Энэ хүсэл чинь хэзээч бүтэхгүй ээ, хүүхнүүдээ. Гамин, оросуудаас эхлээд хэнч хорьж чадаагүй юм, энэ баярыг.  Яаж ч ядарсан, ямар ч цаг үед  бие биедээ хэрдээ таарсан сэтгэлийн бэлгээ өгөөд,  баяраа тэмдэглээд  ирсэн юм.

Би лав ээждээ, дүүдээ, хамаатандаа  юу бэлэглэхээ Их хурлын хэдэн хүүхнүүдээр заалгахгүй. Хамгийн зэвүүн нь энэ хэдэн хүүхнүүд ард түмнийхээ идэж уух, эцэг, эхдээ өгөх бэлгийг нь хүртэл заадаг болох нь.  Аягүй бол өөрсдөө булга, минж болсон хамгийн том бэлгийг аав, ээждээ өгөх байх. Биднийг болохоор ядарсан юмнууд эцэг, эх ах дүү нараа баярлуулж чадахгүй гэж доромжлоод байгаа юм шиг зааварлаад л.

Төрийн хүн болчихоод гэрийн авгай шиг дэмийрэх юм. Ингэж гэнэн хонгортож болохгүй ээ. Үндэснийхээ ёс заншил, уламжлалаар тоглох нь өөрсдөд нь маш хатуу тусдаг. Испанийн бухын тулаан, Бразилийн үндэсний бүжиг, АНУ-ын сүнсний баяр, Хятадуудын еэвэн сар, олон орон тэмдэглэдэг талархлын баярыг  оролдвол тэр улстөрчид нь улс төрийн тавцангаас тэр чигтээ арчигдана. Улс үндэстэн бүхэн өөр өөрийн үндэсний онцлогтой, сайхан баяртай байдаг. Тогтсон ёс заншлын эсрэг юм хийж болохгүй, тоглож болохгүй. Түүхийнхээ хөгжлийн замаар шинэчлэгдэж, хөгжиж ирдэг ч үндсэн утга агуулгаа өөрчлөөгүй үндэсний баяр минь байсаар л байх болно. Үндэсний ёс заншлаараа оролдвол өөрөөрөө оролдсонтой ялгаагүй.

Бүсгүйчүүд УИХ-д энэ  удаа хамгийн олон суудал авсан билээ.  Бид ч өнөө яриад байсан хатан ухаанаа гаргах нь гэж бодож талархан хүлээж авсан.  Энэ янзаараа бол буруутаж гэж бодохоор байна. Энэ УИХ үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хүүхнүүдийн санаачилсан хууль нүдээ олоогүй, амьдралд ойр биш байлаа. Нэг иймэрхүү ойрын зайны улс төрийг хэн ч хийнэ. Ингээд байвал хол явахгүй ээ. Ёс заншлаараа оролдвол дараагийн удаа ард түмэн та нарыг  дахин сонгохгүй байх шүү. Гал тогооноосоо давж сэтгэж байж л улс орныг жолоодолцоно. Түүнээс биш гал тогооны улс төрийг захын нэг эмээ ч хийчихнэ.  

Арай өөрийг бодож ол л доо, УИХ-д суугаа “охидуудаа”. Улс оронд хэрэгтэй олон хууль баталж болно. Том харж, том сэтгэе.