Идэр гурван ес тачигнах Мон­голын их тэсгим жаврыг тэсэн гардаг амьд амьтан ховор. Тэгвэл энэ өдрүүдийг огт тоохгүйгээр барахгүй гайхамшгийг үзүүлдэг гурван амьтан байна. Үүнд ар цармын азарган чоно, Алтай говийн орсон буур хоёрын ороо нь ид ордог үе. Харин гурав дахь "амьтан" гэвэл ар халхын яруу найрагчид "Болор цом"-ын төлөө онгодоо дууддаг болсоор хагас жарныг элээлээ. Зуны бөх мар­тагнаж, өвлийн шүлэг тууль сана­гал­захуй дор "Болор цом" тойрсон шинэхэн домог туурвигдана. Цас зуд, цан хүүрэг болсон өнөө жил ар болон өвөр Монголын 150 яруу найрагч "Янжинлхамд дурласан"-аа илэрхийлэхээр Улаанбаатарыг зорьсон байна. Тэднээс 35 нь ялгаран үлдэж, Драмын театрт цугларан нүүр нүдээ харалцав. Ингээд хэн нь яруу найргийн охин тэнгэрийг эзэмдэх үгийн их тулаа­ны гал асч үдшийн гялаан хэвийтэл уржигдар цэнгэлдвэй. 30 дахь эзнээ сонгох гэж буй "Болор"-маа найрын эхнээс л Дархадын Мяг­маржав, Хөшөөтийн голын Ган­тулга гэдэг хоёр хүүд хандраад явчихлаа. Норовын Гантулгатай бүр жиг ургуулснаа мэлтэлзтэл дүүргэсэн оноогоороо илэрхийл­сээр л байлаа.

Уг нь би энэ наадмыг зүгээр л үзэх гэж оочирлож байж билет худалдан авч хамгийн арын эгнээнд сууж байлаа. Сумынхаа клубт концерт үзэхээр ирчихсэн мэт энд цугларсан үзэгчид нэг л танил дотно үгүй ядаж зүс үзсэн нөхдүүд голдуу.  Арай залуу багацуулыг нь би эс ч намайг таних юм гээч. Ном эрдэм хэвлэл мэдээлэлд шадар зиндаатай, уншдаг, бичдэг, хэлдэг эрхмүүдийн очвол зохих орчин нь энэ болохоор тэр биз ээ. Төд удалгүй энд тэндээс хүмүүс "Танай морь чинь цээжний хэдэд гараад ирлээ. Ингээд суугаад байж болж байгаа юм уу" гээд болдоггүй. Морьтын хишиг явганд гэж  нэг дор ажилладаг яруу найрагч дүүгийн­хээ буянаар суудал дэв ч урагшаа ахиж, наадам өндөрлөхөд бүр тайзан дээр заларч "Тод манлай уяач" болохоо шахдаг юм байна. Энэ орой ч манай Гантулгын цанги­насан хоолой драмын театрын хуучин байшинг цав суутал нь авч өгсөөн хөөрхий.  Ялангуяа сүүлийн даваанд уншдаг "Уулс минь намайг өөрийнхөө толгод шигээ л итгэн хүлээж авдаг юм даа..." гэх "Уулсын сэтгэлгээний тэлэлт"-ийн агуу сайх­ныг магтан дуулсан хэсэг нь тэр орой алга ташуустай, тээр хойно нь бодууштай уянга бодролууд дүүрэн байв. Харин гол өрсөлдөгч "Радио"-гийн А.Мягмаржав  хам­гийн сайхан шүлгээ дунд даваанд уншчих шиг боллоо. "Толгодын тэртээгээс ижий минь хувингаа бариад айсуй харагдах чинь. Түүнийг өвчиж төрсөн охин дүүтэй гэдгээ мартталаа андуурч дээ хөөрхий. Хүрэн торгон дээлтэй зураг нь жаазанд мөнхөрсөн хөөр­хий муу ээжийгээ тогоо дүүрэн сүүний араас тосоод үнсэх гэж байгаа юм шиг эндүүрлээ. Ямар их санаа вэ..." гэж ёстой нэг үнэн голоосоо мэлмэртэл нь уншсан юмдаг. "Эквиум" гэдэг билүү тэр шүлгийг дараа нь бүрэн эхээр нь уншиж клип энэ тэр байдаг бол үзмээр жинхэнэ монгол шүлэг байна билээ.

"Модернист" гэдгээрээ алдар­тай Б.Галсансүх найрагч энэ удаа  шал өөр дүрд тоглов. Чингэс хааныг алгасаад түүний хүүхдийн хүүхдүүд болох Хүлэгү, Мөнх хаан, Зүчи нартай нөхөрлөн Дундад Азид довтлон Египет, Иран Иракийг эрхшээн энэ хавийг өнөө оройжин­гоо л түйвээв. Монголын ид хүчир­хэг байсан дундад зууны тэр үеийн түүх маш тасархай бүрхэг. Харин мань нөхөр яасан ч сайн мэддэг юм. Омогшиж барамгүй тийм орон зай, цаг тоолол яруу найргийн хувьд тэр хавьд хоосон байсныг Галсансүх анхааралдаа авч "арга хэмжээ" авснаараа онцгойрлоо.

Цэнд-Аюуш гэдэг хүү тэр жил Хасартай үзүүр түрүүнд үлдэж баахан хайнцаж шуугиан тарьж билээ. Энэ жил Бавуугийн Лхагва­сүрэн, Лхагвасүрэнгийн Хасар, Хасарын...хэн нь ч сураг алдарчээ.  Цэл залуухан Цэнд-Аюуш найрагч шив шинэхэн шүлгүүдээ туурви­саар "Болор цом"-д ид үзэж байна даа. "Өмнө минь зам харагдаж байна. Хүүхэд насаа орхисон зам эхэлсэн, Хүн чанараа орхих зам ч тааралдах, Бурхан руу зорьсон зам руу ч зүглэв, Бурхнаас буцах зам дээр харин би өөрөө зогсож байх юм. Хайрт руугаа зорчих зам... Хайртаасаа буцах зам гэж байвал тэр миний эцсийн замаа..."

Сэвлэг сайтай энэ залуу шүл­гийн зам дээр хааз өндөр яваагаа харуулсаар л. Нэг л өдөр "Би шүү" гэнэ дээ. Харж л байгаарай.  Айр­гийн тавд Ай.Төмөр-Очир орж ирлээ. Эхний таван "толгой"-г харжээ суухад  "Ай"-гийн үс ихэд бууралтаж шингэрсэн бол Цэнд-Аюушийнх нь сэвсгэр бөгөөд нэвс­гэр. Галсансүх гөлчийтөл нь хусуулж ирсэн байхад Гантулга гялтайтал нь самнаж цэмбийжээ. Ардын бэлгэ ухаантан гэж байдаг бол тэр нь энэ "Ай" байх. Хэзээний хэлэмгий доломгой түүнд хэдэн үг хэлхээд шүлэг тэрлэх, морь зурах энэ тэр нь онгод хүлээж цаг алд­даггүй бэлэн зэхээний дэгээ. 

Мань эр "Матад" гэдэг шүлэг уншлаа. Уг нь Сүхбаатарынх мөрт­лөө Дорнодын сумын тухай юу хэлдэг юм бол гэсэн чинь эх орон газар шороогоо өмөөрдөг түүний хэлдэг гол сэдэв нь уг шүлэгт оршжээ. "Дорнын тал нутаг алтан хэвлийгээ ухуулаад амьсгал хурааж байгаа. Газрын тосноос болж Матад хэдийнэ Хятад болсон. Хятад дараа нь Матад болохгүй ш дээ..." гэсэн хэсэг их олон хүний нэг чихээр орж нөгөөгөөр нь гаралгүй гацчихав. Буурал толгой Монгол чих рүү юу чихэхээ мэднээ. Дараа нь даваа нь ханасан бололтой. "Финал" дээрээ хүүхдийн өлгийний "Эсгий үнэг" ч гэх шиг юм уншсан. Тэрнийг нь сайн ойлгоогүй.  Ер нь тэгээд шүлэг найргийн уралдааныг газар дээрээс нь сурвалжилна гэдэг их хэцүү. Мэдээж тэр олон шүлгийг цээжилж барахгүйгээс гадна ойлгож ядсаар дараагийн шүлэгтэй учирдаг.

Яруу найрагчдад хэдийнэ танил болсон Начин гээд жаахаан хүү байнаа. Бүх л үеийн уянгын найрагчдаас шал өөр стильтэй. Тайзан дээр гарч ирсэн атлаа бааранд суугаад охин панаалдаж байгаа мэт дуржигнатал "Юм яриад" унана. Тэгснээ төгсгөл бүрийгээ "Энэ бол долоо дахь, найм дахиа тайтгармуу заа..." гэхчилэн чангалж тодотгоно. Яг одоо хэлэ­хэд мартчихаад байна. Түүний шүлгэн дотор аягүй гоё үгнүүд бас санаанууд зөндөө байсан боло­хоор ангайж баяссаар байгаад тэмдэглэж амжсангүй. Дараа нь олоод үзчих нь биз. Начинд үзэгч­дийн цөөнгүй хэсэг нь эсрэг санал­тай байв. Мэдээж шүүг­чид ч тэгж хандсан биз. Тэгээд ч зогсохгүй хуучин цагийн архаг найрагчдын дуу хоолой илт үгүй­лэгдэж "Олиг­той шүлэггүй дандаа танихгүй жаалууд дүүрчихсэн, "Болор цом" урьдынх шигээ биш ажээ" гэгдэгсэд бишгүй л. Болор цомын эзэн А.Мөнх­бат мялаалган дээрээ тэ­дэнд зориулж "Үг хэлж" нижигнэтэл алга ташууллаа. Гудамжны цэвэр­лэгчийн тухай дууль уншсан юм. Хөөрхий цэвэр­лэгчийн өр өрөвдөм ажил амьдрал, түүний нүгэлгүй ариун сайхан сэтгэл, үл шунахын жаргал нүдэнд харагдтал дурайна. Тэгээд төгс­гөлийг нь хийхдээ яаж зүгээр бай­хав. Гэв гэнэт Маяковский шиг хувьсгалч намч зарчим нь хатгаж "Цэвэрлэгчээ би чиний шүүрийг авч улс төр нийгэмд байгаа энэ муу­сайн булай юмнууд, эрх баригчийг хуу шүүрдье. Би бол цэвэрлэгч..." гээд цээжээ шаагаад эхлэв. Үзэгчид ч энд тэндээс гараа зангидан "үй үй..."  Энэ л бүр дутаад байсан юм. Ашгүй Мөнхбат ирж хангаж өгөв. Муулж байгаа юм биш шүү. "Болор цом" гэдэг чинь бүх л юмтайгаа драмтайгаа байж байж сая наадам болдог эд. Тэр бүү хэл цомын эзэнг луйвардлаа, эзнээ олсон, олоогүй, авах арай л болоо­гүй, аль хэдийнэ болчихсон гэх мэт бүх л сайн муу яриа яг "ном ёсоо­роо" өрнөж атаарх­сан, бахархсан тэр л наадам болдгоороо болчих­сон шүү. Гэхдээ нэг юм дутуу бай­сан шүү. Зри­телээс хэн нэгэн согтуу найрагч чарлаж нийтийг хөөрхөн үймүү­лээд авдаг уламжлал тасалд­лаа. Одоо ч тэгээд тэгж балмад аашил­даг эр зориг моодноос гарч дээ.

Өвөр Монгол, Дээд Монгол гэдэг газраас урилгаар ирсэн нөхөд "Чингэс хаан өөрөө алга ч  морины нь тохом хөлстэй байна. Хаан минь бүр алга болчихсон гэж эндүүрч байна уу. Үгүй шүү..." гэж нутагтаа бол асуудалд ормоор айхтар уншиц­гаалаа. Энд харин энэ сэдэв улиг болчихсон доо.

Цаг үеийн шинэ сэдвээс гэвэл дэлхий сөнөх тухай саяын явдал ба бөө удгадаар дамжин монголчууд тэнгэрээс сүнсээ дуудаж тусламж авдаг нь яг үнэн тухай тус тус нэг удаа дурдлаа. "Сүнс"-ний Д.Од­гэрэл найрагч шилдэг 15-д үлдээд "Хэнгэрэг"-ээ магтаж онгодоо дууд­сан боловч тэнгэр нь зөвшөөр­сөнгүй бололтой.

Манай найрагчид бараг бүгд л "Би ингэж бодлоо. Энэ бол би шүү дээ" гэцгээх юм. Хүн эхлээд өөрий­гөө хайрлаж чадаж байна гэдэг чинь бусдыг хайрлаж эхлэхийн дохио гэдэг байх аа. Тэр утгаараа бол зөв ч юм шиг. Эсвэл тийм их амбицтай ч юм уу. Х.Эрдэнэбаатар: "Хадат Алтайн нурууны дээр Халзан бүргэд, Халзан бүргэдийн дээр хөх тэнгэр, Харин түүний доор Хөөдөөгийн хүү би...".

М.Билигсайхан:" Би өөрчлөг­дөх­гүй. Би улам л чангарна. Миний хувцас л солигдох болохоос надаас юу ч өөрчлөгдөхгүй..."

З.Дорж "Би Хойд Балканы ор­нуу­даар явж дайн байлдаан хар­сан. Би Дундад Азиар явж Чечень­чүүдтэй уулзсан. Би энд тэндхийн бүх газраар явж дарга нартай нь архидаж, хүүхэнтэй нь дурлал­цаж...Би..." гээд баахан өөрийгөө гайхуулав даа. Бас нэг эмэгтэй найрагч өөрийгөө "Юм бүхэн учир­тай. Эсгэсэн дээлний торгоны хээ зөрөх учиртай. Энэ гэнэт газар хөдлөөд цунами болоод байгаа ч нэг л биш. Учиртай гэдгийг хэлж өгөөд байгаа би ч бас учиртай" гэж байна шүү. Саяын цомд оролцсон 35-аас зургаа нь хүүхэн байсан. Шүүгчид ганцыг нь ч 15-д багтаа­сангүй. Энэ тухай хөтлөгч Б.Ичин­хорлоо найрагч айхтар чимхэнэ билээ. Нөгөө л жендэрийн тэгш байдал гэдэг золигийн сэдэв юм болгонд сэдрэх болчихож. Хүүх­нүүдийг зориуд хасаагүй байлгүй дээ. Ерөөсөө байгаа байдал нь тийм л харьцаа гардаг нь ямар өнөөдөр биш. Хөтлөгч гэснээс П.Бадарч гуай энэ жил уламжлал ёсоороо найрын сөн түшлээ. Архаг зохиолчид нийтийн өмнө гарахаа­раа хөөрцөглөн олон юм нуршиж, тоглож байгаа шоглож байгаа нь үл мэдэгдэн донгодоод унадаг. Бадарч гуайн хувьд ёстой даруухан инээлгэвэл зохих газар нь хааяа нэг ёжилсон шигээ намбайтал нь хөтлөөд явчихав бололтой. Тэрээр "Болор цом"-д аудит хийлээ. 29 наадам болоход би төдөн удаа оролцсон байна гэхчилэн статис­тик тоо дурдах ялдамдаа аймгууд наадмын түрүүг аль хэр олон авсан тухайд ирээд инээвхийлэв. Нийт 29 цомын 11-ийг Төв аймгаас төрсөн найрагчид хүртэж 17-г нь бусад аймгууд хуваасан аж.

Яруу найргийн "Болор цом" сүүлийн хэдэн жил дараалан орон нутагт болсон юм. Дараа нь телеви­зээр увуу цувуу гардаг ч хөдөө болсон наадам ямар ач холбогдол өгснийг дүгнэсэн юм алга. Ямартай ч үзвэл зохих үзэгчдийн тал нь тэнд хүрэлцэн ирж амжаагүй нь олон уламжлалыг тасалдуулахад хүргэ­сэн байж болзошгүй. Анх яруу найрагч Д.Пүрэвдорж гуай санаа­чилснаас хойш 30 жил тасралтгүй явагдсан энэ наадам өнөөдөр ард түмнийх болж хэвшин өөрийн гэсэн онцлогуудыг ургуулсан юм. Үүнийг ямар нэгэн хууль санаачлах нэрийдлээр эрх баригчид дур зоргоороо өөрчлөх, мөн түүнчлэн сонгууль улс төрд ашиглах, биз­несийн хэт хараат байдалд эрх­шээлгэх, хамгийн сүүлд нутаг жалга довны үзэлтэнд атгуулах зэрэг байнга эрс шинэчлэл хийгээд байвал сүүлдээ тоож үзэх хүнгүй болчих гэмтэй юм. Одоо дахиад болж өгвөл хөдөө зохиохгүй бай­вал дээр дээ. Зохиодог юмаа гэхэд тэр аймагт зохиосон тэр өдрийг жил болгон тэмдэглэж "...Аймгийн Болор цом" гэсэн тусгай бичил наадамддаг өдөртэй болгон тэнд нь нэгэн баярын өдрийг нэмж өгмөөр ч юм уу. Бүх юм нь одоо­хондоо бүрэн бүтэн, дуу хууртай, уйлаан баяртай, уугаа идээстэй, угаалга сөгнөө нь ч хэвээрээ тэр л "Болор цом" маань болж өнгөрлөө дөө. "Уг нь энэ найранд агсам тавья" гэж бодож очсон хүн байсан л байх.