Сүүлийн үед УИХ-аар  хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэлэлцэж байгаа нь мэдээл­лийн хэрэгсэлүүдийн анхаарлыг татаж байгаа. Одоо манай шинэ парламент, төрөөс хэвлэлийн асуудлыг улам сайхан, ардчилсан болгох гэж санаа тавьж байгаа нь талархууштай. Харин сайжруулах гэж байгаад улам дордуулчих вий гэсэн санаа зоволт бий болоод байна. "Тамд хүрэх замыг сайн сайхны үүднээс тавьдаг" гэсэн алдартай үг байдгийг санахад илүүдэх юун. Энэ хуулийг хэв­лэлийн эрх чөлөөнд хайртай эрхэм гишүүд сайн санааны үүднээс хэлэлцэн хэдэн сэтгүүлчидээ  жар­галын зам дээр гаргах  гэж байгаа л гэж ойлгож харж хүлээж байв. Хэлэлцэж эхэлсэн байдал, түүнд хандаж байгаа эрхэм гишүүдийн ааш аяг гэх зэргийг харах юм бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөг биш харин түүнд яажшуухан том тээг дарамт учруулж торгож шийт­гэж байх вэ гэсэн үзэл санаа нэвт харагдаж санаа зовоох боллоо. Эрхэм Улсын Их Хурлын дарга, Эрхэм гишүүд, Ерөнхийлөгч, Ерөн­хий сайд та бүхэнд хандахад энэ хуулиа түр царцааж жаахан бодох хугацаа өгөөчээ хэмээн хүсч байна. Энэ маягаараа хэлэлцээд батлаад өнгөрөх юм бол Монголд чөлөөт хэвлэл устаад дуусах шинж  хараг­даад байна. Яагаад гэвэл хувийн  хэвлэлийг олон нийтийн хэвлэл болгох үзэл санаа бүрэлдсэн нь ажиглагдах юм. Редакцийн хувь хөрөнгө, редакцийн оролцоо гэх зэрэг зүйлүүд нь олон нийтийн хэвлэл мэдээлэлд л төрөөс зохи­цуулах ёстойгоос хувийн хэвлэл мэдээлэлд бол төрөөс оролцоод зохицуулаад байх хэрэг байхгүй юм.

Хэвлэлийн эрх чөлөөний хуу­лийн төслийг сонирхоход ту­хайн сал­барын дотоод асуудал руу арай хэтэрхий орсон, бусад хууль­тайгаа зөрчигдөж ч мэдэхээр сонин заалтуудыг шургуулж мэдэхээр болоод явчихлаа. Дахин хэлэхэд  хууль хэлэлцэж байгаа байдлыг харахул бидэнд эрх чөлөө олгох биш бидэнд бэрх чөлөө бий болгох атгаг санаа агуулаад байгаа юм биш үү гэсэн хар төрөөд байгааг нуух юун.

Тийм учраас орчин цагийн хэв­лэл мэдээллийн салбарт сайн муу нэрээ дуудуулж яваа сэтгүүл­чийн­хээ хувьд аль болох бодит үнэнийг хэлье гэж хичээлээ.

Сэтгүүлч сурвалжлагч нар ар­даа аймшигт эзэнтэй, тэрнээсээ айгаад үг хэлэх эрх чөлөөгүй явц­гаадаг нь үнэн үү? Ингэхэд сэтгүүлч нийгэмд одоо юу хэлэх дутаав гэдэг сонирхолтой асуулт урган гарч байна. Сэтгүүлч ч бай хэн ч тэр угаасаа хууль ёсны бус юм ярьж сурталчлах хориотой. Архи там­хинаас өгсүүлээд фашист, комму­нист үзэл санаануудыг өөгшүүлэх, төр, ард түмний эсрэг дураараа үл бурах тухай эрүү иргэний хуулиар хориглосон өчнөөн олон "болох­гүй"-нүүд бий. Цаана нь үлдэж байгаа юм гэвэл "Эрх баригчдыг зоригтой шүүмжилж болохгүй" тухай ерөнхий яриа явдаг. Гэтэл өнгөрсөн хорин хэдэн жилийн турш эрх баригчид шүүмжлэлд өртөөгүй сонин хэвлэлээр цоллуулаагүй нэг ч өдөр байгаагүй. Үзэл санааны хувьд Ардчилсан нийгэм, Ардчил­сан нам, Ардын нам, улс төр ний­гэм  зөв буруу тухай  хэн дуртай нь яриад л байгаа харагддаг. Одоо бүр дээр нь нэмээд дургүй хүргэсэн хүнээ сэтгүүлч мэргэжилтэн гүтгэж доромжилж болох эрх нэхэж бай­на. Одоо чинь шууд сэлэм бариад нулилцахаа  больж зөвхөн үг хэлээр асуудал шийдэгддэг болсон цаг. Бусдыг зөвхөн  үгээр үхүүлж сэхээж болно. Ийм орчинд гүтгэх, доромж­лох дархан эрх нь аймшигтай том хутга түрийлж яваагаас өөрцгүй юм. Сурвалжлагч нь Монгол болон бусад хэлний тусгайлан бэлтгэгд­сэн дээд мэргэжилтнүүд гэж бод­дог. Энэ ур чадвараа дээр нь хэвлэл мэдээллийн салбарт ажил­лаж байгаа давуу талтайгаа хос­луу­лаад тэгээд гүтгээд унавал дийлдэшгүй босоо ороолон гараад ирэх юм биш үү. Үүнийг нь хуулиар хамгаалаад өгнө гэж байгаа. Уг нь сайхан л байна. Хэлсэн бичсэний­хээ төлөө мөн ч олон удаа шүүхийн хаалга татаж байлаа. Харамсалтай нь энэ сайхан боломж, эрх чөлөөг хаана эдлэх вэ? Юун түрүүн хэвлэл мэдээллийн хувийн эздийнхээ эсрэг ноц гэж хуулинд тусгах гээд байна. Тэгээд өмчийг нь хураан авч хорин хувиас үл хэтрүүлэн "амьтан" болгож, сурвалжлагчийнхаа өм­нөөс ялыг нь даадаг, хэдэн зуун саяар торгуулдаг, харин сэтгүүлч өөрийнхөө дуртай юмыг дураараа би­чих бөгөөд тэрнийхээ төлөө ямар ч ял шийтгэл авдаггүй байх тухай тийм нарийвчилсан заалтуу­дыг төр засгаас хуульчилж өгөх юм байна. Ганц эзэнтэй олон ажилтны дунд энэ асуудлаар "шударга" санал асуулга явуулаад 99,9 ху­виар шийдчих юм байна л даа. Яваан­даа сэтгүүлзүйд хувийн хэв­шил гээч нь устаж "Зөвлөлт засаг" тог­тох нөхцөл бүрдлээ. Дээрээ хаан­гүй Зөвлөлт засгуудын түүхийг да­хиж унших хэрэг хэрэг гарах нь дээ. Д.Нацагдоржийн "Од" шүлгэнд бич­сэнчлэн "Бид эхлээд өөрсөд дээрээ нийгэм журмыг байгуул­чихаад дараа нь бусад хувийн хэвшлийнхнийг ийм зам руу оруулъя. Өнгөт Од оо..." Манай хувийн хэвшлийнхэн, хамгийн бага гарын үйлдвэр болох талхны цехийн­хэнд дуулгахад энэ нь нар­гиан биш бөгөөд яг ийм хууль гаргах гэж байгаа юм. Уг нь компанийн тухай энэ тэр гэсэн хууль байдаг л байх. Тэрийг ч гэсэн хувийн мэдээл­лийн хэрэгслийн эзэдтэй адилтган өөрчлөн найруулах хөдөлгөөн ар араасаа босч ирж таараа. Энэ нь шинэчлэлийн Засгийн газар, Ард­чилсан хүчний нэр хүндэд хэр зэрэг эерэгээр тусахыг хэлж мэдэхгүй. Ард түмэн ийм тогтолцоонд шил­жих гэж ардчиллын төлөө саналаа өгсөн юм уу.

Мөн түүнчлэн сэтгүүлчид эзэн­тэйгээ  тэрсэлдээд сүйд болдог гэж би сайн мэдэхгүй байна. Тэгээд ч тэрсэлдээд байх  хэрэг байгаа юм уу. Заавал өөрийнхөө дургүй Энх­баярын телевиз дээр гүйж очин ажилд ороод, улмаар Энхбаярыг нь шүүмжлэх билээ гэж авирладаг нь ямар ёс байна аа. Цаана чинь Энхбаярт дургүй зөндөө олон мэдээллийн хэрэгсэл байхад шүү. Ардчилсан намд дургүй бол "Үнэн", Ардын нам нь онцгүй гэвэл "Ард­чилал" гээд ямар л үзэл бодол сонирхож байна тэр бүгд бий. Нам улс төрөөс хол явъя гэвэл "Таван цагираг", "Эрүүл мэнд" гээд өчнөөн сонин сэтгүүл вэбсайт, телевиз байна. Амьдрал дээр эзэн, редакц, ажилтан цөмөөрөө ойролцоо үзэл бодолтнуудын олонлог байдаг. Түүнд хааяа нэг ижил буруу бяруу орж ирж л байх. Тэр нь эзэнд хүрч дуулдахаас өмнө гараад явчихдаг.

Хөдөө гадаадад хэд хоногоор томилолт авсан сэтгүүлч авч явсан даргатайгаа ахаа эгчээ болоод ирдэг тал бий. Тэгээд "Би таны тухай уг нь сайхан бичмээр л . Даанч дүүд нь ямар эрх байх биш дээ..." гэсэн хөнгөн санаа алдал­таас энэ хууль төрж байгаа нь нууц биш. Үг хэлэх эрх чөлөө гэдэг нь байн байн төрийн эргэлт гараад байдаг, иргэний дайны байдалтай улс орнуудын төр нийгмийн зүт­гэлт­­нүүдийн хэлдэг үг байх. Харин ма­най орны хувьд жирийн сэтгүүлч юунд хэрэг болох талаар бодоод олохгүй юм. Таньдаг хүнээ магтах, дургүй хүмүүнээ заналхий­лэх зо­рил­гоор эрх чөлөөгөө эдэлж ганц нэг бичиж  гэе. Гэтэл монгол­чууд цөөхүүлээ, айхтар мэдрэмж­тэй, хов сайн сонсдог болохоор дорхноо л "Нөгөө муу сэтгүүлч чинь тэрэнд худалдагдчихсан бай­на" гэж ил далд шуугиад хамаг карьерийг минь нураачихдаг. Яг одоогийн байдлаар уншигчид үзэгчид сэт­гүүлч болгоноос үзэл санаа, хаа­шаа явах зам заагаад аль гэж нэхээд байгаа нь юу л бол. Гол нь хүмүүст  өнөө маргааш хэрэг болох чухал мэдээлэл, тэгээд сонин гоё юм уншиж харж чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэхийн тулд хэв­лэл мэдээллийн хэрэгсэлд дөхөж суу­даг юм. Мэдээллийн хэрэгслүүд зөв­хөн үүнд хамаг талбайгаа зо­риул­даг. Гэтэл тэнд ямар элэн­цэ­гийнх нь хэвлэлийн эзний цензур байх вэ дээ. Сайхан юм олоод бич­чих­сэн бол баяр хүргээд, дэмий дон­го­соод байвал хөөгөөд явуул­чих­даг биз дээ. 

Тэгэхээр энэ мундаг хуулиа жаахан хүлээж сайн бодоцгоовол яасан юм бэ? Яагаад заавал сэт­гүүлч хүн хүн доромжлох гүтгэх эрх­тэй гэж үзээд тэр заалтыг нь хуу­лиас авч хаях гэж зүтгээд байна аа эрх баригчидаа. Үүнийг авч хаяс­ны­хаа хүчинд редакцид эзэн орж бо­лохгүй, эзний хувь редакцид хориос дээгүүр байж болохгүй гэх зэрэг хараа үзээ чинь энэ хэдэн сэтгүүл зүйгээр амьдарч яваа биз­нес­­менүүд, түүний бизнесийг ну­рааж эхэллээ. Хувийн хэвлэл мэ­дээ­лэл устгачихаар ардчилал ус­таж эхэлж байгаа хэрэг юм. Ард­чил­сан нэртэй төрийн өнгөн дээр ард­чилсан хэвлэл устаж байна гэж бо­дохоос гуниг төрөх юм даа. Нөгөө бидний ишлэл авах дуртай Жорж Орвелийн "Гахайн ферм" үгүүллэгээс ялгаа байгаа юм уу. Түүн дээр "Бүх амьтан тэгш эрхтэй, Гахай бүүр илүү тэгш эрх­тэй" хэмээн гардаг. Түүн шиг сэт­гүүлч хүнийг доромжилж болдог бусад хүмүүс бие биенээ дором­жилж болдоггүй гэх гэсэн үзэл санаа та бүхний хуулиас үнэртээд байх юм. Бидэнд хүн гүтгэх доромж­лох эрх байхгүй шүү дээ. Хэрвээ энэ заалтын ялыг хөнгөрүүлэх гэж байгаа бол сайн байна, түүнийгээ эрүүгийн хуулиар л зохицуулаач. Харин редакцын тухай бол тэртэй тэрэнгүй компанийн тухай хуулиар л зохицуулагдах биш үү. Ингээд эцэст нь эрх баригчид та бүхнээс нэг юм тодруулмаар санагдах юм. Та бүхэн төр барьж байгаагаа алдаа гэж үзэж байна уу, зүй ёсоор бид л төрд гарах ёстой байсан гэж үзэж байна уу. Хэрвээ алдаа гэж үзэж байгаа бол энэ бидний буруу, яагаад гэвэл хэвлэл мэдээлэл л та бүхнийг төрд гаргаж ирсэн. Хэрвээ зүй ёсны ардчиллын дагуу бид сонгогдон төрд гарч ирсэн гэж үзэж байгаа бол энэ бидний гавьяа, яагаад гэвэл хэвлэл мэдээлэл л та бүхнийг тал талаас нь ард түмэнд таниулж өгсөн. Тэгэхлээр эрх ба­ригч та бүхэнд энэ хэвлэл мэдээлэл хэрээс хэтэрч улс төржиж улс эх орныхоо эрх ашгийн эсрэг явлаа гэх зэрэг явдал байхгүй л баймаар санагдах юм. Эрх баригчдаа, хэв­лэл мэдээллийн байгууллагуудын ажил амьдралд саад тотгор болж ардчилсан хэвлэлийн хөгжлөөс хойш чангаахаар заналхийлж байгаа энэ хуулиа түр хойш нь тавьж эргэж нэг сайн бодож бол­гооно уу. Бидэнд  чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг Улсын баатар Э.Бат-Үүлийн "хэвлэлийн эрх чөлөө­ний тухай хууль" л байхад хангалттай гэдгийг амьдрал батал­саар ирлээ. Үүнийг та бүхэндээ хичээнгүйлэн хүргэе гэсэн юм.