Цагаан сарын өмнө­хөн уламжлал ёсоор Зас­гийн газар хуралдаж "Улсын тэргүүний сайн малчин, тариаланч"-аа тодруул­лаа. Энэ удаа урлаг соёлын сал­барт олны танил болсон поп  "Камертон" хамт­лагийг "Улсын аварга хамт олон" болгожээ. Өөрөөр хэл­бэл тус хамтлагийн дуу­чин "Эба" буюу Б.Эр­дэ­нэ­бат өнөө жил хам­гийн сайн ажил­ласан та­риа­лангийн ком­панийн захи­рал нь юм байна. Энэ сонирхолтой мэдээллийн мөрөөр Сэ­лэнгэ аймаг ороод ирлээ.

Харин "Камертон" хамт­­­лаг хий­гээд Эба бо­лон түүний тариачин хамт олон нь одоо Улаанбаа­тарт ажиллаж амьдард­гийг мэдэлгүй хөдөө тийш дэ­мий шахуу явчихаад ир­жээ. Албан мэдээнд дурд­санаар бол Сэлэнгэ аймгийн Сант сумын "Мон­­гол газар шим" хэ­мээх компани "Улсын тэр­гүү­ний тариа­ланч хамт олон"-оор шалгарсан. Тэр компани нь алтны магнат, ноён Мянган­баярын охин компани нь. Энэ компанийн гүйцэтгэх захирал нь Эба. Харин ажилчдын ихэнх нь дуу­чид биш Сант сумын харьяат тракторч меха­ник­­жуулагчид аж. Нийт­дээ хориод үндсэн ажил­чин­­тай газар тариалан эрх­лээд тав зургаан жил болж буй айл юм байна. Нам­рын тариа хураал­таас хойш хавар тариа­лалт эхлэх хүртэл хийх ажил байхгүй тул ажил­чид нь байгууллагынхаа хаалгыг түгжээд тараад явчихаж. Өвөлдөө сул зогсолтын хөдөлмөрийн хөлсний нормативаар ца­­линжиж зүгээр бай­хаар аар саар ажил хай­гаад зарим нь хот суурин бараадсан сурагтай.  

Өнгөрсөн намрын ургацын тухайд гэвэл эх орон даяар хур бороотой сайхан зун болж тариа­чид түүхэндээ байгаагүй их арвин ургац хураасан жил байлаа. "Монгол газар шим" компанийн хувьд 836 га талбайд улаан буудай тариалсан. Усархаг жил дээр нэмээд усалгааны төхөөрөмж ажиллуулсан. Усаа Орхон мөр­нөөс татсан гэхээр энд замбараа­гүй их будаа ургасан байж таараа. Сант сумын ХАА-н мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнэ: "Монгол газар"-ынхан жил бүр сайн ургац авч байгаа. Эдний 260 га талбай нь байнгын усалгааны системтэй. Тэр талбайгаа уриншлалгүйгээр гуур­сан тариалалт хийж жил бүр борд­дог. Тэгээд га тутмаас 40 центнер будаа авдаг. Энэ жил гэхэд 2600 тонн ургац хураасан агаад түүнээ улсад болон хувийн гурилын үйлд­вэрүүдэд борлуулаад дууссан" гэж хэллээ. Сумын төвөөс урагш нэлээд зайтай тэдний үтрэм парк дээр очиход манаачаас өөр хүн алга байв. Талбай дээр усалгааны системээ угсраастай нь орхисон бөгөөд хашаандаа трактор, ком­байн бусад агрегатуудаа жагсаан үлдээжээ. Хашааны буланд их хэмжээний сүрэл пресслэн хураас­ныг очиж сонирхвол тариан түрүүг салгалгүй тэр чигээр нь боочихсон байх юм. Түрүүтэй сүрлэнд будаа нь хэвээрээ боловч олон дахин ачилт тээвэрлэлтэнд сэгсрэгдэн ихэнх нь хаягдсан болол­­той. Бай­гаа нь болохоор борц болтлоо хорчийн хатаж ямар ч байсан гурил болохоосоо өнгөр­сөн эд байв. Харин малын тэжээлд нэлээн үнэд хүрч мэдэхээр. Гадуур ийм түрүүтэй солоом боодол нь газар дээрээ 5000 хүрнэ гэж ярьж байлаа.

Сант сумын иргэдийн ярьж байгаагаар энэ намар тариа хураа­хад цаг агаар их саатсан гэнэ. Хураалтын цагаар олон удаа бороошсон. Газар хатахыг хүлээж байх зуур дахиад л тэнгэр бүрхэж сүүлдээ зарим талбайгаа хураал­гүй орхисон аж. Өвсний сөл ганд­магц тариалангийн бүс рүү малчид намаржаандаа буухаар орж ирц­гээн мал нь хурааж амжаагүй тариа руу дайрчихсан байна. Тэгээд л санд мэнд үлдсэн жаахан тариа­гаа толгойтой юутай нь хам­сан болоод заримыг нь дийлэлгүй үхэр малд хаяж өгчээ.

Сумын Засаг дарга Өлзийбад­рах­тай уулзлаа. Тэрээр энэ суманд өнгөрсөн орон нутгийн сонгуулиар гурав дахиа засаг барихаар сонгог­дож буй туршлагатай улстөрч бо­лоод байгаа нэгэн юм. Биологийн багш мэргэжилтэй Бадрах даргыг зарим нь бас багш аа ч гэж дуудна. Сая сонгуулийн сурталчилгааны үеэр хууль зөрчсөн гээд шүүхэд дуудагдсан тухайгаа ярианы завсар хэлээд авна билээ. Яасан гэсэн чинь Сэлэнгэ аймгийн төв дээр байдаг "Сайхны хөтөл" дээр авахуулсан зураг нь хэл ам татжээ. Монгол Улсын хойд хил дээр очсон болгон заавал очдог уг хөтөл мэдээж дээрээ овоотой. Гэтэл нэр дэвшигчийн сурталчилгааны фото зургийн ард "Сайхны овоо"-ны зураг хамт гарчихаж. Тэгэхээр нь өрсөлдөгчид "Сурталчилгаандаа бурхан шашны холбоотой зүйл ашиглаж сонгогчдоос илүү санал аван ялчихлаа" гээд шүүхэд өгчи­хөж. Шүүх тунгаан болгоогоод "Овоо бол овоолсон чулуу боло­хоос шашин биш гэж тайлбар толь бичигт бичжээ. Тэгээд ч энүүхний төдийд сонгогчдын санал нөлөө­лөх нөхцөл байдал нотлогдсонгүй" гэсэн үндэслэл гаргаж гомдлыг хэрэгсэхгүй болгосон гэнэ.

Амьдрал ба хууль хоёр зарим­даа ингэж зөрчилдөн инээд бар­чихдаг. Их дургүй хүргэвэл хууль нь зүтгэсээр байгаад дийлчихнэ гээч. Тэгээд инээдэм биш ханиад болно.

Одоо Сант сум цас зудын бай­далтай байгаа. Нийт жар гаран мянган толгой мал онд мэнд оро­хоор өвөлжиж буй. Өвөлжилт цааш­даа хүндэрч уулархаг газар­таа төд, тал газраа хэд ч гэнэ үү цасан бүрхүүлтэй... Өвс тэжээл, малчдад өгөх тусламж, туулах чадвар сайтай унаа хөсөг... гээд хөдөөгийн бараг бүх сумдын ярьдаг тэр яриа ажлууд л байна. Малын буян их гэдэг үнэн шүү. Манай оронд сэрүүн ормогц зам, уурхай, барилга, мэдээж газар тарианы бүх ажил нам зогсож хийх ярих ч юмгүй болцгоодог. Зөвхөн мал малчин хоёр л ажил дээрээ үлдсэн. Тэгэхлээр дуртай ч дургүй ч өвөлжин хаваржин малнаас өөр юугаа ярих юм. "Өвөлжилт хүн­дэр­лээ" гэхэд  хонь ямаа хоолондоо хүрч чадахаа больжээ гэж ямар ч монгол хүний толгойд шууд буудаг. Залгуулаад тэдэнд туслах ёстой юм байна гэж ойлгогдоно. Тэгээд төрөөс, хувиасаа, улаан загалмай, олон улс хүртэл тусламжийн гараа сунгацгаана. Сүүлийн үед хотын­хон махны үнэ өссөнд жаахан дургүй болсон болохоос малчдад туслах хөдөлгөөний эрч хэвээрээ байгаа.

Цас зудтай газарт өвс тэжээл тусламж өгдөг бол Сант сум цаг агаарын тэр болзлыг давуулан биелүүлсэн харагдана.

Энэ шударга биш хуваарилал­тад Сэлэнгийн ногоочид их дургүй байна. Мөн тариачид ч "мал мал..." гээд байн байн яриад байхаар дуртай биш байна билээ. Сант буюу хуучнаар "Цагаантолгойн САА" гэдэг байсан энэ суманд 600 гаран өрхийн 2000 гаруй хүн ажил­лаж амьдарна. Түүний зуугаад өрх нь зөвхөн малаар дагнах ба бусад нь газар тариалан, төрийн байгуул­лагад ажилтай. Тэр тусмаа тэдгээр мал дагнасан малчид нь энэ суманд сүүлд баруун аймгаас нүүж ирсэн иргэд түлхүү аж. Малын тоо механикаар өсч бараг далан мянгад хүрээд байгаа болохоос саяхныг хүртэл энэ сум 26-хан мянган мал тоолуулдаг байжээ. Тэр үедээ л бэлчээрийн даац хэтрэнгээ алдлаа гэж ярьж байсан бол одоо жинхэнээрээ гамшгийн байдалд орсон тухай ч ярьж байна. Энэ бүс нутгийн тэгш газарт нь  ногоо тарьж тариа ургуулахаар сул газар үлдээл­гүй хагалсан. Үлдсэн ухаа толгод нь болохоор ой хөвч, зав­сар чөлөө нь хадлан хадах улсын нөөц газар. Тэрнийг нь болиулаад мянга мянган малын хөлд дарж талхалмааргүй байна гээд байгаа нь ч буруу биш байх. Гэхдээ өвөл өвс хадаж тариа тарих биш харин ч сайхан бэлчээр онгойгоод ирсэн мэт. Сэлэнгийн өвөл битүү цастай хунгарласан ч гэлээ өндөр ургасан өвсийг далд­руулж чадаагүй, голын бургас шугуй ч арга тасрахад шимт тэжээл болохоор бэлэн шугуйрна. Мөн өвөлжөөний дэргэдээс эхлэх өнжиж буй тариан талбайн сүрэл бухлууд гэж байна.

Сумын ихэнх иргэд огт малгүй гэвэл бас худлаа. Тэд урьдын адил хашаа хороондоо саалийн цөөн үнээтэй, хажуугаар нь тахиа, гахай тэжээж ирсэн хэвээрээ байна. Энэ нь бэлчээрийн даац ба тариа ногоонд ноцтой нөлөө үзүүлэлгүй зохицсоор ирсэн аж. 

Ногоочид өнгөрсөн зун үер усны гэнэтийн гамшигт өртөж 27 айлын 47 га төмс хүнсний ногоо урссан байна. Олон айлын бүтэн жилийн гол амьжиргаа болох урга­цаа бүрмөсөн алдаж өр зээлэндээ баригдсан. Даатгалын байгуулла­гууд хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдийг хэзээд ургац алдана гэж тооцоод даатгалд гуйгаад очсон ч хамруулдаггүй гэсэн. Тэ­дэнд авто машин бусад эд зүйлийг л даатгалд хамруулах нь ашигтай аж. Ногоочдод бүрэн итгээд зээл өгдөг банк ч бас ховор. Энэ бүлэгт хамрагдах олон иргэд аргагүйн эрхэнд бор зүрхээрээ зүтгэж нэгнээсээ болон үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авч хавар тариалалтаа хийж амьдар­даг байна. Малчид найрлаж наа­дамдаж байх зуны дэлгэр цагаар борви бохис хийхгүй зэрлэг зул­гааж хөлсөө урсган хөдөлмөр­лөсөөн. Тэрнийг нь үерийн ус хаман одсон бөгөөд тухайн үед Засгийн газар, төр засгаас харж үзнэ гэж хоосон амлажээ. Ногооч­дод тохиолдсон гайг өнөө хэр тоолгүй орхисон атлаа малчдыг болохоор энхрийлээд байх юм. Бид их олон юм гуйгаагүй, төрөөс гуйж ч байгаагүй. Гагцхүү банкны зээлийг минь нэг жилээр хойшлуу­лаад хүүг нь зогсоогоод өгөөчээ л гэж хүссэн юм. Одоо удахгүй хавар болмогц түрүүчийн зээлээ төлөөгүй байж дараагийн тариалалтын зээлийн эрэлд гарна. Маш хүнд байна гэж олон хүн ярьж байлаа. Эдний дэргэд малчдад туслах тухай ярих нь  бараг тохуурхаж байгаа мэт санагдсан байх.

Харин тариаланчид болохоор халуу оргисон малчид хамаг будааг минь намар идчихсэн ш тэй. Цаагуур чинь мангар тарган үхэр адуунууд давхилдаад дайрчих гээд байгааг анзаарахгүй байна уу. Юуны чинь зуд гээд инээлдэж байв.    

Хэд хоногоос иргэд хуралдаж суманд орж ирсэн 232 сая төг­рөгийг юунд зориулахаа хэлэлцэнэ гэж байв. Энэ жилээс эхлэн орон нутаг дахь төсөвт ийм шинэчлэл явагдахаар болж. Тэгээд хүмүү­сийн саналыг авах юм байх. Бад­рах даргаас ямар санал танайхан тавих бол гэсэнд "Урьдчилсан байдлаар харанхуй гудамжинд гэрлийн шон суулгах, цэвэр усны  сан нэмэх, хүүхдийн тоглоомны талбай тохижуулах..." зэрэгхэн зонхилох тухай таамаглаж байна билээ. Бүхэл сумын хэмжээнд 200 сая нь хоёрын хооронд шахуу наргианы мөнгө юм даа хэмээн дотроо бодов. 1950-иад онд энэ сумын эхэнд Эвэн гол дээр томоо усан сан бариад нэг их удалгүй эвдээд хаячихсан гэдэг. Өнөө жил харин тэрнийг сэргээх төсөл яриг­даж байгаа гэсэн. Тэгвэл тариа ногоогоо услах, хаврын шар усыг торгоох, хиймэл нуур бай­гуулж загасны аж ахуй бүр аялал жуулч­лал нээх өөр сонир­холтой амьдрах хувилбарууд шил дараа­лан гарч мэдэхээр байна. Сантын нутгаар дамжин алдарт Амарбаяс­галант хийд зорих дотоод гадаа­дын жуулч­дын их хөлийн газар дайран өнгөрдөг. Энэ рүү чиглэсэн засмал зам баригдах яриа мөн бий. Хэрэв энэ хоёр бүтчихвэл энэ сайхан нутагт олон хүн буцан ирж төвхнөх нь гарцаагүй.

Сумын төвийн гэр хорооллууд өм цөм нүүсэн онгорхой гудамж ихэссэн харагдана. Гэвч шинээр хашаа барьж байгаа айлууд нь болохоор тээр хол газар авсан агаад төвд ойр газар байхгүй гэх юм. Газар өмчлөх сургаар тэр онгорхой зайнууд бүгд цаанаа эзэнтэй гэрчилгээтэй болчихсон аж. Газраа хүнд ч өгөхгүй өөрөө ч ашиглахгүй болохоор сум улам л хий тэлээд айлууд руу дэд бүтэц тавих боломжгүй болгож орхижээ. Хөдөөд 0.35 га- г иргэн бүрт олгоно гэхээр асар том талбайнууд саа­халт айл хэмжээгээр  бий болох нь. Энийг хуулиндаа анхаарч зохи­цуулахгүй бол сумын төвийг ус дулаанаар хангах нь бүү хэл гэр­лийн шонг нь татаж хүрэлцэхээргүй суначих юм байна л даа.