2008 оны найман сард Бээжин­гийн олимпийг  сурвалжлах сайхан боломж надад тохиосон. Сэтгүүлч бидэнд ховорхон олдох энэ болом­жоо хойш нь тавиад мазаалай гэдэг амьтныг нүдээр үзэхээр Алтайн цаадах говийг зорьж билээ. Уг хоёр томилолт цаг хугацаа нь давхацсан болохоос хоёулаа л дахиж олдоод байхааргүй ховор завшаан байсан юм.

Ийнхүү мазаалай хэмээх гай­хам­шигт амьтны араас огт хүн амь­дар­даггүй ээрэм говьд сар шахам аялснаас хойш таван он өнгөрчээ. Монгол-Герман нийлсэн биоло­гийн ухааны дөрвөн эрдэмтэн, говийн их дархан газрын хамгаа­лалтын ажилтнуудаас бүрдсэн цомхон баг хоёр фургон машин хөлслөн Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтайн урд талын цөлд  эрдэм шинжилгээний ажил хийхэд нь байлцсан юм. Хоёр фургоны нэгд нь зөвхөн уух усаа тээж явсан гэхээр тийм ч зугаатай аялал биш. Монголын говийг Германы нөхдөд нүдээр харуулж тэнд амьдардаг биологийн шүхэр зүйл гэх амьтдын аж байдлыг судлуулж улмаар Дэлхийн байгаль хамгаалах бай­гуул­лагаас тусламж төсөл хүртэх зорилготой явцгаасан. Энэ тухай хожим Европод маш сонирхолтой баримтат кино гарлаа гэж сонссон.

Явах замд нүд хужирлах зүйл гэвэл байсгээд тааралдах янз бүрийн ан амьтан л байлаа. Гэвч бүх л араатан, жигүүртэн, хөхтөн амьтад хүн, машинаас сүнсээ зайл­тал айцгаан дахиж эндээ буцаж ирдэг байгаа даа гэж эргэлзмээр тоос татуулан одно. Хавтгай хэмээх зэрлэг тэмээ гэхэд л хүн ирэх далим хүлээж байсан аятай тэр чигтээ жонжуулаад хил даваад арилах жишээтэй. Хүн малтай хангай нутгийн үнэг чоно гүвээ даваад л хөөгдөж байснаа таг мартаад шог­шиж явдаг бол энд үгүй.

Судалгааны багийнхан хэдэн зуун километр явж явж шинэ орчлон ертөнц нээчихээ алдан маш нууц­лаг газар ирэхэд тэнд аль хэдийнэ жийп унасан эвгүй гарын бололтой  нөхдүүд тухалчихсан алт ухаад зогсож байдагсан. "Говийн их дархан" гэгдэх асар уудам нутаг дэвсгэрийг хүн малаас чөлөөлсөн ба угаасаа амьдрах ч нөхцөлгүй энд хурдан унаа буугаар зэвсэглэ­сэн "нинжа" нар ёстой дураараа дургидаг бөгөөд одоо ч хэвээрээ дуулдана. Орон нутгийг дархлах нь муу улсад харин ч завшаантай явдал болдог байх. Монголоос биш газрын дархан газарт буй амьтан хүнээс айхаа мэдэхгүй ирж чихээ маажуултлаа ээнэгшин дасдаг.

Алтайн цаад говьд амьдарч буй нийт амьтдаас хамгийн арчаагүй нь мазаалай гэдэг пони баавгай бай­лаа. Судлаачид үдэш түүдгийн дэргэд хүүрнэлдэхдээ голдуу түүний тухай л яриа өрнөнө. Баав­гай атлаа говьд юугаа хийж ирсэн, араатан мөртлөө яагаад амьтан барьж чаддаггүй, тэгээд хамгийн хачирхалтай нь мөхөж усталгүй өнөөдрийг хүргэсэн явдал. Мон­голын Алтай, Шинжааны Тэнгэр уул хоёрын хоорондох цөлд үсрээд л гуч орчим мазаалай байх шиг байна гэсэн яриа хэдэн зуун жил үргэлжилж буй юм билээ. Тэгэхээр саяхнаас савар, доньт нь үнэ ороод хядчихсан юм биш. Арьс махыг нь хэрэглэсэн тохиолдол сонсогдоо­гүй. Ядахдаа панда, ойн хүрэн энэ тэр шиг "хөөрхөн" биш нүдэнд хүйтэн золиг л доо. Шөнө яг сарь­сан багваахай шиг харагдана. Хэдэн үе дамжсан популяци яваг­да­хад хоорондоо цус ойртохын туйл болсон нь ойлгомжтой. Тэгсэн атлаа тэнэг балай царайлчихаад байгаад л байна. Мазаалайг зэрвэс харахад золбин нохойтой эндүүрмээр. Мөн түүнээс гадна айлууд, хилийн цэргүүд замдаа хаячихсан нохойнууд ч зэрлэгшин баянбүрд бараадан мэр сэр яваа харагддаг. Дархан газрынхан зөв­хөн мазаалайд зориулж хоол хүнс бэлдэх төсөвтэй. Тэр нь зүгээр л малд өгдөг хорголжин тэжээл. Хорголжин тэжээлийг трактороор ачиж баянбүрдэд байрлуулсан төмөр чингэлгэнд хийнэ. Чингэлэг ёроолдоо тэжээл гоожих цорго, идүүртэй. Тэрнийг нь баавгай шөнө амьтны хөл татарсан хойно гарч ирээд нүдэж балбахаар тэжээл урсан гарч ирнэ. Уг тэжээлээс идчихээд бусдыгаа ийш нь ирүүлэх­гүйн тулд хаяглаж элдэв тэмдэг­лэгээ тавьдаг аж. Ойр орчмынхоо газарт сариж, төмөр сав өөд ави­ран хумсаараа зураас татчихлаар тэнэж яваа бусад нь ирж үзээд тэндээс бушуухан зайлна. Эр ч бай, эм ч бай, үр зулзага гээд өөрийн гэсэн садан төрлийн хэнтэй ч таарч тохирдоггүй ёстой хачин амьтан. Хэрэв тааралдах юм бол орилж чарлалдаад аль хүчтэй нь хүчгүйгээ бариад идчихнэ. Тийм учраас шинэ баянбүрдэд зочилсон мазаалай эндхийн эзэнг аль хэр бяртайг нь танддаг. Нөгөө төмөр сав өөд цоройж  хумсаараа мааж­сан зураас руу нь дуурайж үсэрнэ. Хүрэхгүй арай доохнуур зураас татаж байвал бяр муутайгаа мэдэж авдаг. Гэх мэтчилэнгээр ядарсан баавгай энд тэндхийн төмөр сав хэсүүчлэн өөрийгөө сорин хий юмнаас айж, хоолондоо хүрч чадал­гүй өлбөрдөг. Баян Тооройн хамгаалалтын газрынхан мазаа­лайд шинэ сав бэлдэн тэжээл тавьчихаад яваад өгсөн хойгуур нь Сэгс цагаан Богд ууланд байдаг хилийн цэргийнхэн машинтай давхиж ирээд нөгөөдөхийг нь ачаад явчихсан байсан. Тэд хэдэн гахай тэжээж байсан юм билээ. Мазаалайд тун эмгэнэлтэй явдал болохоос говьд бол байдаг л өчүүхэн хулгай.

Зуны сүүл, намрын эхэн сарын хэсэгхэн хугацаанд баавгайн аз жаргалтай үе эхэлнэ. Энэ үеэр цөлд хармаг, гоёо, бажууна, түүний үндэс гэх мэтийн исгэлэн жимсэр­хүү ургамал сайхан боловсордог агаад түүнийг мань нөхөр маш дуртай түүж иднэ. Халуун наранд нөгөө идсэн жимс нь гэдсэнд нь орж исээд "бараашиг" хүртчихсэн аятай дорхноо согтцордог. Согтохоороо их овилгогүй. Нүүр амаа маажна, их дуугаар орилно. Дараа нь хөөрхөн шартана. Шараа яаж тайлахаа бас мэднэ. Нэг удаа гичий гэдэг билүү юу билээ. Эмэгтэй мазаалай хар халуунд хармаган­даа айхтар согтжээ. Тэгээд бүр алингаа алдаж элс цацлан хавьт­сан болгон руугаа "агсагнав". Орой нар шингэхийн багцаанд дагуулж явсан хоёр хөөрхөн бамбаруушаа хоёулангийнх нь хоолойг хэрчиж толгойг нь тасалчихсан бархираад гүйж явсан байна.  Цаашид мөн­хийн согтуу царайлж явсаар нам­рын сэрүүнтэй золгодог. Өвсний сөл тасарч идэх юм ч олдохоо болиод ирэхлээр хад агуй бараа­дан ичээндээ ордог. Алтайн өвөр говийн хүйтрэлт хангай нутаг шиг удаан үргэлжлэхгүй тул гурван сар хүрэв үү үгүй юу ичээнээсээ гара­хаас өөр аргагүй нойр хүрэхээ байчихна. Тэгээд л хаврын хавсар­ган дор хад чулуунаас өөр юу ч байхгүй говьд идэх юм хайгаад маахайтал алхаж гарна даа. Энэ үед л нөгөө муу хорголжин тэжээл аминд нь орно. Тэрнийг нь газар сул асгаад хаячихсан ч мазаалай­наас өөр тоож иддэг аргаль, янгир ч байдаггүй юм билээ. Говийн баянбүрдээс баянбүрд хоорондох орчин нь  юу ч үгүй хувхай. Тэн­гисээр таслагдсан арал шиг. Арай гэж явж явж очих ус үнэртсэн баянбүрд хэмээх хуурай газрын арал дээр нь элдэв дайсан дүүрэн шавчихсан байна. Тэрнээс нь айж дараагийн баянбүрд хүрэх гэж хэдэн зуун километр зүтгэсээр байгаад ихэнх амьтан нь харангад­даг бололтой юм билээ. Хөөрхий­лөлтэй энэ бяцхан араатан хоёр баянбүрдийн хооронд хатаж үхээд дуусч байгаа юм гэсэн. Говийн байгаль экологид чухам ямар үүрэг рольтой эсэх нь сайн судлагдаагүй байгаа. Уг нь байгальд хэрэггүй амьтан гэж байдаггүй гэдэг. Уг төрөл зүйлийн амьтан юугаараа алдар­тай, юу нь сайн юм бүү мэд. Ямар­тай ч амьдралын төлөөх тэмцэх чадвар сул дорой. Монгол  мазаа­лайн гол онцлог гэвэл огт "ажил хийхгүй", бусдаар тэжээлгэх сонир­холтой, өдөржин шөнөжин бас өвөлжин унтаж байдаг. Идээ будаа элбэг зун, намрын сайхан цагаар байнга "архидан согтуурч, зодоон нүдээн, хулгай дээрэм" хийдэг. Гурав биш бүр хоёр мазаалай хорвоогийн мухарт тааралдлаа бол нэгнийгээ үзэн ядаж үс гэзэгнээсээ зулгаалцана.  Яаж ч дасгах гээд хүний нүүр өөд эгцэлж харахгүй. Гөлөн гөлөн хийж байснаа идэх юм шүүрч аваад майжигнаад зугтаа­чих­даг. Энэ амьтан Монголоос өөр газар бараг байдаггүй юм гэв үү.

Хамт явсан герман нөхөр маань эцэст нь "Үнэхээр ховор амьтан юм. Өөр ч сонирхол татах юм алга" гэж билээ. "Алтайн цаад говиор" аян замын тэмдэглэл. 2008 он.