Монгол Улсаа, монгол хүнийг дэлхий, олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн иргэнээ төр засаг бодитойгоор үнэлэхээр боллоо. Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч олимп, дэлхийн авар­гын медальт тамирчинд насан туршид нь сар бүр багагүй хэмжээ­ний мөнгөн цалин олгож байхаар тогтсон. Энэхүү зарлигийн цаад утга учир нь хуучин үзэл сурталж­сан тогтолцооноос ардчилсан эрх чөлөөт орон руу шилжсэн гэдгээ нотолж байгаа хэрэг юм. Эх орон ард түмнийхээ төлөө нэгэн биеэ зориулж золиослохоо шахсан тамирчин залуус амжилтад хүрээд ирэхэд нь өмнөх нийгэм “Баярын бичиг, барааны саван”-гаар мялаа­даг байлаа. Хэт цөөхөн, хөгжил буурай улс орны нэрийн өмнөөс босч олимп дэлхийн авар­гад ана мана өрсөлдөнө гэдэг бол амар биш. Хөгжингүй улс орнууд их өндөр өртгөөр тамирчнаа олон жилийн турш бэлддэг гэлцдэг.  Түүгээр зогсохгүй ганцхан тамирч­ныг ч биш. Ирээдүйн олимпийн аваргынхаа бэлтгэл хангагчид, эмч, багш зэрэг эргэн тойрон дахь хэрэг болох бүх нөхдийн хэрэгцээг нь бүрэн хангадаг. Да ялангуяа хөл­бөм­бөг, сагсан бөмбөг зэрэг багийн спорт нь  дэлхийн дэвжээнд гарах явцад зарцуулах зардал нь сая сая доллараар яригддаг. Бид амжилт үзүүлсэн тамирчдаа дараа нь үнэлж чаддаг болж байгаа нь улс шиг улс, төр шиг төртэй болсны л ач буюу. 

Одоо олимп ба олимпийн тө­рөлд багтдаг их спортын дэлхийн тэмцээнд очдог “амны бөх” гэж байхгүй болсон. Бүгд жигдхэн аймаар хүчтэй өрсөлдөгчид. Гэхдээ нэг үеэ бодвол манай улс орон хурдтай хөгжиж, түүнээ дагаад тамирчид маань ядаж хувцас хэрэг­лэл, хоол унд, унаа зардалдаа санаа зовохооргүй болоод байгаа. Наад захын ийм бэрхшээлээс салгаад өгөх төдийд гялалзсан амжилтыг үзүүлээд эхэлж байгаа нь нэн бахтай.

Гадаад орнуудын өндөр ам­жилт үзүүлсэн тамирчны хангалт, амьдралын баталгаа цааш яаж төгсдөг талаар манайхан их со­нирх­дог. Улс орнууд өөрсдийн алдарт хөвүүд охиддоо энгэрт нь одон зүүж өгөөд тэгсгээд март­чихдаггүй. Спортоор замнах дараа үеийнхэн нь ахмадуудаасаа ирээ­дүй­гээ олж харцгаадаг. Асгаруул­сан хөлсний үнэ цэнийг  хожим төр засгууд баяр хүргээд зогсохгүй бодитоор үнэлдэг жишигтэй юм байна. Одоо манайх тийм болчих­лоо. Олимпийн аварга болоход сар бүр дөрвөн сая төгрөгийн цалин авна. Энэ нь жирийн хүнд маш их мөнгө боловч ийм амжилтыг жирийн тамирчин болгон үзүүлээд явдаггүй.  Одоогийн байдлаар бүх үеийнхний нийт 48 тамирчин мөн­гөн урамшууллын болзол хангасан юм билээ. Үүний долоо нь нас барсан. Хамгийн их урамшууллыг З.Ойдов гуай 7,5 сая төгрөг сар бүр авахаар бол хамгийн бага нь дэл­хийн аваргын “хүрэл”-тэй тамирчид сар бүр 500 мянга хүртэхээр бол­сон. Эдгээр дөч гаран алдартны тоо цааш жил бүр бөөн бөөнөөр биш ч нэмэгдэх нь тодорхой. Бас хорвоо­гийн мөнх бусыг үзүүлж хорогдож таарна.  Тэгэхээр энэ нь хавтгайр­сан халамж байх боломжгүй.

Одоо тамирчны алдрыг үнэлэх­тэй сацуу их спортын бодлого чиг хандлагыг өөрчлөхгүй бол болох­гүй байх. Тамирчин нь өнөөдрийг хүртэл зөвхөн эх орны төлөө гэсэн үзэл суртлын золиос байв. Энэ тал дээр  хойд солонгосчуудаас онцын ялгаагүй байсан. Харин маргаа­шаас эхлээд өндөр амжилт нь төрийн төлөө гэхээсээ илүү хувь хүн цаашдаа яаж амьдрахыг нь шийдэх болчихлоо. Агуу хүмүүн тодорлоо гэхэд аварга болоод авдаг шангаа хүртэнэ. Нэгэнт тас­раад дэлхийн хүн болчихсон нөхөрт дээр нь нэмээд байсгээд л “Баярын бичиг” өгөөд байх шаард­лагагүй. “Гавьяат” ба “Баатар” гэсэн цолны оронд насаар нь төр өөрөө тэжээхээр амласан. Энэ нь хувь хүнд хамаагүй ашигтай тусч байгаа юм. Тэртэй тэргүй мартагдахын аргагүй алдаршаад байхад нэмж цол өгөөд ч яах юм. АНУ-ын гавьяат тамирчин... гэдэггүйтэй адилхан. Дэвжээн дээр хэр их ялна тэр чинээгээр нь  төр өөрөө хожим түүнд бөөн такс төлөх юм чинь.  Нэг бодлын олимпийн аварга болчих­вол сайн. Болохгүй бол бас сайн. Төрийн хувьд ёстой нөгөө медалийн оосроос атгаад алдаад байдаг тамирчидтай л байвал төсөв хэмнээд тун таатай санж. Манайхан ч яахав дээ улсын мөн­гийг ус цас шиг тоодоггүй л боло­хоос хэрэв сагсан бөмбөгийн олимпийн аваргатай болчихвол дараа нь улсын төсөвт нэг аймгаас илүү  төсвийг жил бүр аваргууддаа зориулж суулгах хэрэг гарна аа даа. Хэт сайн тамирчидтай Грек, Испани­чууд энэнээс болоод улс нь  дампуурчихаа шахаад байгааг бүгд мэднэ. Тийм юм манайд болохгүй байх л даа. Ерөөлөөр тийм болчих­вол бас гоё ч юм уу. 22 х 4сая х 12 сар = 1 миллиард 56 сая төгрөгийн цалинг жил болгон айн?

Ямартай ч их спортоор хи­чээл­лэхийг сэтээ сэвээгүй уриалах нь илүүц болж өөрчлөгдөх байх.  Их спортын амжилтгүй л бол улс орон балрах гээд байгаа юм шиг загнад­гаа алдарт дасгалжуулагчид, спор­тын зүтгэлтнүүд одоо зогсооно биз. Их спортод санаа зовж “Одоо яалгамаар байна?” гэж улстөрчид нь дасгалжуулагч болж гүйлдэхээ болих хэрэгтэй. Төр үүрч явсан тэмцээн уралдаан гэсэн ачаа­наа­саа салж гүнд нь оролцох юм уу  саад болохоо л байчихвал  наадуул чинь аяндаа учраа олоод явчихна. Оронд нь харин нийтийн биеийн тамир, эрүүл хөдөлгөөнд анхаар­лаа хандуулах, түүнд төсөв зарцуу­лах сайхан боломж гараад ирж байгаа юм.

Мал хувьд гараад өссөн шиг наад тамирчид чинь одоо хувийн­хаа амьдралаа бодсон ч тэр зүтгэх байлгүй дээ. Дотоодын улсын аварга, сонгон шалгаруулалт одоо ёстой жинхэнэ “алаан” болох байх аа. Тэр хэрээр олон ч сайн тамир­чин шинээр тодорч, тэнд шударга бус явдал, найраа энэ тэр нь үндэсний бөхөөс бусад төрөлд  аяндаа устана. Бүр бөхөөс өөр огт санаанд оромгүй төрөл зай дээр, хөлбөмбөгийн аварга болчихсон байхад гайхах явдалгүй. Тэгээд ч хүн амд ноогдох олимп, дэлхийн медальтнуудаараа монголчууд дэлхийд эхний зургаа долоод явдаг гэхчинэ билээ. Цөмөөрөө биш гэхэд “бэлчээрийн даац хэтэрсэн” олон аварга төрөөд унавал бахар­хах манатай. Манайхан ер нь цагаа тулбал маш адтай, барилдахгүй хүн гэхэд л их ховор. “Би залуудаа жаахан ноцолдсон бол чамаас дутахгүй дээ” гэж ярьдаг болсон байна билээ. Уг нь үнэн байхгүй юу.  Бидний хувьд тамирчдаа ганзага хоосон буцаад ирэхэд нь гасалж гангинаад ч яах юм. Сайн л биз.

Гадаад ертөнцөд “Монголчууд маш хүчтэй өрсөлдөгч байлаа. Түүнд золтой л ялагдчихсангүй” гэсэн мессэж л тасралтгүй бичиг­дэж байвал эх орон суртал­чил­гаанд хамгийн зөв менежмэнт юм. Тэртэй тэргүй бид олимп, дэлхийн аварга­тай болчихсон, тэгж байгаад дараа­гийн аавын хүүдээс дахиад төрж л таараа. Одоо Монголыг дэлхий таньдаг болчихсон. Медаль­­­гүй хоцорсондоо улс орон ичих зовох, сүүлд олон улсын тавцанд медальгүй орон гээд шоолуу­лах юм огт болохгүй. Харин хамгийн сүүлийн байранд ордог, эх орныг шараа болгоод байдаг жуул­чин ч юм шиг стандарт бус тамирч­дыг ийш тийш нь хамаагүй явуул­мааргүй юм билээ. Тэгээд ч тэмцээн уралдаанд явах гэсэн  болгоны бүх л зардлыг төр буюу татвар төлөгч биднээр  даалгадаг тогтолцоо маань шог юм даа. Сонир­хогчид өөрсдөө зарим зард­лаа гаргадаг, ядаж хоол байрны­хаа асуудлаа­саа салчихаад наа­дам тэмцээн гэдэг баймаар байгаа юм. Монгол дахь спортоор хичээл­лэж байгаа бүх л залуус гоц авьяас­тай, даанч хөрөнгө мөнгө дэмжлэггүй гэсэн домог хоцрогд­сон. Тийм тохиолдол маш ховор нь аль эрт батлагдсан бөгөөд зохиол­чид кино уран зохиолоо сонирхол­той болгохын тулд ингэж бичих дуртай. Өөрөө болон улс орон, ивээн тэтгэгч нь эдийн засгийн чадамжтай орчноос л аваргуудын 99 хувь нь төрдөг байсан, хойшид ч тийм. 

 Дархлагдсан спортын хэдэн төрөл манайд байдаг. Тэрэн дотор бас дархлаатай бүлэглэл гэж бий. Гэр орондоо цөөхөн хонолоо гэж ярьдаг юм билээ. Одоо тэдний хазаарыг нь мулталж өөрсдийнхөө төлөө өөрөө яв даа гээд чөлөөлөх хэрэгтэй.  Эднийг тэжээдэг байсан төсвөөр олон түмэндээ спортын заал барих, сул бие бялдартнууд, хүүхдэд зориулсан биеийн тамирын арга хэмжээ явуулах цаг болоод байна.

Медальд тун их дөхөж очсон тамирчин бол одоо харин “Монгол Улсын гавьяат тамирчин” болчи­хож байгаа юм. Түүнд одон тэмд­гийг харамгүй өгөх нь шударга ёсонд нийцнэ. Яагаад гэвэл тэрээр хожим ямар нэгэн мөнгөн урам­шуу­лал хүртэж чадахгүй. Тэгсэн мөрт­лөө “Медалийн оосроос атгаад алдаж” эх орныхоо нэрийг дуурс­гасан гавьяат үйлстэн бөгөөд эдийн засгийн үлэмж хэмнэлт үзүүлсэн. Лондонгийн олимпоор хүндийн өргөлтийн нэг тамирчин найм­дугаар байр эзэлчихээд олимпийн аварга болчихсон аятай баярлаад байхаар нь гайхаж билээ.

Энэ мэтчилэн бид спортын чиг хандлагыг үндсээр нь өөрчилж, тамирчдаа барууны хэв маягт оруулж, иргэдээ чийрэгжүүлэх бод­лого баримтлахыг орчин цаг үе шаардах боллоо.