Монгол ардууд цагаан сарын бөхөө ногоон сарын наадам хүртэл ярьдаг шинэ уламжлалтай болсон.  Гэхдээ сүүл үеийнхэн бөх ярихаа улам больсоор л байна.  Монгол үндэсний ёс заншил, уламжлал хангалттай сэргээд хэтрэх шахаж байгаа тул одоо энэхүү үндэсний спор­тыг ил далд дэмжих шаард­ла­гагүй болсонтой ч хол­боо­той байх.

Энэ жилийн битүүний ба­рил­даан урьд жилүүдээс нэ­лээн өөр наадам болчих шиг боллоо. Аймгийн цолтой бөх­чүүд гайхал төрүүлэм эрэмбэ эвдэж  тэдний хэн нь ч түрүүлж үзүүрлэдэг болоод байв. Хааяа нэг од харвах лугаа залуу бөх тодрох их сайхан л даа. Харин өдөр болгон ша­хуу аваргын байр солигдоод унахаар сүүлдээ утгаа алддаг юм билээ. Одоо бас хэн гэдэг сумын заан нь гарч ирээд баруун солгойгүй саваад эхлэх бол гэсэн шүү юм бодож байв. Тэгсэн залуучууд чадлаараа үзээд тэдний дун­даас хэн нь ч энэ удаа шөв­гийн 16-д үлдэж чадсангүй.  Энэ тохиолдол нь мөн л гай­халтай явдал болчихлоо. Бөхийн мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар бол цол бага бүр цолгүй тусмаа илүү сайн барилддаг болчихсон цаг үе юм гэнэ. Одооны залуучууд бөхөөр бизнес хийж аж амьд­ралаа өөд татахын тулд гучин наснаас өрсөж маш их бэлт­гэл сургууль хийдэг аж. Урьд заан Тулгаа биш тээврийн жолооч Тулгаа  Увсаас Улаан­баатар орох ачаа ачин­гаа ирж барилддаг байв. Бусад  цолтой цолгүй хэдэн бөхчүүд дор бүрнээ өөрийн гэсэн  ажил амьдралдаа бариг­даад, барилдаан хөөж амждаггүй байжээ. Тэгвэл одооны залуучууд маш их уураг витамин хэрэглэж өдөр бүр өөрийгөө зөвхөн бөхөд зориулан тордож, өөр юу ч хийхгүй явна. Зарим нэг нь бүр өндөр хөгжилтэй орны олимп дэлхийд бэлдэж бай­гаа тамирчнаас дутахгүй зар­дал гаргадаг сураг бий. Хэрэв тийм л юм бол цагаан сарын битүүний барилдаанд бараг барилдахаа болиод байгаа улсын начинг хаяж чадахгүй ойчно гэдэг бол дэндүү хариуц­лагагүй юм даа.

Зарим пүүс компанийн захирлууд их гомдолтой явна билээ. Нутаг нугын ах минь харж үзээч гээд хаалга үүд онголзуулан ер зүгээр суулга­даг­гүй. Танай компанийн чинь нэрийг тэгж ингэж ман­дуулна, таныг үргэлж суртал­чилж өгнө гээд салдаггүй. Тэгээд нүүр өгчихөөр  бөхийн­хөө хөлд чирэгдэхээ шахах юм. Хамаг ажлыг нугалдаг үндсэн ажилтандаа ч өгч амжаагүй тус дэмийг нутаг усны чигийн ноцолддог хүүд өгчихдөг. Хариуд нь тэд олиг­той амжилт үзүүлэхгүй хэнэг ч үгүй байх юм даа гэж шог­ширч сууна. Бөхийн ертөнцөд иймэрхүү тохиолдол түгээмэл байгаа гэнэ. Аливаа спортын төрөл, сайн тамирчныг да­галд­­сан реклам сур­тал­чил­гаа, ивээн тэтгэлт гадаад дотоодгүй өндөр хэмжээнд хөгжсөн болохоор үүнийг зөв буруу гэж шүүмжлэх нь илүүц юм. Үзэгч ихтэй өндөр орло­го­той спортын төрөлд спон­сорлох, ивээн тэтгэх нь аль алиндаа ашиг тусаа өгдөг ч биз.

Харин манай нөхцөлд дотооддоо үндэсний бөх, гадаад орчинд чөлөөт бөхөөр хичээллэх нь бүрхэг болоод байна.

Манай чөлөөт бөхийн ахмад тамирчид олимп дэл­хийн тэмцээнд оролцоод ерөө­сөө ялагдаагүй ялж тэнц­сээр яваад тэмцээн дуусахад медальгүй хоцорсон тухай хачин түүх ярьдаг. Тэмцээн нь хүртэл ийм ойлгомжгүй уг спортын нэр хүнд Орос, Иран, Монголоос бусад оронд айхтар унажээ. Бид­нээс бусад орны үзэгчид ба­рилдааны учрыг ойлгох гэж нэлээн юм болдог байх нь. Тэгээд одоо хэл ам хийсээр байгаад чөлөөт бөхийн спор­тыг олимпоос хасахаар бол­чихлоо. Цаашдаа чөлөөтийн­хөн бөхийн сонгомол барил­даан, эсвэл жудогоор хичээл­лэсэн нь дээр байх. Бид эн­дээс яаж ч эсэргүүцээд олон­хийн дэмжлэгийг авахгүй байх.

Дотооддоо их олон залуус үндэсний бөхийн спортод амьдралаа зарцуулчих гээд байх болж. Энэ салбар дээрх зах зээл угаасаа хязгаар­лагд­мал. Хонжворт сугалаа­наас долоон дор бүтэшгүй өрсөлдөөн дундаас азтан тодордог. Ганцхан жин зай төрөлд 512 ба 1024 тамирчин өрсөлдөж ердөө нэг нь түрүүлдэг ийм хатуу шалгуур хаа ч байдаггүй. Ялангуяа бөх, боксын төрлийн тэмцээн уралдааны аваргыг цөөн өрсөлдөгч дундаас тод­руулд­гийн нарийн учрыг тоочвол их юм бий. Энэ сэдвийг түр орхиё.

Одоо манай үндэсний бөхийн спортын тасралтгүй хөгжил, улам төгөлдөршил маань анхаарал татах хэм­жээнд хүрчихсэн юм биш биз дээ. Юм хэтрэхээрээ бусад салбараа хямраачих гээд байдаг. Цаана чинь аймаг болгон сүүлдээ нөгөө 340 сум маань нэжгээд "Улсын начин"-гүй байвал болохоо байх нь. Ямартай ч Монголын ихэнх баг хороо "Аймгийн арслан"-тай болоод авсан юмдаг уу даа. Цаана нь бүр олон бөх нэхэж байгаа цэрэг, цагдаа, гал команд, нисэх онгоцныхон, тагнуул тур­шуулын клубүүд гээд төрийн байгууллагууд ярайх боллоо.

Манай улсын эдийн засаг хэдэн бөх тэжээхэд хотой­хооргүй чадамжтай болсон нь өөр хэрэг. Айлаар бол бид чинь нэг үеэ бодвол өмсөх хувцас, идэх хоолтойгоо бо­лоод байгаа. Айлын амьдрал дээшлэх тусам олсноо идэж уугаад найрлаад байдаггүй.  Дараагийн алхмаа хийж ядаж нэг орон сууцтай болъё гээд бүр эсрэгээр өмсөх зүүх, тоглохоо танадаг жамтай. Монгол орон тэр л үедээ явж байна. Жаал зугаа хуримт­лал, уул уурхай нээгдсэн завшаантай үеэ ашиглан ганц хиймэл дагуул ч болох­ноо хөөргөөд авчихвал аштай юу. Аль ч зах зээл дээр борлогдохуйц оригналь хүнс­ний бүтээгдэхүүн, ноос ноо­луу­рын супер үйлдвэрээр өрсөлдөх зэрэг бусдаас үл дутах гэсэн олон мөрөөдөл бий.

Гэтэл залуучууд маань өөртөө ба нийгэмд хэрэгтэй нийгмийн баялаг үйлдвэрлэх салбарт оролцохоо болилоо. Хэдхэн жилийн дараа сайн инженер, программист, мене­жер болохын оронд наадам хэсдэг ажилтай. Гайгүйхэн ноцолдоод нэг өрөө байр олоод авчихаж байна. Зарим нь "Ланд-200"-гаар шагнуул­жээ. Тэгээд дараа нь яах юм. Хот хөдөөгөөр дүүрэн бөхийн зүтгэлтнүүд шахцалдан ганц­хан газар тодруулбал Бөхийн өргөөнд цугларчээ. Барил­даж чадахаа больсны дараа стадионд очиж засуул масуул­хан хийж өдөр хоно­гийг өнгөрөөнө. Билет авал­гүй бөх үзнэ.Тэмдэглэлт ойн барилдааны дараа  үнэ­гүй хоолонд орчихно. За­рим­даа хэн нэгнээр шагнуул­на. Цагаан сарын битүүн болго­ноор л гэр оронгүй амь­тан шиг бөх үзээд шөнө дөл болтол сууж байдаг зарим нөхдийг харахаас өрөвдөх юм. Энэ салбар дахь зохист орон тоо гэж байдаг бол тэр нь аль хэдийнэ хэтэрсэн дэг ээ. Лам гэхээр цөмөөрөө лам болчих гээд, бөө гэвэл бас дагаж хуйлраад манай­хан ер нь их туйлшрах согог­той. Түүний ижил одоо бөх рүү банди нар төдийгүй басгад маань гүйлдээд явчихлаа.

Олдохоороо өлддөг ёсоор энэ олон мянган бөхийг тэжээх эдийн засаг нь байлаа ч сонирхдог хүний тоо тас­ралтгүй буурч эхэллээ. Битүүн угтсан цуврал барил­даанууд Гандангийн лам нар хурж байгаа аятай тасралтгүй явагдах шиг бол­сон.  Хоёр мянга гаран үзэг­чийн багтаамжтай, зургаан мянган бөхтэй "Бөхийн өргөө"-ний  суудал ядаж бөхөө­рөө ч  дүүрсэн байдал харагдаагүй. Олигтой орлого ашиг олсон нь юу л бол. Пүүс компани төдийгүй төрийн байгууллага сүүлдээ бөх ба­рилдуулахаас залхаж шатар даам тоглодог болцгоож байна.

Залуучуудад зөвлөхөд чи эрүүл биетэй саруул ухаантай төрсөн бол заавал барилдаж ноцолдож хамаг чухал цагаа гарздаж яахнав дээ гэмээр л байна.

Байгууллагад "туслах аж ахуй" гэж байдаг.  Үндсэн ажиллагаанд нэмэр дэм хийх шаардлага гарсан тохиол­долд түр зуур хийдэг арга хэмжээг  ийн нэрлэдэг. Түүн лугаа завсар чөлөөндөө спортоор хичээллэх, ан гөрөө хийх, шүлэг зохиол оролдох энэ тэр чинь хүний урт удаан амьдралын дэргэдэх нэгэн төрлийн туслах аж ахуй юм. Олны өмнө гарч хүмүүсийн зугааг тайлна гэдэг тийм хүсээд байхаар юм биш.