ЗУЛ САР БА ШИНЭ ЖИЛ

ЗУЛ САРЫН БАЯР

Жил бүрийн 12-р сарын 25-нд Зул сарын баяр болдог. Үүнийг Есүсийн төрсөн өдрийг тэмдэглэж байна гэж нийтээрээ үздэг билээ. Энэ нь мэдээж эхэндээ загалмайн шашинтнуудын хамгийн гол баяр байсан боловч дэлхий хавтгайрсан өнөөгийн нөцөлд өөр шашин шүтлэгтнүүд ч ядахнаа ёс болгон тэмдэглэдэггүй ч, үгүйдээ арилжааны зорилгоор дэлгүүр хоршоо олон нийтийн газрууд Зул сарын чимэглэлээр ийм тэмдэглэлт өдөр болж байгааг сануулах болжээ.

Ромын эзэнт гүрний нийслэл Ром хотод 336 онд анх удаа албан ёсоор энэ өдрийг Есүсийн төрсөн өдөр болгон тэмдэглэсэн баримт байдаг. Загалмайн шашныг албан ёсны төрийн шашинаар заралсан Ромын хаан Константин засаглаж байхад сүм хийд энэ өдрийг сонгосон байна. Өнөөдөр ихэнх христийн сүмүүд (Католик, Протестант гэх мэт) 12-р сарын 25-нд тэмдэглэдэг бол ХХ зуун хүртэл Григорийн тооллыг зөвшөөрдөггүй, хуучны Юлиан хуанли мөрддөг байсан Үнэн алдарт сүмийнхэн 1-р сарын 7-нд тэмдэглэдэг. Одоо ч оросууд үүнийгээ “старый новый год” гэж нэрлэсээр.

Үнэндээ Есүс хэзээ төрсөн бэ? Яг тодорхой мэдэгддэггүй, магадгүй хавар эсвэл намар байж болзошгүй гэж эрдэмтэд таамагладаг. Иймээс илүүтэй энэ баярын огноо нь бэлгэдлийн шинжтэй юм. Өнөөдөр дэлхий даяар албан ёсоор хэрэглэж байгаа оны аргын тоолол нь Есүсийг төрсөн оноор товлон эхлүүлсэн. Гэтэл хожим нь эрдэмтэд судлаад, үнэндээ тэрээр МЭӨ 4 онд төрснийг тогтоосон байна. Эхлэлээ зөв тоолсон бол бид яг одоо 2030 оны шинэ жилээ тэмдэглэх гэж байгаа ажээ. Ингэхээр Есүсийн төрсөн огнооны сар өдөр байтугай жил нь ч үнэнтэй таарахгүй аж. 

Ийм маягийн бэлгэдлийн өдөр тогтоох явдал Монголд ч тохиолдсон. 2012 онд Ерөнхийлөгчийн зарлигаар жил болгоны билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг “Монгол бахархлын өдөр” болгон зарлаад энэ өдрөөр Чингис хааны төрсөн өдөр хэмээн тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Түүхэн утгаараа Чингисийн төрсөн огноог маргаангүйгээр тогтоох бололцоогүй. Төрснийг нь ч 1157, 1159, 1162 гэсэн бүрэн шийдвэрлэгдээгүй он ч гэж бий. Төрсөн огноог олон эрдэмтэд хавар гэж таамагладаг. Гэхдээ хий л “шинжлэх ухаанжин” маргалдаж байхаар улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгийрүүлэх, хойч үедээ өвлүүлэх, түүнээ сурталчлан таниулах үйлс бүхий бэлгэдлийн огноотой болох нь нийт монгол үндэстний хувьд маш их ач холбогдолтой юм. 

ШИНЭ ЖИЛИЙН БАЯР

Шинэ жилийн баярыг тэмдэглэх уламжлал нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяруудын нэг бөгөөд МЭӨ 2000 орчим жил (ойролцоогоор 4000 гаруй жилийн өмнө) эртний Месопотамийн Вавилон улсад эхэлсэн гэж үздэг. Тухайн үед шинэ жилээ хаврын өдөр шөнө тэнцэх өдрийн дараах анхны шинэ саранд буюу гуравдугаар сарын сүүлчээр тэмдэглэдэг байжээ. Энэ баярыг тохиолдуулан шашны зан үйл, найр наадам, хаан ширээнд залах ёслол зэрэг болдог байв.

Дараа нь эртний Ромд (МЭӨ 46 онд Юлий Цэзарь Юлиан хуанли нэвтрүүлэхэд) шинэ жилийг 1-р сарын 1-нд тэмдэглэх болсон. Энэ өдрийг алив юмны эхлэл, төгсгөлийг хариуцдаг гэгдэх эртний ромын Янус (Janury, Январь – адилхан нэг үг) бурханы нэрээр нэрлэсэн тул он тооллыг түүнийхээр нэрлэн оны хуанлийн эхний сарыг 1-р сар гэж үзэх болжээ..

Дундад зууны үед загалмайн шашин тархахад 1-р сарын 1-ний баярыг харийн шашинтай холбоотой хэмээн үзэж, оронд нь Зул сарын баярыг (12-р сарын 25) шинэ жил болгож байсан ч, 1582 онд Григорийн хуанли нэвтрүүлснээр, дахин 1-р сарын 1-ийг албан ёсны шинэ жилийн өдөр болгосон байна. Энэ хуанли одоо дэлхийн ихэнх оронд хэрэглэгддэг учраас 1-р сарын 1-нд шинэ жил тэмдэглэх уламжлал түгээмэл болжээ.

Уламжлалаараа Дэлхийн ихэнх оронд, ялангуяа христийн уламжлалтай (Баруун Европ, АНУ, Латин Америк гэх мэт) орнуудад Шинэ жил нь холимог шинжтэй баяр юм, гэр бүл болон найз нөхөд, нийтийн (олны) тэмдэглэлд хоёулаа байдаг. Олон оронд 12-р сарын 31-ний орой гэр бүлээрээ эсвэл ойр дотнынхонтойгоо баярын оройн зоог барьдаг уламжлалтай. Гэхдээ орчин үежсэн АНУ болон дэлхийн өнцөг булан бүрийн том хотуудад үдшийн сүүлээр эсвэл шөнө дунд парти үдэшлэг, клуб, гудамжны үдэшлэг, салют үзэх нь түгээмэл. Залуучууд ихэвчлэн найзуудтайгаа парти хийдэг бол ахмадууд гэртээ бүлээрээ байдаг. Шинэ жил нь гэр бүлийн баяр биш, бас цэвэр нийтийн баяр ч биш, аль алин нь холимог.

Өдгөө хаана ч гацуур мод шинэ жилийг бэлэгддэг. Гацуур мод өвөл ч ногоон хэвээр байдаг тул эртний хүмүүст амьдралын тасралтгүй байдал, шинэчлэл, итгэл найдварыг бэлгэддэг байжээ. Дундад зууны Германд "диваажингийн мод" гэж нэрлэн алим, лаа зүүж Адам Еватай холбодог байсан. 19-р зуунд Британийн хатан хаан Викториа, хунтайж Албэрт нарын гэрт гацуур мод тавьсан зураг сонин хэвлэлд гарснаар алдартай болж, дэлхий даяар тархажээ. Зөвлөлтийн үед Зул сарын оронд гацуур нь Шинэ жилийн бэлгэдэл болжээ.

Товчхондоо, шинэ жилийн баяр 4000 гаруй жилийн түүхтэй, харин одоогийн 1-р сарын 1-ний хэлбэр нь Ромын үеэс эхтэй билээ.

ЗӨВЛӨЛТ МАЯГИЙН ШИНЭ ЖИЛ

Шинэ жилийн баярыг Зөвлөлт Орост хамт олны баяр болгосон нь Зул сарын баярыг хориглосонтой шууд холбоотой юм. Зөвлөлтийн засгийн газар 1917 оны хувьсгалаас хойш шашны эсрэг бодлого явуулж, бүх шашны баярыг хориглосон. Ялангуяа 1929 онд Зул сарыг албан ёсоор хориглож, энгийн ажлын өдөр болгосон төдийгүй гацуур мод чимэхийг "хөрөнгөтний заншил" гэж үзэн бас үгүйсгэсэн аж.

Гэвч ард түмэн өвлийн баяр, гэр бүлээрээ цугларч тэмдэглэх уламжлалаа алдахыг хүсэхгүй, гэр орондоо нууцаар тэмдэглэсээр байв. Тиймээс тухайн үеийн хамгийн алдартай үзэл сурталч Постышевийн санаачлагаар 1935 онд Зул сарын уламжлалыг шашны утга агуулгаас нь салгаж, шашингүй хэлбэрээр Шинэ жил рүү шилжүүлжээ. Ингэснээр: Гацуур модыг "Шинэ жилийн бэлгэдэл" болгож, Санта Клаусыг цагаан нөмрөгтэй Дед Мороз-оор сольж, түүнд Снегурочка гэх Цасан охид-ыг хамтран ажиллагч - внучка болгон нэмж, бэлэг өгөлцөх, гэр бүлээр цугларч идэх уламжлалыг Шинэ жилд шилжүүлэн солив. Үүнийгээ ч “Новогодние Ёлки” гэж нэрлэх болов. 1947 онд 1-р сарын 1-нийг албан ёсоор амралтын өдөр болгосноор Шинэ жил ЗХУ-ын гол баяр болсон. Одоо ч Орос болон хуучин зөвлөлтийн орнуудад Шинэ жил нь Зул сараас илүү том баяр хэвээр үлдсэн нь энэ түүхээс үүдэлтэй

МОНГОЛЖСОН ШИНЭ ЖИЛИЙН БАЯР

Билгийн тоололтой Монголд ХХ зуун хүртэл аргын тооллын шинэ жилийн талаар огт мэддэггүй сонирхдоггүй байлаа. Анх шинэ жилийн баярыг тэр үед Герман, Францад суралцаж байсан залуус биенийдээ цуглан тэмдэглэсэн байдаг. Тэдний нэг Бат-Очир фото зураг авснаа “Тайж Нацагдорж Манж Го улстай найрамдал байгуулсныг нөхдийн хамт тэмдэглэн баярлаж байна” гэж бичээд Дотоод яаманд матжээ. Тэнд байгсад бүгд шорон явсан. 

Дорно дахины заншлаар 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн Богдыг хаан ширээнд залснаа он тооллыг Олноо өргөгдсөнийн Нэгдүгээр он гэж зарлажээ. Богд хаан 1924 онд нас барснаар тооллыг цааш үргэлжлүүлэн “Монгол улсын” гэж нэрлэх болсон ба наадмаа “Ардын наадам” гэж нэрлэх болсон билээ. 1946 онд БНМАУ тусгаар тогтнолоо олон улсад дэ юри хүлээн зөвшөөрөгдүүлснээр аргын тоололд шилжин, наадмаа “Ардын хувьсгалын” гэж нэрлэх болов. Нэгэнт аргын тоололд шилжсэн тул “Шинэ жил” гэсэн цоо шинэ асуудал сөхөгдсөн бололтой. Ийнхүү 1953 онд Чойбалсан нас барах хүртэл Аргын тооллын 1-р сарын 1-ий Шинэ жил, Билгийн тооллын цагаан сар гэсэн хоёр шинэ жилтэй явжээ. Энэ болтол аргын шинэ жилийг дарга нар болон зарим сэхээтнүүд “банкиат” гэж нэрлэн идээ будаалга хийдэг байсан бололтой.

1953 онд цагаан сар хийгээгүй ба тэрнээс хойш цагаан сарыг намзасгаас төдийлөн сайшаахгүй болж, 1960-аад оноос үнэн хэрэгтээ хориглосон хэрэг. Гэр бүл, төрөл саднаараа тэмдэглэдэг энэ уламжлалт баярыг зөвлөлтийг дуурайж хамт олны баяр цэнгээн болгоно гэхээр өргөн уудам нутагт тарж суусан нүүдэлчдийг хөхөө өвлөөр “хамтран баярлуулна” гэдэг цаг агаар газар зүйн хувьд бүтэшгүй зүйл. Иймээс цагаан сарыг “малчдын баяр” буюу гэр орны хэмжээнд “баярлахыг нь” зөвшөөрөөд, харин хот газарт аргын тооллын Шинэ жилийг хамт олны баяр болгохоор намзасаг шийджээ.

Дашдооровын “Говийн өндөр” зохиолд хөдөөний ард Улаанбаатарт ирж шинэ жил үзсэнээ хариад хүмүүст ярьсан хөөрхөн зохиомж байдаг: “Хотынхон ёолох гэж нэг баяр тэмдэглэдэг болоод бүгдээрээ нийлж аваад идэж ууж наргих юм. Маргааш нь шартдаг бололтой, тэрийгээ ёолох гэж нэрэлдэг болж”. Ерөнхийдөө ёолох тэр чигээрээ зөвлөлт шинэ жилийн шууд хуулбар байлаа. Албан байгууллагууд, сургууль, бүр хүүхдийн цэцэрлэг ч хамт олноороо тэмдэглэх болов. Эхэндээ Дед мороз-ыг Жавар өвгөн гэж орчуулдаг байсан. Зөвлөлтийн “Гацуурхан” хэмээх алдартай хүүхдийн дуу ч орчуулагдлаа. Уг дууны санаа нь бяцхан гацуур ойд их даардаг учраас гэртээ дулаан газар авчирч янз бүрийн тоглоомоор чимэглэн дулаацуулж баярлуулж байгаа тухай юм. Харамсалтай нь шал буруу орчуулсныг одоо ч хүүхдүүд шинэ жилээр дуулсаар. Шинэ жилийн тухай шинэ дуу шүлэг олон бичигдсэнээс гадна нэлээдгүй кино жүжигт ч энэ баярыг бишгүй нэг сурталчилсан.

Төлөвлөгөөт эдийн засагтай, захиргаадлын тогтолцоотой, хамтын нийгмийн социализм коммунизм байгуулах цорын ганц зорилттой нийгэмд хамт олны идэвхи чармайлт, үнэнч байдлыг хэмжих шалгуур нь намзасгаас норомчлон тогтоосон төлөвлөгөөг давуулан биелүүлэх байдаг. Иймээс сүүлдээ Шинэ он тэмдэглэх баяр маань дампуурсан хэлбэр рүү гажив. Шинэ оныг заавал 1-р сарын 1-нд тэмдэглэх албагүй, оны төлөвлөгөөг биелүүлсэн огноондоо тааруулж тэмдэглэн хамт олноороо баярлацгаах боллоо. 10, 11-р сард ёолкоо тэмдэглэдэг албан байгууллагууд ч олширсон. 8 дугаар сард ёолкодсон хамт олныг мэдээллийн хэрэгслэлд магтан сайшааж байсан тохиолдол ч бий. Гэхдээ хамт олон “тэнэг” биш болохоороо жинхэнэ шинэ жилээр ч давхардуулан баярлацгаадаг. 

Нийгэм чөлөөт тогтолцоонд орсноор элдэв марзан үзэл сүртлийн “арга хэмжээнүүд” алга болсон. Шинэ жил бол нийтийн баяр, заавал хөдөлмөрийн тодорхой хамт олных байх шаардлагаггүй. Цагаан сар хориогүй болсон, энэ бол уламжлал ёсоороо гэрбүл, ах дүү, төрөл садны “дотоод” баяр болон сэргэсэн.

Ирж буй 2026 оны Шинэ жилээ эрүүл энх аз жаргалтай, баяр хөөр дүүрэн угтахын ерөөл дэвшүүлье! Сайхан баярлацгаагаарай

2025.12.25